Б.ОТГОНБАТЫН ОНЦОЛСОН ТАВАН НАЙРУУЛАГЧ

2021-11-16  

Жүжигчин, хөтлөгч, багш, дарга гээд олон гуншинтай Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баатарын Отгонбат амьдралынхаа 24 жилийг Эрдмийн театрын тайзнаа, их урлагийн төлөө зориулсан нэгэн. Тэрбээр энэ оны эхэнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирлаар томилогдсоноор театраа орхисон ч харь элгийнх болчихож чадахгүй шинэ уран бүтээлийнх нь талаар сураг тавьж, бас ч зүгээргүй хушуу нэмж суудаг гэсэн.  
Б.Отгонбат СУИС-ийг 1995 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн удирдлагад төгсөөд телевизид ажиллаж байгаад УДЭТ-т хоёр жилийн дараа буюу 1997 оны аравдугаар сарын 3-нд энд удахгүй дээ гэсэн хатуу бодолтой ирж. 
Энэ тухайгаа “1993 онд намайг гуравдугаар курст ордог жил СУИС төлбөртэй болсон юм. Тэгэхэд төлбөрөө төлүүлэх гээд манай ангийн Баярхүү сүүлд нийслэлийн Засаг даргын орлогч байсан бид хоёр Г.Доржсамбуу багш дээр очлоо. Багш биднийг тэр үеийн театрын дарга Б.Зориг гуай дээр дагуулж орсон. Хэн болохоо харуулж ч амжаагүй хоёр оюутанд итгээд гэрээ байгуулж, тэрнийх нь ачаар сүүлийн хоёр жилийнхээ сургалтын төлбөрийг Драмын театрын нэр дээр Төрийн сангаар төлүүлсэн юм. Тэгсэн хэрнээ төгсөөд ангийнхаа Ичинхорлоо, Чимгээ нартай хамт телевиз рүү явчихсан. Төгсөх курст тайзны ярианы Долгор багш, Цэрэндагва багш нарын тусламжтай  “Халтар царайт” гэж олон ангит кинонд дуу оруулаад үзчихсэн, бас хүүхэд байхдаа радиод нэвтрүүлэг уншдаг байсан болохоор телевиз рүү их сэтгэлтэй ч байж.  
Телевизид байсан чинь миний дипломын хэрэг мандаад. Төрийн сангийн зээлээр сурсан болохоор диплом маань барьцаанд. Нэр дээрээ сургасан газартаа очих ёстой байдаг. Тэгээд Драмын театрт хоёр жил хэртэй ажиллаж цалингаасаа сургалтын төлбөрөө буцааж төлчихөөд телевиз рүүгээ явна даа гэсэн бодолтой очоод тэр чигтээ шингэсэн л дээ” хэмээн хуучилсан.  
Тэр цагаас хойш энэ оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл  театраасаа, тайзнаасаа холдолгүй явахдаа жирийн жүжигчнээс уран бүтээлийн бодлого тодорхойлолцох удирдлагын багт зүтгэж, театрын түүхэнд Үйлдвэрчний хорооны даргын албыг хамгийн удаан хашсан хэмээн театрын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Театрт ажиллах хугацаандаа Б.Отгонбат алтан үеийн алдартнууд, дунд үеийн гайхалтай жүжигчид, шинэ гарч ирж буй залуу уран бүтээлчид гээд бүх үеийнхэнтэй хамтран тайзнаа “Үгүйлэгдсэн хайр”, “Тамгагүй төр”, “Саран хөхөө”, “Амьгүй албат”, “Ээжээ”, “Атга нөж”, “Суудал”, “Харц хатан”, “Парисын дарь эхийн сүм”, “Оролмаа эх”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Эцсийн зогсоол зөвхөн чи”, “Норовын намтар”, “Анна Каренина” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд тоглосон юм. 
Тийм ч олон уран бүтээлчид тохиохгүй энэ азынхаа талаар тэрбээр “Миний үеийнхнээс Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайтай хамтрагч болж тайзнаа гарсан хүн ховор доо. Жаамаа ахтай Э.Санчигдан найруулагчийн “Үгүйлэгдсэн хайр”-т хамт тоглож сүүлд сэргээн тавихад нь Отгоолой болж Ц.Гантөмөр ахтай хамтарч байлаа. Ер нь театрын түүх болсон энэ хоёр алдартай жүжигчинтэй олон уран бүтээлд хамтрах аз тохиосонд их баярладаг. Зундуйн Пүрэв манайхан “муухай” Пүрвээ гэдэг гайхалтай жүжигчинтэй “Туйлшрал”-д ДОХ гэж үзүүлбэрт хамт тоглодог байлаа. Ардын жүжигчин П.Цэрэндагва багштайгаа “Тамгагүй төр”-д тоглосон. Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан ахыг орлож Ардын жүжигчин Н.Сувд эгчтэй “Цахлай” жүжигт тоглож байлаа. Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгчтэй “Туйлшрал”-аас эхлээд олон уран бүтээлд хамтарсан.  Ингээд бодоход театрт ажилласан 20 гаруй жилийн хугацаанд тайзны урлагийн акулуудтай бүгдтэй нь аав хүү, ах дүү, амраг хайрын холбоотой гээд янз бүрийн дүрд хамтарч тоглосон байдаг юм” хэмээн гайхуулах дуртай юм билээ. 
Найруулагч нарын тухайд ч Б.Отгонбат өөрийгөө азтай хэмээн тодотгосон. Үе үеийн найруулагч нарт өөрийн гэсэн жүжигчдийн баг байдаг нь бичигдээгүй хууль. Жишээ нь, Н.Наранбаатар найруулагчийн бүтээлд С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг нар илүүтэй сонгогдох магадлалтай байдагтай адил найруулагч авьяасаас гадна амархан ойлголцох, ажиллахад түвэг багатай жүжигчнийг илүүд үздэг бол Б.Отгонбатыг театрын бүх найруулагч тоодог байж. Тэр ч бүү хэл жүжигчнийхээ хувьд найруулагчдын аминд орсон үе ч түүнд олон бий. Түүнийг уран бүтээлчийн хувьд хүн болгож хөгжүүлж хөглөсөн найруулагч нарынхаа тухай ийн ярьсан юм.

Б.МӨНХДОРЖ НАЙРУУЛАГЧИЙН ӨГСӨН УРАМ НАМАЙГ ЖҮЖИГЧИН БОЛГОСОН

-Намайг театрт ирсэн жил Ч.Лодойдамба гуайн 80 насны ой таарч Мөнхөө багш “Ёс томбогор, төр төмбөгөр” жүжгийг тавьж би зарлага хүүгийн дүрд тоглосон нь театрынханд овоо тоогдож. Дараа нь Ч.Түвшин найруулагч Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Г.Доржсамбуу багшийн ойд зориулан яг анхныхаар нь сэргээн тавихад Дэлэг гэж өмнө нь Ч.Алтан-Өлзий ахын бүтээсэн дүрд С.Сарантуяа эгчтэй хамтарч тоглож байхад Мөнхөө багш минь их үнэлж “Энэ Отгонбатын ир одоо л жинхэнэ тэгширч байна” хэмээн урамшуулж дараа нь “Харц хатан” жүжгийнхээ Цагаан шоот гэж үзмэрч хятадын дүрд ардын жүжигчин П.Цэрэндагва ахтай дублер болгож байлаа. 
Манай Мөнхөө багшийн нэг онцлог нь жүжгээ их томоор харж чаддаг. Яг л кино шиг урсгана шүү дээ. Багшийн ийм тавилт жүжигчнийг хөтлөөд явчихдаг. Тэр хөтлөлт рүү орохгүй байх аргагүйгээр хийдэг найруулагч. Өөрөөр хэлбэл, тухайн дүрд хэн ч гарсан яг л багшийнхаар явахаас аргагүй, тухайн ансамблиас гарах аргагүйгээр яг л шоо шиг өрөөд тавьчихдаг онцлогтой. Гэхдээ жүжигчний эрх чөлөөг маш  их хүндэлдэг, санаанд нь багтаад байгааг өөрийнхөөр нь хийлгэж үзнэ. Энэ олон жил Мөнхөө багштай ажиллахдаа би ганц “Харц хатан”-ы Цагаан шоот дээр л өөрийнхөөрөө зүтгэж багшаар зөвшөөрүүлж байсан. Хэдийгээр бэлтгэл сургууль бүрт оролцоогүй ч энэ дүрийг би ингэж л харж байна, ийм байдлаар л хиймээр байна гэж зүтгээд эцэст нь багш зөвшөөрөөд тоглож байлаа. 
Жүжигчдийг ухааруулах арга нь ч бусдаас өөр. Болохгүй байна гээд уурлаад хашгичаад байхгүй. Хааяа уурлах зүйл гардаг ч хэлэх гэснээ их ёжтойгоор дараа нь мартах аргагүйгээр илэрхийлнэ. 
Мөнхөө багшийн тавьсан Брехтийн “Хурим”-д үйлчлэгчийн нэг жижигхэн дүрд, дараа нь “Хүслийн трамвай” жүжигт олны хэсэгт гардаг ч Баясгалан бид хоёрын тоглолт найруулагчид таалагдаж дараа нь Ганбатын “Эрлэгийн данс”-ыг тавихдаа Шинэ хүч гэж жүжгийн гол хөтлөх дүрийг надад өгч байлаа. Тэр жүжгийг Мөнхөө багш их гоё тавьсан. Шүүх хурал, тэгснээ тайз эргээд мэдүүлэг өгч байгаа хүмүүсийн өнгөрсөн амьдрал яг л кино шиг. Би тэгэхэд Мөнхөө багшийг үнэхээр шүтсэн. Хүн харахад Шинэ хүч сууж л байдаг дүр. Гэхдээ жүжгийн үйл явдлыг бүхэлд нь хөтөлж зангиддаг, удирддаг чухал дүр гэдгийг багш ч надад их захьсан, би ч багшийн санаанд тааруулахын тулд их хичээсэн нь тухайн үед нэлээд үнэлэгдсэн.
Чухам эндээс хөтлөгч болох зам нээгдэж 1999 оноос хойш жүжгийн нээлт, хаалтаас гадна Драмын театрт ямар л ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно бүгдийг хөтөлдөг болсон.

Б.БААТАР ЖҮЖИГЧИН ТӨРҮҮЛЖ ЧАДДАГ НАЙРУУЛАГЧ БАЙЛАА

-Жүжигчнийг өөрөөр нь байлгаж, хувийн амплуа, алдаа оноотой нь детальчлан  нухаж жүжигчин төрүүлж чаддаг мундаг найруулагчийг би Б.Баатар ахыг гэж хэлнэ. Тэр хэзээ ч хүнд бэлэн хоол өгөхгүй.
Эрдмийн театрын жүжигчин гэж ямар байх ёстой вэ гэдгийг хүн хүнийх нь онцлогт таарсан хэдхэн үгээр насан туршид нь мартагдахааргүй үлдээж чаддаг онцгой уран бүтээлч байсан. 
Би Б.Баатар найруулагчийн хоёр ч бүтээлд тоглосон.  Д.Мэндсайханы “Ээжээ”-г тавихдаа “Отгонбат аа, ах нь чамайг жүжигчин болгоно оо” гэж байв. Их ч зүйл өгсөн. Баатар найруулагчтай ажилласан бүтээлүүдээс хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь “Амьгүй албат”. Гол дүрд нь Л.Дэмидбаатар тоглоод би продюссер, хоёрдугаар найруулагчаар ажилласан. Тэр үед Баатар найруулагчийн бие жаахан тааруу байсан. Тэрийгээ дарах гээд сургуулилалтын үед зуу татчихна. Хагас цаг хэртэй тасраад сэргэхдээ өөр хүн бол хэлж ярьж байснаа мартчихсан баймаар ч Баатар найруулагч бол хэзээ ч үгүй. 
 “Амьгүй албат”-ын төгсгөлийн сцен дээр “За Отгонбатаа, чи энийг яаж хиймээр байна. Санаснаараа нэг үзүүлээдэх дээ” гэдэг юм. Тэгээд хийлээ. Тэгсэн “Энэ бол нэг хувилбар л даа. Гэхдээ яг энүүгээр бол “Найрамдал” зуслангийн шинэ жилийг ч юм уу хийж болох юм. Түүнээс энэ жүжгийг биш. Энэ бол сонгодог зохиол, мөнхийн бүтээл” гээд өөрийнхөөрөө хийсэн. Төгсгөл нь Хачиг тэгж гэнэ, ингэж гэнэ гэсэн бөөн ховын сцентэй хийснийг хойш нь урагш нь болгоод хаячихсан. Минийх болохоор эмх цэгцтэй, дэс дараалалтай байж л дээ. Тэгээд “Нийгэм даяараа хаанаа яваагаа ч ойлгохгүй эмх замбараагүй байхад чи энийг цэгцэлж өрж үзүүлэх ямар хэрэгтэй юм бэ. Наашаа цаашаа гүй, тал тал тийшээ үсэр дэвхэр” гэсэн. Үнэхээр л дараа нь харахад Баатар найруулагчийн зөв байсан. 
“Амьдрал яг ийм. Ховчид хоорондоо таарчихдаг. Ижил ижил дугуйгаа олдог. Тэр дунд амьдралаа олохгүй таг сондгой хүн байна. Одоо байгаа байгаа газраасаа орил, гасла. Ингээд л болоо ш дээ энэ бол шикарный сцен” гээд л “Амьгүй албат”-ын төгсгөл гайхалтай болсон.Би шүтэж байсан. Тэгэхэд надад “Жүжиг гэдэг чинь амьдрал. Түүнийг гоёчилж харуулах гээд хэрэггүй. Байгаагаар нь зөв байршуулаад харуул” гэж захьсныг нь мартдаггүй. Бас “Орчин үед дарга дагаж цүнх барьсан, элдэв гадны соёл ярьсан хэн гэдгээ ойлгоогүй олны дундаас чи өөрийгөө тодруул. Гараад хар гудамжаар дүүрэн байгаа, тийм хүн. Өндөр өсгийт дээр дээр гунхаад л өөрийгөө царайлаг гээд бодчихсон моднууд энэ театрт ч байна” гээд хатуу хэлнэ дээ харин ч нэг. 
Би ч зөндөө сонсч байсан. Алж өгнө шүү дээ. Монголын радиогийн модон хэлт, хүүхдийн байгууллагыг идэж ууж байгаа гээд л хэлэх хэлэхгүйгээр хэлнэ. Тэгэхэд нь Баатар найруулагч ямар төвөгтэй юм бэ гэж бодоод гомдол төрж л байгаа юм. Дараа нь харин дуудаад “За яасан гөлөг чинь гомдоод байна уу, үгүй юу. Наашаа суу” гээд яаж хийх ёстой байгааг, юунд анхаарах ёстойг санаанд зураад өгдөг хүн байсан юм. Сэтгэл санааг нь хатгах, дараа нь урамшуулан өөд нь татах өөрийн гэсэн аргатай дээр нь хүн ёсны хувьд гайхамшигтай нэгэн. 
Хүнд өвдөөд гадагшаа явж эмчлүүлэх болоход манай Баясгалан бид хоёр эхнэртэй нь хамт хүмүүстэй уулзаж хандив цуглуулах, хандивын тоглолт зохион байгуулах гээд их явсан. Эмчилгээнд очсон хойноо Солонгосоос ярьж байна “Чиний буянаар, чиний нүүрийг ширлэж баахан хүнээс мөнгө гуйлгачихсан хүн чинь бүх хүчээрээ эрүүл болох гээд чармайж байна. Тэгэхгүй бол баахан мөнгө цуглуулуулж байрныхаа өрийг дарчихаад явчихлаа гэж амьтан муу хэлнэ” гээд инээж байсан, дэндүү гуниггүй эр шүү дээ. Монголдоо ирэхдээ Баясаа бид хоёрт тусгайлан бэлэг авчирсан байж билээ. Бие нь сайнгүй хэрнээ заавал өөрөө харж авна гээд эхнэрээ дагуулаад Түндэмүнээр хэсч Германы хачин гоё бас нэлээн үнэтэй гутал авснаа өгсөн сөн. 

Ч.НАЙДАНДОРЖ НАЙРУУЛАГЧ УРЛАГ ЯМАР ӨРШӨӨЛГҮЙ БАЙЖ ЧАДДАГИЙГ МЭДРҮҮЛСЭН


-1997-1999 онд театр “Туйлшрал” гэж хошин урлагийн тоглолт зохион байгуулдаг байлаа. Одоогийн хошин урлагийн продакшныхан Амбий, Бооёо, Одноо, Өлзийхүү, Дооёо, Бямбацогт гээд бүгд “Туйлшрал”-д тоглодог, би ч нэлээд идэвхтэй гол дүрийнхний нэг байсан нь Найдандорж найруулагч эд нарт “Хошин урлагийн юмтай хүүхэд байна” хэмээн тоож нэлээн зүтгүүлсэнд их ч урамшсан.   
Ч.Найдандорж найруулагч 1998 онд “Тамгагүй төр”-ийг тавих болоод жүжигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулахад Пүрэвдорж жүжигчинтэй хамтарч аав хүү Арчуг хаан, Ачир хүүгийн хэсгийг хийгээд сонгогдож Доржсүрэнтэй Ачир, Хүчир хоёрт дублёроор тоглосон нь жүжигчин болохоор юм байна гэж харагдсан гэдэг юм.  
 Ч.Найдандорж найруулагч жүжигчний формоо алдсан тохиолдолд урлаг ямар өршөөлгүй байж чаддагийг мэдрүүлсэн. Бүр нэг биш удаа шүү. Чи чадахгүй бол тайз чамайг өрөвдөхгүй буулгаад хаячихаж чадна гэдгийг ойлгуулсан. 
Зарим найруулагч жүжигчиндээ шууд хэлж чаддаггүй бол Найдандорж найруулагч тийм биш. “Тамгагүй төр”-д бүр нээлтийн тоглолт хүртэл би нэгдүгээр составт тоглож байлаа. Тэр үед жаахан жин нэмснээс бахардаж байгааг минь найруулагч мэдчихсэн. Тэгээд “Тайз сайхныг хүсдэг юм. Чи үзэгчдэд нулимуулж болохгүй. Чи сайн жүжигчин. Чамайг би хайрлаж байна. Маргааш чи биш Доржсүрэн гарна” гэхэд нь би анхнаасаа л Доржсүрэнг гаргана гэж бодож байсан юм байна гэх ухааны юм бодоод гомдож байлаа. Гэхдээ сүүлд түүний зөв байсныг ойлгосон. 
“Ромео, Жульетта”-д ч бас ийм зүйл тохиолдсон. Миний дүрд Болд-Эрдэнийг шууд дуудаж гаргаад намайг үзэгчийн танхимаас хараад учрыг нь ол гэсэн. Үнэндээ тэр үед би тайзанд олон гарсандаа сагасан, гол дүр биш гээд дэндүү өөрийнхөөрөө явж байснаа нэг үгээр ансамблиа алдсан байгаагаа ойлгосон. 
Үүнээс нэлээд хойно Ч.Найдандорж найруулагч “Оролмаа”-г тавихаар болсон. Би юунд ч найдаагүй. Тэртээ тэргүй намайг авахгүй, олны хэсэгт л гаргах биз гэж бодоод дүр хуваарилах хуралд суулгүй Үйлдвэрчний хорооны ажлаар захиргаан дээр явж байгаад хоцроод орсон чинь “Хаагуур яваад байгаа юм бэ” гээд ууртай байна. Би захиргаан дээр ажилтай байлаа гэх ухааны юм хэлсэн чинь “Жүжигчний ажлаа хий л дээ” гээд Найданжавт тогло гэхэд би бүр цочирдсон. Би тэр дүрд өөрийгөө гэж хэзээ ч бодож байгаагүй. Түвшинхүү ч юм уу өөр хэн нэг нь тоглох байх гэж бодсон учраас гайхснаа ч нуугаагүй. Тэгэхэд Найдаа “Чи бол энэ театр дахь төрийн хүн. Чамаас төрийн хүний ихэмсэг байдал илэрдэг. Дуу хоолойны хувьд ч ярих юм байхгүй” гээд Цэрэндагва ах тэр хоёр надтай хувьчилж их ажилласан. Алхаа гишгээ, хувцас хунар, таягтай харьцах ер нь л монгол дэг жаяг, хувцасны соёлын талаар ихийг заасан. Тиймдээ ч тэр дүрээр олон шагнал авсан.  Найдандорж найруулагч жүжигчнээ таньдаг, хаана нь яаж хатгахаа, хэдийд нь хөглөж урамшуулахаа гаргууд мэддэг өвөрмөц хүн дээ. “Оролмаа”-гийн данжаадад тоглож байсан Жарантав ах ирж чадахаа болиод оронд нь намайг гаргасан. Тэгэхдээ “Чи баг авардаг мундаг хүн биз дээ. Албин чанараа одоо харуулаадах” гээд шууд тулгачихаж байсан.

Н.НАРАНБААТАРЫН ХУРДЫГ ГҮЙЦЭЖ, ХАМТ АСАХГҮЙ БОЛ ХЭЦҮҮ

-Н.Наранбаатар найруулагчтай “Нэргүй од”, “Эцсийн зогсоол зөвхөн чи”, “Тэнгэрийн хүү”, “Анна Каренина” гээд нэлээд хэдэн бүтээлд хамтарч ажилласан. 
Пара өөрөө жүжигчний школтой болохоор ч тэр үү Мөнхөө багш, Найдаа  зэрэг том философитой найруулагч нар шиг задалж бодож ухаарч олтол нь хүлээхгүй. Болохгүй байгаа хэсэг дээр жижигхэн деталь өөрөө хийгээд үзүүлчихнэ. Гэхдээ будааг бүтнээр нь аягаар нь өгөхгүй шүү дээ. Түүгээрээ тухайн дүрийн хувьд мөнхөд барих шугамыг ойлгуулчихдаг найруулагч. Өөрөө их асдаг, уран бүтээлд ч, амьдрал дээр ч их хурдтай. Бүтээлээ томоор нь харчихдаг учраас тэнд нь багтаж хамт асахгүй л бол хурдыг нь гүйцэж хамтарч ажиллахад хэцүү.  Миний хувьд найз учраас бүр ч хэцүү байдаг. Их шанална. “Нэргүй од” дээр гэхэд “Отгоо чи ингээд хий л дээ. Яах вэ чамайг...“ гээд гудамжинд явахад хүртэл жүжгээсээ гарахгүй хэрэлдээд л явдаг сан. Ингэсний хүчинд “Нэргүй од” амжилттай болсон. Би энэ дүрээр Муза авсан. “Эцсийн зогсоол зөвхөн чи” дээр ч гэсэн Пара их нервтсэн. “Оюундарь та хоёр битгий жүжих гээд зүдэр л дээ. Зүгээр л ангалз. Та нар 17-д хоол унд идээд инээж хөхрөөд марзаганаад байж байдаг биз дээ” гэхэд нь би дотроо төвөгшөөсөн ч дуртай дургүй хийсэн. Тэгсэн чинь бараг хашгираад л наадах чинь байхгүй юу гэх жишээтэй. Үзэгчдийн таашаалын мэдрэмж гэдэг юм Наранбаатарт гайхамшигтай их. Жүжгийнхээ маркетингийг ч өөрөө хийнэ. Яаж хүрэлцдэг байна аа гэмээр ажилладаг хүн дээ.

Ч.ТҮВШИН СТАНДАРТ ШААРДДАГ, ДҮРЭМЛЭГ НАЙРУУЛАГЧ

-Чимэддоржийн Түвшин найруулагч намайг их олон бүтээлийнхээ гол дүрд тоглуулсан. Надтай ажиллах дуртай, амар байдаг юм гэдэг. Түвшин стандарт шаарддаг дүрэмлэг найруулагч. Нэг талаар энэ нь их зөв ч заримдаа амьдралд их хэцүү байх гэж санагддаг. Түүний жүжигчдийг ажиллуулах гэж, ухааруулах, ойлгуулах гэж зүтгэдэг нь өмнөх үеийнхний уламжлалыг баримталдгийнх. Заримдаа энэ байдал түвэгтэй мэт боловч эцсийн дүндээ найруулагчийн л зөв байдаг.  “Норовын намтар”, “Амьдрал чиний төлөө” олон жүжигт нь тоглосон. Бусад найруулагч нэг хийгээд болсон гэж үзвэл наадхаа хадгалаарай, битгий мартаарай гээд орхиж байхад Түвшин хэзээ ч нэг хоёроор ханахгүй. Нэг үйлдлийг бүр арав хорь бүр чинээнд нь тултал давтуулна. Жүжигчинд рефлекс болтол нь өөрийнхөө форматаар давтуулдаг нь ясны уран бүтээлчийн зан л даа. Түвшин найруулагчийн энэ нухаж ажилладаг арга ялангуяа шинэ залуу жүжигчдэд маш их хэрэгтэй. 
Түүний бүтээлүүдээс Түвшингийн гэх том гарын үсэгтэй бүтээлийг нь би “Эдип хаан” гэж боддог.  Дэлхийн сонгодог бүтээлийг Монгол хөрсөн дээр буулгаж гайхалтай босгосон. Цэрэнболд, Сарантуяа эгчийн хослол, өргөл мөргөл, найрал дуу, нутгийн иргэдийн хэсэг гээд онцлох зүйл ихтэй сайн бүтээл болсон. Ер нь манай Түвшин найруулагч уран бүтээлийг хийсэн шиг хийхийн төлөө зүтгэдэг нь өв уламжилсан, удам залгасан уран бүтээлчийн том чанар. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээр бүтээлээ Түвшингийнх гэж тамгалахыг хичээж ажилладаг нь үнэхээр бахархмаар. Тиймдээ ч манай Түвшин театрын төлөө, уран бүтээлчдийн төлөө чин сэтгэлээрээ зүтгэж чаддаг чадварлаг зохион байгуулагч шүү дээ. 
Б.Отгонбат гавьяат өөрийн хамтарч ажилласан олон найруулагчаас энэ удаа энэ таван эрхмийг онцоллоо. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.11.16 МЯГМАР № 225 (6702)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?