МАРК УОЛБЕРГ: БИ 13 НАСТАЙГААСАА ЦАГДААД АСУУДАЛТАЙ БАЙСАН

2022-03-11  

Марк Уолберг Бостоны гудамжны бүлэглэлээс эхлээд Холливудын дээд ангилал хүртэл амаргүй замыг туулсан. Залуудаа шоронд сууж байсан жүжигчин продюсер тэрбээр одоо Беверли Хиллзд тансаг орд харшид эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдарч байна. Тэднийх бассейн, кино танхимаас гадна хувийн гольфын талбай, өдөр бүр орж залбирдаг жижигхэн сүмтэй. Одоо дэлхий даяар кино театраар гарч буй “Uncharted” киноны гол дүрийг тэр Том Холландад өгөхдөө харамсаагүй. Энэ кино алдартай компьютерийн тоглоом дээр сэдэвлэн хийгдсэн. 500 жилийн өмнө Фернан Магелланы нуусан эрдэнэсийг хайж байгаа хоёр ангуучийн адал явдлаар дүүрэн кино юм.

- “Uncharted” компьютерийн тоглоом олон шүтэн бишрэгчтэй. Мэдээж бүх насныхан эрдэнэсийн эрлийн адал явдалд дуртай байдаг. Санхүүжилт ихтэй энэ кинонд тоглоод хэн нэгний урмыг хугалчихгүй байгаа гэж айгаагүй юу?

-Компьютер тоглоом, комиксын үнэнч шүтэн бишрэгчдийг би “хатуу самрууд” гэдэг. Тэдэнд үнэхээр таалагдахгүй бол асуудал үүснэ шүү. Тиймээс бид хэний ч урмыг хугалахгүй гэж их хичээсэн. Гэхдээ энэ кино болгоход их тохиромжтой сэдэв учираас компьютер тоглоом сонирхдоггүй хүмүүст үзүүлэхгүй бол алдаа болно.

-Энэ киног хийх гэж их удлаа. Энэ хугацаанд анх таныг гол дүрд тоглуулах гэж баталсан байсан ч Том Холланд энэ дүрийг өгчээ.

-Эхлээд намайг нэг найруулагч урьсан, дараа нь бас нэг, дараа нь дахиад нэг гэх мэт үргэлжилсээр байсан. Гэхдээ би хүлээхэд бэлэн байлаа. Тэгээд над руу утасдахад би хамгийн түрүүнд миний зөвлөгчийн дүрд хэн тоглох болсон бэ гэж асуусан. Би бодохдоо Жек Николсон эсвэл Томми Ли Жонс ирэх байх гэж бодож байв. Гэтэл Том Холланд миний оронд гол дүрд тоглоод, би зөвлөгчийн дүрд хуваарилагдсан байсан. Би мэдээж ангайсан л даа. Үнэнийг хэлэхэд би үүнтэй шууд эвлэрээгүй. Дараа нь бодож бодож, дахиж зохиолоо нэг уншиж үзээд, энэ бүх хугацаанд би мэдээж залуужаагүй. Харин гол дүр биеийн бэлтгэл их шаарддаг. Тэгээд би бодлоо. “Том Холланд энэ бүгдийг тэснэ биз, би смокинг өмсөөд, нисдэг тэрэгнээс тушаал өгөөд сууж байя” гэж шийдсэн.

-Та дүрдээ бэлдэхдээ Станиславскийн аргаар биш, өөрийн амьдралын туршлага дээрээ үндэслэдэг гэсэн үнэн үү?

-Тийм ээ, би нуудаггүй. Учир нь үзэгчид үнэн худлыг шууд ялгадаг. Миний амьдралаас олж авсан олон янзын туршлагын цорын ганц давуу тал энэ байх. Жишээ нь, Spenser Confidential кинонд бусад цагдаа нарыгаа илчлэх гэсний төлөө шоронд сууж байгаа цагдаагийн дүрд би тоглосон. Би мэдээж цагдаа байгаагүй. Гэхдээ цагдаа нарыг мэднэ, шоронд сууж байсан.

-Та шоронд сууж байсан болохоор хүчирхийллийн эсрэг кинонд тоглохоо багасгах хүсэл байдаггүй юу? Таны тоглосон дүрүүдийг харахад амьдралд нухлуулсан боксчин, худалдагдсан цагдаа, мафийн хүн зэрэг дүр байна.  Ted мэтийн инээдмийн кинонд түлхүү тоглох хүсэл алга уу?

-Юм бүхэн төлөөстэй. Би есөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Ах эгч нар надаар яаж л бол яаж тоглоом хийдэг байсан. Гудамжинд бол бүр илүү хэрцгий, хүчирхийлэл. Бид Бостоны ийм л хороололд амьдарч байсан. Би 13 настайгаасаа эхлээд цагдаад асуудалтай байлаа. Тиймээс ахыхаа байгуулсан алдартай хамтлагт удаан тогтоогүй. Хар тамхи, архи гээд донтож болох бүх зүйлийг хэрэглэдэг байсан. Хүүхэд, залуу насандаа би үргэлж л асуудалтай явдаг байв. Намхан нуруутай болохоор манай хорооллыхон бүр их дээрэлхдэг. Ямар ч аргаар хамаагүй өөрийгөө хамгаалахаас өөр зам үлдээгүй. Өсвөр насны хүүхдэд энэ бол амаргүй зүйл.

-Spenser Confidential кинонд жинхэнээсээ ял эдэлж байсан хүнийг авчраад, түүнийг жижигхээн дүрд тоглуулахыг та хүссэн гэж үнэн үү?

  -Тийм ээ, тэр 16 жил суусан. Гарч ирэхэд нь би түүнийг энэ кинонд тоглохыг урьсан. Миний амьдрал ч ийм байж болохоор байсан. Мэдээж би их алдаа хийсэн, хариуг нь ч сайн хүртсэн. Амьдралаа өөрчлөхийн тулд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдгийг цагаа олж ухаарсан даа. Бүгдийг нөхцөл байдал ийм байсан гэж өөрөөсөө холдуулахгүйгээр, дахиж ямар ч бүлэглэлийн гишүүн байхыг хүсээгүй. Энэ цаг мөчөөс эхлээд зөвхөн өөрийхөө хүсэж байгаа зүйлийг хийнэ гэж шийдсэн. Энэ шийдвэр миний амьдралыг 10 дахин хэцүү болгосон. Сургуулиасаа гэр лүүгээ, дараа нь ажил руугаа явах зам улам хэцүү болсон. Өөрийхөө амьдралыг 180 хэм өөрчилсөндөө өөрөө бахархаж байлаа. Барилгын талбай дээр ажиллаж байхдаа ч, хөгжмийн карьерт хүрэхдээ ч, Холливудад орохдоо ч өөрөөрөө бахархаж байсан. Тиймээс хүнийг би өнгөрснөөр нь дүгнэх дургүй. Ямар ч хүнд амьдралд хоёр дахь боломж гэж байх ёстой.

-Таныг өөрийн тоглосон кинон дотроосоо үргэлжлэлийг нь хий гэвэл алийг нь сонгох вэ?

-Мэдээж The Fighter. Энэ дүрд би одоо хөгшдөнө. Би мэдээж киноны үргэлжлэл хийдэг том мэргэжилтэн биш. Гэхдээ Spenser Confidential-ийн үргэлжлэлийг хийх гэж байгаа. Надад болон үзэгчдэд энэ түүх таалагдсан. Мөн хэзээ нэгэн цагт романтик инээдмийн кинонд тоглох байх гэж найдаж байгаа. Гэхдээ дуулж бүжиглэхгүй бол шүү. Мюзикл надад тохирохгүй. Би тайзан дээр хангалттай дуулж, бүжиглэсэн.

-Та 4 хүүхэдтэй: 18 настай- Элла Рэй, 15 настай Майкл, 13 настай Брендан Жозеф, 12 настай Грейс Маргарет. Гурав нь өсвөр насных, том охин чинь бараг болзоонд явж байгаа байлгүй. Та охиноо найз залуутай болж байгааг төсөөлөхгүй байна гэж байсан даа...

-Энэ үнэн. Одоо хамт заал явж байна. Манай найзын хэлснээр “Охидын найз залууг өөртэйгөө ойрхон байлга” гэсэн. Ийм үе ирнэ гэдгийг би үргэлж мэдэж байсан л даа. Гол нь миний охинд сайн ханддаг, би түүнийг хүндэлж, түүнд итгэдэг байхад болно доо.

-Эллагийн найз залуу ямар байна? Та түүнийг их айлгаагүй биз?

-Тэр надаас илүү Эллагаас айгаад байх шигээ. Тэд бие биендээ их тохирсон хүмүүс. Элла сайн найз залуу сонгосоон. Бид хамтдаа амарсан. Манай гэр бүлд орж ирнэ гэдэг ноцтой хэрэг шүү. Гэхдээ амралтаар явахдаа намайг гэрт үлдээгээд, түүнийг аваад явсан гээд бод доо. Зул сарын өмнө би ковид-оор өвдөөд. Намайг шууд доод өрөө рүү тусгаарласан. Баяраар ямар ч бэлэг байхгүй, оройн зоог байхгүй, яг шоронд байгаа юм шиг. Цонхны цаана машин дуугарахад намайг орхиод үнэхээр амралтанд явах гэж байна гэж үү дээ гээд би чихэндээ ч итгээгүй. Би хаалгаа онгойлгоод “Та нар ядаж баяртай гэж хэлэхгүй юм уу” гэж асуусан. Удалгүй хоёр удаагийн сөрөг хариу аваад би араас нь очсон. Намайг ирэхэд тэд нээх баярлахгүй байсан шүү. Чи энд юу хийж байгаа юм бэ? Яг эдгэсэн юм уу? эдгээгүй бол яахын? гэж асуугаад байсан. Хэргийн гол нь үүний өмнөх зул сараар манай эхнэр бага хүү, охинтойгоо ковид-оор өвдөөд гэртээ суусан юм. Би нөгөө хоёр хүүхдээ аваад Нью-Йорк явчихсан. Энэ удаа надаас хариугаа авахаар шийдэж л дээ. 

-Нэгэн цагт их алдартай байсан дотуур хувцасны рекламд Кейт Мосс тантай хамт зургаа авахуулах дургүй байсан гэж ярьж байсан. Яагаад юм бол?

-Мэдэхгүй. Би загвар өмсөгч байхад түүнтэй ямар нэгэн асуудал байгаагүй. Заримдаа би соёлтой байгаагүй байж магад. Хэтэрхий шулуун зантай л даа. Эелдэг байж тэр үед сураагүй байсан. Хүлээн авалт дээр Кейт бид хоёр тааралдахаараа мэндлээд өнгөрдөг.

-Та Холливудыхны хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэхгүй байгаа харагддаг.

-Би үүнтэй холбоотой бүх хэргийг сонссон. Энэ бүгд юугаар дуусах, хүмүүсийг юу хүлээж байгааг сайн мэдэж байна. Гэхдээ Холливудад болж байгаа бүх зүйлийн дунд байхыг би эрмэлздэггүй.

-Та тэнд ажиллаж, амьдардаг биз дээ?

-Ажлаас гадна би дэлгүүрээс хүнсээ цуглуулна, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө. Би тэр үдэшлэгт тийм ч дуртай биш. Миний тоглосон кино биш л бол би тэнд юугаа хийх юм? Би Беверли-Хиллзд амьдардаг ч хэн ч намайг хардаггүй, би хэнийг ч хардаггүй. Эрт унтаж, эрт босож, хүүхдүүдээ сургуульд нь хүргэдэг. Ажилгүй үедээ эхнэртэйгээ цагийг өнгөрүүлдэг. Хамгийн гол нь би хүнийг шүүмжилж чаддаггүй, би өөрөө өчнөөн нууцтай хүн. Гэхдээ би хийсэн алдаан дээрээ үргэлж ажилладаг.

-Та саяхан  Father Stu кинонд тоглосон. Боксчин хүн амьдралаа өөрчилж санваартан болж буй тухай...

-Би нүглээ наминчлах, хүнийг өөрчлөх, авралын тухай кино хийхийг эртнээс хүсэж байлаа. Намайг хүнд хэцүү үед дэмжиж, бурхныг надад нээж өгсөн санваартай одоо ч надад зөвлөсөөр байдаг. Жүжигчний мэргэжлээр дамжуулж олон хүнд нөлөөлөх боломж бий. Ийм төрлийн кино хийх амаргүй. Цар тахлын үеэр их зүйл тохиолдлоо. Энэ хоёр жилийн хугацаанд би ээжийгээ, олон найз нөхдөө алдлаа...Тиймээс надад энэ кино их чухал. Бусад миний тоглосон кинонуудаас илүү...

-Таны хүүхдүүд хаалттай католик сургуульд сурдаг, амьдрал нь хангалуун байна. бодит амьдралаас ер нь тасарсан гэж хэлж болно. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Таны зөв. Тэр үнэн. Миний хүүхдүүдийн хэн ч амьдралдаа зодоон хийж үзэхгүй байх гэж бодож байна. Хоорондоо л юу юм гэхээс. Манай хүү хэсэг хугацаанд боксоор хичээллэж байхад, би баярласан. Учир нь энэ спорт хүнийг их хүмүүжүүлдэг. Манай ах, бид нарын гудамжинд зодолдож байсныг тэд нээх сонирхож сонсдоггүй. Тэд миний тоглосон киног ч тоож үздэггүй. ТикТок л хийсэн хүмүүс. Тэд миний нэр хүндийн сүүдэр байхыг хүсдэггүй. Өөрсдөө хувь хүн болох хүсэлтэй. Тиймээс миний намтар, кино, алдаанд ингэж ханддаг. Тэд сургуульд дээрээ хөл бөмбөг тоглож байх үед намайг машинаасаа буухыг ч зөвшөөрдөггүй. Машинаасаа үз гэдэг. Эхлээд би их гомддог байлаа. Дараа нь намайг од болохоор тэгдэгийг нь ойлгосон.

-Таны аз жаргалтай гэр бүлийн нууц

-Хамгийн сүүлчийн Валентины баярын талаар ярьж өгье. Эхнэр энэ удаад баяр хийхгүй, юу ч бэлэглэхгүй байя гэж байна. Би тэнэг тэрэнд нь үнэмшээд. Өглөө босоод угаалгын өрөө орсон чинь дүүрэн сарнайн дэлбээн зам. Эхнэр хүүхдээс өгсөн бэлэг тавиатай байна. Би шууд л ойлгосон. Азаар бүгдэд нь цэцэг захиалсан байсан. Би ресторан явья гэсэн эхнэр үгүй гэж байна. Өнөөдөр юу ч хийхгүй гэж тохироо биз дээ гэж байнаа. Би за л гэлээ. Тэгээд дахиад хууртсан байсан даа.

-Бидний зарим нь бараг унтахаар хэвтэх гэж байхад та босдог байхаа

-Би шөнө дунд босч ажилдаа бэлддэг. 3.30-д зааланд хичээллээд, 5.30-д гарч ирдэг. 7.30-д ажилдаа явдаг даа. Өглөө эрт сүмд их залбирдаг. Хооллохдоо ч бас хязгаартай ханддаг, нас ахиад таргалахад амархан болж.

-Та Мартин Скорсезегийн The Departed киногоор Оскарт нэр дэвшсэн...

-Энэ их сонин түүх. Би энэ кинонд тоглохыг огтоос хүсээгүй. Менежертээ татгалз гээд хэлчих гэсэн чинь Скорсезе өөрөө намайг ятгаж эхэлсэн. Би зөвшөөрөөгүй. Учир нь надад анхнаасаа тэс өөр дүр, өөр өчнөөн юм амлачаад, яг цагаа тулсан чинь шал өөр. Би Ди Каприо, Мэтт Дэймон нарын дагалдагч байхыг хүсээгүй. Скорсезе миний татгалзахыг сонсоод бараг бүтэн хором юу ч дугараагүй. Таван минутын дараа манай менежер утасдаад намайг загнаад, хэн хэзээ домогт Скорсезед татгалзаж байсан юм. Амралтын өдрүүдээр Скорсезе над руу онгоц явууллаа. Би түүний студид зохиолыг нь дахиж уншаад, уур хүрээд татгалзсан. Скорсезе миний ажилд саад болохгүй, чи хүссэнээ хий гэсэн. Би Бостон хотыг хэнээс ч илүү мэднэ. Ийм л юм болсон юм даа...

Эх сурвалж: www.7dn.ru, З.БАТЦЭЦЭГ, Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?