МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ: "ГЭГЭЭН НУУР"-ЫН АЯЛАЛ, ОТГОНХАЙРХАНЫ ТАХИЛГА(Төгсгөлийн хэсэг)

2022-05-09  

Бидэнтэй ойр дотно хамтарч ажилладаг МУСГЗ, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш өмнө гаргасан “Аян зам бодол эргэцүүлэл” номынхоо үргэлжлэл болох дараагийнхаа номонд орж буй "ГЭГЭЭН НУУР"-ЫН АЯЛАЛ, ОТГОНХАЙРХАНЫ ТАХИЛГА аян замын тэмдэглэлийн төгсгөлийн хэсгийг хүргэж байна. 

Өмнөх нийтлэлүүдийг доорхи холбоосоор орж уншина уу!

Нийтлэлийн эхлэл хэсгийг ЭНДүргэлжлэл хэсгийг ЭНД дарж уншина уу!

(2020 оны наймдугаар сар)

          Булганы Хишиг-Өндөр сумыг зорив. Цувааны ахлах Нэмэхээгийн маань мал хунар Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байдаг юм. Найз нөхөд нь болох бид зун намрын цагаар эдний малчныд олонтоо зочилж айраг цагаа, хоол ундаар дайлуулж цайлуулж, бас мал мах авцгаагаад явах үе ч байдаг байлаа. Энэ удаа ч намрын сайхан айраг ууцгаая гэдэг урилга аваад тийшээ зүглэж явцгаана. Даваа гүвээ дамжин гол ус гатлан хоёр зуугаад км давхисаар Архангай аймгийн нутагт шөнө дөлөөр орж ирцгээв. Тэрхийн цагаан нуурын хөвөө хязгаарыг эмжин оршдог аялал жуулчлалын баазын аль нэгэнд хоноглохоор багийн ахлагч маань төлөвлөсөн байв. Хашаа хороо, хотондоо гэрэл гэгээтэй буй гурав дөрвөн гэр баазаар орж сонголт хийж байгаад арай тохитой гэхээр найман ханатай гэр буудал олж хоноцгоов. Шөнө дөл болсон хэдий ч үйлчилгээ нь нээлттэй зам зуурын ийм буудлууд элбэг болж буй нь сайшаалтай. Өглөө цайлчихаад хэсэг давхиад манай орны үзэсгэлэнт газар усны бас нэгэн төлөөлөл болох Чулуутын хавцалд ирж зураг хөрөг болцгоов.

 

Ойр хавиар нь гэр буудал ч бас олширчээ. Энэ талын хөгжил дэвшилд бодлого төлөвлөлттэй хандахгүй бол зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй баахан гэр эгнээд үзэсгэлэнт байгалиа үрээд хаячих вий гэх эмзэглэл төрж байлаа. Эндээс цаашлан давхих үед Цэндсүрэн эмч нэгэн хуурцаг бидэнд сонсгож буян үйлдэв. Дилова хутагт Жамсранжав гэгээнтний мөргөл залбирлын уншлагатай бүтэн цаг гаруйн бичлэг юм. Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Дэд дарга асан М.Санжмятавын Улаанбаатар дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга байхдаа санаачлага гарган зохион байгуулж хийлгэсэн Дилова гэгээнтний зураг хөрөгтэй тийм хуурцаг аж. Дилова хутагт Жамсранжав хэмээх нь хэн байв, амьдрал тэмцлийн ямар зам туулав, хэрхэн яаж яваад алс Америкт очив, тэнд ямар үйл ажиллагаа эрхэлж байв, тэндхийн монголчуудтайгаа ямар харилцаатай байв, НҮБ-д Монгол Улсаа гишүүн болоход нь ямар хувь нэмэр оруулав гэх мэт олон асуултад хариулт өгсөн дурсамж яриа, тайлбар сэлтүүдийг энэ хуурцагаас замын туршид сонсож явлаа. Их Хутагтын өөрийнх нь уншсан ном залбиралын бичлэг нь чанар сайтай хадгалагдаж үлдсэнийг энэ хуурцагаас сонсож даган залбирч явцгаав. Дилова хутагт төрсөн нутаг орондоо хүрэлцэн ирэхийг хүсч мөрөөдөж явсан хэдий ч цаг үеийн байдлаас шалтгаалан тийм боломж олдоогүй гэдэг. Монгол оронд маань өөрчлөлт шинэчлэлт, шинэ цаг үе ирэхээс хорин хэдэн жилийн өмнө өөрийнхөө үүсгэн байгуулсан Нью-Жерсийн буддын сүмийн дэргэдэх өргөөндөө бие барсан юм билээ. Төрсөн нутаг орондоо амьд ахуйдаа ирж чадаагүй хэдий ч өөрийн шарилын хэсгийг нутагтаа залахыг Гэгээнтэн гэрээслэлдээ дурдсан байсан гэдэг. Тийм боломж нөхцөл бүрдэж Гэгээнтний чандартай бумбын нэг хэсгийг Монголдоо хүндэтгэлтэйгээр авч ирж төрсөн нутаг оронд нь залсан тухайгаа энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Завхан аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн дарга М.Санжмятав энд ярьсан байв. Мөн Дилова хутагтад зориулж бүтээсэн дууг дуучин Н.Энхбат дуулж энэ хуурцагт бичүүлсэнийг аян замын бид хэд сонсож явлаа. Их Хутагтын уншлага авшиг, Гэгээнтний амьдрал ахуйн тухай дурсамж яриа, дуу хуурт умбасан бид нэг л мэдэхэд  Архангай аймгийн Цэцэрлэг хотод ороод ирэв. Баруун тийшээ манай багийнханыг аялах бүрт угтаж үдэж дайлж цайлж байдаг бидний анд, бидний байгуулсан найз нөхдийн нэгэн клубын гишүүн, Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Нарангэрэл аян замын биднийг нэгэн зоогийн газарт хүлээн авч байх юм. Цэцэрлэг хотынхоо цэцэрлэгт хүрээлэнгээр биднийг дагуулан аялууллаа. Аль ч аймаг хотынхоос тэс өөр нь хотынхоо хойморт байх өндөр уул руугаа өгсөөж аялал жуулчлалынхаа энэ байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулсан нь сонирхолтой, бас өндөр уулын  аялал гэх утгаараа эрүүл мэндэд ч бас ач тустай юм.

Бид цаг гаруй аялаж амраад уулнаас бууцгаалаа. Хотын төвд Ц.Нарангэрэл андынхаа удирдан зохион байгуулж барьж ашиглалтад оруулсан 960 хүүхдийн дунд сургуулийн цогцолбортой танилцсан юм. Аймаг орон нутагт томилолтоор ажиллаж хэд хэдэн барилга байгууламж барих ажлыг удирдан зохион байгуулж ашиглалтад оруулаад амжилттай ажиллаж буй андаараа бахархаж явцгаав.

Анд Ц.Нарангэрэлийн барьж байгуулсан дунд сургуулийн цогцолборын өмнө.

Манай клубын гишүүн Нарангэрэл маань биднийгээ их л санасан юм байлгүй тийм ч амархан салах янзгүй, бид хэдийгээ үдэж гаргаж өгөхөөр Цэцэрлэг хотоос зүүнтээ хорь шахам км-ийн зайд орших “Янгиртай хясаа” аялал жуулчлал амралтын баазад гэр буудал захиалж дахин хүлээн авлаа. “Таван гар” үзнэ ээ гэж байх юм. Бид ч тэнд нь түр тухалцгааж “Таван гар” сууж андын санааг амраалаа. Эндээсээ их үд өнгөрч байхад гарч давхиад эртний их нийслэл Хархорин, Эрдэнэ зуу хийдээр орцгоолоо. Хутагтын номын авшиг авсан бид хэд эндэхийн сүм хийдээр орж эргэл мөргөл үйлдээд гарцгаав. Хурал ном нь завсарлаж гадаалсан тийм цаг үе таарсан байв. Эндээсээ Булган аймгийн Хишиг-Өндөр сум орохоор нутгийн бүдэгдүүхэн зам харгуй даган давхицгаав. Цэндээ эмч бид хоёроос бусад ач хүү Ариука (манайхан дундаа хамгийн залуу болохоор бид ийн нэршүүлсэн), Жанжин хэмээгдэх Сонсголон Бармат ХК-ий Захирал С.Сүхбаатар, тэгээд Нэмэхээ ахлагч нар зам харгуй салаалах бүрт л үүгээр давхина, түүгээр давхих нь зөв энэ тэр гээд л бага шиг маргаан үүсгэж зөрөлдөцгөөнө. Өмнөговиос нийслэл рүү шөнөөр гарч давхиж байгаад бүр Өвөрхангайн урд талын сум руу яваад оччихсон миний нэг жолоочийн түүх бий юм шүү... гэж Нэмэхээ ярьж байв. Шөнө давхиж давхиж буцаад нөгөө сумынхаа эсрэг талаас давхиад ирсэн хэн нэгний түүх, бас энэ зорьж яваа малчин айлдаа гурван жилийн өмнө нэгэн намар оройхон Нэмэхээ, жанжин Сүхээ, Цогтоо бид хэд оччихоод аав хөгшнийд нь очиж золгохоор малчин хүүгээр нь заалгаж аваад шөнө дөлөөр гарч давхиад хоёр гуравхан толгодын хоорондох гурван км хүрэхгүй газарт гурав дөрвөн цаг эргэж хургаж давхисаар бүр цөхөрч машиндаа унтацгаагаад сэрээд харсан чинь нөгөө хот айл нь хоёр гурван зуугаадхан метрийн цаахантай байсан талаар гэх мэт үүх түүх ярьж баяссаар давхилдаж явцгаалаа. Ер нь машинд суунгуут л бүгд л зам сайн мэддэг жолооч нар болчихдог юм манайхан. Тэр зам нь зөв, энэ нь зөв гэж маргалдах нь ч элбэг. Төөрч будилаад өөр газар ирчихвэл буруутан олдоно гэж огт байхгүй шүү... Эрдэнэ зуугаас гарч хэсэг давхиад “Билэгэ хааны бунхан”-д ирлээ. Цаг оройхон болж буй болохоор музей нь хаалттай байв. Уул даваа давж тал хөндий өгссөөр Булган аймгийн Хишиг-Өндөрийн нутагт нар орохтой уралдаад орж ирцгээв. Энэ нутагт мал хунар нь байгаа юм болохоор Нэмэхээ ахлагч эрх биш зүг чигээ боломжийн мэдэх юм. Малчны намаржиж байгаа нутагт дөхөж нэгэн өндөр уул даваа өгсөхөөр хөндий өгсөж явтал тэнгэр харанхуйлж юу юугүй бороо дусалж эхлэв. Удаж төдсөн ч үгүй бороо бүр ширүүсч зам харгуй, хонхор бүр усаар дүүрч, шавар шавхай тоймоо алдлаа. Ач хүү жолоо сайн барьдаг, бас Ланд 200 жип туулах чадвар сайтай тулдаа л арга эвийг нь олсхийгээд алсхантай ёлтойгоод байсан нэгэн гэрэл чиглэж давхисаар энэ нутгийн малчин айлын гадаахантай ирэв. Гэрийн эзэн “Бонго” машиныхаа дэргэд биднийг угтан мэндчилж байх. Нэмэхээ ахлагч малчныгаа хаахантай намаржиж байгааг асууж түүнтэй хэдэн үг солив. Ширүүн бороонд норсон малгайгаа сэгсрэнгээ, нүүр нүдийг нь бүрхэн урсах усыг арчингаа тэр малчин эр Нэмэхээд хариу хэлж байна. Жагаа малчных уг нь эдний эндээс холгүй хоёр давааны цаахантай л намаржиж байгаа аж. Өглөөнөөс орсон энэ ширүүн бороо энэ хавийн гуу сайраар үерлэчихсэн байгаа гэнэ. Энэ малчин өдөр сумын төв орох санаатай “Бонго”-той давхиад үерт боогдоод буцаж ирсэн гэнэ. Энэ борооны ус хавь ойрын гуу жалгыг дүүргэж үерлээд оволзож байгаа гэнэ. Иймэрхүү яриа хөөрөө сонсоод бид хэд эндээсээ бушуухан буцацгаав. Зарим нөхөд маань хүлээж байгаад бороо намдахаар малчных руу зүглэх санал ч гаргаж байв. Бороо хур үргэлжлээд маргааш нөгөөдрөөс наашаа ч үгүй цаашаа ч үгүй, эндээ бүр нам зогсох ч юм бил үү хэмээн зарим нь болгоомжилсон юм. Намаг шавар туулж буцаад цаг шахам давхисаар нийслэл чиглэсэн төв засмал дээр гарч сая бүгд л нэг тайвширцгаав.

      Сумын “Таван од”-отын тухай хэдэн үг. Шөнө дунд өнгөрч байхад Дашинчилэн сум орж ирцгээлээ. Манайхны зарим нь эндхийн сайн зочид буудлыг мэддэг юм байна. Өмнө бууцгааж байсан гэнэ. Төв замын дагуух хоёр давхар зочид буудал аж. Хөлийн танхимд нь өөрийгөө  Саран хэмээн танилцуулсан эмэгтэй биднийг угтан авч үйлчлэв. Жанжин Сүх, ач хүү Ариука бид хэд гурван ортой хагас люкс маягийн өрөөнд байрлацгаав. Нэмэхээ Цэндээ хоёр ч биднийхээс дутахгүй тав тухтай өрөөнд орцгоочихож. Ах зах насны бид хэд гар хөлөө угааж зам зуурын тоос шорооноос салж байх зуур ач хүү Ариука доод давхарын зоогийн газарт нь хоол унд, цай цүү захиалаад бэлэн болгочихлоо гээд биднийг дуудаж байх. Хэдий шөнийн нэг цаг өнгөрч байгаа ч хөдөөний зам зуурын сум орон энэ зэргийн үйлчилгээтэй болчихоод буй нь ихээхэн дэвшил юм даа. Зоогийн газрын буфетэд нь хатуу ундаа, улаан цагаан дарс, шар айраг өрөөстэй харагдана лээ. Аян замд агсагдсан бид хэд хооллож цайлчихаад өрөө өрөөгөө зүглэж унтаж амарцгаав. Өглөөний цай нь буудлынхаа үнэд ордог гэсэн. Шарсан зайдас, чанасан өндөг, цөцгийн тос, жимсний чанамалтай талх гэх орцтой өглөөний цайнд орчихоод аян замаа хөөхөөр ачаа бараагаа янзалцгаав. Өглөөний долоо найман цаг болж буй болохоор буудал, зоогийн газрын ажилчид нь хараахан цуглаагүй байв. Шөнө дөлөөр биднийг угтсан Саран авхай үйлчилгээний төлбөр тооцоо хийж биднийг үдэв. Энэ “Чин хайрхан төв”-дөө байгуулагдахаас нь эхлээд л ажиллаж буй гэнэ. Хотод буй толгой компанид нь арваад жил ажиллаж байж. Удирдлагад нь олон жил хамтарч ажиллаж байсан Х.Буд эрхэм насан өөд болж том охин нь компанийг нь өвлөн залгамжлахад нь түүнд тус дэм болохоор Саран авхай энд ирсэн аж. Х.Буд хэмээх эрхэмийг миний үеийнхэн бас ч гэж мэдэх байх. Социализмийн үед Гадаадтай Эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны орлогч дарга, дараахантай нь Москва хот дахь манай Худалдааны төлөөлөгчийн газрын дарга, хожмоо Засгийн газарт Монгол Зөвлөлтийн харилцаа, хамтын ажиллагааны хэсэгт хариуцлагатай ажил эрхэлдэг удирдах түвшний түшмэл байсан гэдэг. Зах зээл, нийгмийн харилцаа шинэчлэгдэн өөрчлөгдөх шинэ цагийн эхэнд хувийн хэвшилд шилжин ажиллаж өөрийн гэсэн бизнестэй болсон юм байна. “Чин хайрхан төв”-ийн толгой компани болох Дорнод монголын Полимент компанийг ерээд оны сүүлээр байгуулж амжилттай ажиллуулж байж. Хатагтай Саран тэнд ажиллаж байгаад л чадах ядахаараа залууст тус болох гээд л энд ирж ажиллаж байна гэж байв. Эдний энэ Чин Хайрхан төв нь дөрвөн жил гаруйн өмнө энд нээгдэж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Зочид буудал, ресторан, караоке, саун душтай, бас найман нэрийн барааны дэлгүүртэй, үйлчилгээний цогцолбор маягаар баригдсан ийм төв аж. “Төв салбарт ажиллаж байсан арга туршлага, нийслэлийнхээ үйлчилгээний чанар стандартыг энэ сум оронд суурьшуулахаар чармайн ажиллацгааж байна аа манай хамт олон” гэж тэрээр хатагтай Саран ярьж байлаа. Бүтэн нэр нь Саранцэцэг юм байна.

             Чин Хайрхан төвийн менежер хатагтай А.Саранцэцэгтэй хамт.

Үнэндээ нийслэлийн ч, бас манай багийнхны аялаж амарч явсан гадаадын хот суурингийн зочид буудал, зоогийн газрын байр байдал, үйлчилгээнийх нь чанар стандартаас төдий л дутаад байхааргүй санагдсан шүү. Үүнийг бичигч миний бие одоогоос тавиад жилийн өмнө нутгаасаа гарч нийслэл хот руу Санхүүгийн техникумд явахдаа Налайхын нүүрсний уурхайд ажиллахаар гэрээрээ нүүж яваа хамаатан садныхандаа дайгдан тэдний гэр бараа ачсан Зил машин дээр сууж найман хоног явж байж нийслэлийн бараа харж байв.Увсын Хяргас сумаас гарсан тэр машин зургаа дахь хоног хавьд энэ Дашинчилэн сумын авто өртөөн дээр оройхон ирж хонож байсан юм даг. Гуанз гэх хоёр гурван гэр, бага шиг шавар тагзууд байсан санагдана. Манай хамаатнууд тэгэхэд хүүхэд биднийг гал хөс, утаа униар болсон гэр гуанзанд нь оруулж урт вандан ширээнээ суулгаж хуушуур, хар цай авч өгч байсан юм даг. Хонож өнжих буудал гэж байх биш, бид машин дээрээ л унтацгааж байсан даг. Бид хэдийн цайлж суусан тэр гэр гуанз, шавар тагзнуудын суурин дээр өнөөдөр ийм үйлчилгээний төв, дэлгүүр хоршоо, зочид буудал, зоогийн газар бий болчихсон, баруун зүүнээс ирсэн, дайрсан аян замынхныг хонуулж өнжөөж тав тухтай үйлчилж байна гэдгийг хэлэх гээд л бяцхан дурсамж сэргээв. Улс орон маань хөдөө гадаа гэлтгүй бас ч гэж чамлахааргүй хөгжиж байна. Х.Буд эрхэмийн хүүхдүүд ч эцгээсээ өвлөсөн бизнесээ амжилттай үргэлжлүүлж түмэн олонд ийн үйлчилж байна. Дараа дараагийн үе удам нь бүр ч илүү амжилт бүтээл гаргах байлгүй дээ гэсэн өөдрөг бодолтойгоор Чинхайрхан төвийн үүднээс хөдлөв.

Биднийг хүлээн авч үйлчилсэн хатагтай Саран “Дахин дахин манай үүгээр дайрч үйлчлүүлээрэй...” гэж ерөөгөөд биднийг үдлээ. Энэ зэргийн үйлчилгээний газрууд ер нь зам зуур олон болсныг манай багийнхан магтан өгүүлж явлаа. Хагас цаг гаруй давхиад “Хаан бууз” төвийн дэргэдүүр өнгөрөв. Эднийхэн ч зочин гийчин олонтоо байх шиг. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?