Энэ жилийн “MTV Europe Music Awards” наадамд БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлаг дөрвөн шагналд, хөвгүүдийн “BTS”, “Seventeen” хамтлаг тус бүр гурван шагналд нэр дэвшээд байна.
Лхагва гарагт “MTV EMA” наадмын цахим хуудсанд нийтлэгдсэн нэр дэвшигчдийн жагсаалтад дурдсанаар, “BLACKPINK” хамтлаг хоёр дахь цомгийн “Pink Venom” дуугаараа “Шилдэг клип” шагналд нэр дэвшсэнээс гадна “Шилдэг “K-pop” уран бүтээлч”, “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлч”, “Шилдэг метаверс үзүүлбэр” шагналын төлөө нэр дэвшжээ.
“Шилдэг клип” төрөлд тус хамтлаг нь Харри Стайлсын “As It Was”, Дожа Кэтийн “Woman”, Кендрик Ламарын “The Heart Part 5”, Ники Минажийн “Super Freaky Girl”, Тейлор Свифтийн “All Too Well” зэрэг уран бүтээлүүдтэй өрсөлдөх юм.
“BTS” хамтлагийн хувьд “Шилдэг “K-pop” уран бүтээлч”, “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлч”, “Шилдэг метаверс үзүүлбэр” зэрэг төрлүүдэд нэр дэвшсэн бол “Seventeen” хамтлаг “Шилдэг “K-pop” уран бүтээлч”, “Шилдэг шинэ уран бүтээлч” зэрэг төрөлд нэр дэвшжээ.
“BTS” хамтлаг “MTV EMA” наадмаас 2020, 2021 онд дөрвөн шагнал хүртсэн бөгөөд “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлч” төрөлд дөрвөн удаа дараалан ялалт байгуулсан юм.
Энэ жилийн “Шилдэг “K-pop” уран бүтээлч” төрөлд “BLACKPINK” хамтлагийн гишүүн Лиза болон охидын “ITZY”, “TWICE” хамтлагууд мөн өрсөлдөж байна.
“MTV EMA 2022” наадам Германы Дюссельдорф хотын “PSD Bank Dome” аренад 11 дүгээр сарын 13-нд болно.
Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/