ХЯРГАС НУУР, ЗҮҮНГОВИЙН "УРТЫН БУЛАГ",ТЭСИЙН "НАРИЙН ГОЛ",УВС,"БАГАНУУР"-ЫН ЭЭЛЖИТ АЯЛАЛ /Төгсгөл

2024-01-30  

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу!

ХЯРГАС НУУР, ЗҮҮНГОВИЙН "УРТЫН БУЛАГ",ТЭСИЙН "НАРИЙН ГОЛ",УВС,"БАГАНУУР"-ЫН ЭЭЛЖИТ АЯЛАЛ /Төгсгөл

Тожоогийнхоос Тосонцэнгэл, Тэрхийн цагаан нуурт

      Давст цөөрөм, “Багануур”, Зэгст “Харз”-д аялаж  амарсан манай аялалын цуваа оройхондоо “Харз”-наас сумын төв рүү хөдлөж Тожоогийндоо бууцгаалаа. Оройн зоог ч тэнд зэхээстэй байв. Гэрийн эзэгтэй Дүрзээ хатагтайн хөгжим, дуу хуурыг сонсонгоо амтат зоогоо хүртэцгээв. Төөмбий андын ач дүү, бидний бууж отоглосон Ц.Отгонбаатар, Төөмбийгийн худ, дуу бүжгийн авъяасаараа биднийг уярааж буй хатагтай Л.Дүрзээ нар сумын аварга бүжигчин цолтой, нэртэй уран сайханчид гэнэ. “Манай хоёр чинь хөл нийлдэг алтан партнёр шүү дээ” гэж Отгоогийн гэргий надад шивнэж байв. Нуурын эрэгт бүжиглэж байхыг нь харахад аргагүй л нийтийн бүжгийн авъастнууд болох нь мэдрэгдэж байсан юм. Хатагтай Дүрзээ гитар, баянхуурын аль алиныг нь чадварлаг тоглодог аж. Тэрээр ганцаараа ч, бас бүжгийн хамтрагч Отгоотой ч хоршиж ардын болон орчин үеийн монгол,  

орос хэд хэдэн дуугаар аялагч бидний сонорыг мялаав. Л.Дүрзээ эзэгтэй дуу хуураар төдийгүй цэцэг ногоо, мод бут тарьж ургуулж хашаа хороогоо ногоон төгөл болгосноороо сумандаа экологийн алдартан хэмээгддэг аж. Эднийхээс гарахад харанхуй болж байсан тул тэр үед зураг авч чадаагүй билээ. Маргааш нь хот буцах байсан тул аялалын гишүүн Эрдэнэбатад захиалга өгч хожмоо дараахь хоёр зурагтай болсон юм.

    

           “Тожоо” Баяртогтохын хашаа хороо. Эзэгтэй Л.Дүрзээ цэцэг ногооныхоо талбайд

Оройхондоо отогтоо буцаж ирээд Отгоогийнхны гарын хоол “Тэсийн жимбий”-гээр дайлуулж ганц нэг хундагаар даруулсан шиг найрлацгаав. Өглөө өрөм ааруул, боорцог, махан зуушаар дайлуулчихаад хоёр тийшээ зүглэх аян замдаа бэлтгэцгээв. Төөмбийгийнхэн Улаангом орчихоод “Хархираа” амралтдаа очиж хоёр гурав хонох гэнэ. Биднийг Баттөмөр анд урьд өмнийн адил “Хархираа”-даа урьсан боловч би гэдэг хүн хоёр хоногийн дараа “Интер ном” хэвлэлийн газарт болох Ёкозүно Тэронофүжи Ган-Эрдэнийн “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлтэд урилагатай байсан тул “Хархираа”-гийн урилгаас  татгалзахаас аргагүй байлаа. Ингээд л  аялалын багийнхандаа, мөн биднийг хүлээн авч тухлуулсан Отгонбаатар дүү, гэр бүлийнхэнд нь талархлаа илэрхийлж тэд нартайгаа хоорлон зогсож дурсгалын зураг татуулаад баяртай болцгоов. 

“Нарийны голыг эмжиж хэсэг давхиад хоёр гүүрээр дамжаад Зүүнговь сум орчихно...” гэх замыг Отгоогоор заалгаж аваад тэдний хотноос хөдлөсөн юм. Элст талаар давхиж байхдаа энэ Тэс нутгийн хэд хэдэн Баянбүрдтэй таарч явлаа. Нэгийнх нь дэргэд түр саатаж ийм зурагтай болов. 

Хэсэг давхиад Зүүнговь сум, тэндээсээ хагас цаг гаруйн дараа Хяргас сумын төв орчихлоо. Ач дүү Ц.Бадамдоржийндоо үдэлж цайлцгаав. Бидний үеэл Ц.Жүгдэрнамжил нийслэлээс ирж Хяргас нуурт амарчихаад  Зүүнговь сум орж хадмуудаараа зочлоод дүүгийндээ ирсэнтэй таарч хамтдаа зураг татуулцгаалаа. Өнгөрсөн жил эднийд ч, бас нуурын хөвөөнд ч, сумын наадмын үеэр ч ер нь хаа сайгүй л таарч, миний бичсэн нийтлэлийн нэг дүр болж явдаг юм миний үеэл энэ Жүүгээ.

Хоёр үеэл маань хоёулаа энэ Хяргас сумандаа аавынхаа нэг адил сум орны удирдах албанд идэвх зүтгэлтэй, нэр хүндтэй хөдөлмөрлөж явсан залуус. Жүүгээ ерээд оны сүүлээр нийслэл рүү зүглэж Баянзүрх дүүрэгт засаг захиргааны ажил хашиж байгаад гавьяаныхаа амралтад гараад буй нэгэн. Жил бүр л нутаг усандаа ирж амардаг хүн. Бадаа ач дүү маань манай Ганжаа удмынхнаас нутаг усаа үнэнчээр сахиж үлдээд буй нэг нь. Манайхны ах дүү нар нутагт ирэхдээ эднийд л бууцгаадаг юм. Үеэлүүдээрээ үдүүлж зам заалгаж аваад нийслэл гараад давхицгаалаа. Нутгийнхаа ойр дотно уул талаар хоёр цаг гаруй давхиад Хяргас нуурын эрэг дагасан төв засмалд нийлцгээв.

    Тосонцэнгэлийн шинэ танилууд болон гадаадын аялагч эрхэмүүдийн тухай. Шөнө дөлөөр Тосонцэнгэлд орж ирлээ. Урьд өмнийн танил төв гудамжаар явж хонох буудал хайв.  Ашиглалтад саяхан орсон гэх “River Тourist & Gallery HOTEL” хэмээх гэрлэн чимэглэл анивчуулсан хоёр давхар шинэ зочид буудал руу орж өрөө сураглав. Хоёр ортой өндөр зэрэглэлийн нэг өрөө байгаа, хоногийн 320 мянган төгрөгийн үнэтэй гэв. “Арай үнэтэй юм, хоёр зуу гэвэл болж байна...” гээд хямдруулахаар оролдсон чинь зочин хүлээн авахын тэр залуу толгой сэгсрээд зөвшөөрөх янзгүй. Шөнө дөл өнгөрч маргаашийн цаг эхэлчихээд байхад хий хоосон өрөө хадгалж хоносноос хоёр зуун мянгаар бид гурвыг авчихсан бол эднийд уг нь ашигтай л баймаар. Өглөөний цай хоолоор үйлчлүүлж бас орлого оруулна шүү дээ бид. Тэр залууд ингэж ухуулаад ч нэмэргүй бололтой... Тэндээс бухимдуухан гараад хоёр жилийн өмнө хоноглож байсан зочид буудлаа хайцгаалаа. Хоёр гурван гудамж дамжин сураглаж байгаад эрлээ олоод авлаа. Харуул жижүүр нь бололтой халамцуухан хижээл эр хаалга онгойлгож байх. Ашгүй сул өрөө байж байна. Хоногийн 70 мянгаар хоноглохоор боллоо. Хоёр том ортой, бас нэг дивантай, боломжийн өрөө. Нэг хүний цагаан хэрэглэл нэмж аваад, хөнгөн цайлаад унтаж амарцгаав. Өглөө цайндаа орчихоод гарч яваад зочид буудлын эзэн Б.Сараадандорж гэх залуутай таарч танилцлаа. Бидний шөнө ирж хоносон энэ хоёр давхар зочид буудал нь “SKY LINE” гэх нэртэй

юм байна. Гадаадад ажиллахаар олон жилээр явсан нэг найзаасаа зургаан жилийн өмнө худалдаж авсан гэнэ. “Зээлээр аваад одоо өрөө төлөөд дуусч байна, засвар тохижилтын ажил эхлүүлээд байгаа, намартаа дуусгаад улам тохь тухтай болгочихно оо” гэж байв. Гэргий нь хүнсний мухлаг, нарийн боовны бизнес эрхэлдэг аж. Буудлын гадаа гадаад номер дугаартай, дөрвөлжин улаан чиргүүлтэй суудлын жижиг тэрэг зогсож буйг урд шөнийн жижүүрээс би асуухад тэрээр “Манай энд жил болж байгаа машин, эзэд нь харин манай буудалд саяхандаа ирчихээд байгаа...” гэх мэдээлэл өгсөн юм. Буудлын эзэнтэй уулзсаных жил болж буй гэх тэр машины тухай асууж хэрэгт дурлав.

Эдний буудалд буусан гадаад иргэний машин гэнэ. Ийм яриа хөөрөө болж байтал Сараадан эрхэмийн гэргий зочид буудлаас гарч ирж ярианы сэдэв өргөжив. Гэргий Т.Мөнхзул нь ч яриа хөөрөөтэй нэгэн юм. Зочид буудлынхаа ажлаас гадна тэрээр нарийн боовны цех ажиллуулдаг гэнэ. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ зургийг утасныхаа сангаас үзүүллээ. Тосонцэнгэлийнхний баяр ёслол, төрсөн өдрийн бялууг эдний цех хангадаг гэнэ. Иргэдийн сар шинийн тавгийн идээг ч олон төрлөөр нь үйлдвэрлэдэг талаарх мэдээлэл, зургууд утасных нь санд байна лээ. Ажил хэрэг нь амжилттай яваа сайхан гэр бүл юм энэ Сарааданых. Бид ийн ярилцаж байтал нөгөө гадаад залуу буудлаас гарч ирлээ. Машиных нь дэргэд бидний яриа үргэлжлэв. Дани улсын иргэн аж энэ Юрген. Дэлхийгээр аялах сонирхолтой нэгэн юм. Нутагтаа  сургууль соёлоо төгсөөд нийслэлийнхээ дагуул хотын нэгэн компанид зураач дизайнераар ажилладаг аж. Эхнэр нь ч бас зураач, байгалийн гэрэл зураг авах хоббитон юм байна. Улс орнуудаар аялаж олон арван сонирхолтой зураг авч байгаа гэж эхнэрээ магтана лээ. Монголд хоёрдахь удаагаа ирээд байгаа нь энэ гэнэ. Гурван жилийн өмнө Солонгос Хюндайгаа хөлөглөөд Оросын Эрхүү муж, Алтайн хязгаараар аялаж Барнаулын Монд, Хөвсгөлийн Ханх боомтоор дамжаад Завхан аймагт ирцгээж. Тус аймгийн нутгаар хэд хоног аялаж яваад Тосонцэнгэлд ирж энэ “SKY LINE” зочид буудалд бууцгаасан юм байна. Буудлын эзэгтэй Мөнхзул бүсгүйтэй эхнэр нь танилцаж Юргений гэр бүл буудлын эзэдтэй найзархаг харилцаатай

болцгоож. Т.Мөнхзул бүсгүй бага сага герман хэлтэй байсан нь харь газар яваа Дани залуусыг эдний буудалд нэг хэсэгтээ амьдарч монголчуудын аж амьдралтай ойр дотно танилцах, бас Завхан нутгийн үзэсгэлэнт байгалийн зураг хөргийг гэрэл зургийн цомог, ирээдүйн ном бүтээлдээ оруулах боломж бий болгожээ. Юргенийхэн Хөвсгөл нуурт аялаж амарч нуур ус, Жанхайн даваа, Хорьдол сарьдагийн үзэсгэлэнг илэрхийлэх цомог хийх сайхан зураг хөрөгтэй болоод буй гэнэ. Алтай Таван Богдоор аялаж Баян-Өлгий аймгийн зарим сумдын казах иргэдийн аж амьдралтай танилцаж судалгаа сурталчилгааны баялаг материалтай болцгоосон аж. Улаанбаатар руу ч бас ганц хоёр удаа явцгаасан гэнэ. “Нийслэл ямар санагдав, өөрийн машинаар явсан уу...” гэх мэт ойр зуурыг түүнээс асуулаа. Тэрээр “Хамгийн хачирхалтай нь, бас харамсууштай нь хотоос гарах гэж бараг таван цаг шахам түгжрээнд явсан маань Тосонцэнгэлээс Улаанбаатар хүрэхэд зарцуулсан цагтай бараг тэнцсэн явдал юм. Одоо удахгүй машинаараа дахиад л Улаанбаатар явна, хайран цагаа түгжрээнд алдах байх даа. Улаанбаатар орж тэндээсээ Хятад руу явж Солонгос, Япон, Зүүн өмнөт Азийн орнуудаар аялах төлөвлөгөөтэй...” гэж ярив. Хоёр гурван жилийн өмнө л ийм төлөвлөгөөтэй Монголд орж ирсэн юм байх. Ковидын хөл хорионоос болоод тэр төлөвлөгөө нь бүтэхгүй болж Тосонцэнгэлд хэдэн сараар “түгжигдсэн” аж. Хөл хорио тавигдаж байдал арай намжсан өнгөрсөн оны дундуур Юргенийхэн нутгаадаа яваад энэ зун буцаж ирээд байгаа нь энэ гэнэ. Машинаа орхиод явж. Энэ удаа Хятадын хилээр машинтайгаа орж, далайн тээврээр машинаа дараагийн улс оронд хүргүүлэх юм байх. Хятад руу аялах виз, машинаа ачуулах хил гаалийн зөвшөөрөл энэ тэр гээд хөөцөлдөх ажил энэ Юргенд их байгаа аж. Өргөдөл хүсэлтээ өгчихөөд хүлээж байгаа юм байна. Хэлмэрч бүсгүй Т.Мөнхзул бидний ярианд оролцож  “Эднийхэн хэд хоног, хэдэн сар хүлээхийг мэдэхгүй, ковидын хөл хорионд ороод энэ Тосонцэнгэлд жил гаруй амьдарсан юм. Манай хотын захиргаа, цагдаагийнхан мэдэж байсан. Бүртгэл тэмдэглэгээгээ ч тухайн үед хийлгэж байсан. Энэ зун аймгаас цагдаа, тагнуулын байгууллагын хүмүүс ирж эднийг бас асууж байцаагаад л, биднээс ч бас ямар зорилготой, юун хүмүүсийг ийм урт удаан хугацаагаар байрлуулаад байна...” гээд асууж лавлаад явж байгаа гэж ярьж байв. Сар жилээр байрласныхаа үнэ хөлсийг эд яаж төлдөг тухай сонирхоход эзэгтэй Мөнхзул “Бид зохих хөнгөлөлт үзүүлээд төлбөр тооцоо хийж байгаа” гэж ярив. Ер нь энэ мэтээр манай хөдөө орон нутгаар аялагч гадаадын иргэд элбэг болж. Дөрвөн жилийн өмнө миний бие Алтай Таван Богд руу дугуйгаар аялаж яваа Францын хоёр гэр бүл, Испаний хоёр бүсгүйтэй тэй Улаангомд хонож өнжсөн зочид буудлынхаа гадаа тааралдаж ярилцлага авч “Үндэсний шуудан”сонин, “Control.mn” сайтад нийтлүүлж байв.

Цэнхэр хүрэмтэй хатагтай Жулианаа Милишер нь  Францын Монт Роланд гэх бага шиг хотын нэгэн коллежийн багш гэж байсан. Нөхөр Доле Милишер ч бас тэндхийн биеийн тамирын багш. Милишерийнхэн бага залуугийнхаа сонирхлоор сүүлийн хэдэн жил дугуйгаар аялацгааж байна гэж ярьсан юм. Миний насны ийм эрхэмүүд улс орон дамжсан энэ хол замыг ажрах ч үгүй  дугуйгаар туулаад явж байдаг гээд намайг гайхширахад “Дугуйн аялал бол хөгшрөх зав өгдөггүй” гэж тэд хариулж байж билээ. Дэлхийг дугуйгаар тойрох аялалд гараад бүтэн жил явж буй өөрийн хүүтэйгээ уулзаж хамтдаа Монголын баруун хязгаараар дугуйт аялал хийхээр ирцгээсэн зоригт дугуйчид юм билээ тэд. Ээжийнхээ хажууд зогсож буй Томас Милишер нь Испани найз бүсгүй Алба Моренотой жил гаруй нь өмнө Францын Доле тосгоноос дугуйгаар гарч Швейцарь, Герман, Австри, Унгар, Румын, Болгар, Грек гэх Европын орнуудыг туулж Ази руу орж ирсэн гэж байсан...

    Одоо буугаад буй энэ Тосонцэнгэлийн зочид буудалд таван жилийн өмнө нэг буухдаа баруун таван аймгаар дугуйн аялал хийж яваа Өмнөд Солонгосын Данкукийн их сургуулийн оюутан залуусын багтай тааралдаж зураг хөргөө бас авахуулж явж би.

    Мөн гэр бүлээрээ аяладаг найзуудтайгаа баруунтаа аялаж “Үүрэг нуур”-ын амралтын баазад хоночихоод нийслэл буцах замдаа нуурын ойрхонтоо Алтай Таван Богд руу аялаж яваа олон улсын мото-аялагчидтай бас тааралдаж тэднээс ярилцлага сурвалжлага авч явлаа.

Ойр зуурын ийм аялагчдаас гадна манай оронд удаан хугацаагаар аялаж амьдарч аяласан газар орныхоо зураг хөргийг авч олон нийтийн сүлжээнд байнга тавьж сурталчилж байдаг Польш улсын нэгэн иргэнтэй миний бие Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаанд таарч танилцаж байлаа. Эндээсээ Алтай Таван Богд  руу аялах санаатай буй гэхээр нь саяхандаа тийшээ аялаад ирсэн хүний хувьд сэтгэгдлээ түүнд ярьж санал солилцож байсан юм. Тэрээр монголоор маш сайн ярьдаг юм билээ. Монголд аялахыг хүссэн Польш найз нар, бас нутгийнхаа иргэдэд монголын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хүссэн заримд нь аялалын хөтөч хийж үйлчилдэг аж. Монголд ч олон арван найзтай, бас сүлжээндээ олон зуун дагагчтай юм билээ. Монгол найз нар маань намайг Мачекаа гэж дууддаг гэж байна лээ Мачек Глабус гэх энэ Польш залуу. Тэрээр зөвхөн

Монголоор аялаад зогсохгүй сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд Хятад, Япон,Тайланд гээд Азийн нилээд хэдэн орноор аялаж тэндхийн байгаль, хүн ардынх нь аж амьдралын талаар маш олон зураг авч, мөн дүрс бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьсан байх юм билээ... Тосон цэнгэлээс бага үд өнгөрч гарсан бид их үдийн алдад Архангайн Тэрхийн цагаан нуурын эрэгт ирж түр үдлэв. Моторт завины үйлчилгээ бүхий энэ эрэгт машин тэрэг эгнэчихэж. Арав шахам моторт завь хүүхэд залуус суулгаад л нааш цааш давхилдаж байх. Сүүлийн хоёр жилд ийм үйлчилгээ хурдтай хөгжиж буй гэнэ. Моторт завинд хүүхэд залуусыг суулгаж буй усан онгоцны ахмадын малгай, усны хамгаалалтын хувцас хунар болсон нэг эртэй яриа өрнүүлэв. Д.Түмэн-Өлзий гэж өөрийгөө танилцуулав. Аялал жуулчлалын компаниуд энэ үйлчилгээг эрхэлж байна уу гэж асуухад тэрээр “Үгүй дээ, бидний хэсэг хүн хувь хувиараа л энэ үйлчилгээ явуулж байна” гэж байх. Усан аялалын аюулгүй байдлын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан. Манай моторт завь 8-10 хүний багтаамжтай, хагас цаг орчмын аялал нэг хүний 20 мянган төгрөг, энэ завиа 100 орчим сая төгрөгөөр худалдаж авсан. Манайхны ойр тойрны нөхөдүүд ч бас л ийм өртөг зардлаар моторт завьтай болцгоосон гэх юм билээ. “Ийм үйлчилгээ эрхэлсний хураамж, ашиг орлого олсны татвар төлдөг үү та нар?” гэж түүнээс асуухад тэрээр “Одоохондоо бид тийм төлбөр хураамж төлдөггүй,энэ үйлчилгээ маань хөгжөөд бэхжээд ирэх үед нуур усны захиргаа, орон нутгийнхан татвар хураамж авч эхлэх байлгүй дээ...” гэж байв завьчин Д.Түмэн-Өлзий. Аялал жуулчлал хөгжихөд иргэдийн хүч хөрөнгөөр эхлэлээ тавиад буй усан завины энэ үйлчилгээ мэдээж ач тусаа өгөх нь дамжиггүй. Харин үүнийг эмх замбараатай, аюулгүй байдлаа сайн хангасан чанартай үйлчилгээ болгоход орон нутгийн засаг захиргаа, аялал жуулчлалын байгууллагынхан одооноос хяналтаа тавьж энэ шинэ төрлийн үйлчилгээг зөв гольдролд нь оруулах буй заа.

          Баруун гар талаас нэгдэх нь моторт завины үйлчилгээ эрхлэгч Д.Түмэн-Өлзий.

                                                                                                                                  Д.Цэдэн-Иш  сэтгүүлч, МУСГЗ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?