ЗЭЛҮҮД ХОЙТ НУТАГТ

2017-01-20  

Оросын их зураач Иван Шишкины төрсөн өдөр болж байна. Зураач 1832 онд мэндэлсэн юм. Орос орны хөдөө нутаг, тэр тусмаа ой модыг хичнээн гоё зурсныг нь бид мэднэ. Хүүхдүүд баавгайтай чихрийн цаасан дээр хэдэн бамбарууш байдаг вэ гээд л таавар таацгаадаг.

Энэ удаа “Зэлүүд хойт нутагт” зургийг нь үзье. 1891 онд зурсан. Дүн өвлийн хүйтнээр эзэнгүй бараан хөх талын наана өндөр байц хясаан дээр өнчин ганц нарс мод битүү цас мөсөнд хучигдсан харагдана. Зурганд өгсөн нэр нь Оросын яруу найрагч Михайл Лермонтовын 1841 онд бичсэн "Нарс” шүлгийн эхний мөр юм. Зураг угаасаа энэ шүлгэнд зориулагдан бүтээгдсэн. Гүн харанхуй гангын ирмэг дээрх нарс мод хүйтэн жавар тачигнасан хязгааргүй аглаг нутгийн харуул мэт зогсоно. Орь ганцаар нарсанд хань болох ургамал мод, амьд амьтаныг энэ хатуу ширүүн дайд газраас олоход бэрх. Гэвч зузаан цасаар өвч бүрхэгдсэн орь ганц нарс юутай омог бардам вэ?

Найрагч Лермонтовын уянгын шүлгүүдэд ганцаардлын мөр бадгууд их бий. Бид хүүхэд байхаасаа танилцсан “Дарвуул” шүлгийн “Хөх далайн цэнхэр мандалд, хөлгийн дарвуул ганцаар цайрна..” гэсэн мөрийг цээжээр мэднэ. Шишкин “Нарс” шүлгийн санааг зурахаар хойт зүгийг зорьж Финнын булан дахь Мери-Хови эдлэнд өвлөөр хэдэн удаа очжээ. Зураг тэгээд бүтээгдсэн нь дэлхийн урлагийн түүхэнд онцгой нэгэн шигтгээ нэмсэн юм. Учир нь Лермонтов “Нарс” шүлгээ Германы их найрагч Хэнрих Хейнэ 1822 онд зохиосон ижил нэртэй шүлгэнд нь хариу болгон бичсэн. Дараа нь зураач Шишкин хоёр найрагчийн адил утгатай шүлгийг уншаад хоёулангийнх нь санааг зургандаа шингээжээ. Ийнхүү гурван суут уран бүтээлчийн сэтгэлээс давтагдашгүй нэгэн тансаг уран зураг төрсөн учиртай.

 

 

Ө.РАГЧААСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?