БҮТЭЭХҮЙН ЗҮЙ ТОГТОЛ БА ДАРМЫН БАТБАЯР

2020-05-12  

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаяр нь 1941 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумд төрсөн. Монгол улсын их сургуулийг 1966, ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсийг 1979 онд дүүргэсэн. 1988 онд “Мартагдсан аялгуу”, “Хайрыг хайрла” жүжгээрээ МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” туужаараа төрийн шагнал хүртжээ.

ГЭМШИЛ”-ИЙГ ШИНЖЛЭХҮЙ | Tagtaa Publishing

"БҮТЭЭГЧИЙГ БҮТЭЭХҮЙ" БҮЛГИЙН ХЭСГЭЭС

ТӨРӨХ ХИЙГЭЭД ӨСӨХ ОРЧИН

Билэг төгөлдөр их эрдэмт Агваанцорж, заваа Дамдин нарын өөрсдийнх нь бичсэн намтарт "Төрсөн гэр хоёр хязгаар лугаа хагацсан" гэж байдаг. "Хоёр хязгаар лугаа хагацсан" гэдэг нь баян ч бус, хоосон ч бус гэсэн утгыг илэрхийлж байгаа учраас дунд зэргийн амьжиргаатай айлд төрсөн гэсэн үг юм. Хэтэрхий баян тансаг амьдрал дээдийн ном бүтээхэд саад тотгор болдогтой нэгэн адил дэндүү үгээгүй хоосон амьдрал ном бүтээхэд зохилдлогоо дутдаг гэж эртний мэргэд үзэж байснаас хоёр хязгаарын тухай энэхүү хэллэг үүсчээ. Дээхэн цагийн монголын бичгийн мэргэдийн намтар түүхийг шүүрдэн үзэхэд ноён хутагт Данзанравжаагаас бусад нь боломжооны амь зуулгатай айлд төрцгөөсөн байдаг. Ноён хутагт Данзанравжаагийн эцэг эх гуйлга гуйн амь зууж явсан хэдий ч тэрбээр Наваан аграмба цоржийн хойд дүр болох нь тодорч, найман настайдаа тавдугаар хутагтад өргөмжлөгдөн үгээгүй ядуугийн хязгаараас хагацсан билээ. Шинэ цагийн бичгийн хүмүүс ч мөн ялгаагүй хоёр хязгаараас хагацсан айл гэрт төрсөн байдаг. Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Намдаг, Б.Ринчен нар цөм дунд зэргийн хөрөнгө малтай айлд төрцгөөсөн улс. Эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид ийнхүү хоёр хязгаараас хагацсан айл гэрт төрдөг нь зөвхөн монголчуудад тохиодог тохиолдол бус, дэлхий нийтэд түгээмэл зүйл аж. Английн жүжгийн зохиолч Уилям Шекспир чинээлэг худалдаачны гэрт, Францын зохиолч Онере де Бальзак дунд зэргийн хөрөнгөтэй түшмэлийн гэрт, Оросын зохиолч Лев Толстой үе дамжсан язгууртны гэрт төрцгөөсөн. Ер нь дэлхийн сонгодогууд бүгдээрээ боломжооны айлд төрсөн байдаг. Эрдэмтэн мэргэд, билэг авьяаст уран бүтээлчид, бичиг соёлын хүмүүс голдуу дунд зэргийн амь зуулгатай айлаас төрөн гардагийг нарийвчлан судалбал тохиолдол бус зайлшгүй зүй тогтол ч байж магадгүй. Бүтээлч хүмүүн болох үндсэн нэг нөхцөл нь энэ ч байж мэднэ.

Хоёр хязгаараас хагацсан байх нөхцөл нь бүтээлч хүмүүс болж өсч өндийх хөрс төдийгүй цаашдаа ч хоёр хязгаараас хагацсан нөхцөлд амьдрахыг чухалчилдаг. Байх хийгээд байхгүйн зовлонд сэтгэл хоёрдохгүй байж гэмээн бүтээл туурвилдаа амжилт олдог байснаас ингэж чухалчилдаг аж. Тийм ч учраас Рюноскэ Акутагава: "Сэтгэлийн чанаддаа ширхэг ч тутрагагүй хоосон ядуу болгохгүй байхыг гуйя. Өөрийн эд баялагтаа ханах сэтгэлгүй баян тансаг болохгүй байхыг гуйя" хэмээн залбирдаг байж. Хоёр хязгаараас хагацах гэдэг хэллэгийн өөр нэг утга нь аливаа туйлшралаас ангижрахын утга. Сайн муу, сайхан муухай, дээд доод, баян ядуу, сэцэн тэнэг гэхчилэнгээр юмс үзэгдлийг хоёр туйл болгон үздэг жир амьдралын үнэлэмжээс ангижирч орчлон ертөнцийн нэгдмэл чанарт хүрэхийг ямагт эрмэлздэг учраас бичгийн суутнуудын бүтээл алив туйлшралаас ангид байдаг. Өөрөөр хэлбэл тэдний бүтээл туурвил ямар нэгэн зүйлийг онцгойлон муулах юм уу эсвэл магтахаас ангижирсан байдаг гэсэн үг юм.

Ерөөс хоёр хязгаараас хагацах гэдэг ойлголт хэн ч болов эрхэмлэн санаж явбаас зохих чухал зүйл. Хүмүүн бидний зовлон аливаа туйлшралаас үүдэх нь нэн их байдгийг ташрамд өгүүлэхэд илүүдэх юун. Хоёр хязгаараас хагацсан айлын үр хүүхэд болж төрөхийн өөр нэг учир шалтгаан нь оюуны туршлага хуримтлуулахтай холбоотой. Ихэнх дундаж амь зуулгатай айл өрх нь хаа ч, аль ч нийгэмд бичиг соёлын зүтгэлтэн, сэхээтнүүд байсан, одоо ч мөн тийм. Тэд аль мөнгө хураахаасаа ном судар хураахыг эрдэмд үздэг учир тэдний хурааж хуримтлуулсан ном зохиол "хоёр хязгаарын" айл өрхийн хэнийд нь ч байхгүй арвин их.

Оросын яруу найрагч Александр Пушкиний эцгийн гэр XVIII зууны үеийн Францын философичид, сонгодогуудын бүрэн боть бүхий номын сантай байсан төдийгүй тэдний хөрш, холын хамаатан Бутурлин гэгчийнх 6000 боть ном бүхий номын сантай байсан нь Пушкин өсч өндийхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдэг. Марина Цветаевагийнд Москвагийн их сургуулийн профессор эцгийнх нь олон мянган номтой номын сангаас гадна төгөлдөрч хуурч эхийнх нь олон зуун ном бүхий номын сан байсан гэж дурдатгалдаа бичсэн байдаг. Далайн хөвөөнд суудаг айлын хүүхэд багачуул хэний ч шахалт шаардлага, сургаал зааваргүйгээр хар нялхаасаа усанд сэлээд сурчихсан байдагтай адил арвин их номтой айлд өсч торнисон хүүхдүүд мөн ялгаагүй хар нялхаасаа уншиж, бичээд сурчихдаг. Марина Цветаева эцэг эхийнхээ номын дэргэд байсан болоод таван настайдаа уншиж, бичиж, зургаан настайдаа шүлэг зохиож эхэлсэн гэдэг. Бүтээлч, тэр дундаа уран бүтээлч болох хүнд ном онцгой чухал үүрэгтэй ...

59-р тал

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?