Нүүр   /  

ДУРСАХУЙ: "ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУ"-НЫ НЭГ БААТАР ГЭМЭЭР

2020-11-20  

Монгол улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын ардын хянан шалгах хорооны дарга байсан Цэндийн Молом хэмээх эрхэм хүн саяхан таалал төгсч төрийн өндөрлөгүүд, яам тамгынхны эмгэнэл сонин хэвлэлээр цуврав. Түүний удирдлагад ажиллаж байсан манай хорооныхон ч гэр орноор нь очиж эмгэнэл илэрхийлж даргыгаа сүүлчийн замд нь үдэв. Хэвлэл сонинд ойр байдгийн хувьд Молом даргынхаа тухай чи хэдэн үг бичнэ байгаа гэж байна манай ахмадууд. Хэдэн жилийн өмнө “Төрийн хяналтын 90 жилийн ой” хэмээх номд бичсэн Молом даргын талаарх “Хугараагүй ноён нуруу...” гэх тэр нэг тэмдэглэлээ түүний дурсгалыг хүндэтгэн өнөө хэвлүүлчихэд болмоор санагдав.   

...Ж.Хорлоо дарга утасдаж байна. Тэрбээр Хотын ардын хянан шалгах хорооны дарга, Улсын ардын хянан шалгах хорооны тэргүүлэгч гишүүн гээд л төр, засаг захиргааны удирдах ажил олон жил хийсэн манай нэр хүндтэй ахмадуудын нэг юм. Утасдасны учир нь Улсын ардын хянан шалгах хорооны даргаар нэгэн үед ажиллаж байсан Цэндийн Молом гуайн тухай дурсамж сэтгэгдэл надаар бичүүлэх гэсэн аж. Тэрээр ярихдаа «Сангийн Яам 100 жилийн ойгоороо үе үеийн сайд нарынхаа тухай дурдатгал ном гаргах гэж байгаа юм байна. Төрийн хяналтын 90 жилийн ойн хүрээнд Үндэсний аудитын газар бас нэг ном гаргах сурагтай. Чи ер нь Молом даргын талаар нэг дурсамж бичвэл яасан юм бэ... » гэв.

Ардын Хянан Шалгах Хороо хэмээх тэр айл аймаг, хотынхонтойгоо нийлбэл таван зуу шахам орон тооны ажилтантай, идэвхтэн сонгуультаныг нь нэмбэл хорь гучин мянгаар тоологдох тийм том хамт олон байсан юм. Тэдний дундаас нэр цохогдон Хорооны дарга Ц.Моломын тухай дурсамж сэтгэгдэл бичих үүрэг хүлээнэ гэдэг бол нэр төрийн хэрэг хэмээн би баяртай хүлээж авсан юм. 1980 онд би Эрхүүгийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөв. Тэр үеийн Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны нэр дээр суралцсан юм. Төгсчихөөд бас ч гэж архаг оюутны ааш аяг гаргаж ийш тийш аялаж байгаад долдугаар сарын сүүлээр ирлээ. Мэдээлэл Радиогийнхаа боловсон хүчинтэй уулзлаа. Халтар дарга бид хоёрын хооронд ийм яриа болов

-Чамайг Ардын хянан шалгах хорооны мэдэлд шилжүүлсэн. Тийшээ очно доо.

-Би телевизэд ажиллаж байгаад явсан. Хорооныхоо нэр дээр сурсан. Тэгээд ч мэргэжлээрээ ажилламаар байна шүү дээ Халтар даргаа!

-Тэнд хэвлэл радиотой холбоотой ажил байгаа гэсэн. Уг нь Улсын Их Сургуулиас Данзангийн Нямааг тийш хувиарласан юм билээ. Цаадах чинь шүлэг зохиол, уран бүтээлээ хийнэ гээд дээгүүр хөөцөлдөж байгаад энд хүрээд ирсэн.

-За яахав, хүний нөхөөсөнд л явж байгаа юм биз дээ би.

-Тийм дэмий юм битгий ярь. Тэр чинь нэр хүндтэй том байгууллага, дарга нь Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга хүн. Материалыг чинь тийшээ шилжүүлчихсэн гэв. Тэгээд л яриа дуусах нь тэр.

Иймэрхүү нөхөөс, шилжүүлэг мэтийг би олон үзсэн хүн. Нэг их гайхсангүй. Москвагийн Олон улсын харилцааны дээдээ арын хаалгадуулж алдаад Эрхүүгийн Их сургуульд шилжиж байв.

Ажил амьдрал, сургуулийн асуудал ийнхүү янз янзаар шийдэгдэж байсан болохоор түүнд дасчихсан ч гэх юмуу, Ардын хянан шалгах хороо руу шуудхан очсон.

Хэвлэл мэдээллийн тасагт нь ажиллах болов. Манай тасаг шалгалтын болон ардын хянан шалгах байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр олон түмэнд таниулах, сурталчлах ажлыг хариуцаж байлаа. Тасгийн эрхлэгч болон бусад ажилтнууд маань сонин хэвлэл, радио, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн зарим байгууллага, хэлтэс удирдаж байсан дадлага туршлагатай, түшигтэй хүмүүс байв.

Тасаг, хэлтсийн эрхлэгч, орлогч дарга, нэгдүгээр орлогч бөгөөд сайд гэх тав зургаан дамжлагаар орж байж хорооны дарга Ц. Моломд ажил асуудал хүрдэг ном журамтай юм билээ. Нэрт яруу найрагч Данзангийн Нямааг надаар солих асуудлыг Ц.Молом дарга голлон шийдсэн болохыг нилээд хожим би сонссон. Нэгд, техникум төгсөөд нягтлангаар гурван жил ажилласан, хоёрт, Орост сэтгүүлчээр төгссөн минь сонгогдох үзүүлэлт болсон бололтой. Тухайн үедээ би ач холбогдол өгөөгүй ч түүнд сонгогдсон хувь заяандаа хожим нь талархаж явлаа. Тэр хүний ойролцоо дөрвөн жил ажиллахдаа сурч мэдсэн минь ч багагүй. Эрх тушаалд эрдэгсэд, матаачид, атаачид түүнийг ажил албанаас нь авч хаяагүй бол илүү ихийг би мэдэх, сурах байлаа. Улс эх оронд ч ачтай тустай үйлс илүү ихийг бүтээх байсан болов уу, ардын хяналтынхан гэж би боддог юм. Молом даргатай анх уулзсан тохиол сонин, бас сургамжтай. Даргын нарийн бичгээр миний үеийн А.Должин хэмээх гялалзуур бүсгүй ажилладаг байв. Ажилд ороод удаагүй байсан би хэлтэсийнхээ бага шиг зараалаар нарийн бичгийн даргын өрөө буюу Молом даргын үүдний өрөөнд сууж байв. Тэгтэл дарга гаднаас орж ирж байна. Тэнд хүлээж суусан ганц хоёр хүнтэй тэрээр мэндлээд:

  • Нөгөө Эрхүүгийн хүү чинь энэ үү? гээд надруу харж нэг асуучихаад өрөө рүүгээ орлоо.

Нарийн бичгийн дарга бүсгүй намайг загнаж байна.

  • Чи яасан хэнэггүй залуу вэ? Чи байтугай манай дарга нар, төрийн сайдууд хүртэл Молом даргыг орж ирэхэд ухасхийгээд босдог юм. Сонин уншиж байсан сайд хүн сониноо газар унагаад сандчаад босож байсан саяханы жишээ миний санаанд байна... гээд нүүрийг минь улайтал авч өглөө. Анхны сургамж тэр болов. Нэг өглөө Молом дарга дуудаж байна гэв. Нарийн бичиг бүсгүйд дахиад зэмлүүлэв. Дэвтэргүй орчихож. Бичгийн цаас надад үдээд нугалаад өгөв. Бас нэг сургамж. Дарга надаас ямар ажил хариуцаж байгаа, орос хэлэндээ аль хэр, өөр хэл үздэгүү гэх мэт ойр зуурыг асуугаад л ажил албаа сайн хийгээрэй гээд гаргав. Сар гаруйн дараа дахин дуудаж хорооны гадаад харилцааны ажлыг давхар хариуцан ажиллах үүрэг надад хүлээлгэв. Эрхүүд англи хэлний сургалтад алдаг оног явж ирээд Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Англи хэлний курст суралцаад эхэлчихсэн маань онож гэж бодож байв. «Үнэн», «Хөдөлмөр», «Залуучуудын Үнэн», «Эдийн засгийн сонин» зэрэгт сар тутам тогтмол гаргадаг «Ардын Хяналт» нүүр, мөн Радио телевизийн сар тутмын хагас цагийн «Ардын хяналт» нэвтрүүлэг бол миний сэтгүүлч мэргэжлийн талын ажил байв. Харин гадаад харилцааны ажил надаас илүү их мэдлэг, хариуцлага шаардаж байлаа. Манай хороо тэр үед гадаад орнуудын ардын хяналтын байгууллагуудтай харилцаа холбоотой байлаа. Ялангуяа Зөвлөлтийн АХШХ-оос ном товхимол, бичиг захидал их ирнэ. Тэндээс орчуулах, нийтлүүлэх ажил бас багагүй. Хариу захидал бичиг, бас Монголынхоо АХШХ-ын сэтгүүл сониноос орчуулж явуулах асуудал ч их гардаг байв. Мэдээж Молом даргын удирдамж чиглэлийг авна. Гадаад харилцааны ажил эрхлэх болсноос хойш Молом даргатай ойр ойрхон уулзаж, үүрэг даалгавар авах нь их болов. Ажлын ачаалал, хариуцлага нэмэгдэж байлаа. Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болохынх нь хувьд манайд суух элчин сайдууд жуух барьсаныхаа дараа, эсвэл буцахынхаа өмнө ёслолын уулзалтууд хийнэ. Тэднийг угтах, үдэхээс өгсүүлээд, уулзалтын протокол тэмдэглэл хөтлөх, заримдаа гадаад яамны холбогдох хэлтэс тасагтай холбогдож, ажил асуудал зохицуулах гээд мундахгүй албатай байдаг болов.

Элчин сайдуудтай Молом дарга улс орны өнөөгийн болон ирээдүйн ажил үйлс, орон хоорондын хамтын ажиллагаа, харилцааны чухал чухал асуудлууд ярина. Тэр хэрээр нь миний толгой тархи шинэ мэдээллээр цэнэглэгдэж байв. БНАГУ-ын Элчин сайд Эгон Роммелийг хүлээн авч уулзсан нэгэн тохиол миний санаанд байна. Одоо монголыг тэжээж буй, дэлхийн том гүрнүүд, баян компаниудын ашиг сонирхлыг татаад буй Таван Толгойн ордыг Герман улсаар сонирхуулчих санаатай ноён Роммельтэй яриа өдөж байсан юм.

-Танай орон хүрэн нүүрсний баялаг нөөцтэй, бас түүнийгээ сайн ашиглаж байгаа дадлага туршлагатай орон. Хөнгөн, хүнд үйлдвэрийн аль аль нь танайд сайн хөгжиж байна. Машин тэрэг, тоног төхөөрөмж танайх үйлдвэрлэж байгаа. Тэнд ган хайлах асуудал чухал. Илчлэг өндөртэй коксжих нүүрс танайд шаардлагатай болно. Та мэдэж байгаа байх, Монголын Өмнөговьд Таван толгойн коксжих нүүрсний том орд илрүүлээд хэдэн жил болж байна. Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хэмжээнд асуудал яригдаад одоогоор үр дүнд хүрээгүй л байна. Өмнөд Солонгос, бас Япон ч Таван толгойн нүүрсийг сонирхож буй мэдээлэл бий. Тэд өөр системийнхэн. Эхлээд бид дотроо шийдчихээд тэдэнтэй яримаар байгаа юм...

Болгар, Чехословакийн элчин сайдуудтай ийм сэдвээр бас ярьж байсан санагдана. Унгар, Румыны элчин сайдуудаас тэдний хоршоолол, хувийн жижиг үйлдвэр, аж ахуйнуудын ажилладаг зарчим. татвар хяналтын тухай асууж санаа оноо солилцож байсан нь санаанд байна. Молом дарга логик сайтай ярина. Яриаг хөтлөөд явчихна. Их уншдаг, тэр хэрээрээ олон талын мэдлэг, мэдээлэл сайтай нь юм юман дээр мэдрэгддэг байв. Уулзаж учирсан гадна дотныхон ихэнхдээ түүнийг чих тавин сонсоно. Гадаад харилцааг нь эрхэлж бичиг тэмдэглэлийг нь хөтөлж суугаа надад ч яриа ярилцлагыг нь сонсоход, бас зорилго сайтай, үр дүнтэй, ажил хэрэгч тэр ярианых нь тэмдэглэлийг бичиг цааснаа буулгахад урамтай байдагсан.

Ардын Хянан Шалгах Хорооны барилгын (Одоогийн дээд шүүхийн байр) өргөтгөлийн ажлыг Молом дарга 1981 онд эхлүүлсэн юм. Хөдөлмөрийн баатар Ц.Ишгэнхүү, Б.Цээхээ, П.Хэрлэн хэмээх алдартай барилгачдын зарим бригадыг татан оролцуулж хооронд нь уралдуулж, хорооны ажилтан биднийг ч хагас, бүтэн сайнаар субботниклуулж байгаад таван сарын дотор өргөтгөл нэртэй дөч тавин тасалгаатай дөрвөн давхар байшинг босгуулаад авсан юм. Ц.Ишгэнхүү баатар Ардын Хянан Шалгах Хорооны гишүүн байв. Түүнтэй хамт Молом дарга дуулга өмсчихсөн тоос шороо, тоосго туйпуун дунд явж байх нь олонтоо байлаа. Барилгачдад, бас нөгөө баатарууд болох Цээхээ, Хэрлэнгийн бригадынхны ажилд Ишгэнхүү баатараар хяналт тавиулчихаж байгаа хэрэг. Ажлын иймэрхүү ухаалаг арга барил нь олон юманд мэдрэгддэгсэн. Ер нь ямар ажлыг хэнтэй яаж харьцаад үр дүнд хүргэчих вэ гэдгээ урьдчилан тооцоолдог байсан байх. ...Өргөтгөлийн барилга баригдаад дуусч байв. Зөвлөлтийн элчин сайдын яамны элчин зөвлөх Филлипповыг урьж уулзсан юм. Төрийн хяналт шалгалтын байгууллагын 60 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан Зөвлөлтийн төлөөлөгчдийг урих тухай элчин эөвлөхтэй санал солилцож ярилцаад дараа нь уучлалт хүсээд аж ахуйн талын ажилд зөвлөгөө хүссэн юм. Тэр нь өргөтгөлийн барилга дахь хурлын танхимын дүүжин тааз хийлгэх асуудал байв. Манайд барилгын тийм материал тэр үед ховор, бас түүнийг хийж чаддаг барилгачид ч байгаагүй юм. Зөвлөлтийнхөн манайд барьсан тансаг зэрэглэлийн барилгууддаа тийм тааз хийдэг байж. Элчин зөвлөх Молом даргад хэнд хандахыг нь зөвлөв. Тэр мэргэжилтэн юу сонирхдогийг нь Молом дарга Филлиповоос асууж мэдэж авсан юм. Гурав хоногийн дараа СОТ-2-ын (Зөвлөлтийн барилга трест) дарга нэгэн бахим эрийг өрөөндөө урьж уулзлаа. Молом дарга оросоор сайн ярина.

  • ...Барилгачид та нар бахархах түүхтэй хүмүүс. Миний барьсан барилга энэ байна гээд үзүүлэх харуулах бүтээлтэй нь сайхан. Бид бол барьдаг бүтээдэг та нарыг чанаргүй барилаа, тоосго, цементээ илүү дутуу зарцууллаа гээд л шалгаж шүүдэг муу нэртэй хүмүүс. Хянан шалгадаг бидэнд бүтээл гээд үлдээх юм харамсалтай нь алга. Манай хороо асуудлыг хурлаараа шийддэг. Хорооны хурал олон нийтийн төлөөлөлтэй Залуучууд, Үйлдвэрчний байгууллагын удирдлагууд, ажилчин, малчны төлөөлөлтэй. Бид буруутай албан тушаалтнуудыг шүүдэг шийтгэдэг хүмүүс. Манай хурлын танхим аятайхан баймаар байгаа юм. Гэрэл гэгээ сайтай, тав тухтай, үзэмжтэй, хүлээлгийн өрөөтэй, цэлгэр сайхан танхимаар тэр албан тушаалтныг оруулаад, буруу зөрүүг ойлгуулаад, ноогдох шийтгэлийг хүлээлгээд гаргах нь тэднийг хүнийх нь хувьд хүндэтгэх талаасаа ч, манай хянан шалгах байгууллагын нэр хүндийг өргөх талаасаа ч ач холбогдолтой юм. Өнөөдөр тантай уулзаж байгаагийнх хурлын танхимын 250 орчим ам. метр дүүжин таазыг үнэ хөлсөөр нь хийж өгөхийг хүсэх гэсэн юм гээд барилгынхаа зургийг үзүүллээ. Орос дарга:
  • Материал нь ховор, ажил нь манайд хамааралгүй юм гээд шалтаг тоочоод татгалзвал болох байна. Гэсэн ч та сонирхолтой яриа өрнүүлж, надад хүндэтгэл үзүүлж намайг татгалзах аргагүй болгочихлоо гэв. Бас түүний хүслэн болсон тухайн үедээ бараг л хаалттай гэмээр байсан Борис Пастернакийн түүвэр зохиолын хоёр ботийг дарга эрэл сурал болон байж олоод түүнд бэлэглэсэн нь трестийн даргын сэтгэлд бас их нийцсэн юм. Хавар нь өргөтгөлөө бариад дуусчихлаа. Трестийн орос дарга ч амласанаараа хурлын танхимын дүүжин таазыг сайхан хийлгэж өгөв. Танхимын дотор талыг хэнээр хийлгэхийг Молом дарга бас их судалсан. Засгийн ордны А, Б заалыг ч олон үзсэн байх. Үйлчилгээ аж ахуйн дарга Болод хэмээх егзөр даргыг өрөөндөө урьж уулзаж, бас ордны заалаар хамт явж үзсэнийг нь би мэдэх юм. Тэр заалыг 1970-аад оны үед Германчууд хийсэн гэдэг. Мебель доторлогоотой томсгож, багасгадаг дотор ханатай  тийм л заал танхимыг Молом дарга хүсэж байсан байх.

     1981 оны намар Чехословак Улсын Ардын Хянан Шалгах Хорооны дарга Ф. Ондржих тэргүүтэй төлөөлөгчдийг манайхан урьж хүлээж авлаа. Тэр үед Чехословак одоогийнх шиг хоёр гурав салаагүй нэгдмэл улс байсан юм. Их тэнгэрт зочдоо байрлуулав. Сайд нарын Зөвлөлийн дарга Ж. Батмөнхөд бараалхуулаад л, том зочдыг ямар зиндаанд хүлээж авч үйлчилдэг билээ тэр жишгээр бид хөдөлж байв.

 БНЧСУ-ын АХШХ-ны дарга Ф.Ондржих тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Буянт-Ухаад

Төрийн ёслолын 30 дугаар байранд нэг удаагийн оройн зоогийг эохион байгуулсан юм. 3очид музей үзчихээд цагаасаа 10-аад минутын өмнө ороод ирлээ. Одооных шиг замын бөглөө түгжрэл гэж байсан биш. Дарга яг цагтаа гаднаас орж ирэхэд цувыг нь би өлгүүрт авч өлгөв. Халааснаас нь Зөвлөлтийн “Футбол-Хоккей” сонины шинэхэн дугаар уначихлаа. Шуудангаасаа аваад машин дотор уншиж явсан бололтой. Европын хоккейн аваргын тэмцээн болж Зөвлөлт Чехословакийн баг ач тач үзэлцэж байсан цаг үе юм. Унасан сониныг нь би даргад авч өгөөд, дарга ч сониноо барьсаар тэдэнтэй уулзлаа. Шууд л хоккейн тухай яриа хөөрөө өрнөөд нөгөөдүүлийн нүд сэргээд явчихав. Алдартай Черных, ах дүү Шастиныхан болон тэдний шигшээгийн хэдэн мундагчуулыг Молом дарга нэр овгоор нь мэдэх юм Зөвлөлтийн багынхныг ч муугүй мэдэж байв Эхний хундагыг Молом дарга Чехословакийн шигшээ багийн ялалтын төлөө өргөлөө. Нөгөөдүүл ч хөөрөөд дарга цэрэггүй л хундагатайгаа хөнтөрсөн юмдаг. Уулзалт яриа, үзвэр музей энэ тэр болж хотод гурав хоночихоод ням гаригийн өглөө Тэрэлж рүү зочдоо аваад явав. Хорооны орлогч дарга Д.Батаа гуай, манай хэлтсийн оператор, зурагчин Г.Цэнд-Аюуш нар аж ахуй, үйлчилгээ урлаг соёлын талынх нь арга хэмжээг хариуцан ажиллаж Ардын дуу бүжгийн чуулгын цөөхүүл хамтлагийн бяцхан тоглолтыг оройн хоолны үеэр нь зочдод сонирхуулахаар бэлтгэлийг хангуулсан байв. Зочид морь мал харж, малчин ахуйтай танилцаж, уул ус, байгальд сатаарч яваад зоогийн танхимд суудлаа эзэлэхэд нь өнгө алагласан тод хувцастай манай жүжигчид тусгайлан зассан бяцхан тайзнаа гараад ирцгээв. Дуу хөгжим, жалам хар бүжиг зочдыг алмайрууллаа. Морин хуурын татлага, ёочиноор хослон тоглосон ардын дууны найруулгыг сонсоод чехүүд шүгэлдэх нь холгүй байв. Молом дарга хөгжимчдэд баяр хүргээд сонгодогуудаас та нарт юу байна? Шуман, Шуберт, Шопен, эсвэл алдарт «Огинскийн Полонез» ч юмуу гээд асууж байлаа. Тэд Шуманы  «Бодол»-ыг хуур, ёочингоор хосолж тоглоод дараа нь дан морин хуураар «Огинскийн Полонез» -г тоглолоо. Зоогийн танхим нам гүм... Морин хуурч нь хожмоо Ардын Жүжигчин болсон Батсайхан байв. Зочид маань юу хэлэхээ мэдэхгүй, морин хуур, морин хуурч хоёр руу харан гайхан биширч сууцгааснаа хөгжим дуусахад бүгд суудлаасаа босон алга ташиж баяр хүргэв. Молом даргын зочдоо гайхшруулах төлөвлөгөө дуусаагүй бололтой хөгжимчид рүү дахин хандлаа. Чехийн хөгжмийн зохиолчдынхоос байхгүй юу? гэв... Аз болоход тэдний зарим нь сарын өмнө Чехословакт тоглолт хийгээд ирсэн байж. Нийлж бэлтгэл хийгээгүй болохоор дутуу дулим болж магадгүй гэж сануулцгаагаад захиалсан хөгжмийг нь тоглолоо. Цоглог сайхан аялгуу юм. Карпатын уулаар дуулж дүүлж яваа юмуу гэмээр санагдаж байв. Нөгөөдүүл Молом даргыг тэвэрч баяр хүргэж байна. Хөгжимчид, дуучдад тэд бас хөл алдаж зураг хөргөө хамт татууллаа, Оройн зоог ч баярласан, талархсан, хэн хэнээ ихэд хүндэлсэн уур амьсгалтай болсон юм. Чехословакийн зочдыг Засгийн ордонд Засгийн тэргүүнтэй уулзуулсаны дараа ордны А, Б танхимтай танилцуулсан санагдана. Түүнийг немцүүд барьж тоноглож өгсөнийг тайлбарлаж, чехүүд үүнээс дутуугүй хийж чадна даа гэж байсан юм. Зочид толгой дохицгоож байв. Өмнө нь Молом дарга хорооныхоо өргөтгөл барилга, хурлын танхимынхаа хэсгийг тэдэнд завсар зай гаргаад аятайхан танилцуулчихсан байв.

Он дөнгөж гараад Чехословакийн хянан шалгах байгууллагын урилгаар Молом дарга тэргүүтэй манай төлөөлөгчид Прага явав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өргөтгөлийн ажлыг хариуцаж байсан манай хорооны Их барилгын хэлтсийн дарга Ц.Нямдондов, үйлдвэрийн хэлтсийн дарга А.Юнрэн, үүнийг бичигч миний бие явсан юм. Айлчлалын зорилгыг ч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс ойлгож болохоор. Хөтөлбөрийг манай талын саналыг харгалзан бэлтгэснийг гадаад харилцаа хариуцаж байсны хувьд би сайн мэдэх юм. Намар нь айлчилсан Чехийн төлөөлөгчид нутагтаа очсоныхоо дараахан Брногийн мебелийн үйлдвэрийн зохион бүтээгч, инженерийг манайд илгээж, тэр мэргэжилтэн нь 10-аад хоног ажиллаад буцсан байв. Прага, Брнод айлчилсан манай төлөөлөгчид хянан шалгах ажлын арга туршлагынх нь тухай Чех нөхдүүдээс сонсож, бас газар дээр нь танилцаж санаа оноо авсан нь мэдээж. Гэхдээ Молом даргын гол зорилго нь хурлын танхим байв.

БНСЧСУ-ын Засгийн газарын тэргүүн Любомир Штроугал Молом даргыг хүлээж авч уулзсан юм. Чехословакийн Ондржих манай даргыг засгийн тэргүүндээ мэдээж сайхан танилцуулж бас хүсэл мөрөөдлийнх нь тухай яриад өгчихсөн байж. Гадаад харилцааны яам, гааль татварынхандаа чиглэл өгч монголчуудад шугам шугамаараа туслахыг Засгийн тэргүүн нь үүрэгдэнэ гэдгээ хэлж. Харин үйлдвэрүүд нь улсынх биш болохоор өөрсдөө уулзаж учирсан нь дээр гэдгийг зөвлөсөн байв.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу мебель, модон эдлэл угсралтын зарим үйлдвэртэй манайхан танилцсан юм. Монголд ирж ажилласан Чех инженер хамт явалцлаа. Үйлдвэрүүд. тэдний бүтээгдэхүүн ч Молом даргад таалагдлаа. Тоноглолын үнэ цэнэ болон монголд хүргэх, газар дээр нь угсрах нөхцлүүдийг ярилцан тохирох асуудал чухал байв. Монголд валют гээч нь хомсхон байсан үе шүү дээ. Чехийн нөхдүүд Брногийн үйлдвэрийн захирал, ерөнхий менежер хоёрыг манай төлөөлөгчидтэй бидний буусан буудалд уулзуулсан юм. Засгийн газрын тусгай харш байсан болохоор үйлдвэрийнхэнд бас нэгийг бодуулах гэж ийм сонголт хийсэн байх. Манай түнш чех нөхдүүд энэ уулзалтад гадаад худалдааны яамныхаа газрын даргыг бас урьчихсан байв. Молом дарга зочидтой найрсгаар танилцаад үйлдвэр нь, бүтээгдэхүүн нь ч таалагдаж буйг шуудхан хэлсэн юм.

-Танай бүтээгдэхүүн Монголд анхлан гарах гэж байна. Гадаад худалдааныханд нэг бодлого байдаг даа. Гарцыг нь нээж буй анхдагчаа аятай таатай нөхцлөөр татаж шинэ зах зээл олж авдаг сайхан уламжлал... гээд ярингуут уулзалтад оролцогчид шуугилдаад хөгжилдөөд явчихлаа. Чехийн худалдааны төлөөлөгч, манай Элчин Ө. Дорж гуай хоёр бүр алга ташиж харагдав...

Намар нь Ардын Хянан Шалгах Хороо орчин үеийн тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй хурлын сайхан танхимтай болсон юм. Төсвөөс багахан мөнгө гарч, зарим хэсгийг нь Чехийн тал тусламж дэмжлэг маягаар шийдсэн хэрэг. Молом даргын санаачлага хүчин зүтгэлээр бүтэж бүрдсэн тэр танхим засгийн ордны хурлын танхимуудтай эн зэрэгцэхүйц гээд манай хорооныхон, хот, хөдөөгийн ардын хяналтынхан баяртай байдаг байв. Тэр үеийн төрийн яам тусгай газар, хороодын залуучуудын эвлэлийн байгууллагуудын хамтарсан зарим уулзалт арга хэмжээ тэр танхимд болж АХШХ-ны залуус бид тун ч нүүр бардам, юмны эзэн сумны занги аятай байснаа одоо санахад таатай байна. Хорооны өргөтгөл ашиглалтад орж олон өрөө тасалгаа нэмэгдэж хурлын сайхан танхим болсон нь манайхны ажлын идэвх зүтгэлийг их өргөсөн юмдаг. Тэр хэрээр Ардын Хяналтынхны ажлын бүтээмж, шалгалтын чанарт ч ахиц амжилт нэмэгдсэн байх гэж санагддаг юм.

Молом дарга байгууллагынхаа зөвхөн материаллаг талд анхаараад зогсохгүй ажилтнуудынхаа мэдлэг, дадлага оюун сэтгэлгээний талд багагүй хөрөнгө оруулалт хийсэн хүн.

Ардын хяналтад олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудаа гэр бүлийнх нь хамт Герман, Унгар, Чехословакт явуулж амраадаг байв. Мөн Унгар, Герман, Зөвлөлтийн АХШХ-ны сургалтын төвд ажилтнуудаа явуулж 14-21 хоногийн сургалтад хамруулдаг уламжлал тогтоов. Миний бие Унгарт нэг удаагийн тийм сургалтад явж юм үзэж нүд тайлж билээ. Молом даргын үед Ардын Хяналтаас гурван гавьяат төрөв. Мөн одон, медальтаныг тоолбол олон зуугаар яригдах биз ээ. Ажилтнуудаа ажиллуулж ч чаддаг бас ажлыг нь дүгнүүлж ч чаддаг удирдагч гэдгийг би үүгээр хэлэх гээд байгаа юм. Харамсалтай нь тэрээр тавхан жил хорооны даргаар ажилласан юм.

1981 онд санагдана. АХШБ-ын 60 жилийн ойн илтгэл бэлтгэх хэсэгт би ажиллаж байв. Хорооны орлогч дарга, ахмад сэтгүүлч Ч.Бавуу дарга манай хэсгийг ахлаж байв. Илтгэлд оруулах нэг санааг Ю. Цэдэнбал дарга Молом даргад үүрэг болгож, Молом дарга тэр зовлонгоо илтгэлийн эх босгогч, бидний удирдагч Ч.Бавуу даргад хэлжээ. Тэр нь юу вэ гэвэл үйлдвэрлэл, аж ахуйд гарч буй дутагдал доголдолд намын байгууллагын удирдлагууд эвлэрэнгүй хандаж, бас ажлын гүнд, олон түмний дунд орж ажиллаж чадахгүй байгааг шүүмжлүүлэх тухай байв гэнэ.

-Намаа тэгж шүүмжилж болохгүй байхаа даргаа гэсэн чинь

-Ард түмэн л намыг бүрдүүлдэг шүү дээ, ард түмний нэрийн өмнөөс ажилладаг ардын хяналт яагаад шүүмжилж болохгүй гэж гээд Цэдэнбал дарга тулгаж гэнэ. Бал дарга ч яахав үүрэг даалгавар өгснөө мэдээж ойлгоно. Улс төрийн товчооны бусад гишүүд, намын нарийн бичгүүд түүнийг ойлгохгүй, Молом ёстой даварч байна гэнэ шүү дээ гэж ярьж байсныг нь сүүлд Ч.Бавуу дарга дурсан ярьсан юм. Энэ бол Бал дарга хүний гараар могой бариулж, ардын хяналтыг бууны нохой болгох гэсэн санаа огт биш. Харин ч Ардын хяналт бол хэнийг ч түүний дотор намыг ч ард түмний нэрийн өмнөөс шүүмжлэх эрхтэй төдийгүй үүрэгтэй гэдэг бодлоготой холбоотой асуудал. Социализмын үеийн нам, төр түүний тэргүүн ардын хяналтад ингэж их итгэж, ач холбогдол өгч байжээ.

Шинжлэх ухаан техникийн улсын хороо, түүний харъяа байгууллагууд, тусгай үйлчилгээний газар, хүүхдийн Фондод хийсэн шалгалтууд хэл ам нэлээд таталж байсныг би мэдэх юм. Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч Д.Майдар шинжлэх ухааны байгууллагуудыг хариуцдаг болохоороо тухайн шалгалтад их эмзэглэж дургүйцэж байсан юм билээ. Хүүхдийн төлөө фондын Филатова авгай Сангийн яамны үеэс л Молом даргатай таарамжгүй байсан юм байх.

Авгай хөрөнгө мөнгөөр дургих гээд, сангийн сайд түүнийг нь хорих гээд л, түүнээс үүдэлтэй зөрчил тэмцэл өмнө бас болж байж. Дарга нарын хувцас хунар оёдог тусгай тасгийг шалгасан чинь үнэтэй цайтай булга минжээр хувцас хунар хийлгэчихээд үнэ мөнгөө төлөөгүй асуудал хэд хэд гарч. Мэдээж том дарга нар авгай нараа өмөөрч ардын хяналтынхныг ад үзэх болсон гэдэг. Товчооны орлогч, намын нарийн бичгийн дарга Д. Гомбожав Молом даргад багагүй дургүйцэж хэл ам хийсэн аж. Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнхийн даалгавараар цэргийн зарим ангийн аж ахуйн талд хийсэн шалгалтыг нь батлан хамгаалах обьектыг хүртэл Молом оролдох боллоо гэж мушгисан гэдэг. Хөдөө аж ахуйг гүнзгийхэн шалгахад Улс төрийн товчооны Т. Рагчаа дарга, Үйлдвэр, барилга гэхээр Улс төрийн товчооны П. Дамдин нарын удирдлага зохион байгуулалтын асуудал яригдах гээд эхэлнэ. Тэгэхээр тэд ардын хяналтынхныг алга ташиж угтаад бас тэгж үдэхгүй нь мэдээж. Нүүрэн дээрээ шалгалт зөв зүйтэй боллоо гэж хэлэх хэдий ч цаанаа бодол санаа нь өөр байх нь олонтаа байсан гэдэг. Үр дүнтэй, бас олон түмний санаа сэтгэлд нийцсэн шалгалтууд цөөнгүйг Ц. Молом даргын үед хийсэн юмдаг. Ил тодыг нь хангах ажил зохион байгуулж ажилладаг байсны хувьд түүнийг би мэдэрдэг байв.

1984 оны хаврын нэг өдөр манай хорооныхон бужигнаад явчихлаа. Молом даргыг халчихаж гэнэ гээд л... Хаа сайгүй харамссан, халагласан хүмүүс. Молом дарга хүрч ирээд өрөөнөөсөө юм хумаа аваад явчихсан гэнэ. Хорооныхон тэр чигээрээ дүнсийгээд л... Яаж байгаа нь энэ юм бол оо гэсэн хэдэн хэцүүхэн өдөр өнгөрлөө. Одоогийнх шиг ил тод зарлачихна гэж байх биш. Таавар, таамгууд... Дээд дарга нартай л муудалцсан юм байх гэхээс цаашгүй... Хурлын зааланд цуглар гэсэн хурдан зар нэг өглөө түглээ. Молом даргын бариулсан нөгөө өргөтгөлийн хурлын зааландаа хорооны зуу шахам ажилтнууд суудлаа эзлэн нам гүм болов. МАХН-ын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн Намын Хянан шалгах Хорооны дарга Б. Дэжид бараа бологсодтойгоо хүрэлцэн ирж «Танай хорооны дарга Цэндийн Моломын асуудлыг Улс төрийн товчооны хурлаар хэлэлцэж түүнийг ажлаас нь халлаа. Ардын Хяналтын ажил сайн байсан боловч нөхөр Ц.Молом хувийн алдаа дутагдал гаргалаа. Амжилтдаа эрдэж, сагсуурах болов. Удирдлагуудын эв нэгдэл алдуулах алхам хийв...» энэ тэр гэсэн тодорхой дүгнэлтэрхүү юм тэрээр хэлчихээд яваад өглөө.

Хэсэг хугацааны дараа биднийг мөн л нөгөө зааланд цугларах зар тарж МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Т. Рагчаа бараа бологсодтойгоо ирж индэрт гарлаа. «Танай хорооны даргаар Намын төв хорооы хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан Чуваандоржийн Моломыг Улс төрийн товчооны шийдвэрээр томилж байна» гээд түүнийг танилцуулснаар хурал дууссан юм. Сайд нарын Зөвлөлийн орлогч гэдэг статус ч Ц. Молом даргатай хамт алга болов. АХШХорооны статус доошиллоо гэсэн үг. Шинэ дарга маань хашир нь дэндсэн хүн байлаа. Өмнөх даргыг нь хөнгөдлөө гээд зайлуулчихсан болохоор хаширлахаас ч аргагүй байсан биз. Бай банзаа оносон шуурхай шийдвэрт дасчихсан хорооныхон маань тэгж хаширлахад нь багагүй цочирдож байсан. Надад ч тэр нь  мэдрэгдэж байв. Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн асуудлаар өмнөх даргын үетэй адил миний бие шинэ даргатайгаа байнга харилцаж, бичиг баримт боловсруулж, үүрэг даалгавар авах зэргээр ойрхон ажиллаж байв. Илтгэл үгийг нь бэлтгэхэд бас сууна. Шинэ дарга маань хаширлаж бичиг нооргийг их засна.  Тэгж тэгж анхны эх дээрээ хүрээд ирэх үе ч байх. Манайханд ямар байсан юм бүү мэд, надад бол хөнгөн хөлтэй морь унаж яваад хонины морин дээр шилжээд суучихсан юм шиг л санагддаг байж билээ. Ардын хяналт алгуур, хал бал багатай, мохоо байх нь тэр үеийн намын удирдлагуудын эрх ашигт илүү тохирч байсан юм шиг байгаа юм. Тэгээд л удирдлагыг нь түүндээ зохицуулах оролдлого хийж...

Цэндийн Молом хэмээх тэр нөхөрт Цэдэнбал дарга их итгэл үзүүлээд “Намыг ч ардын хяналтын нэрийн өмнөөс шүүмжилж болно шүү...” гээд хэлчихсэн нь Намын хянан шалгах хороог толгойлж байсан Б.Дэжид даргын сонорт хүрээд улам дургүйг нь хүргэчихэж. Д.Майдар, Д.Гомбожав нарын зэрэг том дарга нар болон Хүүхдийн Фондын Филатова авгай Ц.Моломд дуртай байгаагүй. Бас Цэдэнбал даргатай Молом дарга нэг нутаг усных байсан нь түүнийг ажил албанаас нь унагахад эерэг нөлөөлсөн гэдэг. Бал даргын сонорт тэд үг дайхдаа нөхөр Цэндийн Молом “Дарга тантай нэг нутаг ус гэдгээрээ түрий барьж бидний үгийг тоохгүй болоод байна” гэж «матсан» юм билээ. Нутгийн хүү гэж өмөөрөх аргагүй болгож буй нь тэр. Хашир бурхинууд иймэрхүү арга чарга хэрэглэж байгаад л Ц. Моломыг дараад авсан хэрэг. Улс төрийн товчооны хурал дээр үнэн байдлыг тайлбарлах гэж Молом дарга оролдсон гэдэг. Тэгтэл өөрийгөө өмөөрлөө дутагдалаа хүлээхгүй байна гээд өөр тийшээ мушгиж бүр намаас нь хөөх аястай болоод ирэхээр нь аргагүйн эрхэнд «Би дутагдалаа ойлгож байна. Миний буруу» гэж хэлээд намын батлахтайгаа үлдсэн шүү гэж хожим дурсан ярьж байжээ.

Халагдсанаас нь хоёр жилийн дараа Молом даргатай Өмнөговийн жуулчны бааз дээр би нэг тааралдсан юмдаг. Унгарын АХШХ-ы хоёр гэр бүл амрагч солилцох хөтөлбөрийн дагуу ирж тэдэнд би үйлчилж явав. «Ёлын ам» явчихаад бааздаа буцаад ирэхэд Молом дарга ирлээ гэсэн яриа хөөрөө тэр хавиар гарчихсан байв. Ажлаас авахуулаад багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч түүнийг олон түмэн заншсанаараа хуучин албаар нь дуудаж хүндэтгэлтэй хандаж байсан юм. Буусан гэрийг нь заалгаад очиж уулзлаа. Тэрээр Хөдөлмөрийн яамны хөдөлмөр, нормчлолын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж буй гэнэ. Эрхүүгийн НарХоз-д бидний үед сурч байсан Энхтайван гэх залуутай хамт Өмнөговь аймгийн төв, хэдэн сумдад нормчлол, үнэлгээний хэм хэмжээг судлах, хэвшүүлэх ажлын томилолтоор явж байгаа нь тэр аж. Тэрхэн зуур миний танил Энхтайван Молом даргын түшиг тулгуур, нөмөр нөөлөгтэйг нь надад аминчхан магтаад авав. Ер нь Молом дарга олон таван юм ярьдаггүй хүн. Залуучуудыг дэмжих талдаа. Манай хороонд нэг жил их сургууль төгссөн 10-аад залуу надтай хамт ажилд орж байв. Тэдний алдаа дутагдлыг ойлгох өршөөх талдаа. Энхтайваны тэр магтаал бол миний энэ дүгнэлтийн наад захын баталгаа юм. Нэг үйл явдал санаанд орж байна. Прага явахдаа бид Москвагаар дамжив. Молом даргыг ЗХУ-ын АХШХ-ы орлогч дарга, мөн Зөвлөлтийн Засгийн газрын ёслолын албаныхан угтсан юм. Манайхныг Засгийн газрын «Советская» хэмээх тансаг буудалд буулгав. Бидний ачаа ирсэн чинь Молом даргын чемодан байдаггүй ээ. Гайхаж сандраад цүнх, халаасаа ухсан чинь нэг ачааны тасалбар надад үлдчихсэн байдаг байгаа даа. Ёслолын залуучуудаас уучлалт гуйгаад үлдсэн чемоданыг яаралтай авчрахыг хүслээ. Тэд ч нисэх явав. Хурдхан ирээсэй гээд л залбирч суув. Молом даргын өрөөнд Москвад Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд ажилладаг түүний найз Сосорбарам гуай ирчихэж. Тэд хамтдаа гадагшаа гарах гэж буй бололтой ачаа ирсэн эсэхийг асуулаа. Таны ачаа үлдчихжээ гэдгийг даргад хэллээ. Миний гэмшингүй байгааг дарга анзаарсан бололтой «Чи л бүтэлгүйтэж байгаа биз дээ...» гэснээс өөрийг хэлсэнгүй. Энэ явдал надад маш том сургамж болсон юм...

...Би даргын мэндийг мэдээд, буусан гэрлүүгээ гүйж Гурван сайханы нэгдэл дундын амралтаас авсан бортоготой айргаа авчирч аягалав. Дарга болгоомжтойхон амсаж эхэлснээ дуустал нь уучихлаа. Өмнөговийнхон чинь айраг хийж сурч байгаа юм байна гэж магтах аястай байна. Даргыг тус Жуулчны баазын дарга Дашхүү хүндэтгээд нэг шил экс гаргачихсан сууж байсан юм. Дашхүү дарга хоёр санхүүгийн техникумын нэг үеийнхэн, тэгээд ч Молом даргыг хүндэтгэдэг хүнийх нь нэг гэдгийгээ тэрээр хэлж байлаа. Даргад би:

  • Таны байгуулсан уламжлалт хамтын ажиллагааны нэг болох амрагч солилцох хөтөлбөрийн дагуу Унгарын хоёр гэр бүлийг хүлээж авч үйлчлээд явж байна. Хотын орлогч, хэлтсийн даргын хэмжээний удирдах ажилтнууд юм. Аймгийн дарга Наранхүү гуай, аймгийн АХШХ-ы дарга Содном гуай хоёр тэднийг хүндэтгэж энэ оройн хоолонд байлцана гэсэн. Тэр үеэр тэд тантай уулзах байхдаа гэв.

-Цаадуул чинь болгоомжлоод уулзахгүй биз дээ гэж байна дарга.

-Арай ч үгүй байлгүй, ядаж Содном дарга эрх биш таныг хүндэтгээд уулзах байлгүй. Иймэрхүү яриа Молом дарга бид хоёрын хооронд болж айраг, архи амсаж байгаад оройн хоолны цаг дөхөж байсан тул би тэндээс гарав. Содном дарга аймгаас хүрээд ирчихсэн манай орчуулагчтай яриад Унгарчуудын тухай мэдээлэл аваад сууж байна. Молом даргыг ирсэн тухай тэр бас сонсчихож. Удсан ч үгүй Наранхүү дарга бааз дээр ирлээ гэсэн хэл ирж Содном дарга түүнийг угтахаар гарлаа. Бид ч Унгар нөхдөө хоолонд нь урьж зоогийн ширээнээ сууцгаалаа. Содном дарга бага зэрэг хожимдосхийгээд ганцаараа орж ирлээ. Уг нь аймгийн дарга тэр хоёр хамт орж ирнэ гээд Унгарууд ч, орчуулагч бид хоёр ч хүлээж байсан юм. Мэнд ус мэдэлцэж танилцсаны дараа «Наранхүү дарга орж ирэх гэж байна уу?» гэсэн чинь Содном дарга хавчиганаад явчихлаа. Эдэнд ирнэ гээд хэлчихсэн юм уу гээд надруу шивэгнэж байна. “Мэдээж шүү дээ хөтөлбөр төлөвлөгөөнд биччихсэн байсан шүү дээ. Та учир зүйг хэлж, уучлалт гуйгаарай” гээд би уцаарлангуй дуугарчихлаа.

... Намын хорооны товчоо яаралтай хуралдах болоод аймгийн дарга дуудагдлаа гээд эв хав муутай ээрч муурсан тайлбар тэрээр хийв. Нөгөө зочид ч гайхасхийгээд л... Содном дарга ч өргөсөн дээр суучихсан юм шиг, дав дувхийгээд л, хоёр хундага тогтоож, хоол ундаа хам хум идсэн болоод «Би тэр хуралд бас очихгүй бол болохгүй... » гээд уучлалт гуйгаад л зоог дуусгахгүй гарав.

Хоолны дараа зочдыг орчуулагчид даатгачихаад нэг шил экс аваад Молом даргынд орлоо.

  • Содном яваад өгсөн үү гэж байна. Асуулт нь арай явчихаагүй биз дээ гэсэн өнгө аястай байв.
  • Явчихсан, хоолоо ч олигтой дуусгаагүй яараад явлаа. Наранхүү дарга ч хоолонд ороогүй буцчихсан гэв. Молом дарга инээвхийлсэнээ «Намын төв хороонд надтай уулзлаа гээд матаас оччихно гэж сүнс нь зайлцгааждээ хөөрхийс. Наранхүүг ингэнэ гэдгийг би төсөөлж байсан, харин Содномыг мэнд усгүй зугатчихна гэж бодоогүй шүү...» гээд толгой сэгсэрч байв. Түүнээс хойш хоёр жилийн дараа Молом дарга Иргэний Нисэхийн Удирдах газрын орлогч даргаар томилогдлоо. Ихийг хийж бүтээсэн байх гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Буянт-Ухаагийн шинэ нисэх буудлыг бариулж дуусгасан гэж сонссон. Монголын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг онгоцны хураамж авах хэлэлцээрүүдийг олон оронтой хийснээр нэг жилд тэр үеийн ханшаар сая гаруй долларын орлогыг төсөвт оруулж байсан гэдэг. Яармагаас нисэх буудал хүртэлх замын хажуугийн мод бутыг Молом даргын санаачлага удирдлага доор тариулсан байх. Миний ч, нийтийн ч нүдэнд харагдах ажил бүтээлээс нь дурдахад энэ буюу. Берлин дэх элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр дөрөв, таван жил ажилласаныг нь би сонссоноос цаашгүй. Очсон, орсон газраа ямагт дэгжээж дээшлүүлж явдаг Молом дарга шиг хүн хөдөлмөр бүтээл, дэг журмын жишиг болсон Герман оронд очоод бүтээл, бүтээмж муутай ирнэ гэж мэдээж байхгүй л дээ. Нийтлэл мэдээллээс уншиж байхад байгуулсан гавъяа зүтгэл нь бас чамлахааргүй юм билээ.

Арваад жилийн дараа Молом даргатай нүүр тулан уулзах завшаан дахин олдов. Ардын хяналтын байгууллагыг татан буулгасаны дараахан буюу ерэн хоёр, гурван оны үе санагдана. Молом дарга хамт ажиллаж байсан нөхдөө нэг уулзалтад урьж ахмад, залуу нийлсэн гучаад хүн цуглав. «Зах зээлийн замд Монгол орон гарлаа. Нийлж нягтарч амьдрах шаардлага гарч байна. Ардын хяналтын ахмадууд тухайлж харьяалсан байгууллагагүй болж байна. Тиймээс хамт олныхоо эрх ашгийг хамгаалсан нөхөрлөл, хоршоололтой болцгооё» гэдэг яриа хөөрөө болсон юм.

 

  Ардын хянан шалгах хорооны сар шинийн ээлжит нэгэн золголтын үеэр

Хамтын хөрөнгө мөнгө, мэдлэг дадлагадаа тулгуурлаад бизнесийн үйл ажиллагаа явуулсан ч болох юм гэцгээж байв. Өнөөдөр Ардын хяналтынхан хэмээх айлын гал голомт бас тасарчихаагүй 100 шахам хүн жил бүр цуглаж уулздаг уламжлалтай болоод байна. Энд нэг талаас Молом даргын санаачлага, манлайлал, нөгөө талаас ардын хяналтынхны Молом даргаа гэсэн хүндэтгэл тод харагддаг юм. Сангийн Яамныхантай ч Молом дарга ийм л харилцаа харьцаатай байдаг байх. Хорь шахам жилийн дараа Молом даргын хийж бүтээснийг нь үнэлж 2006 онд түүнд Гавьяат эдийн засагч цол олголоо. Энэ баяраа Молом дарга Ардын хяналтынхантайгаа хуваалцаж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Хорь гаруй хүн урьсаны дотор хориод жилийн өмнө Өмнөговьд өөртэй нь уулзалдаж «амжаагүй» аймгийн хянан шалгахын дарга асан Н. Содном гуайг багтаачихсан байв. Хамт олныхоо тухай, ажилласан он жилүүдээ сайхнаар дурсан ярьцгаалаа. Харин халагдаж хавчигдсан тэр үеийг, бас хамтарч хуйвалдаж ажил албанаас нь авч хаясан нэр бүхий хүмүүсийн тухай яриа гомдолыг Молом дарга ярьж байгаагүй юм. Сүүлд 2011 онд бичсэн дурсамж номондоо цухасхан дурдаад өнгөрсөн байна лээ.

Их зохиолч Ч. Лодойдамба гуайн алдарт бүтээл «Хугараагүй ноён нуруу»-ны бас нэг баатар гэмээр Цэндийн Молом даргын удирдлагад, өөртэй нь ойр цөөхөн жил ажилласан маань их завшаан байв. Түүний тухай мэдэх зүйлсээсээ заримыг нь чадан ядан дурсан бичих нь надад бас урамтай байлаа.

 

Сэтгүүлч Д.ЦЭДЭН-ИШ

  2012 он.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?