Б.ЗАНГАД: "СҮЛД МОДНЫ НААДАМ" ДУУ МААНЬ 59 ДЭХ ШИНЭ ЖИЛТЭЙГЭЭ ЗОЛГОЖ БАЙНА

2020-12-31  

Шинэ жилийн үдшийг Ж.Бадраа найрагчийн "Сүлд модны наадам" дуугүйгээр төсөөлшгүй гэдэгтэй санал нийлнэ. Энэ дууны үгийг Ж.Бадраа бичиж, аяыг нь Гончигсумлаа зохиож, би дуулсан.

Тэр үед шинэ уран бүтээл тун хурдан бүтдэг, мөн тархдаг байж. 1962 оны 12 дугаар сарын 25-нд С.Гончигсумлаа гуай намайг дуудаж : - " Сүлд модны наадам" дууг дуулах зааварчилгаа өгсөн. Симфони оркестргүй, зөвхөн төгөлдөр хууртай, мөн Дуурийн театрын дан ганц эмэгтэй найрал дуучидтай хамтарч дуулна шүү” гэсэн. Үүний дагуу 1962 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, Монголын радиогийн бичлэгт орсон. Хөгжмийн зохиолч Гончигсумлаа, шүлгийг зохиосон Ж.Бадраа нар тус бичлэгийн үеэр шилэн хаалтны цаанаас биднийг ажиглаж зогссон. Миний хувьд залуу байсныг ч хэлэх үү, тухайн үед тэр мундаг уран бүтээлчдээс их л сүрдэж байлаа. Бичлэг дууссан. Маргааш нь л, 12 дугаар сарын 30-нд Монголын радиогоор анх удаагаа цацсан. Энэ цаг мөчөөс хойш өнөөг хүртэл он солигдох бүрт “Сүлд модны наадмын дуу” эгшиглэж, үе үеийн дуучид өөр өөрсдийнхөөрөө дуулсаар байна. Мөнхийн бүтээлийг анх удаа олны сонорт хүргэсэндээ баяртай байдаг. Дууны үгийг хүргэе.

Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимэг сагсуулсан

 

Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадмаар

Өвлийн эрчийг хариулцгаая аа

 

Өөдлөн дэвших хишгээрэээ

Улирах жилийг бялхаасан

Өрнөн даргих буянаараа

Угтах оноо мялаасан

 

Сүрлэг Монгол орныхоо

Өндөр хөгжлийн ерөөцгөөж

Сүлд модныхоо наадамдаа

Өвгөн ааваа дайлцгаая аа

 

Түмэн галавт дурсгалтай

Баатрын алдар цуурайтсан

Түвшин энхэд суурьшилтай

Баярын магнай тэнийсэн

 

Сүрлэг Монгол орныхоо

Агуу алдрыг ерөөсөн

Сүлд модныхоо наадамд

Яруу дуугаа өргөцгөөе өө

 

Э. ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?