ШҮҮХЭЭС ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ СОНССОН АЮУРСАЙХАН БУСДЫГАА ИЛЧЛЭХ ҮҮ?

2024-02-02  

   -Та нар надаар оролдвол сайныгаа үзэхгүй шүү. Би та нарын ил, далд бүх  булхайтай үйлдлийг мэднэ. Түүнийг чинь дэлгэнэ гэж сүрдүүлж байсан УИХ-ын гишүүн, Байнгын Хорооны дарга,  өөрсдийгөө шударга гэж нэрлэсэн 5 гишүүний нэг байв. Нам нь үргэлжлүүлэн Засгийн  эрх барьж,  нам нэгт шударга тавын нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Хууль зүйн сайдаар томилогдож , өөрөө Байнгын Хорооны даргын сэнтийд заларсан  цаг саяхан.  Тэр өөрийн нөлөөгөө  ашиглан  Монголын хамгийн том  мөнгөний уурхай руу гар дүрсэн.  Идэх, завших шунал нь хэтэрснээр  УИХ-ын Байнгын хорооны даргын зөөлөн  сэнтийнээс  ялтны хатуу ор луу шидэгдсэн нь энэ.   

   Үнэндээ түүний ялтан болох эсэх нь олон нийтэд нэгэнт сонин биш болсон байв. Харин бусдыгаа хэзээ илчлэх вэ? гэдэг олон нийтийн хүлээлт л анхаарал татаж байв. Харин эцсийн мөчид амласан сүрдүүлэгтээ  тэр хүрч чадсангүй.

Аюурсайхан дүр эсгэсэн шударга царайлагч байсантайгаа ижил, мөн хулчгар нэгэн байж таарлаа. Улс төрөөс бүрмөсөн арчигдсан тэр яагаад  ухарсныг  тааж ядахад  тийм ч хэцүү биш юм. 

"Наймаалцсан" байх магадлал тун өндөр. Аюурсайханых шиг  эрх мэдлээ урвуулан ашигласан ийм зүйлийн гэмт хэргийг бусад оронд  авилга, албан тушаалын гэмт хэрэгт хамруулж, бүх насаар нь хорих, өмч хөрөнгийг нь  хуу хураах  зэргээр  шийтгэдэг жишиг  урд хөршөөс авахуулаад бий. Ямар ч гэсэн энэ  зүйл ангиас Аюурсайханыг чөлөөлжээ. Түүнд  жижиг хулгайн хэрэгтэйн дүйхүйц хэмжээнд дөнгөж 3 жилийн ял амсуулсан болжээ. Энэ бол Монголын шүүх хэр зэрэг шударга ажиллаж буйг гэрчлэх маш том илэрхийлэл юм.

-Шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй  гэдэг зүйл ангиар л Аюурсайханд 3 жилийн ял оноосон болжээ.  Тодруулахад, Аюурсайхан бол эрх мэдлээ ашиглан өөрийн найз Ганхуягийг  Эрдэнэс Таван Толгой хувьцаат компанийн эрхийг гүйцэтгэх захирлаар томилуулсан. Энэ бол нөлөөлөл. Дараа нь  Ганхуягаар дамжуулан мөнгө угааж, хөрөнгөжсөн.  Аюурсайханы хамтран зүтгэгч, гардан гүйцэтгэгч Ганхуягт түүнээс  бараг 2 дахин ( 5,9 жилийн ял) оногдуулснаар нүүрсний 40 тэрбумын хавтаст хэргийг хаах тийшээ хандлаа.   

Бид нэг ийм төр, ийм УИХ-ын гишүүд, ийм шүүх засаглалтай ажээ. Хониноос номхон болсон ард иргэдийг ингэж элэглэн басамжилж байна.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?