МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР АНХ УДАА ТИВДЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ

2021-04-18  

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Алма-Ата хотын “Балуан Шолак” аренад болж өндөрлөлөө. Монголын эмэгтэй баг хоёр алт, дөрвөн мөнгө , нэг хүрэл, нийт долоон медаль авч, багийн нийлбэр дүнгээр 173 оноогоор анх удаа Ази тивдээ түрүүллээ. 55 кг-д Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг түрүүлж алт, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медаль хүртлээ. Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн болох Япон, БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй баг тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн нь Монголын эмэгтэй чөлөөт бөх багаараа түрүүлэх боломж олгосон. Гэсэн хэдий ч тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болсон. Эзэн орны бөхчүүд, Энэтхэгийн баг маш хүчирхэг байлаа. Ялангуяа Энэтхэг улс Азийн аваргаас 4 алтан медаль хүртсэн нь өрсөлдөөнийг хурцалсан. Тэд Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв. Энэтхэгийн баг алтан медаль 4, хүрэл медаль нэгийг авч манайхнаас ердөө таван оноо дутсан. Харин зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) 156 оноогоор гуравдугаар байрт шалгарсан. Азийн АШТ чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж байна гэж Монголын Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч Батбаяр Sportlife.mn сайтад хэллээ.

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?