М. САРУУЛ-ДАЛАЙ: ЭРКА МААНЬ АДУУНЫХ ШИГ ТОМ ШҮД ГАРГАН ИНЭЭНЭ.. (Дурсамж)

2021-11-17  

Яруу найрагч Эрдэнэ-Очир маань 11 дүгээр сарын 14 -нд төрсөн. Их Нацагдорж 15-нд төрсөн байдаг. Энэ өдрүүдийг бодохуйяа дөрвөн жилийн өмнөх дурсамж сэргэн амилж, сэтгэл сэмэлнэм…

2017.11.15. Өглөө эртээ Эрдэнэ-Очир маань залгаж нутаг руу минь хамтдаа явна шүү гэлээ. -За л гэлээ. Удалгүй Галт ах тэр хоёр манай гадаа давхиад ирлээ. Галт гэж манай гишүүн найрагч ах. Эрка (Эрдэнэ-Очир) маань жаахан хэцүү байгаа бололтой үе үе огих… Зовлонг мэдэх нөхрийн хувьд шууд нэг жижиг юм аваад дотрыг засах гэж оролдлоо. Нөхөр татаад л, тэр дор нь "гаргачих" юм. Их л муу байгаа янзтай… Ямартаа ч бид хөдөллөө. Хотоос гараа ч үгүй явж байтал Галт ах маань урд шилнийхээ цанг картаар хусаад байх юм. -Та параа тавил даа Галт ахаа гэсэн чинь, - Миний машин урд шил рүүгээ үлээдэггүй юмаа л гэж хариулж байна. Хөдлөхийн өмнө би ахын машиныг тойрч аминдаа шалгаад Дорноговь ороход ч "хэцүүхэн л юм" гэсэн дүгнэлт дотроо хийсэнээ нуугаад яахав. Ядаж тэр өдөр миний унаа гардаггүй өдөр таарсан. Замаараа яруу найрагч С.Ууганбаяраа аваад дөрвүүлээ Сайншандын зүг давхилаа.. Түрүүний жижиг юм жаахан ч гэсэн үйлчилсэн бололтой Эрка маань ч дуу шуу ороод ирлээ. Эрхэм нөхрийн төрсөн өдрийг бодоод нэг Grey Goose авлаа. Жаахан явж байгаад, сэнгэнээд хүйт даагаад байхаар нь Галт ахаа параа хойшоо үлээлгэ л дээ гэсэн чинь:

-Миний машины пар арагшаа үлээдэггүй л гэж байна. Одоо яая гэхэв. Гэрэлт нөхрийн илч, Grey Goose хоёртоо л найдахаас өөр сонголтгүй боллоо. Урд суугаа хоёр ч яахав сайхан дулаахан байгаа шинжтэй. Галт ах '"Тунгалаг тамир" романыг цээжээр уншаад… Эрка маань үе үе хойшоо Ууганаа бид хоёр руу харж адууных шиг том шүд гарган инээгээд л... Тийн явсаар оройхон Шандад ирлээ. Хойд суудлын бид хоёр гэж өвдөг нь мөстөж чулуужсан шахам хоёр амьтан буулаа. Оройдоо Дорноговь аймгийн "Алтан бийр" яруу найргийн наадам боллоо. Төрсөн өдрөөр нь ийм наадам болохын учир л Эрка намайг хань татсан хэрэг байж л дээ. Жил бүр Дорноговийн Утга зохиолын нэгдлээс " Алтан бийр" яруу найргийн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Тэр жил А.Байгальмаа түрүүлсэн санагдана. Үдэшдээ бид Эрдэнэ-Очирынхоо төрсөн өдрийг тэмдэглэн хэсэг сууцгаалаа. Гэтэл хотоос Пүрэв залгаад Говь-Алтай аймгийн удирдлагууд Улаанбаатарт ирсэн маргааш өдөр "Болор цом' наадмын тухай уулзаж ярилцахаар болсныг дуулгалаа. Тэр жилийн "Болор цом" наадмыг Их зохиолч Ч.Лодойдамба гуайн нэрэмжит болгон тус аймагт тэмдэглэхээр шийдвэрлээд байсан юм. Тийн биднийг сандруухан буцах болсонд Ш.Энхбаяр, Л. Эрдэнэбат хоёр маань жаахан тэвдэж, унаа тэргэндээ бензин тос хий хэмээн мөнгө төгрөг нэмэрлэлээ. Лувсанчүлтэмийн Эрдэнэбат ах, Шатарын Энхбаяр анд хоёрыг би эр хүн гэж боддогоо энд зориуд дурдая. Олон ч тохиолдолд тийн хандсаныг мэдэхийн учир... 

2017.11.16 Ингээд өглөө эрт зургаан цагт Галт ах, Эрка бид гурав буцаад л хот руу давхилаа. Галт ах "Тунгалаг тамир"- аа дуржигнатал ярьсаар Эрка маань тааламжтайяа мушийсаар… Урьд орой нь бүхэл хахалхан махтай, өглөө эрт цай цүүгүй гарсан Эрка бид хоёр бор дарсаар цайлсаар… Миний хувьд нөгөө л арын хүйтэн суудалд учир дотор халаах юмнаас татгалзахын шалтгаан үгүй... Ийн мунгинаж явсаар үдийн алдад хотод орж ирэв. Хорооны доод талын Солонгос ресторанд Говь-Алтай аймгийн ИТХ- ын дарга Ганзориг биднийг хүлээгээстэй. Замд явахад Н Пүрэв маань хүн хүлээгээд байна ш дээ гээд дахин дахин утасдаастай. Аз болоход Ганзориг ахыг би ажил хэргийн шугамаар эртний таньдагийн хувьд учиртай. Ч.Лодойдамба гуайн нэрэмжит "Болор цом"-оо хэрхэн яаж хийхээ аймаг орон нутгийн удирдлагатай нь яв цав сайхан тохироод Эркагаа гэрт нь хүргэж өгөөд эртхэн амрахыг сануулав. Учир нь маргааш Их Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ой, Багануурт арга хэмжээтэй, урилгатай…

2017.11.17 Өглөө нь би машинаа асаагаад замаараа Пүрэвийгээ аваад Эрдэнэ- Очирынхоо гадаа ирлээ. Залгалаа утасаа авдаггүй.. Пүрэвийг гэр рүү нь орууллаа. Пүрэв гарч ирээд: -Нөхрийг муу байна л гэж байна. Багануурт цэцэг өргөхөөс эхлээд олон ажил төлөвлөсөн байдаг. Багануурын МЗЭ-ийн салбарын эрхлэгч Даваасүрэн үе үе сандруухан утасдаад Эрдэнэ- Очирыг заавал авчраарай гээд байдаг…. Арайхийж нөхрийг босгож аваад Багануур давхилаа. Үе үе огиостой хэцүүхэн л байгаа болтой. Гэртээ хоол унд идэх тэнхээ байсан уу, бүү мэд. Лав л өчигдөр Солонгос рестаронд олигтой юм идээгүйг нь мэдэх. Зогслоо. Юм идэх үү, шөл уух уу гэсэн үгүй л гэж байна. Жижиг юм авлаа. Бага багаар татаад яв л гэлээ. Багануурт ирээд бүх л арга хэмээннд оролцлоо. Яруу найргийн наадмыг нь шүүлээ. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал, менежер гурав шүүсэн сүртэй наадам болсоон. Хотоос М Амархүү тэргүүт найрагчид очсон байсан. Бид л болсон хойно орой нь яаж зүгээр байхав… 2017.11.18 Өглөө нь Даваасүрэн маань сайхан бантан хийлгээд аваад ирлээ. Бид Багануурын сувилалын байранд тухлаастай. Сайхан ч бантан байсан. Гэтэл Эрдэнэ- Очир маань иддэггүй дээ… Бас л дотор яаж засах вэ? ухааны юм ярьж байна. Загналаа. -Чи бид хоёр сүүлийн гурав хоног цуг явлаа. Юм идэхийг чинь харсангүй. Яасан биеэ боддоггүй… энэ тэр гээд л бууж өглөө. Хүчээр ам руу нь ганц хоёр халбагадлаа. Их л дургүй хэд оочсон болж байлаа. Шууд хот руу давхилаа.. Замд нөхөр элдэв сэдэл өгч л байна. Сонсоогүй юм шиг давхисаар гэрийнх нь гадаа ирлээ. Дөрвөн жилийн өмнөх энэ дөрвөн өдрийг дурсан сууна… Их утга зохиолд хүн элэг сэтгэлээ харамгүй өгч улмаар тэрхүү хүчит эргүүлэгтээ өөрөө элэгдэж дуусдаг юмуу даа гэж харамсан бодно. Анд чи минь , Монголын утга зохиолын төлөө гэсэн нэгэн сэтгэлээр зүтгэсэн билээ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?