МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН НЭГДСЭН ИХ ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯР ХҮРГЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

2022-06-27  

No description available.

 Монголын Зохиолчдын Эвлэл одоогоос 31 жилийн тэртээ " салаалж", Монголын Чөлөөт Зохиолчдын Эвлэл хэмээх дүү байгууллагатай болсон. Утга зохиол хуваагдаагүй ч, гишүүд нь хоёр хуваагдаж, тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн түүх өнөөдрөөр төгсгөл боллоо. Тэртээ 1991 онд өрх тусгаарласан МЧЗЭ татан буугдаж, их утга зохиолын гал голомтондоо эргэн нийллээ. Энэхүү нэгдэх үйл явцад нөлөөлсөн, санаачлага гаргасан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордны Их Монгол танхимд хуран чуулсан зохиолчдод баяр хүргэж, үг хэллээ. У.Хүрэлсүх: Юуны өмнө Монголын тэргүүлэх соён гэгээрүүлэгчид нэгдэн нийлсэнд баяр хүргэе. Монголын оюун санааны сор болсон яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч, жүжиг, кино, хүүхэд, хүүрнэл зохиолын зохиолч Та бүхэн нэг дээвэр дор нэгдсэнээр Монголын утга зохиолын үйл хэрэг мандан бадрах үндэс болно гэдэгт эргэлзэхгүй байна. "Нууц товчоо" , "Гэсэр", "Жангар" зэрэг дэлхийн суут бүтээлүүдтэй эн тэнцэх бүтээлийг туурвисан монголын зохиолчид даян дэлхийн уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Зохиол бүтээлээрээ Нобелийн шагнал хүртэх болно гэдэгт итгэж байна. Монголын соёл урлаг, утга зохиолыг мунхагийн хар сүүдэр дахин бүү дайраг гэж хүслээ. Түүний араас УИХ-ын дарга Занданшатарын баярын мэндчилгээг УИХ-ын төрийн байгуулалтын БХ-ны дарга, яруу найрагч Мөнхбат, Монгол улсын ерөнхий сайд Оюун-Эрдэнийн мэндчилгээг түүний ахлах зөвлөх Болормаа нар уншиж сонордууллаа. Дээрх эрхмүүдийн мэндчилгээг сонордуулсны төгсгөлд МЗЭ-ийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо :-Уран зохиол бол бүх урлагийн эхлэл, архитектор юм. Хэмнэлгүй хөгжим үгүй. Дүрслэлгүй зураг үгүй. Үггүй жүжиг, кино үгүй. Үг үгүй бол дуу ч төрөхгүй. Монголын утга зохиол бол сэтгэлгээний урлаг. Үндэстэний дархлаа юм гэж үгээ эхэллээ.Үргэлжлүүлэн " Утга зохиолын таван төгөлдөршил " илтгэл тавихдаа Монголын Оюун санааны дархлаа болсон эрхэм зохиолчиддоо хандан Соёлын үнэт зүйлсийг хамгаалах таван алхамаа танилцууллаа. 1. Зохиолч. Зохиолч хүн бол үмх талхны төлөө амьдардаггүй. Зохиолчдын туурвил зүй, оюун санааны шимээр уншигчид Монгол хүн болон төлөвшдөг. Зохиолч бол Төрөлхийн өгөгдөлтэй хүмүүс. Өнөөдөр зохиолчийн үйл хэрэг Төр, түмний ажил үйлс болж байна. 2.Зохиолчийн уран бүтээл. Зохиолчийн бүтээл бол Монголын өв, соёлын дархлаа юм. Зохиолчид бол оюуны өвийг бүтээгч, шингээгч, түгээрч, хадгалагч юм.Тэд оюун санааны хөтөч, манлайлагч, соёлын түүчээлэгчид. Шилдэг бүтээл туурвилыг гаргахын тулд мэргэжлийн шүүмж судлалыг хөгжүүлэх шаардлагатай. 3. Уран зохиолын хэл Монголын уран зохиол бол монгол хэлний амин чанар. Бидний монгол хэл бол гүн ухаан, гүн сэтгэлгээ, шинжлэх ухааны хэл. Мэдлэг шингээсэн хэл юм. Утга зохиол бол зүрх сэтгэлийн боловсролыг олгодог онцлогтой. Тиймээс юунд сургуулийн хөтөлбөрт уран зохиолын цагийг нэмэгдүүлэх шаардлагатай юм. 4. Уран зохиолын онцлог Нүүдлийн соёл иргэншлийн хэв маяг. Энэ бол Монголын утга зохиолыг дэлхийд гаргах үндэс суурь юм. Хүн төрөлхтөний өмнө хүлээсэн монгол зохиолчийн ч үүрэг юм. Тиймээс Монгол туургатан зохиолчдод хандах,тэднийг ч хамруулах шаардлагатай. Харин манлайлагч нь Монгол зохиолчид байх учиртай. 5. Дэлхийн зохиолч. Хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй гэж Дорнын их яруу найрагч Явуухулан өнгөрсөн зуунд шүлэглэсэн. Монгол уран зохиол дэлхийн дэвжээнд зодоглох цаг ирж байна. Монголын утга зохиолын дахин сэтгэлт энэ мөчөөс тоологдож байна. Салж сарнисан 30 жилд Монголын зохиолчид гал алдсангүй. Гал голомтоо сахиж байлаа. Монголын зохиолчид дэлхийг увдис ухаанаар эзэлнэ. Бид нэгдсэнээр Монголын хуваагдлыг зогсоож чадна гэж Ичинхорлоо үгээ өндөрлөлөө. Түүнийг залгаж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ч.Дагвадорж нар үг хэлж, Соёлын дэд сайд Батбаяр илтгэл тавьснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хурал үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилж, уриалга гаргаснаар өндөрлөх юм.

No description available.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?