ДАЛАЙД ОЛОН ХОНОГ ТӨӨРӨХДӨӨ ЗӨВХӨН КЕЧАП ИДЭЖ АМЬД ГАРСАН ХҮНД HEINZ КОМПАНИ ШИНЭ ЗАВЬ БЭЛЭГЛЭЖЭЭ

2023-02-27  

Карибын тэнгисийн Доминка арал улсын 47 настай иргэн далайд олон хоног ганцаар төөрөхдөө зөвхөн кэчап (улаан лоолийн нухаш) хүнсэндээ хэрэглэн амьд гарчээ.

Элвис Франсуа арванхоёрдугаар сард жижиг завьтайгаа далайд гараад төөрсөн юм. Түүний ”help” гэсэн бичигтэй завь 24 хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 16-нд Колумбын зүүн хойд эргээс холгүй хөвж явааг нисэх онгоцноос олж хараад аварч байжээ.

Тэрбээр энэ хугацаанд өөрт байсан цорын ганц хүнс болох савласан кэчапыг өдөрт гурван удаа бага багаар хэрэглэж амьд гарснаа сүүлд хэвлэлд ярьсан юм.

Кэчапыг үйлдвэрлэсэн Kraft Heinz компани энэ мэдээг цацагдсаны дараа Франсуаг олж, шинэ завь бэлэглэхээр болсон байна.

Гэхдээ алс холын аралд амьдардаг, гар утасгүй түүнийг олох хэцүү байсан тул Доминика арлын хүмүүс, байгууллагуудаас тусламж хүссэн юм.

Ингээд өнгөрсөн долоо хоногт тус арлын Emo News мэдээллийн суваг Франсуаг олсноо зарлаж, Kraft Heinz компанитай холбогджээ.

Бямба гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Франсуа өөрийг нь кэчап үйлдвэрлэдэг компанийнхан хайж байгаа тухай нутгийн хүмүүсээс сонссон ч гар утасгүй тул холбогдож чадахгүй байснаа тайлбарласан байна.

Kraft Heinz компанийн төлөөлөгч Франсуатай холбоо барьснаа нотлоод бэлгийн завийг хэрхэн хүргэж өгөх арга замыг судалж байгаагаа мэдээлжээ.

“Бид бэлгийн шинэ завийг хүргэх тээврийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Даваа гарагт энэ талаар шинэ мэдээ дуулгаж чадах байх” гэж тус компаниас мэдэгдсэн юм.

Өөрт нь шинэ завь бэлэглэхээр болсныг сонссон Франсуа маш их баяртай байна. Бэлгийн завины хэмжээнээс хамаараад загасчлах, жуулчдад үйлчлэх зэрэг ажил хөдөлмөр эрхлэхээр төлөвлөснөө тэр хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: Business Insider

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?