Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР УУ? ТЕХНОКРАТЫН ЗАСГИЙН ГАЗАР УУ?

2016-08-03  

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн гарсны дараа “Мэргэжлийн” Засгийн газрыг байгуулах асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн боловч багагүй хугацаа өнгөрсний эцэст олон нийтийн дунд өрнөсөн хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдлоо.

МАН Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах "Мэргэжлийн” Засгийн газар байгуулахаар тусгасан. Үүний дагуу “Мэргэжлийн” Засгийн газар байгуулснаа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд мэдэгдсэн.

Чухам “Мэргэжлийн” Засгийн газар гэж ямар Засгийн газрыг хэлэх вэ?

Уг нэр томьёо улс төрийн болоод  хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэгддэг эсэх талаар уншигч Тантай санал бодлоо солилцъё.

Сошиал ертөнцөд өрнөсөн олон нийтийн хандлагаас үзвэл Засгийн газрын гишүүнээр томилогдох нэр дэвшигч нь тухайн салбарт тодорхой хугацаанд үр дүнтэй ажилласан, салбартаа болоод олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, алдаа дутагдалгүй, ёс суртахууны болон эрх зүйн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг шалгууруудыг тус тус тавьж байлаа. Энэ бол зөвхөн  нийгмийн захиалга гэж үзэж болно.

Гэтэл  улс төрийн болон хууль зүйн шинжлэх ухаанд “Мэргэжлийн” Засгийн газар хэмээх нэр томьёо төдийлөн хэрэглэгддэггүй. Харин ч захиргааны эрх зүйн зарим онолд Засгийн газрын гишүүдийг сайн дурын уран сайханчтай зүйрлэдэг бөгөөд гагцхүү түүний удирдлагад ажилладаг төрийн аппарат буюу боловсон хүчин нь улс төрийн нам, хүчнээс хараат бус, тогтвортой ажиллахыг чухалчлан үздэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн сонгуулиар төрийн захиргааны удирдлага өөрчлөгдөх бүрт төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг дахин томилдоггүй байна. Энэхүү төрийн албаны тогтвортой ажиллах тогтолцоог меритын тогтолцоо гэх бөгөөд уг тогтолцоо нь төрийн удирдлагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг. Монголын их эзэнт гүрний үед Чингис хаан цэргийн жанжнаа сонгодог гол үзэл баримтлал нь Меритократ үзэл байсан гэж гадны эх сурвалжуудад дурдсан байдаг.

Түүнчлэн улс төрийн онолын хүрээнд хийгээд практикт намын гишүүнчлэл болон улс төрийн карьерыг харгалзалгүйгээр мэдлэг боловсрол, авьяас чадвар бүхий тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн экспертизийн багаас бүрдсэн Засгийн газрыг Технократын Засгийн газар гэж нэрлэдэг. Технократ гэдэг нь технологийн болон инженерийн нээлт, ололтуудад тулгуурлан бий болсон шинэ санал, санаачлагуудад үндэслэн санхүүгийн институтийг шинэчлэх, сошиал системийг дахин зохион байгуулах, баялгийн хуваарилалтыг зүй зохистойгоор хийх, төрийн албаны оновчтой бүтцийг бий болгох замаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг засаглалын хэлбэр юм. Зарим судлаачид технократыг нийгмийн элит давхарга гэж үздэг тохиолдол ч бий.

Саяхны түүхээс авч үзвэл Италийн 54 дэх ерөнхий сайд Mario Monte-гийн тэргүүлсэн Засгийн газар нь технократын засгийн газар гэж нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэрээр 2011 оны 11 сарын 16-наас 2013 оны 04 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд технократчуудаас бүрдсэн засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан. Тухайн цаг үед Еврозоны хямрал эрчтэй явагдаж Итали улс өрийн хямралд орсон байлаа. Тэрээр Засгийн газрыг бүрдүүлэхдээ улс төрийн хүрээнээс бус, намын харьяаллыг харгалзалгүйгээр салбартаа мэргэшсэн, шинжээчийн түвшинд бэлтгэгдсэн технократын кабинетыг бүрдүүлж богино хугацаанд үр дүнд хүрснээрээ Европын улс төрийн практикт ихээхэн үнэлэгдсэн. Ерөнхий сайд Mario Monte-гоор удирдуулсан энэхүү технократын кабинет нь улс орноо өрийн хямралаас гаргах зорилгоор эдийн засгийн хатуу бодлогыг шат дараалан хэрэгжүүлж байсан. Тухайлбал, эдийн засгийн хямралын үед ажиллах төрийн албаны оновчтой бүтцийг бий болгох, зарим төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэлт хийх, татвараас зайлсхийх явдалтай хууль тогтоомжийн хүрээнд хатуу тэмцэх, хөдөлмөрийн зах зээлийг тэлэх зэргээр эдийн засгийн хүрээнд зоригтой алхмуудыг технократуудаас бүрдсэн кабинетаар хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ технократуудаас бүрдүүлсэнгүй харин ч намын гишүүнчлэлийг харгалзан эрүүл мэндийн салбарт эмч, барилгын салбарт барилгачин, хууль зүйн салбарт эрх зүйч гэх мэтээр мэргэжлийг үндсэн шалгуур болгосноос үзвэл шинэ Засгийн газар лавтайяа технократын Засгийн газар биш бололтой. Иймд энэ Засгийн газрыг цалингүй ажиллаж байсан Mario Monteгийн кабинеттэй жишихэд бэрх юм. Түүнчлэн технократын Засгийн газрын эхний алхам нь эдийн засгийн хямралыг даван туулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх улмаар улс орноо идэвхтэй хөгжлийн замд гаргах зорилготой байхаас Засгийн газрын шинээр томилогдсон зарим сайд нарын хэлсэн шиг салбараа шинэчлэх зорилготой Засгийн газар биш  гэдэг нь олон улсын практикаас харагдаж байна. Аливаа шинэчлэл тэр дундаа нийгэм эдийн засгийн амьдралын хүрээнд хийх шинэчлэл нь тодорхой цаг хугацаа (магадгүй дөрвөн жил ч хүрэлцэхгүй), санхүү, эдийн засгийн бодит нөөцийг шаарддаг тул нэгэнт эдийн засгийн хямралд өртсөн төсөв бүхий Засгийн газарт ахадсан ажил болох нь тодорхой.Тэгэхлээр технократын Засгийн газрыг мэргэжлийн гэхээсээ мэргэжилтний Засгийн газар гэж ойлговол зохилтой.Эс бол мэргэжлийн диплом өвөртлөгсдийн томилгоо үргэлжлэхээр байна.Үүнтэй холбоотойгоор дэд сайд төрийн албанд нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог гэдгийг бодолцвол дэд сайдгүй ажиллах санаачлага гаргавал олон түмэн нааштай хүлээн авах нь гарцаагүй.

Иймд улс орноо эдийн засгийн хямралаас гаргах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг намын мөрийн хөтөлбөрт тулгуурлахаасаа илүүтэйгээр эрдэмтэн судлаач, салбартаа мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн багаар боловсруулуулж хэрэгжүүлэх нь шинээр байгуулагдсан Засгийн газрын нэн тэргүүний авч хэрэгжүүлэх ажил гэдгийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Түүнчлэн нэгэнт технократын Засгийн газар байгуулаагүй ч төрийн захиргааны бүтцээ оновчтой зохион байгуулж меритократуудаар бүрдүүлэх чиглэлээр ажиллах боломж Ерөнхий сайдад үлдлээ.

Шинэчлэл ярьсан сайдаас илүүтэйгээр Улс орноо эдийн засгийн хямралаас гаргах чадвартай төрийн цомхон алба л шинэ Засгийн газрын хувь заяаг шийдэх бололтой.

Муу нүүрт хэмээх бичин жилийн Засгийн газар бичгийн хүмүүнээр сайтар боловсруулагдсан бодлогоор улс орныхоо эдийн засгийг өөд нь татаж чадваас сайн нүүр олох нигуур буй. 

 

 ЭРХ ЗҮЙЧ, УЛС ТӨР СУДЛААЧ М.БАТТОГТОХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дэнсмаа:Ийм нийтлэлийг МАН хүмүүс уншаасай. Салбарын Хүн чухал гэдгийг ойлгоосой. 2016-08-03
Bold:засгийн газрын гишүүд нь их л санаа авмаар юм байна даа..... 2016-08-03
Иргэн:Мэргэжлийн хүмүүс бас менежер байх ёстой гэдэг. Мэдэхэд илүүдэхгүй шүү 2016-08-03
zochin:Ded saiduudaa tomilj baigaa suragtai dagaa 2016-08-03
Эдийн засагч:"Бичгийн хүмүүнээр сайтар боловсруулагдсан бодлоготой төрийн цомхон алба чадварлаг бүтцээр ажилласан цагт л шинэ Засгийн газар сайн нүүрийг олно." Чухал санаануудыг товч тодорхой тусгасан байна. Өөр олон сэдвийг хөндөж бичээрэй, амжилт! 2016-08-06
zochin:mieogombiin zasgiin gazar shu.ts sanduigiin hot iim l bolj dee. 2016-08-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?