Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэр дундаа саа, саажилттай өвчтөнд зориулсан тусгай мэдрэх төхөөрөмжийг бүтээжээ. Энэ нь АНУ-ын Пенсильван муж улсын Питтсбургийн их сургуулийн эрдэмтдийн бүтээл аж. Тухайлбал цус харвалт зэрэг олон өвчний улмаас хүмүүс саажилттай болдог байна. Тиймээс ийм хүмүүст зориулж гартаа юм хүрч байгаагаа мэдрэх тусгай бичил электродыг бүтээсэн байна. Уг төхөөрөмжийг 30 настай Нейтан Коуплен гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний тархинд суулгасан аж. Тэрээр төхөөрөмжийн ачаар гараа атгаж буйгаа мэдэрчээ.
Энэ талаар “Вашингтон пост” сонинд “Энэхүү төхөөрөмж нь хөл гар нь саажилттай өвчтөнүүдийн хувьд жинхэнэ том дэвшил юм. Бид одоогоор зөвхөн хөл гараа хөдөлгөх төдийг л мэдрэх боломжийг бий болголоо. Судалгаагаа улам лавшруулж ийм төрлийн өвчтөнүүдэд бүхий л хөдөлгөөнөө мэдэрч чадах боломжийг эрэлхийлж байна” гэв.
О.НАНСАЛМАА