ХХААХҮ-ИЙН САЙД П. СЭРГЭЛЭН: НЭГ БОДЛОГО, НЭГДСЭН УДИРДЛАГАТАЙ БАЙЖ ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛАНА

2017-04-12  

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, сайдын зөвлөх Д.Идэвхтэн, тус яамны Мал аж ахуйн бодлогын  хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг нар Өмнөговь, Дундговь аймагт /2017.04.08-9/ ажиллалаа.  Энэ удаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн”, “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын гуравдугаар аян”, “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Үйлдвэржилт-21:100” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн Хүнс хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн алба,  Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн үйл ажиллагаа, ажил байдалтай танилцав. 

 

Хүнс  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн”  хөтөлбөрийн  хүрээнд “Мах сүүний  анхдугаар аян”, “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Атрын гуравдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. УИХ-ын нэгдсэн чуулганаар Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Эдгээр хууль батлагдсанаар мал эмнэлгийн босоо тогтолцоотой болж, төр-хувийн хэвшил-малчин хамтран мал сүргээ эрүүлжүүлнэ. Ингэснээр малын гаралтай бүтээгдэхүүний чанар сайжирч экспортод бүтээгдэхүүнээ гаргах өргөн боломж нээгдэнэ. Бодлого, бүтэц, үйл ажиллагааны хувьд цэгцэрнэ” гэлээ. Мөн хариуцлага, хяналт, сахилга баттай  ажиллахыг тэрээр үүрэг болгов.

Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ё.Жамбалдагва “Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 2005 оноос хойш 12 жилийн хугацаанд парк шинэчлэл хийгээгүй. Одоо энэ  байрлаж байгаа мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн байрыг мэргэжлийн хяналтын газраас акталсан ч, өөр байргүй учир өнөөг хүртэл эндээ засвар хийж үйл ажиллагааг явуулж байна.  Тэгэхээр манай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар парк шинэчлэл хийх шаардлага байна.  Мөн  2011 онд 100 га-гийн услалтын системтэй тариалангийн талбай байгуулах ажил эхэлж, 2014 онд хүлээлгэн өгчээ. Энэхүү усалгааны систем бүхий талбайд тэжээлийн ургамал тариалж, үйлдвэр байгуулах, цаашлаад махны эрчимжсэн мал аж ахуйг байгуулан махны үйлдвэртэй  болох зорилго  тавьсан ч өнөөдрийг хүртэл энэ ажил хэрэгжээгүй байна.  Энэ тариалангийн талбайг эргэлтэд оруулах нь чухал байна” гэв.  

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Өмнөговь аймгийн Засаг дарга  Н.Наранбаатартай уулзалт хийв. Тус аймаг  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөр, зорилго зорилттой  уялдуулан  хөтөлбөр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Өмнөговь аймаг зүүн бүст уул уурхай, төвийн бүст үйлдвэр,  баруун бүст аялал жуулчлал уур уурхайг хөгжүүлэх  чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Даланзадгад  хотыг түшиглэн үйлдвэржилтийн төлөвлөгөөг гаргаж, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах чиглэл барьж ажиллаж байна.  Тухайлбал тэмээний ноос, чөмөг, буурны бохь, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр хөгжүүлэн, эрэлтэд нийцүүлэн зах зээлд нийлүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.  Тус аймгийн нутагт дэвсгэрт 15 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр уул уурхайн компаниудад ажлын хувцас, цагаан хэрэглэл, төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх өргөн боломж байна. Олон улсын стандартын шаардлага хангасан махны үйлдвэр байгуулбал хилийн боомтоор мах экспортлох өргөн боломж байна. Мөн хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр судалгаа хийж, жилийн дөрвөн улиралд орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудад бүтээгдэхүүний нийлүүлэх чиглэлээр судалгаатай төсөл хэрэгжүүлэхийг зорьжээ. 

Өмнөговь аймаг өнгөрсөн жилийн мал тооллогоор 2,6 сая гаруй толгой мал сүрэг тоолуулсан. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 300 мянгаар малын тоо нэмэгдсэн үзүүлэлт юм. 2017 оны хавар 900 мянга гаруй төл хүлээн авна гэсэн урьдчилсан тооцоо байна. Өнөөдрийн байдлаар  /2017.04.08/ тус аймгийн мал төллөлт 20 хувьтай үргэлжилж байна.

 ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Далан булаг” хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. “Далан булаг” хүнсний үйлдвэр цэвэр ус, ингэний хоормог, тэмээний чөмөгний тос, сүүлэн тос, хөмүүл, кимчи, бууз банш үйлдвэрлэж орон нутгийн иргэд, компаний хэрэгцээнд нийлүүлдэг байна. Тухайлбал  Далан булаг ХХК  өдөрт 15-20 тонн цэвэр ус үйлдвэрлэн  "Оюутолгой" ХХК, "Тавантолгой" ХК, "Терра энержи" ХХК, “Саппорт сервисес  Монголия” ХХК тус тус нийлүүлдэг байна. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ХХААХҮЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?