СОЛОНГОД АЛТ Ч БИЙ, МӨНГӨ Ч БИЙ

2018-09-06  

НАДТАЙ ӨССӨН СОЛОНГО

ӨМӨЗО-ны Солонго сэтгүүлийг сонсоогүй, нээж үзээгүй хүн ховор бизээ. Аль багад л аав ээжийн байнга барьдаг “ном” гэж харагддаг байсансан. Бичиг үсэгт сураагүй дүү нар минь зургийг нь харж, үсэглэдэг болсон хойноо хонь малд явахдаа өвөртлөөд явдаг салж чаддаггүй хачирхалтай “ном” байсан нь Солонго сэтгүүл байж.

Надтай хамт өссөөр 25 жилийг ардаа орхижээ. Энэ сэтгүүлийг сайн мэдэхийн учир нь би Өмнөговь аймагт, харин ах маань Өвөрмонголын хил дээр ажилладаг байлаа. Тэр үеэс л дүү нартаа хааяа нэг барьж ирдэг байсан сэтгүүлийг ном ховор цагт нямбайлан харж, гарчиглах гэж оролддог байсансан. Тэгвэл өнөөдөр энэ сэтгүүлийнхээ 25 жилийн ойн баярын мэдээг бичээд сууж байна гэж төсөөлж байсангүй ээ. Ингээд Солонго гэх сэтгүүл хэдийгээс хэдий хүртэл ямар зам туулж өдгөө бидний гар дээр ирснийг товчоор хүргэж байна.    

Хоёр орны нөхөрлөлийн гүүр болсон сэтгүүлийн 25 жилийн ойн баярын хурал өчигдөр болж өндөрлөлөө. Хурлын үеэр Солонго мэдээллийн төвийн захирал Л.Наранхүү, болон МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галаарид, Солонго сэтгүүлийн байнгын уншигчдын төлөөлөл зэрэг эрхмүүд хүрэлцэн ирсэн юм.   

Баярын хуралд Солонго сэтгүүлийн шилдэг дугааруудыг тарааж, байнгын уншигчдын сэтгэгдлийг мөн индэрийн өмнө сонсож байсан нь зочдын талархлыг хүлээж байв. Түүнчлэн ойн баяраа тохиолдуулж хятад болон уйгуржин монгол бичгээр “Миний мэдэх сайн хөрш” эсээ бичлэгийн уралдааны шилдэгүүдэд шагналыг гардуулсан юм. Шилдэг эсээ-г бид цувралаар нийтлэх болно. Харин уншигч танд Солонгын түүхийг сонордуулъя.

ХӨЛӨӨ ОЛСОН “СОЛОНГО” СЭТГҮҮЛ

1993 он. Солонго сэтгүүлийн анхны дугаар хэвлэлтээс гарсан цагаас хойш өдгөө 290 дугаар, 250 мянган хувь, 25 сая гаруй үг үсэг сэтгүүлч найруулагчдын бодлоос ургаж уншигчдад хүрчээ. Энэ сэтгүүлийг Хятад Монголын найрамдлын гүүр гэж  хэлж болно. Анх тус сэтгүүлийг Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас кирил бичиг дээр хэвлэгдэн гардаг Улсын зэрэглэлийн сар тутмын хэвлэл болгон санаачилжээ. 25 жилийн турш хоёр улсын иргэд, улс төрийнхнийг холбож, ойлголцоход чухал нөлөө үзүүлсэн сэтгүүлийн хамт олон өдгөө дан ганц сэтгүүл биш сонин, сайт, гар утасны аппликейшнтэй Солонго мэдээллийн төв болон хөгжжээ. Ийнхүү хөгжлийн түүхэн замыг тус төвийн захирал Л.Наранхүү гурав ангилжээ.

Эхний үе бол 1993-2000 он. Энэ үеийг их эрлийн үе гэж нэрийдэв. Агуулгын төлөвлөлт, өөр өөр загвар өнгө төрхөөр уншигчдадаа хүрч, шинэ сонин болгоныг туршиж, түгээж явсан үе. Мэдээж дардан замаар алхаагүй, алдаа оноотой байсан ч нэг ч дугаар алгасаж байгаагүй уншигчдын өмнө хүлээсэн хариуцлагын жилүүд байв.

Харин удаах үе бол 2001-2010 он. Энэ үед редакцийн байр суурь, чиглэл илүү тодорхой болж, анхны үеэ бодвол алхаа нь жигдэрч эхэлсэн үе байлаа. Төлөвлөлтийн дагуу тууштай ажиллаж хандлага хариуцлагыг улам сайжруулж явсан юм.

Харин гурав дахь үе бол 2010- аас өнөөг хүтэлх үе. 2010 оноос хойш Солонгыг Өвөр монголын өдрийн сонины хорооноос хариуцан гаргах болжээ. Сэтгүүлийн дизайн, агуулгын төлөвлөлт, сэдвийн сонголтоос редакторын чадавх, хэвлэх түгээх явцад хийсэн хэд хэдэн удаагийн өөрчлөлт нь томоохон шинэчлэл авч ирсэн байна. Энэ цаг үеийг Солонго сэтгүүл нийгэмд нөлөө үзүүлсэн хамгийн сайхан цаг үе гэж нэрлэжээ.

Ийнхүү замналын турш уншигчдын тоо өссөөр, хараа нь тэлсээр сэтгүүлийн ч агуулга өргөжиж, өрсөлдөөнтэй нүүр тулж эхэлсэн нь хамгийн том ажилт нь аж.

 

ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН НЬ

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн дунд өөрийн гэсэн өнгө төрх, байр сууриараа нэгэнт танигдсан Солонго сэтгүүлтэй бид анх 2004 онд танилцжээ. 2011 онд монголд хэвлэгддэг болсон бөгөөд 2014 оны 9 сарын 10ны өдөр Монгол улс дахь төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, сард нэг удаа  хэвлэн түгээх болсноор нийслэл болон 21 аймагт Солонгын уншигчид бий болсон юм.

2017 оны 12 сарын 16-нд Солонгын өдөрлөг уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан байдаг. Энэ үеэр Нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагаанд хэвлэлийнхны оролцоог хэрхэн хангах асуудал яригдаж, шийдлийг олсон билээ. Тухайн үед Солонго мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид ОХУ-ын Буриад улсын Улсын хэвлэх үйлдвэрийн ерөнхий захирал  Логинова Виктория Иванова нар оролцсон бөгөөд ОХУ-ын зүгээс “Солонго”-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар гурван улсыг холбосон билээ.

СОЛОНГОД АЛТ Ч БИЙ, МӨНГӨ Ч БИЙ

Ийнхүү хүрээгээ тэлсэн Солонгыг дан ганц сэтгүүлч, ажилчдаас гадна уншигчид нь авч явдгийг тэдний ярианаас харж болно. 40 эргэм насны буурьтай намбалаг харагдах ах бол Солонго сэтгүүлийг тогтмол, шимтэн уншигч Бат-Эрдэнэ. Тэрээр  “Айл бүхэн Солонго сэтгүүлийг уншихыг боддог. Өдөр бүр монгол дээр нэвтрүүлэг явдаг радио, сонин, сэтгүүл зэрэг олон төрлийн хэрэгсэл дотроос сэтгүүлд нь илүү дуртай. Үүнийг нэг нь Солонго сэтгүүл. Хэдийнээ 25 жилийг ардаа үдэж, 300 орчим дугаар хэвлэгджээ. Манай монголчууд нэр хүндтэй, эрдэм мэдлэгтэй, төлөв түвшин, нуруутай хүнийг ярихдаа “Энэ хүнд алт ч бий, мөнгө ч бий” хэмээн даруухнаар магтдаг. Тийм айл өрхийг ч бас ингэж магтдаг. Түүн шиг Солонго сэтгүүлд Алт ч бий, мөнгө ч бий гэж би боддог. Олон дахин уншмаар санагдана, унших тусам шинэ зүйл мэдэж авна. Тиймээс би алттай зүйрлэнэ. Байгаль дэлхийн алт бол дуусдаг, дундардаг. Харин Солонгын алт хэзээ ч дундрахгүй, улам л арвижих болно” хэмээн ам бардам хэлж байсан юм.

Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг дээ. Солонгын редакцийнхан сэтгүүлчдээ тогтмол монголруу явуулж мэргэжил дээшлүүлдэг бөгөөд итгэл сэтгэл нэгтгэн гар нийлэн ажиллахыг хичээсээр ирсэн юм.

Хоёр улсын эв найрамдлыг үргэлж бататган, хөдөлмөр бүтээлийн шимээ 25 жил уншигчдадаа хүргэж яваа Үнэний зүтгэл-Үйлсийн харгуй болсон Солонго сэтгүүлийн хамт олонд 25 насны баярын мэндийг хүргэе.  

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:eej aav urdasavchirdag bsn suudl mongol heler gardag bolsn bnle manai huuchin ****vand neg bdgind sh d 2018-09-09
zulass:yasn goy bichee ve 2018-09-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?