ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ ЯВДЛААС СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ДҮРЭМ ГЭЖ ЮУ ВЭ?

2018-09-07  

Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо буюу AOTCA 2018 энэ жил Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ удаагийн олон улсын татварын чуулган нь “ТАТВАРЫН ГЛОБАЛЧЛАЛ МОНГОЛД” уриан доор “ТАТВАРЫН СУУРИЙГ БАГАСГАХ, АШИГ ШИЛЖҮҮЛЭХИЙН ЭСРЭГ ХӨТӨЛБӨР (BEPS) –ИЙН ХҮРЭЭНД ШИНЭЧЛЭГДЭЖ БУЙ ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХИЙН ЭСРЭГ ЕРӨНХИЙ ДҮРЭМ (GAAR), ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТЭНД ТУЛГАРЧ БУЙ ПРАКТИК АСУУДЛУУД” (Challenges in implementation of new GAAR Rules under BEPS) сэдвийн хүрээнд явагдах бөгөөд дараах дөрвөн үндсэн дэд хэлэлцүүлэг болно. Үүнд:

  1. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-ийн түүх, Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр (BEPS)-ийн хүрээн дэх хөгжил, шинэ өөрчлөлтүүд;
  2. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-үүд болон улс орнуудын ялгаатай байдал;
  3. Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-үүд болон татвар төлөгчийн эрх;
  4. Татвараас зайлсхийх явдлын кэйсүүд болон Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-үүдийн хөгжил.

Чуулганы гол сэдэв болсон Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм (GAAR)-ийн түүхийг дараах нийтлэлээр хүргэж байна.

GAAR-ын тухай ойлголт

GAAR -ын туйлын зорилго нь хүлээн зөвшөөрөхийн аргагүйгээр татвараас зайлсхийдэг практикийг таслан зогсооход оршино. Татварын хууль, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөж буй мэт, хуулийн дагуу юм шиг мөртлөө, хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдлээр татвараас зайлсхийх явдалтай тэмцэх үүднээс татварын байгууллагаас баримтлах дүрэм юм. GAAR нь татварын зорилгоор, татварын хуулиудын хууль эрх зүйн нөлөөллийг бууруулах үүднээс хийгдсэн ажил гүйлгээний үр дагаврыг татварын албаны зүгээс цуцлах, түүнийг харгалзан үзэхгүй байх онцгой эрх мэдэл юм. Гэхдээ татварын алба GAAR-г хэрэглэхийн өмнө бодитой эсэхийг тогтоосон байх ба үүнтэй холбоотой үнэлгээ, дүгнэлтийг хийсэн байх шаардлагатай. Харин татвар төлөгчийн зүгээс татварын үр өгөөжийг хүртэх схем хийгдсэн байх ёстой.

Олон улсын хэмжээнд татвараас зайлсхийх, зугтах асуудлаарх маргаан, мэтгэлцээн байнгын шинжтэй болж ирсэн ба олон жилийн туршид "татвараас зайлсхийх" гэдэг нэр томъёо нь татварын хуулийн давуу талыг олж авахын тулд бизнесийн асуудлаа зохицуулахыг хэлнэ гэж ойлгож ирсэн тул хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг зорьж байгаа мэт үйлдэл болж байв. Энэ нь олон улсын хэмжээнд зайлшгүй байх нэг үзэгдэл болж, мөн чанараараа түүнийг ашиглах сэдэл ямагт дагалдаж ирсэн. "Татвараас зайлсхийх" гэсэн үйлдлээс урган гарсан зарим дүгнэлтийг доор харуулав:

  • Хуулийн цоорхой эсвэл дутагдалтай талыг ашиглах замаар татвар төлөх үүргээ төлөхгүйгээр эсвэл багасгах байдлаар хууль эрх зүйн бүх боломжийг хэрэглэх оролдлого хийх үйлдэл юм. Хуулийн хүрээнд оршин буй боломжийг ашигласнаар бусдаас бага татвар ногдуулах эсвэл төлөхгүй байх үр дүнг хүртэх юм. Татварын зардлыг хэмнэх төлөвлөлт, сургалт, зөвлөхийн үйлчилгээ бий болсон нь бизнесийн болон хууль хэрэгжүүлэх ижил төрлийн сургалт, төлөвлөлт, зөвлөхийн үйлчилгээнээс ялгаатай болсон[1].
  • Хууль батлах байгууллагын зорилготой зөрчилдөх болон хуулийн дагуу яллах зорилготой үйл ажиллагааны чиглэл болж хувирсан[2].
  • Хууль батлах байгууллагын шийдэлд үндэслэсэн татвар төлөгчийн төлөх татварыг багасгах[3] хэрэгсэл болсон. Татварын төлөвлөлт нь хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн байх байтал өнгөлөн далдалсан зүйл болж, эргэлзээтэй аргуудыг ашиглан татварын төлбөрөөс зайлсхийх болсон нь буруу зүйлийг өөгшүүлэх тул, тийм ч зүйд нийцэх зүйл биш гэж үзэх болсон.
  • Ямар нэг арга заль хэрэглэхгүйгээр өөрт ногдох татвараа төлөх нь иргэн бүрийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага юм[4].

Хууль, эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрч болохуйц байдлаас үүсэх асуудлыг шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлүүдийг харгалзан үзэх, хууль эрх зүйн болон эдийн засгийн талаас татвараас зайлсхийх агуулга бүхий зохион байгуулалттай арга зам ашиглаж буйг тогтоох шаардлагатай болсон. Ажил гүйлгээний хэлбэр ба шинж чанарыг задлан шинжлэх замаар хууль эрх зүй эсвэл эдийн засгийн шинж чанараараа бодитой эсвэл бодит бус болох, мөн хууль эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг нягт нямбай судлах, татварын үр өгөөжийг хүртэх ашиг сонирхол бүхий этгээдүүдийг тогтоох, нягтлах хэрэгтэй болжээ.

Венийн конвенцид олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг "сайн санааны" хүрээнд тайлбарлахыг заасан байдаг. Аливаа олон улсын гэрээ/хэлэлцээр нь татвараас зугтах, зайлсхийх замаар харилцаанд оролцогч талуудад үр ашиггүй үр дагаварт хүргэх тохиолдолд зүй бус, хууран мэхлэлтээс урьдчилан сэргийлэх, залруулах нь эрх мэдэл бүхий этгээдэд нээлттэй юм. ЭЗХАХБ нь Татварын Загвар Конвенц буюу улс хоорондын татварын хоёр талт хэлэлцээрийг хөндлөнгөөс оролцоогүйгээр татвараас зайлсхийхийн эсрэг хууль тогтоомжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. ЭЗХАХБ-ын Татварын Загвар Конвенцийн 1-р зүйлийн тайлбарт татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий заалтыг Дотоодын хуульд "хэлбэрээс илүү агуулгыг эрхэмлэх номлол" буюу "эдийн засгийн субъект дүрэм"-ийг олон улсын гэрээтэй харшлахгүйгээр тодруулахыг заажээ. Татвараас зайлсхийхтэй тэмцэх ерөнхий дүрэм нь татварын гэрээний зүй бус заалтыг хэрэгсэхгүй болгох хүчин чадалтай байх юм. Тиймээс татвараас зайлсхийх талаарх олон улсын туршлагаас үүдэн гарч ирсэн үндсэн зарчим болох GAAR нь хууль тогтоомжоор батлаагүй ч ажил гүйлгээний бодит эдийн засгийн болон хууль ёсны хэлбэр, мөн чанарын шалгалтаар байж болох мөн чанар, хэлбэрийг тодорхойлох/тогтоох замаар маргаантай асуудлыг танин мэдэх явдал юм.

Дэлхийн улс орнуудын харилцаа, бизнесийн үйл явц хурдтай өөрчлөгдөж буйтай уялдуулан өөрийн татварын системээ өөрчлөх, шинэчлэх алхмыг олон улс орнууд хэрэгжүүлж байна. Энэ шинэчлэл нь улс орнууд татварын хувь хэмжээгээ бууруулж, бизнесийн орлогод татвар ногдуулахдаа газар нутгийн хандлагыг ашиглахад илүүтэй чиглэж байна. Тухайлбал: Япон болон Их Британи зэрэг улс орнууд газар нутгийн татварын систем рүү шилжиж байгаа бол дэлхийн томоохон үндэстэн дамнасан компаниудын өлгий нутаг болсон АНУ нь газар нутгийн татварын системд шилжих эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсээр байгаа билээ.

Татвараас зайлсхийхтэй тэмцэх ерөнхий дүрэм (GAAR) нь арилжааны бус зориулалттай арилжаа, ажил гүйлгээний татварын үр өгөөжийг үгүйсгэх, татварын үр өгөөжийг цорын ганц давамгай зорилготой этгээдэд хүртээх ёстой гэдгийг зохицуулахад оршино. Олон улс оронд татварын тогтолцооны шударга байдлыг бэхжүүлэх шаардлагатай байгаа нь GAAR-ийн хэрэгцээг зөвтгөж иржээ.

Хэдийгээр GAAR-г татвараас зайлсхийх зохицуулалт хийхээс урьдчилан сэргийлэх чухал арга хэрэгсэл гэж үзэх ч бас сөрөг талтай. GAAR нь янз бүрийн бизнес болон бизнесийн бус гүйлгээний татварын нөлөөллийг тодорхойлох тул татвар төлөгчдөд зориулсан тодорхой бус байдал, бодит хүндрэл нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг үр дүнг бий болгоно гэж сэрэмжлэх хандлага байна. Их Британи улс зарим гэрээг цуцлах тухай хууль тогтоомжоо хүчингүй болгосон гол шалтгаан нь энэ ажээ. Их Британи улсын нэгэн судалгаагаар GAAR нь Их Британи улсын татварын тогтолцоонд ашиггүй байж болох бөгөөд "бизнес эрхлэх чадвартай, хариуцлагатай татварын төлөвлөлтийг хэрэгжүүлэх бодит чадварыг доройтуулах эрсдэлтэй" гэж үзжээ.

Гэсэн хэдий ч GAAR-г татварын тогтолцоонд нэвтрүүлэхгүй байх нь чухал биш, гол нь ил тод байлгах, үе шаттайгаар нэвтрүүлэх, илүү сайн арга замыг олох, үүний зэрэгцээ татвараас зайлсхийхтэй тэмцэх тусгай дүрэм (SAAR)-г хэрэгжүүлэх гэсэн үзэл бодлоор хандаж байгаа ажээ.

Улс үндэстнүүд татвараас зайлсхийхийн эсрэг тэмцэх давалгаанд нэгэнт орсон нь тодорхой тул ерөнхий болон тусгай дүрмийг хууль тогтоомждоо тусгах, татварын системээ боловсронгуй болгох ажлууд хийгдэж байна.

GAAR-ыг нэвтрүүлэхийн зорилго нь татвараас зайлсхийх асуудлын талаар урьдчилсан төсөөлөлтэй болон мэдлэгтэй байх шаардлагыг шүүхийн хувьд үргэлж хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, татварын зорилгоор хийгдэж буй ажил гүйлгээний үр дагаврыг урьдчилан тооцоолох, татвараас зайлсхийх үйлдэл гарахаас урьчилан сэргийлэхэд чиглэж буй болно.

GAAR-ийн субъектив шинж чанарыг үл харгалзах, зохистой хэм хэмжээгээр хэрэгжүүлэхгүй бол бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулагчдад саад тотгор болоход хүргэх тул хуульд тусгах загвар, хэрэгжүүлэх боломж, нөхцөл байдлаа харгалзан үзэх шаардлагатай болохыг анхаарах ёстой.

Татвараас зайлсхийхийн эсрэг хууль тогтоомж нь шударга, үнэнч татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүйгээр татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх довтолгоонд чиглэх зорилгоо биелүүлэхүйц байх юм.

BEPS ба GAAR

Сүүлийн жилүүдэд татвараас зайлсхийх олон төрлийн бүтцийг олон үндэстэн дамнасан томоохон компаниуд ашиглаж байна гэж үзснээс олон улсын татварын асуудалд бодлогын хувьд өндөр шатанд гарч байна. ЭЗХАХБ нь одоогийн олон улсын татварын хууль эрх зүйн орчны сул талуудаас шалтгаалан түүний эсрэг тэмцэх BEPS-ийн 15 үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг гаргасан.

Үйл ажиллагаа 6 (Гэрээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх)-ын тайланд хэрэгжүүлэлттэй холбоотой уян хатан нөхцлийг хангасан болон татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх, зохицуулах шинэ журмыг, гэрээг цуцлах, гэрээг цуцлахаас урьдчилан сэргийлэх талаарх хамгийн бага стандартыг багтсан болно.

Түүнчлэн ЭЗХАХБ нь Татварын Загвар Конвенцид өөрчлөлт хийсэн. Үүний үзэл баримтлал Татварын гэрээнд оролцогч талуудын зорилго бол ерөнхийдөө гэрээг урвуулан ашиглах аргаар дамжуулан татвараас зайлсхийх, зугтах боломжийг бий болгохгүйгээр давхар татвар ногдуулалтыг устгахад орших тул үүнтэй нийцүүлсэн болно. Татварын зарим бага татвартай улс орнуудад татварын гэрээ байгуулахад анхаарч үзэх бодлогын асуудлуудыг уг үйл ажиллагаагаа 6-д авч үзсэн.

2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд ЭЗХАХБ нь Татварын суурийг бууруулах ашгийг зувчуулахаас хамгаалах Татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэхээр олон талт конвенц(MLI)ийн өргөн хүрээний бичиг баримтыг гаргасан.

MLI нь BEPS төслөөс үүссэн ба татварын гэрээний өөрчлөлтийг түргэн шуурхай   хэрэгжүүлэх зорилготой арга хэмжээ юм. Үүнд MLI-тэй нэгдэх, гарын үсэг зурахад шаардагдах хэд хэдэн хамгийн бага стандарт багтана. MLI нь өмнө нь зөвшөөрөгдсөн BEPS арга арга хэмжээг дэмжиж, өөрөөр хэлбэл, "техникийн тайлбар" -аар дамжуулан улс орнуудын сонголт хийх боломж олгоно.

Олон улсын туршлага

Олон улсын валютын сангийн техникийн түвшний баримт бичигт Олон улс орнууд татвараас зайлсхийх явдалтай тэмцэх ерөнхий дүрэм (GAAR)-ийг нэвтрүүлж мөрдөж байгаа бол зарим нь өөрсдийн дүрмийг гаргах, боловсронгуй болгохоор хичээнгүйлэн ажиллаж байна. Англи, Франц, Герман, Нидерланд, Бельги, Канад, Хятад, Сингапур, Итали, Өмнөд Африк, Кени, Австрали зэрэг улсууд GAAR-ыг нэвтрүүлээд байгаа, Энэтхэг, Польш гэх мэт олон улсууд GAAR-ыг сэдэвчилсэн байдлаар хэрэгжүүлж буйг дурджээ.

Энэтхэг улсад Дээд Шүүхээс удаан хүлээгдсэн “Vodafone” хэргийн шийдвэрийг зарласны дараа GAAR-ийг нэвтрүүлжээ. Энэтхэг улсын байгуулсан хоёр талт татварын хэлэлцээрүүдэд (жишээ нь, Люксембург, Малайз улсуудтай Энэтхэгийн татварын гэрээ гэх мэт), Сингапуртай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тусгайлан заалтууд орсон байна. BEPS- Үйл ажиллагаа 6-д заасны дагуу үндсэн зорилгын тест(PPT) дүрмээр Энэтхэг улсын GAAR-ийн дагуу шалгана. Одоогийн байдлаар Энэтхэг, Люксембург, Норвеги, Польш, Финланд, АНЭУ, Малайз гэх мэт цөөн тооны улсууд Энэтхэг улстай татварын хэлэлцээрийн асуудлаа мэдүүлжээ. Хамгийн анхны жишээ нь Энэтхэг-Мауритиус, Энэтхэг-Сингапурын татварын хэлэлцээрүүдэд зориулсан протокол ажээ.

GAAR-н сүүлийн үеийн олон улсын хөгжлийн томоохон онцлох үйл явдлуудаас доор дурдвал:

• Олон үндэстний зайлсхийхийн эсрэг хуульmultinational anti avoidance law(MAAL) -ийн хууль тогтоомжийн дагуу Австралийн GAAR заалтад өргөн хүрээний өөрчлөлт орсон. MAAL нь одоогийн GAAR-ийг шинэчилсэн хувилбар, 2016 оны 1-р сарын 1-нд буюу түүнээс хойш орлогод хамаарна.

• Татварын тусгай зохицуулалтын 2009 оны 2-р боть, БНХАУ-ын үнэ шилжүүллийн дүрэм ба GAAR-тай холбоотой засварыг хийж батлан, хэрэгжүүлэхээр тараасан.

• 2013 онд Их Британи улс GAAR-ийн дүрмийг танилцуулсан ажээ.

Татварын гэрээ ба  GAAR

Татварын гэрээнд зүй бусаар татвараас зайлсхийн эсрэг дүрмийг батлан мөрдөх нь татвараас зайлсхийхтэй тэмцэх стратегийг бүхэлд нь зохицуулахад хангалттай биш тул дотоодын татвараас зайлсхийхийн эсрэг тусгай дүрмээр зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа болно. Хэрвээ татварын гэрээнд зайлсхийхээс урьдчилан сэргийлэхтэй холбогдох "Өгөөжийн хязгаарлалт" ("Лоб") гэсэн зарчмыг тусгасан бол GAAR-г хэрэглэхгүй.

• GAAR нь татвар төлөгчийн зөвхөн татварын үр өгөөж хүртэх гэсэн үндэслэлээр шүүхэд үйлчлэхгүй. Хэрэв татварын бус арилжааны тооцоонд үндэслэн эцэслэн шийдвэрлэгдэх бөгөөд уг хэлцлийн үндсэн зорилго нь татварын үр өгөөжийг олж авахад хамааралгүй тохиолдолд GAAR-г хэрэглэхгүй.

SAAR ба GAAR

• SAAR нь татвараас зайлсхийх зүй бус үйлдлийн бүх нөхцөл байдлыг шийдэхгүй ба GAAR-ийг дотоодын хууль тогтоомжид оруулахад хэрэгтэй болно. SAAR ба GAAR нь татвараас зайлсхийхийн бодит байдал, нөхцөлд хамт хэрэглэгдэж болох бөгөөд зэрэгцэн орших шаардлагатай гэж үзэж буй юм. Харин алийг нь сонгох нь татвар төлөгчийн эрхийн асуудал юм.

• GAAR нь ажил гүйлгээг гүйцэтгэх аргыг сонгох буюу сонгохын тулд татвар төлөгчийн эрхтэй заавал холбоотой байх албагүй гэж үзэж болно.

• Үүнтэй нэгэн адил, хэрэв татвар төлөгч энэ жилд гэрээний дагуу өгөөжийг нэхэмжилсэн, харин дараагийн жилд дотоодын хуулийн дагуу дахин сонгохыг хүсвэл GAAR үүнийг үгүйсгэхгүй.

ШударгаЗөв ухаалаг хэрэгжилт

• Хэрэв зөвшөөрсөн эрх бүхий байгууллага нь аль нэг жилийн ажил гүйлгээнд GAAR-ын заалтыг хэрэглэх хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол дараагийн жилүүдэд GAAR-ийг ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд ашиглахгүй.

• GAAR нь эрх бүхий байгууллагаас гаргасан урьдчилсан шийдвэрийн зохицуулалтад хамаарахгүй.

• GAAR нь уг хэлцлийн татварын нөлөөлөлийг хангалттай, бодитой гэж үзсэн ямар нэгэн шүүхээр зөвшөөрөгдсөн зохицуулалтанд хамаарахгүй.

 

Ашигласан материал.

https://www2.deloitte.com/content/dam/Deloitte/in/Documents/tax/in-tax-gaar-india-and-international-experience-noexp.pdf


[1] Carter Commission in Canada

[2] Lord Nolan in IRC v.Willoughby

[3] Lord Templeman

[4] Simon in Latilla v. I.R.C. (11 ITR Suppl. 78, 79) (HL)

 

 

 

Доктор, профессор Г.Алтанзаяа. МУИС-ын БС-ийн профессор,

ТМЗ-ийн нийгэмлэгийн ерөнхийлөгч. altanzaya99@gmail.com

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?