МОНГОЛЫН ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ҮҮРЭГ СААЖИЖ БАЙНА

2020-01-06  

"МОНГОЛЫН ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ҮҮРЭГ СААЖИЖ БАЙНА"

Ийм дүгнэлтийг "Intellinews" сайт хийжээ. Тус сайт Монголын улс тѳр 2020 онд хэрхэхийг ч бас дүрсэлсэн байна.
-Монгол Улсад, 2020 онд УИХ-ын сонгууль болно. Ардчиллын баян бүрд гэж нэрлэгддэг Монгол Улс нь газар зүйн байршлаар ОХУ, Хятад гэх хоёр их гүрний дунд оршдог. Монгол Улс нь парламентын засаглалтай боловч бодит байдал дээр хууль тогтоогчдын үүрэг саажиж байна. Том төсөл, хөтөлбөрүүдийг батлахад удаашралтай, Улаанбаатарын агаарын бохирдол гэх мэт байгаль орчны асуудалд маш бага хүчин чармайлт гаргадаг зэрэг ужиг болсон асуудлуудтай Монгол Улс нүүр тулдаг.
Үүний зэрэгцээ ирэх 2021 онд популист Ерөнхийлөгч Х.Баттулга улиран нэр дэвших эсэх нь хараахан тодорхой бус  байна. Тэрбээр 2017 онд Ерѳнхийлѳгчийн сонгуульд Ардчилсан намаас  нэр дэвшин ялалт байгуулсан. Гэхдээ намтайгаа ойр биш. Ерѳнхийдѳѳ дүр тѳрх, зан авирын хувьд  Дональд Трампархуу улстөрч. Ажиглагчдын зүгээс 2009, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдорж улс төрд эргэн ирэх идэвхтэй байдал ажиглагдсаныг онцолж байна. Хэрэв тэрбээр Монголын Их улс тѳрд  эргэн ирвэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших Х.Баттулгын замд саад болно. Монголын парламентын хувьд сонгуулийн үечлэл нь амлалтаа биелүүлж чадаагүй эрх барих намын эсрэг ард түмний олонх нь саналаа өгөх байдлаар ээлжилж, эрх мэдлийн хуваарилалт явагдаж ирсэн. Эрх баригчдын энэхүү  тоглоом нь зѳвхѳн Монгол Ардын Нам болон Ардчилсан Намын хооронд ямар ч бодлогын залгамж халаагүй ээлжлэн өрнөж ирсэн.


Аливаа улс тѳрийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид Монгол Улсын байгалийн арвин баялгийг сурталчилгаандаа ашиглах нь ёс болсон. Гадаадын хѳрѳнгѳ оруулалт бүхий  уул уурхайн компанийг харддаг, монголчуудын сэжгийг улам батжуулах оролдлогыг хийдэг уламжлал тогтсон. Монголын газар доорхи баялгийг уул уурхайгаар дамжуулан цөөн хэдэн тооны хүмүүс захиран зарцуулдагт  Монголын иргэд бухимдалтай ханддаг. Сонгогчдын олонх нь Монголын уул уурхайн эзэмшлийг нийтийн өмч байхад таатай ханддаг. Иймээс 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлэх сэдэв , сурталчилгааны гол зэвсгийн нэг нь ч уул уурхайн салбар болно.


Энэ нөхцөл байдал нь Рио-Тинто компанийн алт, зэсийн олборлолтын Оюутолгой төсөлд таагүй нөхцөл байдлыг үүсгэнэ.  Монголын уул уурхайн амжилт, уналт нь ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулалтын барометр болдог. Оюутолгойн 66 хувийг Рио-Тинтогийн охин компани Туркойз Хилл Ресурс, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Өнгөрсөн 2019 онд парламентын ажлын хэсгээс Оюутолгойн гүний уурхайн төслийн гэрээний заалтад өөрчлөлт оруулахыг шаардсанаас  Рио-Тинто хүндрэлтэй нүүр тулсан. Улстөрчдийн зүгээс уг гэрээ нь Монгол Улс 2039 он хүртэл ногдол ашиг авахгүй байх заалтыг эсэргүүцсэн. Монгол нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардалд оруулах өөрсдийн санхүүжилтийн хувь хэмжээгээ Рио-Тинто компани болон бусад зээлдэгч нараас зээлсэн юм. Энэ өрийг ногдол ашгийн орлогоор төлж байгаа нь үнэн. Өмнө нь Рио-Тинто компаниас төслийн санхүүжилтийн зардлыг бууруулах нь хоёр талд ашигтай гэх байр суурийг илэрхийлж байсныг сануулахад илүүдэхгүй.  Хэрэв 2020 оны УИХ-ын сонгуулиар өнөөгийн эрх барьж буй Монгол Ардын нам Ардчилсан намаар солигдвол Рио-Тинтотой хийх хэлэлцээрт асуудал үүсэх магадлал ѳндѳр юм.



 

"Intellinews" сайтаас ишилсэн О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?