Улс төрийн намуудын төрийн санхүүжилтийн шинэ хэлбэр, аргачлалууд

2023-04-28  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023.04.14/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлж, парламент хэлэлцэж байгаа билээ.

Хуулийн шинэчилсэн найруулгад олон чухал, шинэ зүйл заалт орсон байна. Улс төрийн намуудын одоо мөрдөгдөж байгаа хуулиар намуудад төрөөс санхүүгийн дэмжлэгийн доорх хоёр хэлбэрээр олгодог.

  • УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ.
  • УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.

Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн санхүүгийн дэмжлэгийг төрийн санхүүжилт болгон өөрчлөхөөр тусгажээ. Хуулийн төслийн 27 дугаар зүйлд хэрхэн тусгасныг авч үзье.

Төрийн санхүүжилт

  • УИХ-ын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно /27.1/.
  • Төрөөс улс төрийн намуудад олгох санхүүжилтийг Сонгуулийн төв байгууллага /нийт сонгогчийн 2-оос дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилтийг жил бүр дараах Н = (С1 * Т1) + (С2 * Т2) томьёогоор олгоно /27.5/.

Томьёо дахь дараах тэмдэглэгээг доор дурдсан утгаар ойлгоно:

  • “Н” гэж нийт сонгогчийн 2-оос дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг /27.6.1/;
  • “С1” гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог /27.6.2/;
  •  “С2” гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог /27.6.3/;
  •  “Т1” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг /27.6.4/;
  •  “Т2” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг /27.6.5/;

 Саналын тоог дараах байдлаар тооцно:

  • хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулбал намын нэрсийн жагсаалтаар авсан хүчинтэй саналын хувь /27.8.1/;
  • нэг мандаттай олонхын тогтолцоогоор сонгууль явуулбал нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын хувь /27.8.2/;
  • олон мандаттай олонхын тогтолцоогоор сонгууль явуулбал нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын нийлбэрийг энэ хуулийн 27.7.2-т заасантай дүйцүүлэн гаргасан саналын хувь /27.8.3/;
  •  холимог тогтолцоогоор сонгууль явуулбал хуулийн дээр заалтад заасан аргачлалаар тооцсон нийлбэр саналын хувь /27.8.4/..
  • Хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн нам эвсэл болж сонгуульд оролцсон тохиолдолд төрийн санхүүжилтийг эвсэлд олгоно. Эвсэлд олгосон санхүүжилтийг энэ хууль болон эвслийн гэрээгээр хуваарилна /27.10/.
  • Нам тарах, намыг идэвхгүйд тооцсон, татан буулгасан, эсхүл эвсэл тарсан бол энэ тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийг сонгуулийн төв байгууллага зогсооно /27.11/.

Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох

  • Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, нийтэд мэдээлнэ /29.1/.
  • Энэ хуулийн 29.1-д заасан дагуу олгох санхүүжилтийг дараа жилийн 01 дүгээр сарын 01-нээс эхлэн энэ хуульд өөрөөр заагаагүй бол ээлжит болон ээлжит бус сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд жил бүр 2 удаа олгоно /29.2/.
  • Сонгуулийн төв байгууллага нь намаас хангаж ирүүлсэн тайланг үндэслэн энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг баримтлан төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож олгоно /29.3/.
  • Сонгуулийн төв байгууллага намын санхүүгийн тайланг нягтлан шалгах ажиллагаа явуулж буй бол уул ажиллагаа дууссаны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно /29.4/.
  • Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох үндэс суурь нь төрийн санхүүжилт авах намын эрх үүссэн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хамгийн сүүлд явагдсан Улсын Их Хурлын сонгуулиар авсан хүчинтэй саналын тоо болон бусад үзүүлэлт байна /29.5/.
  • Заасан хугацаанд хагас жилийн тайланг ирүүлээгүй бол энэ хуулийн дагуу тухайн намын авсан хүчинтэй саналын тоо (С1)-нд суурилсан төрийн санхүүжилтийн хэсгийг олгохгүй /29.6/.
  • Тайлангийн агуулга алдаа, зөрчилтэй эсэхээс үл хамааран тайлангаа энэ хуульд заасан бүтэц, хэлбэрээр, аудитын тэмдэглэлийн хамт тогтоосон хугацаанд ирүүлбэл хугацаа баримталсанд тооцно /29.7/.
  • Бусад намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээ, олголт нь тухайн нэг намын үйлдлээс шалтгаалан өөрчлөгдөхгүй /29.8/.
  • Төрийн санхүүжилтийг хуваарилахад харгалзан үзэх тухайн намд өгсөн хүчинтэй саналын тоо нь түүнд нөхөн болон дахин сонгуулийн дүн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өөрчлөлт орсноос бусад тохиолдолд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөхгүй /29.11/.

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт

  • Намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгт шаардагдах зардлыг жил бүр сонгуулийн төв байгууллагын төсвийн багцад суулгаж, батлуулна /31.1/.
  • Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу намын төв байгууллагад олгох бөгөөд салбар болон бүтцийн нэгжид хуваарилах асуудлыг намын дүрмээр зохицуулна /31.2/.
  • Төрийн аудитын байгууллага нь сонгуулийн төв байгууллага намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг зөв тогтоож олгосон эсэх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана /31.3/.

Төрийн санхүүжилтийн хэлбэр дээрхээс гадна УИХ-ын ээлжит сонгуулийн дараа зөвхөн нэг удаа олгодог төрийн санхүүгийн дэмжлэг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнд:

  • Сонгуулийн төв байгууллага хуулийн шаардлагыг хангасан намд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог /нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийн дүнгээр төрийн санхүүжилтийг ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно /27.7/ хэмээжээ.

Улс төрийн намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болгосноор нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэнэ хэмээн тодорхойлжээ.  

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?