ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫН 77 ХУВИЙГ ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ЭЗЭЛЖЭЭ

2023-05-23  

ЭМЯ, НЭМҮТ хамтран  ДЭМБ-ын  дэмжлэгтэйгээр  зохион байгуулж буй  “Халдварт бус өвчнөөс сэргийлэх,  хянах чиг хандлага”  үндэсний чуулган эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх уг чуулганаар халдварт бус өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлийн эсрэг бид хамтдаа ямар хариу арга хэмжээ авч чадах вэ гэдгийг хэлэлцэх юм. Нийгмийн чухал асуудлыг хөндсөн уг чуулга уулзалт нь үндэсний хэмжээнд анх удаа   зохион байгуулагдаж буйгаараа онцлог.  Чуулганд  эрүүл мэндийн  салбарын бүх  шатныхан,  лавлагаа болон  анхан шатны  эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, засаг захиргаа, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 150 гаруй мэргэжилтнүүд нийслэл, орон нутгаас  оролцож байна.

45-69 насны  хоёр хүн  тутмын нэг нь  халдварт  бус өвчнөөөр  өвчлөх өндөр эрсдэлтэй байна

Ийнхүү чуулганыг нээж  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд  С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь  суурин төлөөлөгч  хатагтай  Сокорро Эскаланте нар үг хэлэв.  Энэ үеэр Эрүүл мэндийн сайд  С.Чинзориг “Монгол Улсыг  2021-2025 онд хөгжүүлэх таван  жилийн үндсэн чиглэлд дараах зорилтыг дэвшүүлсэн. Тодруулбал, Хүн амын  эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд  нийгмийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх. Иргэдийг халдварт  болон халдварт бус  өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд  хамрагдалтыг  нэмэгдүүлж, сэргийлж болох  нас баралтын түвшинг  бууруулна гэсэн  зорилт тавин ажиллаж байгаа. 2019 онд хийсэн халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт  хүчин зүйлсийн  тархалтын  шаталсан судалгаагаар  манай улсын  15-69 хүн тутмын нэг нь  45-69 насны  хоёр хүн  тутмын нэг нь  халдварт  бус өвчнөөр  өвчлөх өндөр эрсдэлтэй байна. Энэ эрсдэл  эрэгтэйчүүдийн дунд  эмэгтэйчүүдээс 1.5  дахин өндөр гарсан. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын  өвчлөл,  нас  баралтын  шалтгааны  77 хувийг  халдварт бус  өвчин эзэлж байна.  Өөрөөр хэлбэл,  монгол хүн  сэргийлж болох  хүчин зүйлсийн улмаас  өвчилж,  нас барж байгаа нь  иргэдэд эрүүл мэндийн  болвсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлага байгааг харуулж буй”  гэлээ.

2022 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын  60 гаруй хувь нь  хот,  суурин  газарт  оршин  амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Хот, хөдөөгийн  хөгжлийн ялгаанаас  шалтгаалан иргэд амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд  хот, суурин руу шилжин суурьшиж,  улмаар  хот төлөвлөлт  нь  хотжилтын  хурдыг гүйцэхгүй, гэр хороолол  ямар ч  зохицуулалтгүйгээр  нэмэгдэж байна.  Үүнээс үүдэн  байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд , нийгэм соёлын үйлчилгээ, орон сууцны хангамж, автозамын  ачааллын асуудлуудыг  шийдвэрлэхэд  бэрхшээл учирч буй.  Хотын  агаар , ус,  хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, осол гэмтэл, хүчирхийлэл, зүрс судасны болон амьсгалын замын  өвчин,  сэтгэцийн эрүүл мэнд  зэрэг хотжилттой холбоотой  цөөнгүй асуудал бидний өмнө тулгарч байна гэдгийг Эрүүл мэндийн сайд  С.Чинзориг хэлэв.

Халдварт бус өвчнөөс  үүдэлтэй нас баралтыг 25 хувиар  бууруулах зорилт тавьжээ

НҮБ-ын  2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод  халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эмчлэх, хянах замаар  халдварт бус өвчнөөс  үүдэлтэй  цаг бусаар  нас барах явдлыг   2025 он гэхэд  25 хувиар  бууруулах зорилт тавьсан гэдгийг  ДЭМБ-ын Монгол  дахь суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте хэллээ. Мөн энэ ажлын хүрээнд  архи согтууруулах ундааны хэрэглээ,  хөдөлгөөний дутагдалтай хүн амын  тархалтыг 10 хувиар,  тамхи, давсны хэрэглээг  30 хувиар бууруулах  зорилго тавьсан байна. Зүрхний шигдээс тархины харвалтаас  сэргийлэхийн тулд  эрсдэл бүхий хүмүүсийн 50-иас доошгүй  хувь нь  эмчилгээ, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж ажиллах аж.  Мөн чихрийн шижин, таргалалтын эсрэг үр дүнтэй тэмцэх, цусны тархалт ихсэх  өвчний  тархалтыг  25 хувиар бууруулах,  зонхилон тохиолдох  халдварт бус өвчнийг  эмчлэх, хямд өртөгтэй нэн чухал технологи, эм, үүний дотор ерөнхий нэршлийн  эмийн хүрэлцээг  80 хувьд  хүргэх зорилго тавьсан байна.

Дэлхий нийтэд  жил бүр  41 сая  хүн  халдварт бус өвчлөлийн  улмаас нас барж байна

НҮБ-аас 2030 хүртэл баримталж буй  Тогтвортой хөгжлийн  зорилтуудын дагуу тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг  25 хувиар бууруулж,  осол гэмтэл  гарахад  нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахыг  улс орнуудад зөвлөжээ.  Гэвч дэлхий нийтэд  жил бүр  41 сая  хүн  халдварт бус өвчлөлийн  улмаас нас барж, нас баралтын 80 гаруй хувь нь  бага болон  дунд орлоготой орнуудад тохиолдож байгааг чуулганы үеэр  НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан  хэллээ. Тэрбээр “Зүрх судасны  өвчлөл нь халдварт бус өвчлөлийн  нас баралтын   ихэнх хувийг  эзэлж байна. Жилд  17.9 сая хүн  нас барж буйгаас  хорт хавдраар 9.3 сая,  амьсгалын замын  архаг өвчнүүдээр  4.1 сая,  чихрийн шижин  бөөрний хүндрэлээр  хоёр  сая  хүн нас барсан  тоо баримт бий” гэв.

Мөн даяаршил , хотжилт,  техник технологийн  хөгжлийг даган сэтгэцийн  эрүүл мэндийг дэмжих,  хамгаалах асуудал  мөн нийгмийн тулгамдсан  асуудлын нэг болжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн  чадвар алдалтад хүргэдэг арван өвчний  тав нь  сэтгэцийн эмгэгтэй  холбоотой гэж ДЭМБ мэдээлсэн байна.

2022 онд Монголд Улсын хэмжээнд  осол гэмтлийн  шалтгаант  180 гаруй шинэ  тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн таван  жилийн дундаж үзүүлэлтээс  өссөн байна. Нийт тохиолдлын  60.1 хувийг эрэгтэйчүүд, 39.9 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.

Энэ үеэр  ЭМЯ , НЭМГ-ын  даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч “Монгол Улс Азид төдийгүй дэлхийд халдварт бус өвчлөлийн тохиолдлоор  хамгийн өндөр улс орны тоонд орж байна.  Эрт илрүүлэг үзлэг шинжилгээ болон   эрүүл мэндийн салбараас хийж байгаа судалгаанд  эрсдэлт хүчин зүйлд буй архи тамхины хэрэглээ, амьдралын буруу дадал зуршил 96 хувийг  эзэлж байна. Энэ нь халдварын өвчлөлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна.  Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлогын түвшинд зөв хэрэгжүүлснээр халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, боломж гарна үзэж буй. Үүнд иргэдийн эрүүл мэндийн боловсрол  чухал.  Бид өмнө нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол  олгох хүрээнд компанит ажил, телевизээр мэдээлэл өгөх гэсэн арга хэмжээ авдаг байсан. Одоо үүнийг өөрчлөх цаг болсон байна гэдэг нь харагдаж байна” гэв. 

  Гурван өдөр үргэлжлэх үндэсний чуулганаар зонхилон тохиолдож буй  халдварт бус өвчнөөс  урьдчилан сэргийлэх,  эрт үеийн хяналт тандалтын  чиглэлээр  өнөөгийн тулгамдаж буй  асуудлыг тодорхойлох юм байна. Мөн шийдвэр, зөвлөмж гаргах, халдварт бус өвчнөөс урьдчилан  сэргийлэх,  эрт үеийн  хяналт тандалтын  чиглэлээр  хэрэгжүүлж байгаа туршлага,  ололт амжилт сургамжаас  харилцан суралцаж,  цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилго тавьжээ. Ингэснээр зонхилон тохиолдож буй халдварт бус өвчнөөс  урьчилан сэргийлэх,  эрт үеийн  хяналт тандалтын  чиглэл бүхий  салбар хоорондын  хамтын ажиллагааг  сайжруулахад чиглэсэн  бодитой үр дүн гарна  гэж үзэж буйг  зохион байгуулагчид онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?