БНСУ 300 мянган гадаад оюутан татах таван жилийн төлөвлөгөөгөө танилцууллаа

2023-08-25  

БНСУ-н Боловсролын сайд улсын хэмжээнд сургуулийн насныхны тоо жилээс жилд хурдацтай буурч буйд санаа зовниж буйгаа илэрхийлээд, элсэлтийн хомсдолд ороод байгаа орон нутгийн их, дээд сургуулиудын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 300 мянган гадаад оюутнуудыг шинээр элсүүлнэ хэмээн мэдэгджээ. 

БНСУ-ын их, дээд сургуульд элсэн суралцах гадаадын оюутнуудыг нэмэгдүүлэхийн тулд Боловсролын яам Олон улсын боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоог шинэчлэхээр төлөвлөж байгаа юм байна. Одоогийн байдлаар нэгдүгээр дамжааны гадаад оюутнуудын 30-аас дээш хувь нь солонгос хэлний түвшин тогтоох олон улсын шалгалт (TOPIK)-ын хоёр, гуравдугаар түвшний мэдлэгийг эзэмшсэн байх гол шаардлагыг тавьж байгаа аж. Иймд солонгос хэл, соёлын боловсролыг бэхжүүлэхийн зэрэгцээ гадаад оюутнуудад тулгамдаж буй саадыг багасгах шаардлагатай хэмээн тус яамны зүгээс үзэж байгаа ажээ. Одоогоор танхимаар авч буй хэлний түвшин тогтоох шалгалтыг онлайнаар зохион байгуулдаг болох боломжийг судалж байна.

Мөн тус улсын хувьд төрөлтийн түвшин буурсан хэвээр байгаа нь ирээдүйд ажиллах хүчний хомсдолд хүргэж болзошгүй юм. Тиймээс өндөр технологийн салбарыг дэмжих зорилгоор шинжлэх ухаан, технологи, инженерийн чиглэлээр мэргэшсэн гадаадын оюутнуудыг илүүтэй дэмжинэ гэдийг мэдэгдлээ. “Дэлхийн Солонгосын тэтгэлэгт хөтөлбөр” нэртэй бүрэн санхүүжилттэй тэтгэлгээр дамжуулан 2027 он гэхэд шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй 2700 олон улсын оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлж, шинжлэх ухааны бус чиглэлээр суралцаж буй 6.000 оюутныг тус тэтгэлэгт хамруулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн БНСУ өндөр ур чадвартай авьяастнуудыг татахын тулд тус улсын боловсролын яамнаас Солонгос улстай эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах эрэлт ихтэй орнуудын оюутнуудад хамтарсан Засгийн газрын тэтгэлгийг өргөжүүлэхээр бэлтгэж эхэлжээ. Үүнд сансар огторгуй, батлан хамгаалах салбараараа алдартай Польш, цөмийн эрчим хүчний томоохон салбартай Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг орох ажээ. Одоогоор тус улс дахь нийт гадаад оюутны 68 гаруй хувийг Хятад, Вьетнам, Узбекистаны оюутнууд бүрдүүлдэг байна. Тэдний ихэнх нь хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж байна гэж яамнаас мэдээллээ.

Боловсролын сайд Ли Жү-Хо шилдэг аж үйлдвэрүүдийг "Үндэсний өрсөлдөх чадварын эх үүсвэр" хэмээж, тус чиглэлийн гадаад оюутнуудыг орон нутагт суурьшихад нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа гэлээ. Мөн тэрбээр “Технологийн ноёрхлын төлөөх дайн ширүүсч байгаа энэ үед бид шинжлэх ухааныг хөгжүүлэх нэн шаардлагатай байна. Жишээлбэл, Япон улс 2033 он гэхэд 400 мянган гадаад оюутныг татах зорилт тавьсан байна. Одоо стратегийн хувьд гадаадын авьяастныг татах цаг нь болсон" хэмээн Сөүлийн Засгийн газрын цогцолборт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Энэхүү хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Боловсролын яам болон Хууль зүйн яам хамтран гадаадын оюутан виз хүсэгчдийг хүнд суртал, хэт чирэгдэлгүйгээр визний үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд БНСУ-д суралцах гадаад оюутнуудын тоо эрс нэмэгдсээр байна. 2020 онд 153 мянга гаруй гадаад оюутан элсэж орсон бол энэ тоо 2022 онд 167 гаруй мянга болж өссөн байна. Үүнээс жил бүр дунджаар 30 мянга орчим гадаад оюутан Солонгосын их дээд сургуулийг төгсдөг. Гэсэн хэдий ч БНСУ-ын одоогийн зохицуулалтын дагуу гадаад оюутнуудын визний асуудал нь оршин суух болон ажилд орох боломжийг хязгаарладаг хэвээр юм. Компаниуд гадаадын өргөдөл гаргагчдыг элсүүлэхээс татгалзаж, улмаар мэргэжлийн ажил эрхлэх боломжгүйд хүрч дийлэнх нь эх орондоо буцдаг байна. Уг шинэчилсэн систем хэрэгжиж чадвал шинжлэх ухаан, технологийн чиглэлээр магистр, докторын зэрэг эзэмшсэн оюутнууд одоогийн байгаа зургаан жилийн нөхцлөөр бус гурван жилийн дотор байнга оршин суух эрхтэй болох эсвэл Солонгосын иргэншил авах боломжтой болох юм. Боловсролын яамнаас төгсөлтийн дараах ажлын хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн оюутнуудад дунд хэмжээний компаниудад мэргэжлээрээ ажиллах, туршлага олж авахад нь туслах хамтын хөтөлбөрүүдийг тусгажээ.

Түүнчлэн “D-2” ангилал буюу оюутны виз нь долоо хоногт нийт  25-аас илүү цагийн хөдөлмөр эрхлэлтийг хориглодог байсныг 40 цаг болгон нэмэгдүүлжээ. Оюутнуудыг татах хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний судалгааны байгууллага”-аас элсүүлсэн гадаад оюутнуудад зориулсан эрх бүхий “шинжлэх ухааны карт” олгохоор төлөвлөжээ. Дэлхийн олон орны оюутнууд болон англи хэлтэй орнуудын элсэгчдэд зориулан Боловсролын яамнаас Их сургуулиудын сургалтын хөтөлбөрт англи хэлээр заах хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхийг санал болгожээ.

Боловсролын яамнаас нийт 80.7 тэрбум вон (60.4 сая ам. доллар) санхүүжүүлэхээр төсөвлөж байгаа ба эдгээр нь их, дээд сургуулиудын сургалтын орчныг сайжруулах, нийгмийн өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлийг сайжруулахад чиглэсэн юм. Мөн оюутны хотхонд олон улсын оюутны туршлагыг сайжруулахад зориулагдахаар төсөвлөгджээ. Боловсролын яам нь Сөүл хотоос бусад бүс нутгийн захиргаатай хамтран олон улсын оюутнуудыг элсэлтийн хомсдолд орсон орон нутгийн их,дээд сургуульд коллежуудад санал болгох арга хэмжээг давхар хэрэгжүүлэх юм. Тус бүс нутгуудыг  “Боловсролыг олон улсын түвшинд хүргэх тусгай бүс” хэмээн өргөжүүлэх ажээ. Мөн БНСУ-н Засгийн газраас уг хөтөлбөрийн хэрэгжилтэд олон улс дахь “Солонгосын боловсролын үйлчилгээний төв”-ийг эрчимжүүлэн байгуулж хамтран ажиллах юм. Шинжлэх ухааны бус чиглэлээр суралцагчдыг яамнаас “Солонгос хэлний төв”-р дамжуулан үндэсний соёл, ёс заншилд суралцахад нь тусална. Мөн их дээд сургуулиуд, орон нутгийн захиргаа хамтран оюутнуудад практик дадлагын хөтөлбөрүүдийг санал болгож, цаашлан ажлын байраар хангахаар ажиллана. Бага, дунд, ахлах ангийн сурагчдад олон улсын солилцооны хөтөлбөрүүдийг санал болгож, гадаадын сурагч, залуучуудыг солонгост эрдэм шинжилгээний зорилгоор зочлох боломжийг нэмэгдүүлэн ажиллана. Үүнд, “БНСУ, АНУ, Японы гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлснээр оюутан залуучуудын чадавхийг дээшлүүлэх олон төрлийн солилцоо, сургалтын хөтөлбөрүүдийг хамтран бий болгож чадна” хэмээн боловсролын яамны сайд Ли хэлэв. Мөн Боловсролын яам нь дээрх асуудлаар Хууль зүйн яам, Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам, Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яам, Сангийн яам зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай зөвлөлдөх ажлын хэсэг байгуулан ажиллана хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?