МОНГОЛ ЦАГДАА ТҮҮХЭН ЗАМНАЛ

2016-07-22  

Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жил, Улаанбаатар хотын цагдаагийн газар үүссэний 90 жилийн тохиож байна. Монгол улсын Цагдаагийн байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн гурван чиг үүрэгтэйгээр үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн билээ.

Цагдаагийн байгууллага 1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засгийн газрын шийдвэрээр 

“Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр цэргийн яамны харьяанд байгуулагджээ. 

1921 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын зургадугаар хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харъяа дахин байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хүлээх болсон байна.

Өдгөө 95 жилийн ой тохиож байгаа ч түүхийн хуудсыг урагшлуулан сөхвөл Монголын цагдаагийн түүх 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдаж Манжийн захиргаанаас гарч тусгаар тогтнолоо тунхагласан энэ үеэс эхэлж тоологдоно.

Тухайн үед Богд Жавзандамба худагтыг хаан ширээнд залахад цагдаагийн хамгаалалт гарч, тэр бүү хэл таван яамны тамга тэмдгийг цагдаа нар хүргэж байсан байдаг. Тухайн үед хамгаалалтанд гарч, тамга тэмдгийг хүргэж байсан бүх цэрэг цагдаагийн нэр архивт хадгалагдан үлдсэн байна.

Ингээд 1916 оны 12 дугаар сард Богдын зарлиг гарч “Нийслэл хүрээний цагдан сэргийлэх албаны газар” байгуулагдан дотроо цэргийн хороо, суман хэлтэс, тасаг, салаа мэт зохион байгуулалттайгаар нийгмийн хэв журмыг сахиулж байжээ. 1926 онд Цагдан сэргийлэх байууллагыг улс орны хэмжээгээр байгуулах болж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын захиргааны харьяалал дор анх байгуулсан байна. Энэ үед Нийслэлийн цагдан сэргийлэх хэлтсийн ажиллах бүрэлдэхүүнийг 51 хүний орон тоотойгоор баталж, тэр үеийн Шүүх яамны мэдэлд салааны дарга 1, явган цагдаа 15, морьт цагдаа 5, бүгд 21 хүний орон тоотой нэгэн тусгай салааг шилжүүлсэн байдаг.

1926 онд нийслэл хотод цагдаагийн байгууллагыг хотын захиргааны мэдэлд өгч байгуулсан тэр үеийн нийслэл хүрээний нөхцөл байдлын тухайд  Улаанбаатар хотод Англи, Америк Германы 62, Хятадын 1440,  Оросын 166,  Төвдийн 19-н пүүс дэлгүүр мухлаг хоршоод ажиллаж байсан байдаг. 

Энэ нь тухайн үед нийслэл хүрээнд байсан хүн амын маань тодорхой хувийг гадаадын иргэд эзэлдэг байсан нь харагдаж байгаа юм. Тухайн үеийн хүн амын бүртгэлээс харахад нийслэл хүрээнд албан ёсны бүртгэлтэй 433 хүн байдаг  гэсэн тоо баримт бий. Харин худалдаа наймаа хийдэг янз бүрийн ажлаар орж гардаг 200 гаруй иргэн байна гэсэн түүхэн баримт байдаг. Үүнээс үзэхэд явуулын улсууд олон байж.

Энэ нөхцөл байдлаас үүдэн нийслэл хүрээнд дээрэм хулгай, дэлгүүр пүүс хоршоодод танхайрах, хэв журмын зөрчил гаргах нь тасардаггүй байсан байна. Түүнчлэн хөдөө орон нутгаас иргэд зорин ирж  нийслэл хүрээнийхэнд  мах сүү, хүнсний бүтээгдэхүүнээ борлуулж энэ нь цааш  дамын наймаа нилээд их газар авах нөхцлийг ч бүрдүүлж байж. Энэ бүхэн тухайн үеийн нийгмийн тогтолцооны хэв журмын зөрчлийг таслан зогсоох, урьдчилсан сэргийлэх, ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлыг нийслэлийн цагдан сэргийлэх хэлтэс гардан хийдэг байсан байна.

Ийнхүү он цагийн явцад Монгол улсын цагдаагийн байгууллага  улс нийгмийн өөрчлөлт хөгжил, гэмт хэрэг зөрчлийн өнгө байдлыг даган бүтэц орон тоо, үйл ажиллагааны цар хүрээ, хууль эрхзүйн орчноо улам боловсронгуй болгосоор сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудийн нийслэлийн цагдаагийн байгууллагын жишигт хүрсэн үйл ажиллагааг явуулан,  ниймгийн хэв журмыг сахиулан ажиллаж байна.

Түүхт 95 жилийн ой босгон дээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагыг "Сүхбаатар одон"-гоор шагнан алдаршууллаа. Ийнхүү Монголын цагдаагийн байгууллага түүхт 95 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Биркина Ольга Владимировна:birolg-spbilo@bk.ru БЛАГОДАРЮ ЗА ТЕКСТ ИСТОРИИ ПОЛИЦИИ МОНГОЛИИ. БУДУ РАДА УЗНАТЬ ПОДРОБНУЮ ИСТОРИЮ МОНГОЛИИ. С УВ.ОЛЬГА 2023-03-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?