МОНГОЛ УЛСАД ЖИЛДЭЭ 300-400 ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ТӨРЖ БАЙНА

2016-12-03  

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байгаагийн 650 сая хүн нь Азид амьдардаг байна. Монгол улсад 2015 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 101.730 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Үүнээс Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 34 хувь, Олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд 64 хувийг эзэлжээ. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй болж буй хэлбэрүүд ихээр өөрчлөгдөх болсон байна. Энэ нь нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүд болон ажил, амьдралын стресс бухимдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, буруу зан үйл, архи, тамхинд донтох зэргээс хамаарч зүрх судасны өвчин, чихрийн шижин, сэтгэцийн өвчнүүд нэмэгдэж байгаа.

Мөн зам болон тээвэр, техникийн хөгжил дэвшил, хөдөлмөр аюулгүйн байдлын үйл ажиллагаа алдагдсаны улмаас осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болоход нөлөөлж байна. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Энхтөр

Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэх болсон. Энэ юутай холбоотой гэхээр шинээр төрсөн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байх тохиолдол ихэсч байгаатай холбоотой. Монгол улсад жилдээ 300-400 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрж байна. Зонхиолох хувь нь Улаанбаатар хотод байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй төрх гол шалтгаан нь агаарын бохирдол асар их, эцэг, эхийн буруутай үйл ажиллагаа, эмчийн буруу гэх мэт зүйлүүдээс болж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх тохиолдол гарч байгаа. Мөн энэ нь аймгийн төвүүдэд ажиглагдах болсон хамгийн их нь өнгөрсөн жил Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй 6 хүүхэд төрсөн.

Харин эцэг, эхчүүд хэлэхдээ

Төрөх үеийн хүндрэл, стресс болон агаарын бохирдлоос болж тархины саажилттай хүүхэд төрдөг. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх нь элбэг байгаа гэж сонссон. Нийслэлд ийм их утаатай, уур амьсгал, ус хөрс нь бохирдолтой байгаагаас болж зарим хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрөх болсон гэж боддог.

ЭХЭМҮТ, АУЛ-ийн эрхлэгч, АУ-ны Доктор Ө.Оюунчимэг

УДМЫН МЭДЭЭЛЭЛД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙН УЛМААС ҮҮСЭХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

Хөгжлийн бэрхшээл гэдэг нь маш ерөнхий ойлголт бөгөөд үүсгэж байгаа шалтгаан, төвшин, төрлөөсөө хамаарч өөр хоорондоо ялгаатай. Энэ удаа бид төрөлхийн болон удамшлын эмгэгийн улмаас үүсэх хөгжлийн бэрхшээлийн тухай ярилцаж байна. Тухайлбал Дауны хамшинж нь хөгжлийн бэрхшээлийн нэг хэлбэр юм. Дауны хамшинжтэй хүүхэд ямар ч ястан үндэстэн, баян, ядууг үл харгалзан дэлхийн аль ч улсын нөхөн үржихүйн бүх насны жирэмсэн эхийн тээж байгаа хүүхдэд илэрч болох эмгэг. Ийм хүүхдэд биеийн болон хэл ярианы хөгжлийн хоцрогдлоос гадна зүрх судас, хараа, сонсгол, мэдрэл, бодисын солилцоо, сэтгэн бодох үйл ажиллагааны саатал, төрөлхийн дархлааны тогтолцоо сул өвчлөмтгий гэх мэт эрүүл мэндийн олон бэрхшээл тулгардаг. Иймээс эцэг, эхийн асаргаа сувилгаа, эмнэлгийн тусламж байнга шаардлагатай байдаг. Эдгээр хүүхдийг өсгөж байгаа эцэг, эхчүүдэд сэтгэл санаа, эдийн засгийн саад бэрхшээлтэй тулгардаг.

ДАУНЫ ХАМШИНЖТЭЙ ХҮҮХДЭД ТОХИОЛДОХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛҮҮД

Биеийн хөгжлийн хоцрогдол : Биеийн жин байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байх, толгой даахгүй, бие даан сууж, мөлхөхгүй, хөлд хожуу орох, хөдөлгөөн тэнцвэрийн алдагдал

Харааны бэрхшээл : Хол, ойрын харалган, болрын мултрал Оюун ухааны саарал: анхаарал төвлөрөлт муу байх

Хэл ярианы бэрхшээл : Хэлд орохгүй, дохиогоор харьцах хандлагатай байдаг.

Зүрх, судасны төрөлхийн хөгжлийн гажигтай байх : Ховдол, тосгуур цоорхой гэх мэт зүрхий хэд хэдэн хөгжлийн гажиг хавсарч болно.

Бамбай булчирхайн үйл ажиллагааны төрөлхийн дутмагшилтай байх ШАЛТГААН

Дауны хам шинж нь хүний биеийн эсийн хромосомын тооны өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны хөгжлийн саарал илэрдэг, төрөлхийн эмгэг юм. Гол шалтгаан нь хүний бэлгийн эсийн хэвийн бус хуваагдлын улмаас үүссэн хромсомын тооны өөрчлөлт гэж үздэг. Нөхөн үржихүйн бүх насны жирэмсэн эмэгтэйд тохиолдож болох боловч 35 ба түүнээс дээш насны жирэмсэн эмэгтэйчүүдээс дауны хамшинжтэй хүүхэд төрөх өндөр эрсдэлтэй гэж үздэг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Ямар нэг эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой эмгэгүүд байдаг бол онцлог нь дауны хамшинжтэй хүүхэд төрүүлэхгүй байхын тулд ямар нэг өвөрмөц урьдчилан сэргийлэлт байхгүй. Тийм учраас жирэмсний эрт үед эхийн хэвлийд байхад хийгдэх шинжилгээнд хамрагдах нь хамгийн зөв арга хэмжээ байдаг.

ОЛОН УЛСЫН СУДАЛГАА

Агаарын бохирдол жирэмсний хожуу үед урагт нөлөөлдөг болохыг судалгаа харуулжээ. Нарийн тоосонцор бүхий агаарын бохирдол жирэмсний сүүлийн гурван сараас эхэлж урагт нөлөөлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа уг өвчний шалтгааныг тогтоох үр дүнтэй ажил боллоо хэмээн үзжээ. Судлаачид агаарын бохирдол ихтэй бүс нутаг болон цэвэр агаартай бүс нутагт амьдарч байсан эхчүүдийн дунд судалгаа явуулсан бөгөөд судалгааны дүнд бохирдол ихтэй газрын жирэмсэн эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлэх эрсдэл хоёр дахин их байгааг тогтоожээ. Ургийн өсөлт хөгжлийн хамгийн чухал үе буюу жирэмсний сүүлийн гурван сард агаарын тоосонцор, хорт утаа урагт нөлөөлж хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Монгол Улсын Их Хурал 2016 оны хоёрдугаар сарын 5-нд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан байдаг. Жил бүрийн арван хоёрдугаар сарын 3 нд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн өдрийг, олон улсын тухайн жилийн гаргасан уриан дор манай улс зохион байгуулдаг юм. Энэ жилийн хувьд “Тогтвортой хөгжлийн зорилтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” гэсэн уриа гаргасан байна.

 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
****ансүрэн :статискит тоо баримт байна уу жишээ нь хэл ярианы эмгэг тоо баримт 2018-11-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?