ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2016-12-21  

Өмнөговиос сонгогдсон Л.Энхболд гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьж, эрхэм гишүүд байр сууриа ингэж илэрхийллээ

Тавантолгойн орд эргэлтэд орох нь тодорхой болж байх шиг байна. Харин зөв, эсвэл буруу “эргэх” нь тодорхой бус байгаа юм. Юутай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитома” гэх гурвалсан нэгдэлд захидал хүргүүлсэн. Одоо үргэлжлүүлэн хэлэлцээ хийх гэж байна. Тэр нь өнөөдөр эхэлнэ. Энгийнээр хэлэхэд, өнөөдөр Тавантолгойн ордыы 49 хувийг өгөхдөө Чалкогийн өр гэх 85 сая ам,долларыг тэглээд, 400 сая ам,доллар нэмж авахаар яриа хэлэлцээ хийж байгаа гэх мэдээлэл ил болоод байгаа. Үүнтэй зэрэгцэн Чалкогийн өрийг барагдуулж дуусах хүртэл үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн Хятадын TTJV компаниас "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Д.Ариунболд нэгэн захидал ирүүлсэн нь дэлгэгдсэн юм. 

Уг захидалд Чалкод төлөх өр ирэх 2017 оны хоёрдугаар сард дуусна. Оны сүүлчээр 300 сая ам.доллар Монгол Улсад ашиг болон орж ирнэ. Ингэснээр төмөр замгүй Тавантолгой 5 тэрбум ам,долларын үнэд хүрнэ хэмээн бичсэн байна. Эндээс үзэхэд гэрээлж, наймаалахаар зэхэж буй үнэ хийгээд удахгүй хүрэх Тавантолгойн үнэлгээ хоёрын хооронд асар их зөрүү байгаа юм. Таван тэрбум ба 400 сая гэсэн үг. Харин зарим хэвлэлд үүнийг эсрэгээр тайлбарлаж буй. TTJV компанийн цаана ашиг сонирхол байгаа гэх зэргээр тайлбарлаж байна. 

Гэвч энд нэг л санаа агуулагдаж байх ёстой. Эцсийн дүнд Тавантолгойн ордын гэрээний дүн Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх учиртай. Цорын ганц чиг шугат бол энэ. Тийм учраас TTJV компанийн захидалд өгүүлсэн тооцооллыг ч нягталж үзэх ёстой юм. Ингэхийн тулд энэ шийдвэрийг та биднийг төлөөлөн УИХ-д сууж буй эрхэм гишүүд гаргах учиртай.

Тиймээс манай сонин өнөөдөр эхэлж буй Тавантолгойн хэлэлцээний талаар эрхэм гишүүд ямар байр суурьтай байгааг нэгбүрчлэн уулзаж сонирхсон юм. Энэ үеэр Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд уг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн ордын гэрээ хэлцлийн талаар өчигдөр Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэрээр асуулгадаа “...Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийг тойрсон олон мэдээлэл цацагдаж байгаагийн дотор “Эрдэнэс таван толгой” ТӨХК-ийн тодорхой хувийг БНХАУ-ын компанид худалдах гэж байгаа талаар гэрээ хэлцэл хийж байна гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаж улмаар манай тойргийн иргэд сонгогчдын зүгээс УИХ-ын гишүүн миний нэр дээр хаягласан санал, хүсэлт, шүүмжлэл, гомдол маш  ихээр ирэх боллоо.

...Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар үнэлж худалдах гэж байна гэсэн мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Тавантолгойн орд газар бол Монголын ард түмний өмч, ирээдүйн баталгаа. Иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг үнэгүйдүүлж орд газрын 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан зарах гэж байгаа бол УИХ-ын гишүүний хувьд үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Иймд энэ асуудал дээр Монгол Улсын Засгийн газраас үнэн бодитой мэдээллийг ард түмэндээ өгөх шаардлагатай байна. Асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.

Л.Болд:

-Тавантолгойг худалдана гээд байгаа асуудлаар одоогоор ямар ч мэдээлэл алга. Үнэхээр хэвлэл дээр бичээд байгаа шиг үнээр худалдах гээд байна уу, үгүй гэдгийг албан ёсны мэдээлэл авсны дараа байр сууриа илэрхийлнэ.

Ц.Даваасүрэн:

-Тавантолгойн хэлэл­цээ эхлэх гэж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгөө­гүй. Стратегийн объект учраас Улсын Их Хурлаар орох ёстой гээд хүлээгээд байж байна. Ер нь бол Тавантолгойн 49 хувийн асуудлыг аль нэг компанид өгнө, өгөхгүй гэх зэргээр хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Харин 51 хувь бол зайлшгүй төрийн мэдэлд байх ёстой. Төрийн мэдлийн 51 хувьд ямар нэг компани хувь эзэмших ёсгүй гэсэн байр суурьтай байгаа.

Б.Батзориг:

-Тавантолгойн 49 хувийг худалдах гэдэг энэ асуудлаар тодруулж мэдсэн зүйл алга. Одоохондоо мэдээлэл авч амжаагүй байна. Албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй.

Ц.Цогзолмаа:

-Хэлэлцэх төлөвлө­гөөнд ороогүй байгаа асууд­лаар байр сууриа илэр­хийлэхгүй. Тавантолгойтой холбоотой асуудлаар ямар ч мэдээлэл аваагүй байна.

О.Баасанхүү:

-Тавантолгойн 49 хувийг худалдах мэдээллийг албан ёсны бус, худал мэдээлэл гэж бодож байгаа. Тавантолгойгоо өөрсдөө л ашиглах хэрэгтэй.

Ж.Ганбаатар:

-Хэвлэлүүдээр гараад байгаа хэмжээнд мэдээлэл авсан. Ер нь бол Тавантолгой Монголдоо үлдэх ёстой. Бүх зүйл Хятадаас хамааралтай байж болохгүй. Албан ёсны мэдээллийг авсны дараа байр сууриа тодорхой илэрхийлнэ.

Л.Оюун-Эрдэнэ:

-Тавантолгойн талаарх мэдээллийг аваагүй байна. Хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллийг л харсан. Одоогийн байдлаар Байнгын хороо, Бүлгийн хурал дээр ярьсан зүйл алга. Тиймээс Тавантолгойн мэдээллийг намын бүлэг дээр албан ёсоор ярилцах ёстой гэж үзэж байна. Тавантолгойн ашгийг ирэх дөрвөн жил хүртэх боломжгүй. Газрын дор байгаа баялгаа маш муу хувилбараар өгөх гэж байгаа гэсэн дүр зургийг хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллээс олж харлаа. Олон нийт хариуцлагатай, шүүмжлэлтэй нүдээр харах ёстой. Эдийн засаг хүнд байгаа нөхцөл байдлыг далимдуулж том ордоо гаргаад явуулчих юм бол Монголыг хэн ч сонирхохгүй. Монгол урт хугацаанд яаж тогтвортой байдлаа хангах вэ гэдэг чухал. Миний итгэл үнэмшил бол  Монголын нийт төсвийн 15-20 орчим хувийг 250-300 жилийн хугацаанд хангах боломжтой ордыг олон талаас нь нухацтай, бодит мэдээллээр  авч үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийг олон талаас нь нухацтай авч үздэг шигээ стратегийн орд газруудаа ч гэсэн ийм байдлаар авч үзэх ёстой.

Х.Болорчулуун:

-Хөдөлгөх гэдэг нэрнээс их айдаг юм. Ч.Сайханбилэг Тавантолгой, Оюутолгойгоо хөдөлгөе гэж ард түмнээсээ асуугаад Дубайд очиж Оюутолгойг яаж хөдөлгөж муутгасныг мэдэж байгаа. Хөдөлгөнө гэсэн үгийн цаана хуйвалдаан байдаг. Тавантолгой хөдлөөгүй биш хөдөлж, ажиллаж  байгаа. Чалкогийн зээлийг ирэх оны нэгдүгээр улиралд төлөөд дуусна. Ер нь төр муухай, муу менежер гэсэн байдлаар хандаж төрийг өмчгүй болгох ёсгүй. Зарим улс оронд бол өмчгүй төр, өмдгүй хүн хоёр адил гэж ярьдаг юм билээ. Норвегид гэхэд төр нь том ордуудынхаа 51 хувийг эзэмшдэг. Хэвлэлээр гараад байгаа шиг Тавантолгойн 49 хувийг тийм хямдаар худалдахгүй байх. Хэчнээн зуун тэрбум төгрөгийн үнэ цэнэтэй орд шүү дээ. Ер нь 51 хувиас доошгүй хувийг төр буюу ард түмэн эзэмших ёстой.

Ө.Энхтүвшин:

-Тавантолгой­той холбоотой асуудлаар материал судлаагүй байна. Их эмзэг асуудал. Ганцхан зарчим бий. Тавантолгойн асуудлыг Монгол Улсад илүү их ашигтай, нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар шийдэх ёстой. Энэ байр суурь дээр хатуу байх болно.

З.Нарантуяа:

-Тавантолгойн хэлэлцээ хийж байгаа асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл гишүүдэд ирээгүй байна. Нарийн мэдээллийг авсны дараа байр сууриа илэрхийлнэ. Тавантолгойг ямар нэг улстөргүйгээр ашиглах нь чухал байна. Улс орны эдийн засагт ашигтай хувилбараар ашиглахын төлөө Засгийн газар санаачлагатай  ажиллах хэрэгтэй байна. Ямар ч байсан ашиглах зорилгоор хэлэлцээр үргэлжилж  байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ Монголын эдийн засагт, ард түмэнд ашигтай хэлэлцээр болж чадаж байна уу гэдэг чухал. Аль хувилбар нь Монголд урт удаан хугацаандаа ашигтай  байна уу тэр хувилбарыг л дэмжинэ.

Я.Содбаатар:

-Таван­толгойн асуудлаар албан ёсны тодорхой мэдээлэл ирээгүй учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй.

М.Билэгт:

-Албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Тавантолгой Монголын ард түмэнд ашиггүй бол заавал хөдөлгөх шаардлагагүй. Баялаг нь газар дороо байж байг. Баялгаа үнэлсний дараа олон улсын зах зээлийн ханшаар тодорхой хувийг нь эзэмшүүлэх асуудал байж болно. Оюутолгой шиг ашгаа өгөхгүй бол ирээдүй хойчдоо үлдээх хэрэгтэй. Оюутолгой ажиллаад байгаа мөртлөө эдийн засаг хямраад, валютын хомсдолд ороод байна. Ийм байдлаар Монголын ард түмэнд өгөөжөө өгөхгүй бол ашиглах шаардлагагүй гэж бодож байна.

Б.Энх-Амгалан:

-Тавантолгойг монголчууд өөрсдөө л ашиглах ёстой. Хэвлэлээр гараад байгаа шиг гадныханд өгөх асуудал байхгүй байх. Албан ёсны мэдээлэл аваагүй байгаа учраас тодорхой байр суурь илэрхийлэхгүй. Тавантолгойг өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” гэдэг улсын компани ашиглаж байна. Удахгүй Чалкогийн өрийг дарна гэж байна. УИХ-аар хэлэлцээд эцсийн байдлаар хууль болоод гарсан үед үнэн гэж итгэх хэрэгтэй.

Б.Дэлгэрсайхан:

-Гадаад явж ирээд удаагүй байгаа учраас мэдээлэлгүй байна. Гэхдээ Тавантолгойн 49 хувийг шилжүүлнэ гэсэн мэдээлэл худал байх.

Х.Нямбаатар:

-Тавантолгойн 49 хувийг зарах талаар бидэнд албан ёсоор танилцуулаагүй учраас хэлж мэдэхгүй байна.

Б.Баттөмөр:

-Надад ямар ч мэдээлэл алга. Мэдээлэл хийсэн Ж.Батзандангаас асуусан нь дээр байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ер нь энд тэндээс өгсөн мэдээлэл алга.

Ж.Батзандан:

-МАН-ын гишүүдийг шинэ жил хэсч явах хооронд Тавантолгойн асуудал явах нь. Гурван сая хувьцаа эзэмшигчтэй компанийг бүлэглэлийн савраас өнгөрсөн жилүүдэд АН-ын бүлэг арайхийж авч үлдсэн. Тавантолгой бол 80 сая ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй, одоо ашигтай ажиллаж байгаа компани.  Гэтэл өнөөдөр хэсэг бүлэг этгээд Тавантолгойг хятадуудад өгөхөөр маш бага үнээр нийлж өрийг нь хаахаар улайран зүтгэж байна. Хоёр жилийн өмнө зүтгээд бараагүй. Гэтэл өнөөдөр яг энэ схемээрээ зүтгэж байна. МАН-ын бүлгийг сэргэг байхыг хүсье. Сонгуулийн үеэр ямар чухал асуудлууд хаалганы цаана болоод өнгөрснийг мэдэж байгаа байх. Засгийн газрын байгууллагууд худал мэдээлэл өгч, мэдээллийг нууж байна. Оффшор, Хөгжлийн банк гээд нэг асуудлыг ярихаар тэрний ард байна гэж ярьдгаа болих хэрэгтэй.

М.Оюунчимэг:

- УИХ, Засгийн газар дээр мэдээлэл тодорхой болж, бүлгээр  ярьсны дараа байр суурь илэрхийлнэ.

Д.Тэрбишдагва:

-Гишүүдийн гар дээр тодорхой мэдээлэл ирээгүй. Ер нь бол Тавантолгойг иж бүрнээр нь дахиж ярилцах ёстой. Бид Оюутолгойн гашуун туршлагыг давтах ёсгүй. Тийм учраас нэлээн өргөн бүрэлдэхүүнээр дахиж ярих ёстой гэсэн байр суурьтай байна.

Д.Хаянхярваа:

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгээ манай нам амласан. Тавантолгойг ямар хувилбараар эргэлтэд оруулах вэ гэсэн Засгийн газрын  байр суурь бий. Тэр хүрээнд би ойлголттой байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг 49:51 гэсэн хувилбараар эргэлтэд оруулахаар яригдаж байгаа. Тавантолгойн  49 хувь дээр Хятадын “Шинхуа” компани оролцоод явах бол 51 хувьд нь Монголын компаниуд байна гэсэн ойлголттой байна. Бид аливаа асуудлыг өөлж, гоочлоод байх юм бол том төсөл явахгүй. Тиймээс Засгийн газраас оруулж байгаа саналыг анхааралтай ажиглаж байна. Засгийн газар холбогдох хүмүүстэй яриа хэлцэл хийгээд, үр ашигтай гэж үзээд, саналаа УИХ-д оруулаад ирэх юм бол батлаад явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Д.Ганболд:

-Тавантолгойн хэлэлцээрийн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Хэвлэлээр гарсан захидлыг уншсан. Хэрэв захидал болон хэвлэлээр гараад байгаа зүйл үнэн бол тийм зүйл байж болохгүй.

Д.Дамба-Очир:

-Тавантолгойн асуудлыг хэлэлцээрийн түвшинд явж байгаа гэж ойлгож байгаа. Түүнээс гадуур яриад байгаа шиг зүйл байхгүй байх. Албан ёсны мэдээллийг танилцуулсны дараа байр сууриа илэрхийлнэ.

Н.Оюундарь:

-Тавантолгойн асуудлаар албан ёсны мэдээлэл ирээгүй учраас байр сууриа илэрхийлэхгүй.

Н.Номтойбаяр:

-Тавантолгойн хэлэлцээрийг урт удаан хугацааны тогтвортой байдал гэж харж байгаа. Ер нь Монголын нүүрсийг хэн худалдаж авах юм бэ. АНУ-д зарахгүй биз дээ.

Я.Санжмятав:

-Албан ёсны мэдээлэл байхгүй учраас байр суурь илэрхийлэхгүй.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?