ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДЭМЖИВ

2017-01-04  

Өнгөрсөн сарын 27-нд өргөн барьсан Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа МАХН илэрхийлж тус намаас гишүүнээр сонгогдсон О.Баасанхүү болон намын зарим гишүүд өчигдөр 11:00 цагт мэдээлэл хий­сэн юм. Харин хуулийн төс­лийг үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэ­лэл­цэж гишүүдийн 100 хувийн саналаар дэм­жив. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын ги­шүү­дийг байлцуулах, мөн Ерөнхийлөгчийн сон­гуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн учраас хойшлуулах са­нал гаргасан ч хүлээж авсангүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энх­болд “Байнгын хороонд харъяалагддаг АН-ын гурван гишүүн чөлөө ав­сан. Тус намын гишүүн З.Наран­туяа хуулийн төс­лийг хамтран санаа­чил­сан учраас бүлгийн гишүүдтэйгээ ярьж са­нал солилцсон байх. Хуу­лийн төслийг хэлэлцэж батлах хугацаа давчуу бай­гаа учраас хойш­луу­лах боломжгүй” гэсэн ха­риул­тыг өг­сөн юм. Хурал­даанд ир­сэн 11 гишүүнээс Д.Лүндээ­жан­цан, Б.Жавхлан нар асуулт асууж тодруулснаар санал хэлэх гишүүн байгаагүй тул гишүүд 100 хувийн саналаар дэм­жив.

Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуулийн тө­сөлд намууд болон СЕХ-ны дарга ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/ : ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ  ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль  Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намаас үл хамааран 45 нас хүрсэн, нийт ард түмний 51 хувиас дээш санал авсан, мөн аль нэг нам бус нийт ард түмнийг төлөөлөх үүрэгтэй байдаг. Гэтэл хуулийн заалтын 6.3-т 45 насанд хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, бусад шаардлага хангасан Монгол Улсын уугуул иргэн нэр дэвшинэ гэсэн. Үндсэн хуульд  Монгол Улсын иргэн хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих бүрэн эрхтэй гэсэн. Монголд амьдарсан гэсэн хуульд байхгүй заалт оруулж ирж байна. Амьдарсан эсэхийг нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно гэсэн байгаа. Хатуухан хэлэхэд хэн ч нэр дэвших эрхгүй болно. УИХ-ын гишүүд, энгийн иргэд ч хувийн зорилгоор юм уу гадаадад ажиллаж тодорхой хугацаагаар амьдардаг. Хувийн зорилгоор гадаадад амьдраагүй гэдэг нь зөвхөн УИХ-ын гишүүн дэвших эрхтэй болж байна. Ерөнхийлөгчид хамтран нэр дэвшүүлнэ гэдгийг заахаас гадна заавал тухайн намын гишүүн байх ёстой гэсэн. Өнгөрсөн дөрвөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг харах юм бол аль нам хамаарахгүйгээр дэвшүүлж ирсэн. Суудалгүй гишүүн ч аль нэг намаас дэвшүүлж байсан. Гэтэл одоогийн хуулиар хоёрхон намын тоглоомын сонгууль болох гэж байгаад харамсч байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн албан хаагчаас чөлөөлөгдөхийг шаардаж байна. Нам бус хүн өргөдлөөр хүсэлт гарга гэж байгаа нь намд элсэх шахалт үзүүлж байна. Суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцож болно гэсэн. Оролцохгүй байж ч болно гэсэн санаа байна. Гуравхан нам байхад хамтран нэр дэвшүүлэх саналыг хөндөж байгаа нь МАХН-ыг буланд шахаж байна. Сурталчилгаа 18 хоног байгааг уртасгах ёстой гэж үзэж байгаа. Мөрийн хөтөлбөрөө гаргаж сонгогчидтой уулзах ёстой.

Н.Энхболд /Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/ : ЗАРЧМЫН БОЛОН НАЙРУУЛГЫН ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛСАН

- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 1993 оноос хойш долоон удаа өөрчлөлт оруулсан. 2015 онд Сонгуулийн тухай хууль батлагдсанаар  УИХ, сум дүүргийн сонгуулийн бүхий л харилцааг нэг хуулиар зохицуулж ирсэн. Гэвч сонгууль бүр өөр өөрийн гэсэн онцлогтой учраас тусгайлсан хууль шаардлагатай байгаа гэж үзсэн. Тиймээс хуулийн үндсэн зарчмыг улам тодорхой болгож, шинэчлэн найруулж боловсронгуй болгох цаг үеийн шаардлага тулгарч байна. Зарчмын болон найруулгын зарим өөрчлөлтийг оруулсан. Тогтолцоо, шалгууртай холбоотой зарчмын томоохон өөрчлөлт оруулаагүй.  СЕХ-ны санал дүгнэлтийг тусгаж, нарийвчилсан зохицуулалт хийсэн. Ойлголын зөрүүтэй зарим заалтыг тодруулж найруулсан байгаа. Хандивын хэмжээг 2013 оны үеийнхээр хуулийн төсөлд тусгасан. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг сонгуулийн төв байгууллагаар дамжуулан харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгох, нэр дэвшигчийн ХОМ-ийг АТГ-т  гаргаж тус байгууллагаас тодорхойлолт авч өгдөг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа шат дамжлагыг багасгасан гэж үзэж байгаа. Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсан хавтас дугтуйны зардлыг улсын төсвийн санхүүжилтэд нэмж тусгах СЕХ-ны саналыг тусгасан. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын хяналтыг сайжруулах заалт бий. Сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоог аймаг, нийслэл, дүүргээр нарийвчилж тогтоож өгөх заалт нэмж оруулсан. Холбогдох хуулийн төслүүдийг хамт боловсруулж хэлэлцэх шаардлагатай.   Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээр сарын эхний хагасаас хэтрүүлэхгүй батлаад, Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа товыг зарлах зорилготой байгаа.

Ч.Содномцэрэн /Сонгуулийн Ерөнхий хорооны дарга/ : АЛДАА ДУТАГДЛЫГ ЗАСЧ САЙЖРУУЛЖ БАЙГАА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

-Сонгуулийн тухай нэгдсэн хуулийг гаргахад СЕХ-ноос УИХ, Засгийн газарт санал хүргүүлж байсан. Засгийн газарт 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг дэмжих боломжгүй. Хууль тус бүрт нь нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэсэн саналыг хүргүүлж байсан. СЕХ энэ байр суурь дээрээ хэвээр байгаа. Үндсэн хуульд УИХ-ын сонгууль, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын тоо сонгох журмыг хуулиар тогтооно гээд тус тусад нь зааж өгсөн. Одоогийн хуулийн төсөл дээр СЕХ ажилласан, саналаа өгч тусгасан. Өмнөх сонгуулиудаар гарч байсан алдаа дутагдлыг засч сайжруулж байгаа гэж үзэж байна. 2012 онд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үндсэн үзэл санаа 2015 оны хуульд тусгагдсан. Одоогийн төсөл эдгээр хуулиудын үзэл баримтлал, үндсэн зарчим алдагдаагүй. Сонгогчдын бүртгэлийн судалгаан дээр хилийн цэргийг орхигдуулсан. Өнгөрсөн сонгуулиар Батлах хамгаалах яамны заалтаар явуулсан. Нэгдсэн хуулиар сум, дүүргийн сонгуулийн хороод УИХ-ын сонгуулийн заалтыг сум дүүрэг хэрэглэх гэж будилсан тохиолдол гарсныг зөвлөмжөөр зохицуулсан. Цаашид энэ алдаа дутагдлыг засаад явах нь зүйтэй. Сонгуулийн ерөнхий хороонд хяналтын нэгж байдаггүй. Сонгуулийн дараа аудитын байгууллагаас хяналт сайжруулах зөвлөмж өгсөн. УИХ-аас баталсан төсвийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гээд шат шатанд хуваарилдаг. Үүний зарцуулалтыг тухайн орон нутгийн аудитын байгууллага хянах хэрэгтэй. Төлөвлөлтөд нь ч хяналт тавих ёстой.

С.Эрдэнэ /АН-ын бүлгийн дарга/: ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ИРҮҮЛЭЭГҮЙ

-Манай намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн материалыг албан ёсоор ирүүлээгүй.  Тэгэхээр намын гишүүд хуулийн төсөлтэй танилцаагүй гэсэн үг.  УИХ-ын Тамгын газраас төслийн танилцуулгыг бидэнд ирүүлээгүй. Тиймээс хуулийн төсөлтэй танилцсаны дараа байр сууриа илэрхийлэх боломжтой.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?