АГААРТ ДЭГДЭХ ТООСОНЦОРЫГ 80 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛНА ГЭВ

2017-01-06  

НИТХ дахь МАН-ын бүлгийн байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах” ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдлаа. Энэ үеэр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Гэр хороололд Улаанбаатар хотын нийт иргэдийн 57 хувь нь амьдарч, түүхий нүүрс түлсээр байна. Гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа хотын нийт агаарын бохирдлын 80 хувийг эзэлдэг. Гэтэл автомашинаас ялгарч буй утаа 10 хувь, цахилгаан станцаас гарч байгаа утаа зургаан хувийг эзэлж байна. Цахилгааны  шөнийн тарифыг тэглэсэн ч орон нутгийн иргэд нийслэл рүү нүүж ирээд байвал энэ асуудлыг шийдвэрлэхэд хэцүү. Тиймээс Хотын удирдлагуудын зүгээс нийслэл хотруу шилжин ирэгсдийг түр хугацаанд хязгаарлах, шинэ суурьшлын бүсэд яндантай өрх байлгахгүй байх, үйлчилгээний байгууллагуудын хог хаягдал түлэхэд хяналт тавих (дугуй, тос, масло гэх мэт), сургууль цэцэрлэгийн дотоод чанарыг сайжруулахад анхаарч ажиллана” гэдгийг онцлов.

Мөн тэрээр, агаар бохирдуулдаггүй шахмал, хагас коксжсон түлшний татаасыг 11-12 дугаар сард шийддэг. Гэтэл энэ үед иргэдийн 70 хувь нь түлшээ нөөцөлсөн байдаг. Энэ нь эргээд түлшний үйлдвэрүүдийн борлуулалтад сөргөөр нөлөөлж, санхүүгийн хувьд бүрэн бэхжих бололцоог олгохгүй байгаа тул түлшний татаасыг жил бүрийн зургадугаар сард шийдэхийг санал болголоо.

Түүнчлэн төслийн хүрээнд, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахад чиглэсэн хотын татварын тогтолцоог бий болгож, судалж боловсруулах, Азийн хөгжлийн банкны “Өрхийн мэдээллийн сан”-гийн судалгаагаар амьжиргааны нэн ядуу түвшинд амьдарч байгаа 41 мянга орчим иргэн рүү чиглэсэн халамжийн бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхийг тусгажээ.

Хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах” зорилгын хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, 12-оос дээш насжилттай нийтийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслийн утааны стандартыг хангаагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохыг  хязгаарлах талаар онцлов. Ажлын хэсгийнхэн хэсэгчилсэн халаалтын эх үүсвэрээс үүдэлтэй агаарт дэгдэх тоосонцорыг 80 хүртэлх хувиар бууруулах зорилго тавьсан аж. Ингэхдээ нийслэлийн болон төрийн байгууллагуудын халаалтын зуухнуудыг халаалтын өөр шийдлээр солихоор төлөвлөсөн байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Өнгөрсөн дөрвөн жилд агаарын бохирдлыг бууруулахад 196 тэрбум төгрөгийг зарцуулсан. Буруу бодлого явуулснаас агаарын бохирдол буурах бус эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ жил эдийн засгийн хямралаас болж харьцангуй бага төсөв төсөвлөж байгаа учир маш зөв зарцуулах ёстой. Мөн амьжиргааны түвшнөөс доогуур өрхүүдээ Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрд байгаа “Нэг өрх- нэг ажлын байр” хөтөлбөртэй уялдуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг ганцхан жилийн хугацаанд  огцом бууруулах боломжгүй. Утааны улирал дууссан ч бусад улиралд агаарын бохирдлыг бууруулах ажилд анхаарал хандуулмаар байна” гэв.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг 2012-2016 оны хүйтний улирлын байдлаар /арван нэгээс хоёрдугаар сар/ харахад 2013 оны хүйтний саруудад агаар бохирдуулагч гол дөрвөн хэмжээсүүд бусад онуудынхаас их байжээ. Мөн тус хурлаар агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ долоо дахин ихэсч,  гамшгийн байдалд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс дотоод агаарын чанарыг сайжруулах тал дээр ажиллаж, 200 орчим сургууль цэцэрлэгт тоног төхөөрөмж суурилуулжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?