Б.ЭНХБАЯР : ХӨТӨЧ НЬ, ХЯНАГЧ НЬ, БАС ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭГЧ НЬ ИРГЭД ӨӨРСДӨӨ БАЙНА

2017-02-20  

Өнөөдөр ХЗДХЯ, Дэлхийн банкны группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголбанк болон холбогдох бусад байгууллагууд хамтран “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан” -гийн нээлтийг хийлээ.

Нээлтийн ёслолын үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хэлсэн үгэндээ “Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн хөтөч нь, бас хяналт тавигч нь, мөн үр өгөөжийг нь хүртэгч нь иргэд өөрсдөө байна” гэж хэлсэн юм.

Цахим орчинд суурилсан барьцааны мэдэгдлийг бүртгэх энэхүү горим нь эдийн засгийн харилцааны оролцогчид аль болох түргэн шуурхай харилцах, мэдээлэл солилцох, мөн түүнчлэн барьцааны талаарх эрх зүйн зохицуулалтт өнөөгийн нийгмийн хөгжлийн шаардлагыг хангах учиртай.

Дашрамд дурдахад манай улсад өнгөрсөн хугацаанд орж ирсэн гададын шууд хөрөнгө оруулалтаас даруй 2 дахин их хөдлөх эд хөрөнгө иргэдэд байна гэсэн судалгаа байдаг юм. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн цусны эргэлт сайжирч, бизнесийн харилцаанд нэгэн шинэ боломж нээгдэж байгаа юм.

Хуулийн зохицуулалттай холбоотой холбогдох бусад мэдээлэл

Барьцаа нь хуульд зааснаар эсхүл сонирхогч талууд гэрээ байгуулснаар үүсэх ба барьцаалагч, барьцаалуулагч талууд нь иргэн, хуулийн этгээд байж болно. Хуульд зааснаар барьцааны зүйл нь иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө байж болно.

Барьцааны эрхийн баталгаажилт нь барьцааны зүйлийг эзэмшилдээ авснаар, барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр, эсхүл барьцааны зүйлийг хяналтдаа авснаар баталгаажна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэлийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэж, бүртгэлийн дугаар олгох бөгөөд барьцааны мэдэгдлийг барьцаалагч эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр бүртгүүлнэ.

Барьцааны мэдэгдлийн бүртгэл нь зөвхөн тодорхой өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, барьцааны эрхийн дараалал тогтоох зорилготой бөгөөд сонирхогч этгээд барьцааны гэрээний агуулгын талаар барьцаалагч, эсхүл барьцаалуулагчаас тодруулга хүсч болно.

Барьцаалагч барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх зөвшөөрлийг барьцаалуулагчаас бичгээр авах бөгөөд барьцаалагч болон барьцаалуулагч бичгээр харилцан тохиролцсон бол барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулахаас өмнө эсхүл барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлж болно.

Тус цахим мэдээллийн сан нь барьцааны талаар мэдээлэл авах, хайлт хийхэд олон нийтэд нээлттэй байх бөгөөд цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор уг хуульд нийцүүлэн барьцааны бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд ингэж бүртгүүлсэн барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулсан өдрөөс баталгаажсанд тооцно.

Энэхүү арга хэмжээ нь бүхэлдээ манай оронд зах зээлийн эдийн засгийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход томоохон дэвшил болж байгаа юм.

 

 

Эх сурвалж : ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?