ХОТЫН ДАРГА: 2020 ОНООС ӨМНӨ АЙЛ ӨРХҮҮДИЙГ ХОГОО АНГИЛАН ЯЛГАДАГ БОЛОХОД АНХААРНА

2017-04-01  

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Цагаан давааны хогийн цэгийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж харав. Хотын дарга нэн тэргүүнд хаягдал дугуйг буталж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтанг үйлдвэрлэдэг “Инархис” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орших уг компани байгуулагдаад 8 жил болж буй аж. Энэ хугацаанд нийт автомашины 8 сая хаягдал дугуйг буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэсэн байна. Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр учирлав.

Тэрбээр, “Бид өөрсдөө дугуй засварын газруудаар явж, хаягдал дугуйг худалдаж авдаг. Байршлаас нь шалтгаалаад 150-350 төгрөгийн үнэтэй байна. Манайхтай ижил хоёр ч үйлдвэр байгуулагдсан ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Энэ нь борлуулалттай холбоотой. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерт ихэвчлэн БНХАУ-аас хавтан оруулж ирдэг аж ахуйн нэгж шалгардаг. Шалтгаан нь үнэ нь хямд. Тухайн бүтээгдэхүүн нь чанаргүй байсан ч тендерийн хуулиар хамгийн хямд үнэ санал болгосныг нь шалгаруулдаг. Би анхандаа бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг байсан бол одоо насан туршийн баталгаа өгдөг болсон. Манай бүтээгдэхүүнээр барьсан хүүхдийн талбайн хавтан гэмтлээ гэхэд бид үнэгүй солиод өгнө. Гэмтсэн хавтанг үйлдвэртээ авч ирээд дахин боловсруулах юм. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нийслэлийн удирдлагууд ч гаднын чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй гэж хүсч байна” гэлээ.

Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг судлахаа илэрхийллээ

“Инархис” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, Гурвалжингийн гүүрний ойролцоо дахин нэг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа аж. Тухайн үйлдвэр нь одоогийнхоос 4 дахин их хүчин чадалтай юм. Уг үйлдвэрийг ашиглалтад оруулбал, нийслэл хаягдал дугуйн асуудлаас бүрэн ангижрах боломжтой аж. Үйлдвэрийг байгуулахад 600-700 сая төгрөг шаардлагатай бөгөөд нийслэлээс хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хаягдал дугуйг бутлах үед дотроос нь 60 хувийн ган, 40 хувийн төмрийн агууламжтай металл гардаг байна. Уг металлийг БНХАУ руу гаргаж, тодорхой орлого олдог байсан ч 4 жилийн өмнө төмрийг гаргахыг хориглосон байна. Үүнтэй холбогдуулан их хэмжээний хаягдал төмөр гарч байгаа аж. БНХАУ-д энэхүү төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 10 мянга гаруй аж ахуйн нэгж байдаг хэмээн тайлбарлав. Тус компаниас Буриад, Якутын аж ахуйн нэгж ирж туршлага судалсан бөгөөд үйл ажиллагаа нь өндрөөр үнэлэгдсэн байна. ОХУ “Инархис”-тай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжид тонн тутамд нь 300 ам.долларын дэмжлэг үзүүлдэг аж.

Хотын дарга С.Батболдын зүгээс Н.Мөнхбаярт дугуйн дотроос гарч буй төмрийг дахин боловсруулах үйлдвэр байгуулахыг зөвлөв. Мөн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг судлахаа илэрхийллээ.

Дараагаар нь хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 22 дугаар  хорооны иргэн Б.Гантулгынхаар зочлов. Б.Гантулга нь нь хувиараа хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт борлуулдаг байна. Хог хаягдлаа өөрийн хашаандаа ангилан ялгадаг бөгөөд энэ нь ойр орчимд амьдарч буй өрхүүдэд хүндрэлтэй байдаг гэдгийг хэлээд хүн амын суурьшлын бүсээс гадна газар авах хүсэлтэй байгаагаа хотын даргад уламжиллаа. Тэрбээр, “Би нэг портер хуванцар сав үйлдвэрт тушаагаад 50 мянган төгрөгийн л ашиг олдог. Хуванцар сав хэт хөнгөн тул ачихад овор ихтэй харагддаг. Тэгээд тээвэрлээд явж байхад замын цагдаа нар зогсоож, даацын хэмжээ хэтрүүллээ хэмээн торгууль ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, олсон ашгаараа ихэвчлэн торгууль төлдөг хүндрэлтэй тал бий. Тиймээс хотын захад газартай болоод, аж  ахуйн нэгжүүд өөрсдөө очоод авдаг болчихвол асуудлаа бүрэн шийдвэрлэж чадна” гэлээ.

Хотын дарга 2020 оноос өмнө айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг болоход анхаарна

Мөн үеэр хотын дарга С.Батболд Цагаан давааны хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 3 томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа юм. Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 мянган тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг ландфилл буюу булах технологиор устгадаг байна. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа аж. Хог хаягдлыг боловсруулахад нэн тэргүүнд айл өрхүүд хогоо дахин боловсруулах боломжтой болон боломжгүй хэмээн ангилан ялгадаг болох хэрэгтэй гэдгийг Хот тохижилтийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулав.

Нэг тонн хог хаягдлыг ландфиллын аргаар устгахад 2080 төгрөг зарцуулахаар 2006 онд баталсан байна. Түүнчлэн хог хаягдал булах тоног төхөөрөмж, эвдэрч, хуучирснаас эхлээд олон асуудал тулгарсан тул судалгаа хийж, санхүүжилтийн хэмжээг нэмэх шаардлагатайг албаныхан онцолж байлаа.

Хотын дарга 2020 оноос өмнө айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг болоход анхаарахаа хэлээд, “Надад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй олон аж ахуйн нэгж ханддаг. Гэвч нийслэлээс гарч буй хог, түүний онцлогт судалгаа хийж, ТЭЗҮ-гээ боловсруулаагүй байдаг” хэмээв. БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваа, “Өндөр хөгжилтэй орнууд ландфилл технологиос татгалзаж, дахин боловсруулах чиглэлд түлхүү ажиллаж байгаа. Манайх ч удахгүй энэ системд орно. Гэхдээ айл өрхүүд хог хаягдлыг ангилан ялгадаг болохоос эхлээд эрхзүйн орчиндоо тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нийслэлийн нийт хаягдлын 59 хувийг барилгын хог эзэлдэг. Үүнийг ахуйн хогтой хамт хаяхаар дахин боловсруулахад ихээхэн хүндрэл учруулдаг. УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийг баталсан. Гэхдээ дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул энэ хаврын чуулганаар нэн даруй батлуулахаар БОАЖЯ ажиллаж байна. Хуулийн хүрээнд хог тээвэрлэх, устгах гээд бүх ажлыг журамлаж өгнө. Түүнчлэн аюултай хог хаягдлыг устгах газрыг шийдвэрлэх шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх чиглэлээр БОАЖЯ, НЗДТГ болон Төв аймгийн ЗДТГ-тай ярилцаж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” хэмээв.

Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ борлуулалтад дэмжлэг хүслээ

Уг ажлын хэсэг“Хэв хашмал хуванцар” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн захирал Э.Хүдэрбат “Манай компани нь 2014 онд байгуулагдсан. Анхдагч түүхий эдээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, хоёрдогч түүхий эдээр барилга, зам, гүүрт өргөнөөр ашигладаг арматур, зай баригч гэх мэт нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж байна. Анхдагч хуванцар түүхий эдийг Солонгос улсаас оруулж ирээд ахуйн хэрэглээний аяга, сав, эвлүүлдэг гэр зэргийг үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө бидний судалгаагаар манай улс 140 сая гаруй ширхэг нэр төрлийн хуванцар бүтээгдэхүүн импортолдог юм билээ. Харин манайх 70-аад сая ширхэг хуванцар үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Стандарт хэмжилзүйн газраас байгууллагынхаа стандартыг авчихсан байгаа. Харин одоо үйлдвэрлэж буй зүйлээ үндэсний стандарт болгох хүсэлтээ тавиад ажиллаж байна. Магадгүй энэ жил үндэсний стандарт батлагдах байх гэж найдаж байгаа” хэмээн үйлдвэрээ таницуулж, хотын даргаас бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх талд анхаарч өгхийг хүслээ.

Хотын удирдлагууд энэ долоо хоногийг хог хаягдал, хот тохижилтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Удахгүй энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд шаардлагатай гэвэл НИТХ-д асуудлыг өргөн барьж, цаашид БОНХАЖЯ-тай хамтраад Засгийн газарт асуудлыг өргөн барьж шийдвэрлүүлэх талаар хотын дарга ярьж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Золбоо:Хөгжилтэй улс орнууд хогоо ангилан ялгаж хаяад боловсруулаад түлш гаргаж байхад. Манай улс хаа байсан юм бэ 2017-04-01
Нта:Юуун 2020 он бээ...яг одооноос эхлэх хэрэгтэй ш дээ..хог ангилж хаях ямар их хэрэгтэй гээч.. бас л нэг соёл ш дээ эрхэм хотын иргэд минь эээээээ...ногоон уутанд хогоо хийгээд хаяж л байсан шүү дээ..даанч бас гялгар уут гээд мөнгө идэх л байхдаа. 2017-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?