Д.АРИУНБОЛД: МОНГОЛЧУУД МААНЬ ТӨРӨӨ ДЭЭДЭЛДЭГ, ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ ГЭЖ ЗАЛБИРДАГ АРД ТҮМЭН ЮМСАН

2017-09-27  

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2010 онд “Эрдэнэс -Таван толгой ХК-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн  бөгөөд Стратегийн ач холбогдол бүхий  нүүрсний энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Зуун хувь төрийн өмчит " Эрдэнэс-Таван толгой”  ХК -ийн үйл ажиллагааг дан монголчууд удирддаг гэдгээрээ бусад уурхайгаас ялгардаг. Орон тооны 640 монгол ажилтантай, гэрээгээр 3000 гаруй монгол иргэд хамтран ажилладаг. Энэхүү компанийн өнөөгийн болон ирээдүйн хувь заяа монгол иргэн бүртэй хамаатай. "Эрдэнэс -Таван толгой”-н 1072 хувьцааг монголын ард түмэн эзэмшиж буй.

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө томилогдсон Д.Ариунболд гүйцэтгэх захиралтай тус компанийн хамт олон зургаахан сарын хугацаанд БНХАУ-ын Чалко компанид төлөх  өрийг бүрэн дарж барагдуулж, улс орны нуруун дээрээс эдийн засгийн дарамтыг багасгахад хувь нэмэр оруулсан.  Ард иргэд эзэмших хувьцаагаа  амь оруулж, ногдол ашгийг хүртэх боломжийг энэхүү хамт олноос хүлээж буй.  Ардаа гүйцэтгэсэн  ажилтай, өмнөө хүрэхээр зорьж буй зорилготой   “Эрдэнэс –Таван толгой”-ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой ярилцсанаа толилуулья.

-"Эрдэнэс Таван толгой” ХК нь зөвхөн улс төрчдийн төдийгүй ард иргэдийн анхаарлын төвд байдаг болов. Хэдэн сарын өмнө  Чалкогийн өрийг бүрэн төлж барагдуулсан. Ойрын зорилго, төлөвлөгөөг сонирхоё? 

-“Эрдэнэс Тавантолгой” ХК компани энэ жил 11.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар 7.2 сая тонн нүүрс экспортлоод байна. Ирэх  гурван сард энэ түвшингээ хадгалбал төлөвлөгөөгөө биелүүлчих тооцоо бий. Өнгөрсөн жил 7.6 сая тонн нүүрс олборлосон байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн амжилтыг  эхний найман сард хийсэн гэсэн үг. Төлөвлөсний дагуу ажил жигд явж байгаа. Гадаад өр төлбөр дууссан.  

Гол нь Чалкогийн өрийг дарснаар  үнийг эрх тэгш хэлэлцэх боломж үүссэн. Өр дарснаар наад зах нь 8 сая  ам.долларын ашиг үүссэн тооцоо байдаг. Энэ бол бидний тавьсан гол зорилтын нэг байсан.  Цаашид хөгжлийн санд төвлөрсөн 200 сая ам.долларын өр төлбөрийн  бий. Үүнийг энэ ондоо багтаагаад хаах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Нүүрсний салбарт хамгийн тулгамдсан асуудал бол зам. Тэр тусмаа “Гашуунсухайт-Тавантолгойн” төмөр зам баригдчихвал их үр ашигтай?

-Олборлосон нүүрсээ  борлуулахад хамгийн том, хүндрэл учруулж байгаа зүйл нь дэд бүтэц, тээвэр ложистикийн асуудал байгаа юм. Үүнээс болоод ТЭЗҮ дээр төлөвлөсөн борлуулалтаа хийж чадахгүйд хүрдэг. Зам тээврийн яамнаас саяхан автозам барих тендер зарлачихсан . Үүний  хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдчихвэл зам тавигдаад эхэлчих байх.

Төмөр замын асуудалд Хятадын Засгийн газраас саяхан хөнгөлттэй тусламжаар нэг тэрбум ам.долларын зээл өгөхөөр яригдсан. Үүний 400 сая долларыг нь Гашуунсухайтын замд оруулна гэдэг шийдвэр гарсан тул 400 сая ам.долларын хэмжээний замын асуудал явагдах юм байна гэж ойлгож болно.

-Нүүрс тээвэрлэх төмөр замыг ОХУ-руу тавина, Хятад руу тавина гээд улстөрчдийн дундах  маргаан үргэлжилсээр. Аль нь нүүрсний экспортод илүү үр ашигтай юм бэ?

-“Эрдэнэс –Таван толгой” ХК нь нүүрсээ зайлшгүй экспортлоно. Тэгэхээр бүх л боломжийг ашиглах нь чухал. Тэр боломжуудын нэг хувилбар нь Восточный ( алс дорнод) боомт юм. Алиных нь үнэ өртөг хамгийн бага, хамгийн боломжит нөхцөлтэй вэ? гэдгийг сайн тооцоолох учиртай. ОХУ руу төмөр зам тавих асуудлаар тодорхой судалгаа хийгдэх байх.  Ямар ч нөхцөлд, эхний ээлжинд Гашуунсухайт хүртэлх 260 км төмөр замынхаа  асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байна. 

-Орос, Хятад гэсэн  хоёр зах зээл рүү нүүрсээ зэрэг  гаргалаа гэж төсөөлөхөд, "Эрдэнэс ТаванТолгой" ХК -ийн хувьд техник, технологи, хүн хүчний  боломж хэр байгаа вэ?

-“Эрдэнэс Таван Толгой" ХК бол ТЭЗҮ-гээр жилд 30 сая тонн нүүрс экспортлох судалгаа, тооцоо бий. Гэтэл түүхэндээ хамгийн их буюу 2016 онд  7.6 сая тонн, 2017 онд 11.5 сая тонныг экспортлоно. Тэгэхээр бид техник эдийн засгийн үндэслэлээсээ гурав дахин бага нүүрс гаргаж байна гэсэн үг. Энэ нь дэд бүтцээс л хамааралтай.

Автозам, далайн боомт, төмөр зам зэрэг тээвэр ложистикийн асуудал бүрэн шийдэгдвэл компани жилд 30 сая тонныг экспортлох боломжтой. Мөн нүүрс, угаах боловсруулах асуудлыг ч  бүрэн шийдэх шаардлага үүснэ. 

-Нүүрс тээвэрлэдэг автозамын урт цуваа үүсчихээд буй асуудлыг “Coal Mongolia”-н үеэр нэлээд шүүмжлэлтэй ярьсан. Үүссэн цувааны асуудлаар дэвшил гарсан мэдээлэл байна уу? 

-Өнөөдөртөө  өөрчлөгдсөн, дэвшил гарсан зүйл алга. Өмнө нь хил дээр 70 гаруй км  урт цуваа үүсчихсэн байсан бол 105 клометр болж уртассан байна. Нэг шалтгаан нь Хятад улсын  талаас манай тээвэрлэлтийн машинуудыг нэвтрүүлдэг хилийн гарцаа цөөлсөнтэй шууд холбоотой.

Дээр нь Хятад улсын Гаалийн байгууллагаас машинд хийх үзлэгийн цагаа уртасгаж, шалгалтаа өндөрсгөсөн. Энэ хоёр шийдвэр нь тээвэрлэлт эрс багасахад нөлөөлсөн. Өдөртөө 1500 гаруй машин явуулдаг байсан бол одоо 300-500 машин л явуулж  байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт 30-50 хувиар буурчихаад байна гэсэн үг.

-Энэ шалтгааныг Хятадын талаас тайлбарлахдаа хил гаалиа чангатгах шаардлагатай холбосон мэдээлэл бий.  Хууль бус барааг нүүрсний машинд нууж гаргах тохиолдолтой холбосон тайлбар өгдөг. Гэтэл яг үнэндээ бол хоёр орны харилцаанд сэв суусан гэх яриа бий. Нүүрсний салбарын гол төлөөлөгчийн хувьд  Та энэ асуудлыг хэрхэн харж, ойлгож  байгаа вэ?

-Тодорхой шалтгаан тоочдог. Хятад улсад ойн баяр боллоо гэсэн. Дараа нь хил орчимд цэргийн сургуулилт болж байна гэж тайлбар дуулдсан. Яг өнөөдрийн байдлаар  11 дүгээр сард Хятадын коминист Намын  Их Хурал болох гэж байгаа тул тэр хүртэл хяналт шалгалтыг сайжруул гэсэн үүрэг өгсөн гэдэг мэдээллийг хятадын талаас өгч байгаа юм.

Харин Монголд ирсэн зохих өндөр албаны хүмүүс  хилээ чангатгах болсон нь цаанаа улстөрийн шалтгаантай. Монголын зарим нэг улстөрчдийн мэдэгдэлд сэтгэл дундуур байх нөхцөл үүссэн гэж хэлж байна. Тэгэхээр хоёр  орны эрх баригчидын харилцаа, хандлагатай  холбоотой байх магадлалтай. 

-Хятадад нүүрсний хэрэгцээ бий. Өмнөхөөсөө бараг 50 хувиар бага нүүрс хил давж байна гэж бодохоор Хятадын талд ч хохирол учирдаггүй  юм уу. Эс бөгөөс Хятадад нүүрсний  нь хомсдол үүсэх аюул нүүрлэхгүй юу?

-Тодорхой хэмжээгээр хомсдол үүссэн, түүнээс улбаалаад нүүрсний ч  үнэ бага зэрэг өссөн. Хэдийгээр  нүүрсний асар их хэрэгцээ БНХАУ-д байгаа ч Монголоос авдаг хэмжээ нь маш бага. Өөрөөр хэлбэл нөлөө үзүүлэх хэмжээнд хүрдэггүй.  Манайхаас авах нүүрсээ багасгасан тохиолдолд, зөрүү нүүрсийг нь  хаа нэгтээгээс нөхөөд авчихдаг. Ялгаа нь манайхаас яльгүй өндөр үнээр авдаг. Хятад бол нүүрсний хамгийн том хэрэглэгч шүү дээ. Тиймээс нүүрсний хэрэгцээ нь өссөөр байгаа. 

-Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу?  "Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө таныг Монцамэ агентлагийн захирлаар ажиллаж байсныг л мэдэх юм?

-Миний мэргэжил мэдээлэл холбооны инженер. Хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа Монголын Үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлагийн гүйцэтгэх захирлаар найман жил ажилласан.

 Монголын үе үеийн дэвшилтэт бичгийн хүмүүс, сэхээтнүүдийн төв цэг байсан гэж хэлж болно.  “Монцамэ” агентлагт аваачиж “чанагдсан” олон сайн сэтгүүлч уран бүтээлч бий. Сэтгүүлчдийг бэлтгэдэг өөрийн школтой. Сэтгүүл зүй, мэдээлэл зүй гэдгийг Монцамэ үлгэрлэдэг байсан. Ийм л нэр хүндтэй байгууллагыг 8 жил удирдаж, түүхийг нь бичилцэж байснаараа бахархдаг.

Сүүлийн жилүүдэд  хувийн хэвшилд зүтгэсэн. Барилгын салбарт 10 жил амжилттай ажиллаж, улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан. Мэдээлэл технологийн инженер, удирдахуйн ухааны магистр цолтой. Жилийн өмнө "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоход,  уул уурхайн салбараас хөндий, хэвлэл мэдээллийн хүн тавьчихлаа гэх яриа  дагалдаж байсан.

Миний хувьд, мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй.  Инженерийн сэтгэлгээ гэдэг нь хоосон орон зайд ч ажиллах чадварыг бие болгодог. Инженер хүмүүс аль ч салбарыг удирдана гэж боддог. Гэхдээ  мэргэжлийн хүмүүсийг зохих гол ажилд тавих ёстой. Тухайлбал,  уурхайн орлогч, тухайн уурхай хариуцсан захирлыг нь мэргэжилтэй хүнээр тавих нь зөв.

Орчин үед удирдлагыг сонгохдоо IQ биш EQ гэдэг зүйлийг шалгуур болгодог болсон. Хуучин бол мэдлэг чадвартай байх ёстой гэдэг байлаа. Одоо удирдах чадвар, хүнтэй харилцах чадвар, нийгэмд өөрийгөө илэрхийлэх, таниулах чадвартай, хүмүүстэй харилцах чадварыг эзэмшсэн байхыг шаарддаг болсон байна. Ийм чадварыг эзэмшсэн хүмүүс аль ч салбарт ажиллаад явах боломжтой байгаа юм. Хувийн болон хувьсгалын салбарт аль алинд нь ажиллаад үзчихсэн, удирдах албан тушаалыг хашиж байсан учир энэ албанд намайг тавьсан юм болов уу.

- Төрийн томоохон албанд томилогдох хүмүүст тодорхой шаардлага тавих нь ач холбогдолтой гэж таны хэлснээс ойлгож болох нь.  Тэгэхээр улстөрийн албанд ажиллах хүмүүсийг ажилласан жил, туршлага,  нас зэргээр нь заачихвал зөв юм биш үү?

-Хувийн салбар удирдаад үзчихсэн хүмүүс, яаж хэрхэн ашигтай ажилладаг талаар өөрийн арга барилтай болсон байдаг. Тэдэнд цагаа хий үрээд, улсын хөрөнгийг үрэгдүүлэх зуршил байхгүй. Өөрийн тогтсон мөн чанар зуршлаар ажиллана. Болдог бол төрийн өндөр албан тушаал болон төрийн томоохон орд обьектод удирдах хүмүүст тодорхой шалгуур тавих нь зөв юм. Нас, мэргэжил, боловсрол, туршлага, хувийн хэвшилд ажиллаад хүн хувиасаа цалинжуулж, улсад татвар хураамж төлж үзсэн байх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзмээр  санагдана.  Эд хөрөнгө, эрх мэдлийн шунал хор нь багассан, өөрийн хийсэн бүтээсэн үнэт зүйлтэй хүмүүс л төрдөө үнэнч зүтгэх болов уу гэж бодож явдаг.

Улс орны эдийн засаг нь тусгаар тогтнолоо алдахад нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг бид харж байна. Сүүлийн  25 жилийн хугацаанд бидэнд алдсан, ухарсан зүйл маш их байна. Хөгжих боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Саяхан Паавангийн Дамдин гуай сонинд өгсөн ярилцлагадаа , “Бид их зүтгэсэн. Ардчилалын үед бидний бүтээн байгуулсан зүйлийг зөндөө устгалаа. Устгах яах вэ дүүрч, шинжлэх ухаан хөгжсөн үед байшин барилга хөрөнгийг босгочихож болно. Гэхдээ  бүтэн эвдэрсэн сэтгэлтэй нэгэн үеийг бий  болгочихлоо шүү дээ. Зөвхөн мөнгө шүтсэн , хувийн эрх ашгаа өмнөө тавьсан бүхэл бүтэн нэгэн үеийг хүмүүжүүлчихлээ. Энэ үеийг яаж сэхээрүүлэх юм бэ.  Дараагийн хичнээн үе ирж байж бүрэн цэвэрлэгдэх вэ. Зөвхөн мөнгөний хойноос хөөсөн давхарга бий болсныг засахад хоёр гурван үе шаардана” гэж сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байсантай тун санал нийлж байна.

Зөвхөн эрх мэдэл, мөнгөний төлөө нэгнийгээ харлуулж, гутаан доромжлохоос ичихгүй байна. Монголчууд маань төрөө дээдэлдэг, Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг ард түмэн юмсан. Энэ бол уг нь монгол төрийн хар хайрцагт байх ёстой бодлого байгаа юм. 

-Гадныхнаас авсан үе, үеийн өр манай эдийн засгийн хямралыг хөөрөгдөх нь. Он гараад биднийг өр л тосож байх шиг?

-Улстөрийн тогтворгүй байдал эдийн засагт шууд нөлөөлдөг бөгөөд гаднын хөрөнгө оруулалтын эрч эрс сулардаг. Эдийн засаг нь үл хөдлөх хөрөнгөтэй мөн уяатай  байдаг. Улс төр хямраад ирэхээр үл хөдлөх хөрөнгийн үнэ унадаг. Үл хөдлөх хөрөнгийн үнэ унахаар  эдийн засаг царцаж эхэлдэг. Төсөв тасалддаг. Тэгээд л ажлын байр хумигдаж, иргэдийн орлого багасдаг. Ийм гинжин холбоо бий. Улс төр тогтворгүй болсон нөхцөлд зээлжих зэрэглэл буурна. Энэ нь эдийн засагт нөлөөлж, өндийж сэхэх боломжийг хязгаарладаг  хор холбогдолтой байдаг.

Он гараад бондын өрүүд босож ирнэ. Гадны зах зээлээс дахиад бонд босгож л  өрийг өрөөр дарна шүү дээ. Энэ нь ирээдүйд мөн л хямрал болгоно. Тэрбум долларын “Самура”, “Чингис”, зэрэг бондын өрийг яаж төлөх юм гэх мэт асуудал  бий. Энэ бол нэг тал. Нөгөө талаас бид бэлэн боловсон хүчнээ гадагш нь сул алдаж байна. Улсаас эрүүл мэнд, боловсролыг нь хариуцан мэргэжил боловсрол эзэмшсэн эрүүл саруул иргэнийнхээ  хүч хөдөлмөрийг  ашиглаж чадалгүй  гадаад оронд   хөлсний хар ажилчин болгон алдаж байна.  Үүнийг анхаарч байж л улс хөгжинө. 

-1072 хувьцааны бүртгэл явагдаж байгаа гэсэн. Заавал бүртгүүлэх ёстой юу. Хэзээ иргэд хувьцаанаасаа ногдол ашиг хүртэх вэ. Та нэг илтгэлдээ ногдол ашиг тараах хэмжээнд хүрэхэд ойрхон байна гэж байсан?

-Бүртгэлийг цэгцлэх ажил хийгдэж байгаа. Ажлын хэсэг гарсан,  ажиллаж байна.  Зарим хүмүүсийн хувьцааг төр худалдаж авсан, нэг хэсэг нь сургалтын төлбөр хэлбэрээр ашигласан, зарим ахмадууд тэтгэмж хэлбэрээр авчихсан байгаа. Тиймээс сангийн яам болон улсын бүртгэл зэрэг холбогдох бүх газрууд хамтраад, бүртгэлийн ажлыг цэгцэлж байгаа.  Нэгдсэн бүртгэл тооцоо гарна. Бүртгэл тодорхой болгосны дараа баталгаажуулах ажил явагдана.

 Ногдол ашиг өгөхийн тулд “Эрдэнэс- Таван толгой” ашигтай, өр төлбөргүй ажилласан байх ёстой. Хөгжлийн банкны 200 сая ам.долларыг хувьцаа юм уу мөнгөн хэлбэрээр өгөхийг Засгийн газраас шийдвэл, ирэх хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг өгөх нь нээлттэй болчихож байгаа юм.

-Жишээлбэл, хөдөө орон нутагт нэг хүнийг 5000 төгрөгөөр тооцож хувьцааг нь бүртгэж байна гэж байсан. Энэ хаанаас хийж байгаа ямар бүртгэл вэ?

- Бүртгэл баталгаажуулахыг брокер диллерийн компаниуд хариуцна. Тэд дансыг нь нээж өгч байгаа юм. Тэр дансанд хувьцаа байрлана. Түүнийг баталгаажуулах төлбөрт  5000 төгрөг авч байгаа байх. Одоохондоо баталгаажуулахгүй байж ч болно, дараа хувьцаа хөдөлгөөнд орчихоор, ногдол ашгаа авах үедээ баталгаажуулж ч болно. Гэхдээ ногдол ашиг авахдаа  заавал дансаа нээлгэх ёстой.  Тухайн үед нь нээлгэчихэж ч болно доо.

-Эрдэс баялгийн үнэ ханш 2021 он хүртэл эрчимтэй өснө гэдэг нарийн тооцоо судалгаанууд Хятадаас ч гарчээ. Энэ боломжийг бид хэрхэн ашиглах вэ. Яаж ахиухан ашиг олох уу. Өнөөгийн байдлаа, ярьсаар, үл ойлголцсоор боломжийг алдчих юм биш биз?

-Сүүлийн жилд нүүрс, алт, зэсийн үнэ маш тогтвортой өсч байна. Үнэ ханшийн өсөлт мөнхийн зүйл биш. Тиймээс уул уурхайн түүхий эд өндөр үнэтэй байх үед ахиуханыг экспортлоод, хуримтлал бие болгочих ёстой. Эрдэс баялгийн салбараас олсон мөнгийг хамгийн гол нь популист амлалтаар тараахгүй байх хэрэгтэй. Олсон ашгаа Хөгжлийн банкинд хуримтлуулаад, ирээдүйд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй.

Үнэ үргэлж өсөхгүй. Үнэ унавал өр төлбөртөө өгөөд, алдагдалтай ажиллаад эхлэх ч магадлал бий. Уул уурхайн түүхээ эдээс олж буй ашгаа автозам, нүүрс боловсруулах үйлдвэр, цахилгаан станц зэрэгт зарцуулах шаардлагатай байна. Нүүрсээ угааж боловсруулаад, далайн боомтоор гаргаад дэлхийн зах зээлийн үнээр зарж чадахгүй байна. Одоо тээвэрлэхдээ  автомашинаар буюу хамгийн үнэтэй шатахуун болох дизель шатаагаад нүүрсээ машинд ачаад явж байна шүү дээ.

Энэ асуудлуудаа даруй шийдвэрлэж чадахгүй бол дахиад л хямрал болоход эдийн засаг чадваргүй хэвээр байх нь. Түүхий эдийн үнэ буурах бүрт алдагдалд орсоор, өрөнд унасаар Африкийн орнуудын жишээг давтах нь байна. Нүүрс олборлох зардлаа бууруулах, энэ чиглэлд зөв менежмент хийх хэрэгтэй. Эхний ээлжинд конверийн систем нэвтрүүлчих нь зөв. Олборлолтынхоо зардлыг бууруулах шаардлагатай байна.

-Нэг хэсэг хөрөнгө оруулагчид үргэсэн, зугтааж байгаа гэдэг байсан. Харин одоо улстөрийн тогтворгүй байдал тэдэнд хүнд тусч байгаа боловч гадныхан манай нүүрсний салбарыг их ирээдүйдтэй хэмээн ихэд сонирхож байна?

- Гадныхан олборлолтын зардлыг хямдруулах технологийг бидэнд танилцуулж, санал болгож байна. Орчин үед уурхайнууд цахилгаан техник ашигладаг болсон. Манайх шиг дизель хөдөлгүүр ашиглаж байдаг уул уурхай бараг дэлхийд байхгүй. Бүгд цахилгаан болчихсон шүү дээ. “Тавантолгой, Оюутолгой”- гээд цахилган станцуудын төслийг яриад л байдаг, ажил хэрэг болдоггүй.

Бид зоригтойхон хөдлөөд, том, том шийвэр гаргаад, ярьж буй зүйлсээ ажил хэрэг болгохгүй бол маш их зардал гаргаад, маш бага ашиг олоод, заримдаа алдагдал хүлээгээд байгалийн баялгаа хий үрээд байна. Энэ бүгдийг хийхийн тулд Засгийн газар маш тогтвортой, эрчтэй хүчтэй чадвартай байх ёстой.

"Эрдэнэс-Таван толгой” ХК бол стратегийн үндэсний орд. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой том обект. Тиймээс төрөөс онцгой анхаарах шаардлагатай. Монголын иргэн бүр хувьцаа эзэмшсэн цорын ганц төрийн өмчит компани. Компанийн үйл ажиллагаа, ирээдүй нь зөвхөн төрд төдийгүй, ард иргэдэд ч хамааралтай. 

-Баяжуулах үйлдвэрүүдийн төслүүд хэрэгжих гэж байгаа юм билээ. Нүүрсээ баяжлуулаад эхлэхээр, тээвэр ложистикийн асуудал хамгийн их тулгамдах нь?

-Эхний ээлжинд бодлого хэрэгтэй. Жилдээ 15 сая тонн нүүрс угааж баяжуулах чадвартай ганцхан үйлдвэр “Энержи ресурст” ажиллаж байгаа. Үүнийгээ яаж ашиглах вэ? гэдэг асуудал бий. Нүүрсээ угааж баяжуулья гэдэг асуудлаар хэлэлцээр үргэлжилж буй. Тэднийхээр угаалгахад ямар ашиг гарах вэ гэдэг асуудал нэгдэх асуудал.

“Эрдэнэс-Таван толгой” ХК болон “Энержи ресурс” компани хоёуланд нь ашигтай тохиолдолд нүүрс угаалгах хэлцэл хийгдэнэ. Иймд энэ талаар төрөөс зохицуулалт хийх шаардлага бий. Дэргэдээ, өндөр хүчин чадалтай угаах үйлдвэр байсаар байтал, дахин нэгийг шинээр барих хэрэг бараг байна уу? гэдгийг ч бодож үзэх ёстой. Говийн бүсэд ус маш хомсдолтой. Усны тулгамдсан асуудлыг ч тооцох шаардлагатай.  

-Говь руу ус татах Орхон говь төсөл яригдаж байгаа. Энэ хэр төсөл вэ?

-Энэ бол маш сайн төсөл.Үүнийг хийх ёстой. Манай Монголын хамаг гол мөрөн гадагшаа урсаад гарчихаж байгаа. Технологийнх нь дагуу говийн бүс рүү ус татаад, ашиглах маш том зөв төсөл хэрэгтэй. Ууршилт газарт шингэх, ай савыг нь тооцох ёстой. Энэ төслийг хийж чадвал маш том амжилт болно. Усыг нь угаах үйлдвэрүүддээ ашиглаж, говийн бүсийг усжуулах нь хамгийн том, ач холбогдол бүхий төсөл болно.

-Уул уурхайн салбарын үе, үеийн захирлуудыг мөнгө идсэн,  идлээ л гэдэг. Идэх боломж тийм их байдаг юм уу. Таныг бас мөнгө зувчуулсан гэх мэдээлэл хальт харагдсан?

- “Эрдэнэс Таван толгой” ХК асар их нөөцтэй, стратегийн том орд. Хардах эрх сэтгүүлчид болон ард түмэнд байгаа. Гэхдээ хэмжээ хязгаартай хардахгүй бол гүтгэх хэлбэрт их орж байна. Д.Ариунболд чинь хамаг зүйлийг нь идчихээд гадагш явсан гэх  сайтын мэдээ харсан.

Уг нь бол хэвлэлийн ёсзүй гэж зүйл байдаг. Ихэнх гүтгэлийн шинж чанартай мэдээлэл  интернет мэдээллийн сүлжээгээр гарч байна. Компанийн зүгээс энэхүү гүтгэлгийн талаар зохих байгууллагуудад нь албан ёсоор хандсан байгаа. Гол нь өнөөдөр хэн нэгнийгээ гүтгэж хордуулахын дон туссан юм уу гэмээр байх юм.

Яагаад гэгээтэй өөдрөг нэгэн цаг байж болохгүй гэж. Монгол Улсынхаа эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхүйц нэгэн цэгийг зөв зүйтэй, ил тод болгох 2 сая хувьцаа эзэмшигчддээ ашиг хүртээх боломжийг олгохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно доо.  Үр шим нь гараад эхэлсэн л гэж бодож байна.

 

 

Эх сурвалж : Өдрийн сонин 2017.2.27

Н.Ганчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
сайнаа: сайн ажиллажээ 2017-09-27
ганди:өр ширнээс салгасан гавьяаг нь үнэлье 2017-09-27
суурь:бизнесийн ухаантай юм аа 2017-09-27
.:like 2017-09-27
Зочин:Ажлын амжилт! 2017-09-27
ичинхорлоо:улс төрчид нүүрс лүүгээ дайрч чадахаа больсон яагаад гэвэл үнэ нь ил тод болгосон 2017-09-27
зоригт:хувьцаа хэзээ амилах вэ 2017-09-27
гарьд:шахааны л хүн шархаа л нөхөхи гэж ирсэн байх гэж анх харсан гэтэл энэ хүн чинь ажил өөд нь татах гэж томилогджэнэ 2017-09-27
rrrrr:одоо Монголд төр гэж алга байна ш дээ, нам гэдэг хуйвалдааны байгуул**** л улсын удирдсан болж байна, удирдах ч гэж дээ !? чааваас, ухрааж л байх шив дээ :(( 2017-09-27
ядамаа:ЯАХАВ ДЭЭ ХӨӨРХИЙ 2017-09-28
Т:Энэ Мөнхбатын дагуулын гавьяа гэж юу байх вэ. Нүүрсний үнэ суг өсөөд бна 2017-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?