10000 МОНГОЛ ЗАЛУУСААРАА БАХАРХАЖ БАЙНА

2018-11-13  

Монгол сайхан нутагт эргэх дөрвөн цагийн аясаар намрын улирал үргэлжилж, өвлийн эхэн сартай золголоо. Ялангуяа говь нутагт хөгшдийн ярьдагаар ёстой л “налайж” байна. Налайсан энэ өдрүүдэд говь нутгаар аяны дөрөө мултлаад ирлээ.

Дундговь, Өмнөговь аймгийг зорьсон энэ удаагийн аялал маань олон иргэдийн анхаарлын төвд байгаа “Оюу толгой” хэмээх газартай танилцах зорилготой байсан юм.

Миний хувьд Оюу толгойн талаар бусдын л адил гэрээ байгуулж эхэлснээс хойш болж бүтэх асуудал бараг байхгүй, хамаг баялагийг гадагш нь зөөж байгаа гэх мэт сөрөг мэдээллүүд олонтой байснаа нуугаад яахав.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюу толгойн уурхайтай танилцах аяллын туршид Уурхайн төв цэгт байрлаж, хоёр өдрийн хугацаанд уурхайн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа.

Олон ч мэдээлэл авлаа, нүдээрээ ч үзэж харлаа.

Чих худалч, нүд үнэн гэдэгчлэн бусдаас ам дамжин сонссон мэдээллүүд, нүдээр харж танилцсан бодит байдалтай зөрчилдөж, бодолд эргэлзээ дагуулсаар....

Эргэлзээн дунд ийнхүү уурхайн үйл ажиллагаатай танилцаж явахад нэг л зүйл үнэхээр содон сайхан харагдаад байлаа.

Энэ бол 10000 уурхайчин монгол залуус.

Ижил өнгийн хувцсаар жигдэрч, нэг уурхайд арван мянгуулаа ажиллаж, амьдарч байгаа үе тэнгийн монгол залуусыг хараад үнэхээр бахархахгүй байхын  аргагүй ээ.

Монголчууд ажил хийж чаддаггүй, техник, технологийн хөгжлийг гүйцдэггүй, залхуу гэхчлэн муулах үгсэд бид бараг л дасал болчихоод байгаа. Тэгвэл монгол залуус хийж, бүтээж чадаж байнаа.

Монгол улсдаа анх удаа гүний уурхайн бүтээн байгуулалтыг 1300 м-ийн гүнд монгол залуус гүйцэтгэж байна.

Олон ч монгол инженерүүд, мэргэжилтнүүд бэлтгэгдэж, дэлхийн уурхайн хөгжилтэй хэдийнээ хөл нийлүүлжээ.

Нийгмийн ороо бусгаа энэ цаг үед залуус бүр “ажилтай” байна гэдэг хүнд асуудал болж хувирсныг бүгд л мэдэж байгаа. Ажилтай байхын тулд хувь хүний ямар мэргэжилтэй, юу хийж чаддаг байх нь тийм ч чухал биш, гагцхүү улс төрийн харъяалал, садан төрлийн холбоо тун чиг чухал үүрэгтэй байгааг ажил хайж буй залуус ярьсаар л байна.  

Ялсан намын харъяалалгүй, аль нэг дарга, сайдтай холбоогүй л бол яаж ч хөөцөлдөөд ажилд орох боломжгүй.

Иймээс идэвхтэй ажил хайж буй олны дунд “Оюу толгой”-д ажилд ормоор байна, цалин өндөр гэсэн яриа их болж.

Зарим нэг нь Оюу толгойн цалин өндөр бишээ, үүнээс илүү өндөр байх боломжтой ч гэнэ.

Харин энэ удаад Оюу толгой ашигтай юу, үгүй юу гэдгийг түр орхиё.

Хамгийн гол нь олон залуус өнөөдөр хийх ажилтай, авах цалинтай, ирээдүйдээ итгэх итгэлтэй байгаа нь тун сайхан.  Тэдний ар гэр ч санхүүгийн баталгаатай болж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлэл дүүрэн байна.

Иймд Дэлхийн уурхайн бүтээн байгуулалтанд оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж буй 10000 монгол залуусаар би бахархаж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?