Нүүр   /  

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

2020-09-01  

Есдүгээр сарын 1-ний өдөр өнөөдөр тохиож байна. Сургуулийн өмнөх боловсролын 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, дээд боловсролын 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхлүүлж, нийтдээ нэг сая дөчин мянга гаруй суралцагч хичээлдээ орлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын 10 дугаар цэцэрлэг, яслийн цогцолборын хичээл, сургалттай танилцав.

Ерөнхий сайдыг дагалдан БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Я.Төмөрбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар тус сургууль, цэцэрлэгт ажиллалаа.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан нэг ээлжиндээ 960 хүүхдийн суудалтай 147 дугаар сургууль 89 багш, 22 ажилтан, 1135 сурагчтай хичээлийн шинэ жилийн сургалтаа эхлүүлж байна. Энэхүү сургууль ашиглалтад орсноор Баянзүрх, Амгалан цогцолбор, 14, 44, 53, 92 зэрэг зургаан сургуулийн ачаалал буурч, хүүхдийн сурч, хөгжих боломж сайжирсан. 147 дугаар сургууль бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашиглалтад ороод буй 30 сургууль, 45 цэцэрлэгийн нэг гэдгийг салбарын сайд Л.Цэдэвсүрэн онцолж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш, сурагчтай уулзах үеэрээ “Өнөөдөр есдүгээр сарын нэгэн төдийгүй эх хэлний өдөр. Дүү нар минь Монгол Улсынхаа тусгаар тогтнол, түүх, соёлын баталгаа болсон төрөлх монгол хэл, бичгээ сайн сураарай. Монгол бичгээрээ заавал уншдаг, бичдэг болоорой” гэдгийг эрхэмлэн захив.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор нь 0-3 хүртэлх насны хүүхдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр Эрүүл мэндийн яамны харьяанд анх 1964 онд байгуулагдсан түүхтэй.

2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэгийн шинэ барилгын хөрөнгийг шийдүүлснээр 5.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хүүхдийн сэргээн засах зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн цэцэрлэгийн барилга 2020 оны зургадугаар сард ашиглалтад орсон юм. Шинэ барилга ашиглалтад орсноор тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

Ерөнхий сайд цогцолборын багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд амаргүй энэ албанд эцэг, эхийн хайр, багшийн сайхан сэтгэлээр хандаж ажилладагт нь талархал илэрхийллээ.

Энэхүү цэцэрлэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ хичээлийн жилд 165 хүүхдийг хамруулан ажиллаж байна. Цэцэрлэг цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ердийн цэцэрлэгийн багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг эхчүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх төв болон хөгжих юм.


 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?