ИТГЭЛТ БАНДИДА ХАМБА ЛАМ ДАШИДОРЖООС БОГД ХААНД ИРҮҮЛСЭН БАЯРЫН БИЧИГ

2020-12-27  

Төр улс, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаныг даяар олноо тунхаглан зарлах төрийн ёслолыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний билигт сайн өдөр нийт монгол үндэстний төлөөлөлийг оролцуулан өргөн тэмдэглэв. Энэхүү төрийн ёслол нь монгол үндэстний хувьд эв нэгдэлийн шинж, тусгаар улсын шинж, үндэстэн улсын шинжийг илэрхийлж байлаа. Тиймээс Богд хааны зарлигаар төрийн ёслолд ар, өвөр монгол, буриад гээд нийт монгол овогтоны төлөөлөлийг оролцуулахад онцлон анхаарчээ. Энэхүү түүхэн үйл явдал олон монголчуудын сэтгэлийг сэргээсэн бөгөөд тэдний дотор буриадууд багтаж байв. Иймээс 1912 оны 12 дугаар сард Дорнод Сибирийн буддистуудын оюун санааны удирдагч, Бандида хамба лам Дашидорж бээр бүх буриадууд болон Сибирийн бурханы шашинтуудын өмнөөс Богд гэгээнтэнд Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн явдалд халуун баяр хүргэсэн байна. Итгэлт хамба лам Дашдорж бээр Ар Байгалийн мужийн цэргийн захирагч Чиликовоор дамжуулан Эрхүүгийн Генерал губернатораас зөвшөөрөл авахаар 1912 оны 12 сарын 29-нд ирүүлсэн байна. Уг бичигт Эрхүүгийн генерал губернатор Егермейстер Князев өгсөн 1913 оны 1 сарын 2-ны өдрийн хариундаа миний талаас татгалзах зүйлгүй хэмээн хариу өгчээ. Итгэлт Хамба лам Дашдоржийн тэрхүү баяр хүргэсэн бичгийг монгол, орос хэлээр хүргэх нь зүйд нийцэх болов уу. Учир нь уг бичиг орос хэлээр шийтгэсэн байх бөгөөд монгол хэлээр хөрвүүлэн хүргэж буй юм. О.Батсайхан, түүхийн шинжлэх ухааны доктор ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН, АГУУ БОГД ХААН

Би, Эзэн хааны зарлигаар Агуу Орос улсын Дорнод Сибирийн бурханы шашинтнуудын оюун санааны удирдагчаар томилогдсон Бандид Хамба лам Дашдорж бээр хувиасаа болон бүх буриадууд, Өндөр гэгээний жинхэнэ ариун хувилгаан дүр, шашныг мандуулагч хэмээн ТАНЫГ үеэс үеэд шүтэж ирсэн бурханы шашинтнуудын нэрийн өмнөөс Бидний цусан төрөл, шашин нэгт монголчуудыг олон зуун жилийн хүнд бэрх хятадын дарлалаас амжилттай салж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН ТАНЫГ монголчуудын эх орны ДЭЭД ЭЗЭН ХААНЫ ӨНДӨР Ширээнд өргөмжлөгдсөнийг тохиолдуулан ЭРХЭМСЭГ ГЭГЭЭНТЭН ТАНАА чин сэтгэлийн баяр хүргэж, эрдэнэт алтан өлмий тань олон зунаар өнө батдаж, түмэн овогтоноо гэрэлт ирээдүйд хөтөлсөн, дэлхий ертөнцийн агуу, хүчирхэг эздийн нэгэн болсон манай БААТАР ЦАГААН ХААН НИКОЛАЙ АЛЕКСАНДРОВИЧИЙН эелдэг мэргэн ивээлийг хүртсэн, сэргэн мандсан Монголын хаант улс нь амар амгалан хөгжин цэцэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн барих нь өөрийн ёс суртахууны үүрэг хэмээн үзэж байна.

1912 оны 12 дугаар сар, Галуут нуурын дацан, Дорнод Сибирийн Ламын шашинтны Бандид хамба лам: Итгэлт Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт Буриадын итгэлт хамба ламаас ирүүлсэн баярын бичгийг элч төлөөлөгчдөөс хүлээн аваад, түүнд Монгол Улсын төрийн дээд шагнал Эрдэнийн Очир одон шагнаж, элч төлөөлөгчдийг мөн шагнаж урамшуулсан байна. Буриадын бурханы шашны тэргүүн Бандид хамба ламд Эрдэнийн очир одон олгосон Монгол Улсын хааны 1913 оны зарлигийг толилуулбаас, Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт хаан Жабзандамбын лам бээр:

Их орос их баатар цагаан хааны зарлигаар тавигдсан зүүн Сибирь дэх орны бурхан шагжамуны тэргүүн Бандид хамба лам хийгээд шагжамуны бурханы шашныг шүтэгч Буриад монголын бүгдийн сайныг лавлахын учир эдүгээ та бүхэн уг язгуур үндэс ба нэг бурханы шашныг шүтсэнээн бодон хөгжүүлж, миний биеийг Mонгол улсыг мандуулан хаан ширээнд суусанд баясгалангийг илтгэн бичиг хүргэж тухайд хүн зарж илгээсэнд би бээр ихэд баясаж хүлээн авав.

Эрхэм Бандид хамба тэргүүн шагжамуни бурханы шашныг шүтэн түүний ёсыг гол болох олон та бүхнээр хамаг амьтны тусын тулд дөрвөн цаглашгүйн үүднээс номлол бүтээлийн шашныг улмаар бадруулан дэлгэрүүлж хэзээ ямагт харшлахын шалтгаан үгүй зохилдохын шалтгаан зөндөө бүтсээр нас буян иш онолын эрдэм агуу хүчин цог учрал бүхэн улам улмаар шинийн сар мэт арвидан дэлгэрч баяр билэг хослон амгалан жаргалан лугаа төгөлдөр оршсоор байх ба бас ч та бүхний эзэн их баатар Цагаан хааны хутаг урт, төр нь бат, албат бүхэн амгалантай байтугай хэмээн чухаг дээд гурван эрдэнэд залбирсаар буйг сонсохоос гадна эрхэм Бандид хамбад шашныг хүндлэгч цол, тэргүүн зэрэг Эрдэнийн очир, зарагдан ирсэн ширээт цорж Шагжид хамбын янба, дэд зэрэг эрдэнийн очир, цорж Нянбууд цоржийн янба, гутгаар зэрэг эрдэнийн очир, түшмэл Гомбожавт гүнгийн зэрэг жинс, дэд зэрэг эрдэнийн очир, гавж Пэлжинд хувилгааны янба тус тус шагнасан явдлыг мэдэгдэж үүний тул хариу бичиж илгээв. Олноо өргөгдсөний гуравдугаар он, Зуны дунд сарын сайн өдөр Эрдэм Итгэмжит сүмд бичив” хэмээжээ.

Энэ бол Монгол Улсын төр, шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт Буриадын Итгэлт хамба Ишдорж нарын хоорондын харилцааг албан ёсоор илтгэж буй баримтууд билээ. Монголын төрийн сэргэн мандалтад чин зүрхний угаас талархан дэмжиж нийт буриад зоны өмнөөс баяр хүргэсэн, Монголын Улсын Эрдэний очир одон хүртсэн Итгэлт хамба лам Дашдорж хэмээх хэн бэ гэдэг талаар товч өгүүлье.

Учир нь өнөө цагт монголчууд, бурханы шашинтнуудыг Буриад дахь Иволгийн дацан руу татаж буй нэгж шижим шууд Итгэлт хамба лам Дашдорж лугаа холбогддог юм. Бандид Хамба лам XII Дашдорж Итгэлт 1852 оноос 1927 онд амьдарч байсан Буриадын шашины зүтгэлтэн, 1911 -1917 онуудад Дорнод Сибирийн бурханы шашинтнуудын тэргүүн байжээ. Тэрбээр 1852 онд өнөөгийн Оросын Холбооны Улсын Буриадын Иволгийн дүүрэгийн Оронгой сумаас холгүй орших Өлзий Даваа хэмээх газар төржээ. Арван таван настайгаасаа одоогийн Хорийн дүүрэгт байсан Агийн дацанд сууж, 23 жилийн турш бурханы ном шамдан сурчээ. Тэр гэвш болж, дараа нь гавжын дамжаа барьж, номоороо алдаршсан байна. Удалгүй Цугол болон Тамчийн дацангуудад суралцаж, түвэд анагаах ухааны мэдлэг эзэмшсэн байна.

1898 оноос Дашдорж нутагтаа буцан ирж, Янгажингийн дацанд чойрын ном лам хуврагуудад зааж, цогчин хурлын гэсгүй лам болжээ. 1904 оноос Дашдорж итгэлт Янгажингийн дацангийн ширээт лам болжээ. 1911 оны хавар арван өрсөлдөгч дундаас Дорнод Сибирийн бурханы шашинтнуудын  XII Бандид хамба ламаар сонгогдсон байна. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэний дараа Дашдорж итгэлтийн санаачилгаар Дээд Үд хотноо “Бүх буриадын нийгэмлэг” байгуулагдаж, түүнд 120 лам, энгийн хүмүүс оржээ. Нийгэмлэг 130 мянган рубль цуглуулж, дайнд оролцогчдод тусламж болгон өгчээ. 1915 онд Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын зарлигаар Монголын төрийн дээд шагнал болох Эрдэнийн очир одонгоор шагнагдсан байна. 1916 онд Оросын эзэнт гүрний Гэгээн Анныэ хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан байна. 1917 оны 7 дугаар сард болсон Бүх буриадын хоёрдугаар их хурлын даргаар сонгогдоод тун удалгүй өвчний улмаас Бандид хамба ламын албаа өгсөн байна. Үүний дараа Янгажингийн дацандаа багшилж байлаа. 

Аман яриагаар 1920-иод онд Монголоос буцаж явсан Агваан Доржиев лугаа Дашдорж итгэлт уулзжээ. Итгэлт хамба Агваан Доржиевт хандан: Та дэмий л наашаа ирждээ. Хилийн цаана үлдсэн нь дээр байсан юм. Удахгүй лам нарыг баривчилж эхэлнэ. Таныг амьд үлдээхгүй дээ, тэд” гэжээ. Агваан Доржиев Зөвлөлт засагтай яриа хэлэлцээ хийхийг зорьж байсан болохоор “Та өөрөө яагаад явахгүй байгаа юм бэ” гэсэнд Итгэлт лам “Тэд намайг барьж амжихгүй” хэмээн хэлсэн гэдэг. Домог болсон яриагаар бол Бандид хамба лам Дашдорж 1927 оны 6 дугаар сарын 15-нд шавь нараа цуглуулан, сүүлчийн гэрээслэлээ хэлжээ. “Та бүхэн миний шарилыг 75 жилийн дараа ирж үзээрэй” гээд Итгэлт лам амирлангуй орших буяны ном уншихыг шавь нараасаа хүсчээ. Лам нар нь багшийнхээ сэрүүн ахуйд уг номыг уншиж төвдөхгүй байсанд итгэлт лам өөрөө эхэлж, уншин, бясалгасаар нирван дүр үзүүлсэн хэмээдэг. Түүнийг нирван дүр үзүүлсэн тэр байдлаар нь суварганд оршуулсан байна. Хожим түүний хэлсэн ёсоор шавь нар нь шарилыг 75 жилийн дараа нээн, эдүгээ ОХУ-ын Буриадын Иволгийн дацанд 2008 оноос залж, сүсэгтэн олонд үзүүлдэг болжээ.

О.Батсайхан, Түүхийн шинжлэх ухааны доктор
 
 
 
 

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?