ЭРТНИЙ ЕГИПЕТ ОРОН, БУУРАЛ КАИР ХОТ (ҮРГЭЛЖЛЭЛ)

2021-01-01  

"ТАХРИРЫН ТАЛБАЙ", ДИПЛОМАТЧ НИЙТЛЭЛЧ Д.БАЯРХҮҮ

Аль ч орны нийслэлийнх нь төв талбай улс орных нь зүрх хэмээн нэрлэгдэх нь байдаг. Тухайн орны түүхэн үйл явдлууд ч тэр талбайд өрнөж, тухайн түүх нь тэр талбайнхаа нэрээр түүх шастирт үлдэх нь ч бий. Каирын “Тахрирын талбай”-д Арабын Египет орны олон ч хувьсгал өрнөж байж. Тийм болохоор энэхүү талбай нь “Эрх чөлөө”, “Их Хувьсгалын талбай” хэмээн аль алинаар нь алдаршиж иржээ. “Тахрир” гэх араб үгийн утгыг ч лавлах тольд “Чөлөөлөлт” гэж бичсэн байна лээ. Египет зорихоосоо өмнө Каирт элчин сайдаар сууж байсан Дашдоржийн Баярхүү эрхэмтэй би хэдэнтээ уулзаж санал зөвлөгөөг нь авч байсан гэж дээр нэгэнтээ дурдсан даа.

Тэрээр Египет оронд ажилласан он жилүүдийнхээ тухай бичсэн “Тахрирын хувьсгал” хэмээх хоёр боть номоо надад өгөхдөө “Ном бүтээлийн минь эрхэм садан Танаа...” хэмээн бичсэн нь бид хоёрын харилцааг бас илэрхийлж байв. Д.Баярхүү дипломатч түүх, улс төр нийгмийн сэдэвтэй олон ном бүтээл туурвисан нэрт нийтлэлч хүн. Баабарын “Непко” хэвлэлийн газраас санаачлан бүтээж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын “Жамбын Батмөнх” ботийн зохиолч юм.

Тэрээр энэ номыг бүтээхдээ миний “Ардын эрх” сонинд нийтлүүлж байсан МАХН-ын Улс төрийн Товчооны гишүүн болох Ж.Батмөнх болон бусад хэд хэдэн гишүүнтэй хийсэн ярилцлагуудаас эшлэл авсан юм билээ. “Жамбын Батмөнх” номоо хэвлүүлчихээд дээжээс нь надад гардуулж байв. Арабын энэ орныг зорин аялах сонирхлыг ч эрхэм нийтлэлчийн ном надад бас төрүүлсэн гэж хэлж болох. Манай нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын нэгэн адил Египет орныг дөч шахам жил тасралтгүй удирдсан Хосни Мубарак нь ч бас түүхт хүн. Он удаан жил төр тэргүүлсэн түүнийг ард түмэн, сөрөг хүчнийхэн нь эсэргүүцэж албан тушаалаас нь буулгахаар “Тахрир”-ын талбайд 2011 оны 1 дүгээр сарын сүүлээр  жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн нь сүүлдээ арван найман хоног үргэлжилсэн зэвсэгт бослого болж эцэстээ удирдагчаа гэрийн хорионд оруулснаар олон түмний тэмцэл ялсан түүхтэй аж.

Энэ бослого тэмцэл нь түүхэнд “Тахрирын хувьсгал” хэмээн нэрлэгдэн үлдэх болжээ. Д.Баярхүү ч номоо ингэж нэрлэсэн байв. Тэрээр энэ хувьсгалт тэмцлийн өдрүүд, Арабын энэ улс оронд хожим нь өрнөсөн үйл явдлууд, түүнд оролцогчдын намтар түүх, бослого тэмцлийн талаар тэдний баримталж байсан байр суурь, мөн заримтай нь уулзаж ярилцсан тухайгаа ч энэ номондоо багтаасан байв. Бослого тэмцэл, галдан шатаалт, үймээн шуугиан болсон тэр хүнд өдрүүдэд Элчин сайдын яамаа бослогод хөөрсөн тонуулчдын хөлд түйвээлгэчихгүйн тулд хэрхэн яаж ажилласнаа ч номдоо өгүүлсэн байлаа. Тэрээр “Египетийн Засгийн газар хөл хорих шийдвэр гаргасан хэдий ч төв талбайд жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж цагдаатай мөргөлдсөөр байв.

Алагдаж шархадсан хүн, шатсан цагдаагийн машин тоогоо алджээ. Хилэгнэсэн ардууд цагдаа руу халдаж цагдаагийн хэсгүүд үнсэн товрог болж байв. Орой гэхэд Египетийн цагдаа нар Каир болон бусад хотуудыг хамгаалалтгүй орхин тарж алга боллоо. Шоронгуудаас олон мянган ялтан зугатажээ. Улс орон даяар дээрэм тонуул, галдан шатаалт өрнөлөө. Босогчид эрх баригч Үндэсний Ардчилсан Намын төв байр руу дайрч хамаг цонхыг нь хагалаад галдан шатаав... ” гэх мэтээр бичсэн байв. Тахрирын талбайн хоймор дахь эрх баригч намын арван таван давхар тэр ордон гурав дөрөв хоног дүрэлзэн шатсан тухай,  байрнаас нь тонуулчид хэдэн өдөр эд хогшил зөөж гүйлдсэнийг ч телевизийн нэвтрүүлгээс харсан тухайгаа номд өгүүлсэн байв.

Элчин сайдын яам оршдог Маади дүүрэгт нь үйл явдал яаж өрнөснийг тэрээр “...Орой Маадийн гудамжуудаар хүмүүс хашгиралдаж хөл хөдөлгөөн эрс ихсэв. Манай харуулууд шөнө гэнэт алга болж ЭСЯ хамгаалалтгүй үлдэв. Шөнө энд тэнд буун дуу гарч гудамжаар хүмүүс хашгиралдсаар байв. Би хоёр ажилтнаа конторын нэгдүгээр давхарт эвхдэг ор тавьж бэлэн байдалтай байхыг үүрэгдээд өөрөө гуравдугаар давхрын том тагтнаас байдлыг ажиглаж хонохоор шийдэв. Хэрэв тонуулч дээрэмчид хашаа давбал наанаас нь усаар шүршинэ гэж галын хоёр усан хоолой бэлтгэж, өөрсдөө мод, сүх, хүрзээ ойртуулж байдал хурцадвал зэгсэглэнэ гэж шийдлээ.

Гаднаас гал шидвэл аюултай гэж үзээд машинуудаа хашаанаас холдуулав. Галын хоруудаа ч ойртуулж бэлтгэв...” хэмээн бичжээ. “Тахрирын хувьсгал” хэмээх энэ хоёр боть номыг би уншиж зохиогчтой нь хэдэнтээ уулзаж энэ улс орон, нийслэлийнх нь тухай ярьж хөөрөлдөж байсан болохоор “Тахрирын талбай” надад бага ч атугай танил болсон байв. Их үймээн, хувьсгалаас нь хойш арав шахам жил өнгөрч Египет орон арай тайван амьдралд шилжсэн цаг үед би Каирт аялж яваа минь энэ. Хоёр сарын тэр хувьсгалаас хойш ч Цэргийн дээд зөвлөлийн дарга, Фельдмаршал Тантавигийн Түр засгийн газар, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар ялалт байгуулсан “Лалын ахан дүүс” намын тэргүүн Мухамед Мурсигийн тэргүүлсэн шашинжсан Засаг төр, тэгээд Армийн генерал Фаттах Али Сисигийн тэмцэн байж өмнөх засгийн Мурсиг баривчлан шоронд суулган байж байгуулсан цэрэг армийн удирдлагууд давамгайлсан төр засгийн газар гээд хэд хэдэн засгийн нүүрийг энэ Египет орон үзээд буй.

Одоо ч энэ улс оронд тогтоосон хатуу хэв журам хэвээр үргэлжилсээр байгаа юм билээ. Автомат буу агссан арми цэргийнхэн, ташаандаа гар буу, гав зүүсэн цагдаагийнхан хаа сайгүй л хэн хүнийг цагдсан  зандарсан дүр төрхтэй зогсоцгоож байна. Бид мэтийн жуулчид утас, камераар зураг авахад тэд ойртон ирж сүрхий хатуурхан сүрдүүлэх янзтай. “Тахрирын талбай” нь хоёр зуугаад метрийн радиустай болов уу гэмээр дув дугуй зүлэгт тойрог юм. Нийслэлийн төвөөр дайран гарах авто зам энэ талбайг яг тойрч өнгөрдөг тул би хоёр ч удаа түүнийг машинаас үзэж харж зэрвэс танилцчихаад байгаа хүн.

Одоо харин явганаар үзэж харж яваа минь энэ. Хориод метрийн голчтой чулуун тавцангийн  голд гурван метрийн өргөнтэй болов уу гэмээр дөрвөлжин цайвар суурь дээшилж байна лээ. Тэр суурь тав зургаан метр өндөр  бололтой. Энэхүү сууринд бэхэлж мандуулсан Египетийн төрийн далбаа тавь шахам метрийн өндөрт намирч байв.

Тавцангийн доохонтой нь цэцгийн мандалууд, тэгээд л ногоон зүлэг үргэлжилнэ. Манайхан голын эрэг дээр тарвалзаж байдаг шиг л нутгийн арабууд энэ зүлгэн дээр хэвтэх нь хэвтэж, зарим нь яриа хөөрөө болон явгалцгаасан харагдах юм билээ. Чийглэг, дулаан уур амьсгалтай орчин болохоор эндхийн зүлэг ногоо нь амархан талхлагдчихдаггүй, тийм болохоор хэвтсэн суусан хэн нэгнийг хориод байдаггүй бололтой.

Жанжныхаа хөшөөний дэргэд манайхан болздог шиг эднийхэн ч төрийн далбаатай энэ талбайнхаа эргэн тойрноор болздог аж. Хэн нэгнийг хүлээж буй гивлүүртэй бүсгүйгийн хажуугаар нь өнгөрөх маягтай алхаж яваад  зургаа даруулчихлаа. Хамтдаа зураг авахуулах байтугай хажууханд нь ойртосхийгээд зогсвол тэр дороо босоод явчих байх л даа энэ лал бүсгүй.

Нөхөрт гарсан бүсгүй эр нөхрөөсөө өөр эр хүнд нүүр царай, биеэ харуулахыг нүгэл хэмээн тооцож хар алчуур, хар гивлүүрээр нүднээсээ бусдыг далдалж, хар хувцсаараа хөл нь ч харагдахгүй болтлоо битүү хулддаг аж. Эртнээс тогтсон энэхүү ёс заншлаа хатуу баримталсаар буй юм билээ энэ лалын ертөнцийнхэн.   

...Хэдэн жилийн өмнөх олон зуун хүн амь үрэгдсэн бослого тэмцлийн ул мөр гэхээр юм энэ “Тахрирын талбай”-д огт  байсангүй. Нөгөө гурав дөрвөн өдөр гал дүрэлзэн шатсан эрх баригч намынх нь 15 давхар байр өнгө зүсээ засч өнөөдөр Улсын Прокурорын төв байр болон хувирчээ. “Тахрирын талбай”-н эргэн тойронд төр засаг, соёл шинжлэх ухаан, аялал жуулчлалын ач холбогдолтой олон арван барилга байгууламжууд сүндэрлэж байна.

Арабын улс орнуудын холбооны төв штаб, Египетийн Засгийн газар, Каирын төв музей, таван одтой “Нил Ритц Карлтон”, “Мариотт Каир” зочид буудал гээд л үргэлжилнэ. Нил мөрөн ч энүүхэн хажуухнаар нь урсч өнгөрөх юм билээ. Тус мөрний хамгийн урт, бас хамгийн үзэсгэлэнт гүүр болох “Каср Аль-Нил” ч “Тахрирын талбай”-гаас холгүй харагдана.

    Каирын төв музей. “Тахрир”-аас бид хэдхэн алхаад Каирын Үндэсний төв музейд хүрч очив. Энэхүү музейг 1858 онд Огиет Мареотт гэх эрхэм Саккарагийн элст талд малтлага хийж олсон олдворуудаараа анхлан байгуулсан түүхтэй юм байна. Музейн одоогийн байгаа энэ байр ч нилээд хуучных бололтой, гурван давхар улаан тоосгон байшин. Автомат мөрлөсөн армийн хоёр офицер, цагдаагийн харуул, аюулгүйн албаныхны үзлэг шалгалтыг давж музейн хөлийн танхимд орцгоов. Тасалбар нь нэг хүнийх 60 египет фунт буюу манайхаар бол 20 гаруй мянган төгрөг юм. Эртний хаадын шарилтай танхимд орох бол 10 ам. доллар нэмж төлнө гэсэн тайлбар тэнд байв.

Бид бүгдийг нь үзэхээр төлбөр тооцоогоо хийв. Манай эриний өмнөх дөрөв таван мянган жилийн тэртээх хүн зон, эртний хүчирхэг гүрэн, тэдний хаад хатдын амьдралын ул мөр, тэдний хэрэглэж ирсэн үнэ цэнэтэй эд агуурсыг тэр цаг үеийнх нь байр байдлаар үзүүлж буйгаараа Каирын энэ музей дэлхийд хосгүй юм. Хосгүй олдвор олдсон тэр газар орон, алдарт пирамидүүд, аварга арслан хүн Сфинксийг нь бодитоор нь харахаар, археологийн хосгүй олдвороороо алдаршсан Каирын энэ музейг үзэхээр жилийн жилд энэ Египет оронд хэдэн арван сая хүн жуулчилж байна. Өнгөрсөн онд Египетэд гадаадын 10 сая гаруй жуулчин ирж 12,6 тэрбум долларын орлого оруулсан тооцоо гарчээ.

Энэ салбарт нийт ажиллах хүчний 9,4 хувь буюу 2,5 сая хүн ажилладаг, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5,6 хувийг Египетчүүд эндээс бүрдүүлдэг гэнэ. Хоёр өдрийн өмнө Саккарагийн зарим музей, тэр хавийн бунхнуудад бидний үзэж харсантай адил төстэй хөшөө, баримал, олдворууд Каирын энэ музейд биднийг угтаж байлаа. Эртний иймэрхүү хүн хөшөө, хүрэл баримлууд гэхэд л эднийд 136 мянган ширхэг байдаг гэнэ. Нэгийг нь нэг минут орчим үзэж сонирхоно гэвэл бүтэн есөн сар зарцуулах юм гэсэн судлаачдын тооцоо байдаг аж. Музейн нэгдүгээр давхар ч тэр чигээрээ л том жижиг чулуун болон хүрэл хүн хөшөөнүүд юм.

Саккарагийн Тети хааны бунхнаас олдсон язгууртны улаан хүрэн гантиган хөшөө, Пепи II хааны бунхнаас олдсон гүнжийн хүрэл хөшөө, Узеркап хааны бунхнаас олдсон тэдний удмынхны том хүрэл толгой гээд л өмнө нь бидний зураг хөргийг үзээд танилцчихсан танил үзмэрүүд ч энд олон байв.

Дөрвөн мянган жилийн өмнөх ийм үзмэрүүдэд гар хүрэхийг ч энд төдийлэн хориглоод байхгүй юм. Охид хөвгүүд тэдэнтэй тэврэлдээд зураг авахуулж л байх юм. Элэгдэж хорогдоод байхгүй чулуу, хүрэл юм болохоор хориглож хажигладаггүй юм байлгүй, энэ египетчүүд. Олдворуудынх нь элбэг дэлбэгтэй ч холбоотой байж магад. 1860 онд Саккарагаас олсон хааны ордны төлөгчийн нэг метр гаруй өндөртэй модон сийлбэр танхимын голын шилэн хоргонд байна лээ.

Хөвөн даавуугаар хийсэн хувцастай байсны ул мөр болох бөс даавууны сэмэрхий төлөгчийн бүсэлхий хэсэгт үлдсэн байх юм билээ. Бичээч түшмэлийн шохойн чулуугаар урласан суумал хөшөөг мөн Саккарагаас 1893 онд малтаж олсон юм билээ.  Эртний Египетийн хаадын тавдугаар үе буюу манай эриний өмнөх 25 дугаар зуунд хамаарна гэж тодорхойлсоныг бодохоор бас л дөрөв таван мянган жилийн настай олдвор болж таарах юм.

ХААНЫ ТӨЛӨГЧ

БИЧЭЭЧ ТҮШМЭЛ

ТУТАНХАМОН ХААН ТЭЖЭЭГЧ ЭХ БУЮУ ЭГЧТЭЙГЭЭ

Тутанхоманы тэжээгч эх хэмээгддэг Майяагийн бунхныг ч Саккарагаас олсон байдаг. Бунхан, хөшөөг нь ч Каирын музейд авчирсан юм билээ. Археологчид, судлаачид Майяагийн бунхны авсан дээрх зургийг судлаад тэжээгч эх хэмээгдээд буй Майяа нь Тутанхамон хааны эгч Меритатон байх магадлалтай гэх таамаг гаргасан тухай нь өмнө би нэгэнтээ дурдсан билээ.

Каирын музейд иймэрхүү маягийн хөшөө, баримал бүртгэлээрээ 120 мянга гаруй байдаг гэнэ. Үүнээс багахан хэсэг нь музейн үзмэрт ээлж дараалалтай тавигддаг аж. Дэлхийн томоохон музейнүүдэд зарим хэсэг нь гэрээгээр тойрч аялаж явдаг гэнэ. Музейн үзмэрийг ерөнхийд нь гурван хэсэгт ангилан хувааж үзүүлдэг юм байна.

Эхнийх нь Гизагийн болон бусад их бага пирамидуудыг ухаж төнхөж олсон олдворууд, дараагийнх нь Луксорын хөндий дэх хаад хатдын бунх булшных, сүүлийнх нь эртний хаад хатад, язгууртнуудын занданшуулсан шарилын хэсэг юм. Бид ч энэ дарааллаар нь музейг үзсэн юм.

МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ

Үргэлжлэл бий

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?