СУВД: РАДИОГИЙН ӨНДӨР ДАРГА

2021-01-03  

Дурсамж Найз охидтойгоо цахимаар "шинэ жил"-дэж зад найрлаад, залгаад ганцаар үүр цайтал кино үзсэний үрээр үд хэвийтэл унтжээ. Хар нүд хуу татахчаа аядлаа. Гэртээ исгэсэн дарснаасаа багахан хүртсэн атал шар хөөрхөн хөдөлжээ дээ. Өөрийн мэдэлгүй гуниг төрөөд байх. Ер уусны маргааш ямар нэг хэмжээнд сэтгэл гутралд автах нь зөвхөн эхлэн суралцагч мань мэтийн явдал төдий биш, олон жил “хичээллэсэн” ахисан түвшний аваргуудын ч зам мөр гэлцдэг ээ. Өдөржин тавгүйрхэж, дотор муухайрахад ганцаардал үнэнч хань болно. Ганцаардахад харин сайн ном хань болдгийг улирагч он жилүүд надад ухааруулсанд талархнам. Номын тавиур дээрээс хамгийн түрүүнд нүдэнд туссан нь П.Баярсайхан зохиолчийн "Сармагчин бол сармагчин". Гарын аясаар нээвэл "Зуун жил" нэрт жүжгийн зохиол. Зохиолч Пүрэвжавын Баярсайхан гуайн энэ номыг "Тагтаа" хэвлэлийн газрынхан сонголтоороо эмхэтгэн гаргасныг 3 жилийн өмнөх шинэ жилийн баяраар байгууллагын ажилчдын бэлэг дотор хүлээн авсан билээ л. П.Баярсайхан гэдэг нэр арай л хол хөндий. Монголын радиогийн нэгэн үеийн дарга байсан, дээр нь нэр нэгт өөр даргаас ялгах гэж манайхан бүгд "Өндөр Баяраа", миний хирийн бага залуус "Өндөр дарга" гэж авгайлдаг байснаар сэтгэлд минь үлджээ.

Өндөр нуруутай, өтгөн хөмсөгтэй, үргэлж л бодлогоширонгуй харцтай. Уран бүтээл л бодож тэгж алхдаг байсан болов уу. Хонгилоор явахтай нь таарвал эгцэлж харж зүрхэлдэггүй, сулхан дуугаар мэндлээд зөрдөг байлаа. Нэг жил манай редакцийнхан нээлттэй өдөрлөг зохион байгуулж, хамт олноо халуун кофегоор дайлдаг юм аа. Болоогүй ээ, "конъяктай кофе". Тэр өдөрлөгөөс хойш кофегоор дайлуулагчдын тоо хэдэн жил ер буугаагүй ээ. Ах нар голдуу. Нэг удаа Өндөр даргыг дайлах хувь тохиоход гаднаа сүрлэг уулсын бараатай ч, дотроо усгал дөлгөөн хүн гэдгийг нь сая мэдэрч билээ.

Найруулах кофе, конъякаа өгөөд хадгалуулчихна. Хаа нэг орж ирж халуун кофе ганц аяга уугаад гардаг сан. Залуус бидний амьдрал ахуй, ажил төрөлд хэрэгтэй өчнөөн сургамжийг ах захын ёсоор хэлж сургаж билээ. Радиогийн даргаас бууснаас хойших хэдэн жилд бухимдуу, радиогийн хөгжилд санаа зовнингүй байдаг байсныг нь гадарладаг болсон юм. Радиодоо халуун сэтгэлтэй, үзсэн туулсан нь өргөн далайцтай, уран бүтээлчдээ үнэхээр хайрладаг, өндрөөс “өндөр” дарга байсан даа. Тэр үед богино өгүүллэгийн нэрт мастер гэдгийг нь сураг дуулснаас хэтрээгүй, зохиол бүтээлийг нь үзэж уншиж үзээгүй байсан нь миний мулгуугийнх.

“Зуун жил” өгүүллэг нь эмнэлгийн гэрэл гэгээ муутай ч дулаахан давчуу хонгилоор нэг залуу явж буйгаар эхэлдэг. Залуу гуч гаруйхан настай, байгаа газар нь эмнэлэг боловч яагаад ч юм бэ “Өндөр дарга” минь өөрөө тэр зохиолын баатар, гэрэл муутай дулаан хонгил нь радиогийнх маань байсан мэт санагдав. Тэр жил радиогийн шинэ жил хаа ч билээ нэг их гэрэл гэгээтэй гял цал газар, нүсэр дуу чимээн дунд болоход нэг хүн суудал дээрээ нам гүмхэн, чимээ аниргүй яваад өгсөн нь “Зуун жил” дэх тэр залуу хэнд ч хэлэлгүй зүрхний маш хүнд хагалгаанд орж төгсдөгтэй дэндүү төсөөтэй. Суутнуудын амьдрал бичсэн шигээ дууссан тохиолдол бишгүй л бий. Онож мэдсэн нь тэр үү эсвэл даллан дуудсан нь тэр юм уу?

Ийм нэгэн эгэлгүй оршихуйг дурсаж энэ жилийн эхний амралтын өдрийг элээж сууна. Арван есөн настай радиогийн алтан босгыг давснаас хойш Дэрэнгийн хар азарга Цэндийн Чимэддорж, Шар Сандагаа, Хар Мийгаа, Мятавын Цагаан гээд зохиолч, яруу найрагч, орчуулагч, уран бүтээлч олон сайхан ах нарыг хажуугаас нь харж, өсөж өндийсөн дөө. Амьдралд ойр, үнэнд ойр бүхэн гоо үзэсгэлэн агуулдаг. Тийм чанарыг төгөлдөр агуулагч ах нараа дурсахад сайхан өдөр байна аа. ( Даян хааны нутгаас ёслолоо, Сувд нь )

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?