ХУРДАН УДМЫН УНАГАТАЙ БОЛЬЁ ГЭВЭЛ АЗАРГАА СОНГО, БАС...

2022-07-25  
May be an image of 1 person, standing and horse
May be an image of 1 person, standing, horse and outdoors
Хурдан удмын үр төл авахад азаргаа зөв сонгох хэрэгтэй. Гэхдээ сайн сав түүнээс ч илүү чухал гэнэ. Сайн сав гэж хурдан удмын гүүг би нэрлэлээ. Хурдан азарганаас хурдан төл удамшина. Гэхдээ эхийгээ гүйцдэггүй. Хурдан удмын гүүг ямар ч азарганд гишгүүлсэн хурдан төл гардаг. Азарга 40 хувь, гүү 60 хувийн баталгаатай. Азарга нэг удаа гишгэхэд 12500 ам.долларын хөлстэй бол, хурдан гүүнд хээл тээлгүүлэх нь түүнээс 20 орчим дахин өндөр үнэтэй. Хоёрзуун мянган ам.доллараар хээл тээдэг. Гэхдээ ямар ч баталгаа өгдөггүй гэж АНУ-ын адууны гол төв болсон Кентакки мужийн фермер Фил хэллээ.
Би Филийн хэлсэнтэй санал нэг байна. 1970-аад онд манай өвөөгийнх (Чимидхүү) дөнгөж адуутай болж байсан үе. Батсүмбэр сумын зарим айл өвөөгийнхийг санаж буй байх. Чимидхүүгийн хурдан хоёр шарга гээд л..
Архангайн адуутай айлд тавьсан унагатай дөрвөн гүүгээ туун, хээр, алаг морио унан Архангайгаас Төв аймгийн Батсүмбэрт өвөөгийнх дөнгөж нүүж ирснийг санаж байна. Тухайн үедээ манайх хараахан азаргатай болоогүй байсан. Батсүмбэрт ирэнгүүт дөрвөн гүүгээ Бургалтайн голд зусаж байсан нутгийн айлын адуунд нийлүүлж, хул азарганд нь хураалгасан. Хоёр морь нь гүүгээ харамлаж, эхэндээ зодолдсон ч, азарганд хазуулж аяндаа сүргийг захлах болсон. Тэр жилдээ манай дөрвөн гүү хээл хаясан. Унагыг нь чоно хүртсэн нэг хар зүсмийн гүү байсан. Унагаа алдсан, хээл хаясан зэрэг нь хар гүүг улам том харагдуулсан нь нутгийн хүний нүдэнд туссан байдаг. Тэр хүн өвөөд учирлаж, тогоо тослохоор зэхэж байсан хул гүү нь хээл авсан тул өвөөтэй наймаалцаж, хар гүүгээр солилцсон. Ирэх жил нь хул гүүнээс хээр унага гарсан. Том чихтэй, өндөр ч биетэй. Өвөө маань хоёр шаргын хамт Батсүмбэрийн наадамд уяж, тэр жилдээ нэг түрүү, хоёр айраг авсан. Миний шарга хязаалан түрүүлж, ахын жижиг шарга гурваар, хул гүүний хээр даага Батсүмбэрийн наадамд таваар давхисан. Хээрийн дараа хул гүүнээс хул унага гарч, даагандаа Батсүмбэрт түрүүлж, шүдлэндээ улсад аман хүзүүлж, хязааландаа улсад түрүүлсэн түүхтэй. Сонсохноо, хожим хул гүүнээс гарсан төл бүр нь хурдалсан байдаг. Хул гүү бол бусад адууг бодвол том чихтэй. Гарсан унагыг нь сургахад огт булгидаггүй онцлогтой. Цуцах, ядрахыг мэддэггүй. Хадлангаас шүдлэн байдсаа унан бүдүүн морьдтой уралцан гэртээ ирдэг байсан. Хожим энэ хул гүүг хулангийн удамтай байсныг дуулж билээ. Тэр гүүнээс хурдан унага гарч байсан нь тийм учиртай юм билээ. Хурдан хул үрээ хулгайд алдагдсан учир дахиж улсын наадамд сойж чадаагүй. Хожим казакууд төхөөрсөн байсан гэсэн сураг дуулдаад алдарсан. Өвөөг нас барснаас хойш, адууг нь Батсүмбэрийн САА-н дарга , аавын минь баз хүргэн Амаржаргал ах өвлөж үлдсэн. Амбаагаас түүний хүү МУИС-ийн тооны багш А.Булган, түүний дүү Бадмаа нар залган авч буй. Иймээс би адуунд ойрхон өссөний хувьд хурдан гүүнээс хурдан удмын адуу төрнө гэдгийг хүүхэд ахуйдаа мэдэрсэн.
Би уяач болбол эхлээд гүүгээ л сонгоно...
Ц.ЭНХБАТ (USA, KENTUCKY мужаас )
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?