ТАЙЗ НЬ БАГАДСАН Ч СУУДАЛ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ.

2023-05-17  

/Үзэгчийн сэтгэгдэл/

 ХЦДБЧ-ын ахмад уран бүтээлч, хөгжмийн зохиолч, удирдаач, МУУГЗ, онц хилчин, хүндэт хилчин бэлтгэл дэд хурандаа Тогтмолын Эрдэнэ-Очирын уран бүтээлийн тоглолтын талаар эргэн дурсахад:

 

 “Ижий эх орон минь” нэртэй тоглолт таван дэмжигч байгууллагууд оролцсон тоглолт боллоо. Тоглолтын танхим 3000 хүний суудалтай. Эргэн тойроноо харахад сул суудалгүй, алсын буланд суух үзэгчдийн бараа харагдах төдий. Телевизээр долоо хоног бүр уран бүтээлчдийн тоглолтын зар гаргаад байдаг тоглолтын гол танхим энэ ажээ. Фонограмм хийлгэж, панаграммтай дуулдаг уран бүтээлчидэд томдох тайз гэлтэй.

 Ойр зуурыг сонирхон харж, бугуйн цагаа харах эрхэмээс:

 - Тоглолт эхлэх цаг өнгөрөөд удаж байна уу гэхэд

 - Тоглолтын эхлэх цаг 17 гэсэн тэр нь энэ танхимийн үүдээ нээх цаг болтой... одоо 18 цаг өнгөрч байна эхлэх цагийг бурхан мэдэх байх гээд ёгтлох, төвөгшөөхийн хооронд хэлэв. Эргэн тойроноо харвал үзэгч олон тайван сууцгааж, орчин тойрноо шохоорхон сууна. Гэнэт харанхуйлж гэрэл унтарч, хэсэгхэн хугацааны дараа, тайзны гэрэл  солонгорч, ХЦДБЧ-ын хөгжимчид гурван эгнээгээр хойморт заларч, хоёр талын жигүүрээр эрэгтэй, эмэгтэй найрал дуучид алтан чимэгт хүндэтгэлийн хувцасаар жигдэрсэн нь үнэхээр сүр сүлд нь бадарсан сайхан чуулга нүднээ туслаа.

 Сүр дуулиантай, бадрангуй, хөнгөн, цоглог аяалгуу нисэн, тайз танхим дүүрэн нүргэлэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж, хөг нэмэхэд найрал дуучдын хоршин дуулах нь ойрд болоогүй сэтгэл хөдөлгөсөн сайхан тоглолт эхлэв.

 Тайлан тоглолтоо хийж байгаа Т.Эрдэнэ-Очирын чадварлаг, уян налархай хөдөлгөөнөөр ундарах, хүний сэтгэл татсан аяцыг бүхий л бие эрхтэнээрээ сонсох шиг болов. Зарлагчгүй эхэлж байгаа нь бас л өвөрмөц эхлэл гэлтэй. Төдөлгүй аргил сайхан хоолойтой зарлагч, уран бүтээлээ толилуулагчтай хамтран энгийн тайлбар нь үзэгчидэд таалагдан алга нижигнүүлэн баяр хүргэж байлаа.

    Уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байгаа хүндэт эрхэмийн ая, хөгжим гэсэн дуунуудыг чуулгийн хөгжимчид хөгжимдөж, дуучид дуулах үед тайзны дэлгэцээр Т.Эрдэнэ-Очирын гол дүр болон тоглосон кинонуудын хэсэг, дууны клип, уран зургын дүрслэл гарч байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм.

 Уран бүтээлийн тоглолтын нэг хэсэгт Т.Эрдэнэ-Очирын хөгжмийн найруулгуудыг чуулгийн хөгжимчид ур, чадвараа харуулж,  тоглож байгааг харахад цараа ихтэй, амархан тоглох уран бүтээл биш бололтой. Тус уран бүтээлчийн зохиосон олон бүжгийн хөгжим бүрт бүжиглэх, чуулгийн бүжигчид болон СУИС-ийн бүжгийн мэргэжлийн ангийн охид хөвгүүд бүжиглэсэн нь онцгой сайхан тоглолт боллоо.

 Харин тус тоглолтонд алдар цолоо дуудуулсан зарим нэг гавьяат дуучин сэтгэл сэргээтэл дуулсангүй нь сонин санагдлаа. Тэд Яагаад ингэв..? гэсэн асуулт миний дотор сөрөг бодол төрүүлэв. Урилгаар ганц дуу дуулах нь халтвар хийдэг дуучдад харамсалтай байв уу... Алдарт дуучин асан Адарсүрэнгийн хошигнолоор:

 - Гавьяатаараа та дуулах уу, чаддагаараа би дуулах уу гэдэг шиг юм бол уу гэж эргэлзэж суув...Харин МУГЖ Ө.Уянга, үг. Ч.Давгадорж, хөгжим Т.Эрдэнэ-Очирын “Хавар” романсаар үзэгч түмний сонсголыг мялааж, цоглог сайхан дуулж, Т.Эрдэнэ-Очирыгоо  карашилж явдагаа нуулгүй хэлсэн нь үзэгчдийг сайхан баясгав. Харин романсын үгийг бичсэн Ч.Давгадорж гуай хэн намайг таних билээ гэсэн шиг тайзны араас сэмхэн Т.Эрдэнэ-Очиртоо баяр хүргэж, сэтгэлийн дэм болж дугтуй өгч байгаа нь харагдав.

 Т.Эрдэнэ-Очир “Хуучир”-аа хаяа тоглохдоо японы “Хойд нутгийн хавар” хөгжмийг тоглож байсанаас энэ хавар романсаа тоглож байвал гоё л байхгүй юу гэсэн миний бодолтой зэрэгцээд, тэрхэн хоромд эмзэг сэтгэлийг хөндөх нөгөөх сэргэлэн цовоо чанга дуутай, тоглолтоос хожигдож ирсэн хөтлөгч, тайзнаа яруу найрагчидыг урихгүй мөртөө өөрийгөө магтаж, хурим хөтөлдөгөө ярьж, хөтөлбөрт ороогүй дуу дуулж, хоолойны цараа харуулж, дуулах аядаж, элдэв шогоор өөрийгөө чимэх гэж оролдсон нь халтар мултар болоод таалагдсангүй.

 Төдөлгүй МУУГЗ-н Т.Эрдэнэ-Очирын гэргий МУСТА Ж.Долгор цэргийн хувцастай гарч ирж, нөхрийнхөө тоглолтыг хөгжөөн, чимэг нэмэн дуулсан уран бүтээл нь үзэгчдийн таашаалыг хүртэж, алга нижигнүүлэн ташилт, цэцгийн баглаа, “Хилийн төлөө” медалиар шагнагдсан нь их сонин гэнэтийн бэлэг болов.

 ХЦДБЧ-ын ахмад уран бүтээлч, хөгжмийн зохиолч, удирдаач, МУУГЗ, онц хилчин, хүндэт хилчин бэлтгэл дэд хурандаа Тогтмолын Эрдэнэ-Очирын уран бүтээлгүй ХЦДБЧ-ын тоглолт үгүй, ХЦДБЧ үгүйгээр Т.Эрдэнэ-Очирын уран бүтээл үгүй гэмээр...

Амьдийн амьд тоглолт үзсэн үзэгчид ам сайтай, цаашдаа “Ардын жүжигчин” болоорой гэсэн цэцгийн баглаа бүхий, дугтуйтай ерөөлийг гардуулж, хамтын зураг авхуулсаар тоглолт өндөрлөв.

Сайн үйлс дэлгэрч, ард түмнийхээ сэтгэлд хоногшссон суут хөгжмийн зохиолч, удирдаач, жүжигчин, хөгжимчиндөө эрин цагт нь ардын жүжигчин цолоор энгэрийг мялаахад бид баярлах болно.

  Б.Бат-Оргил

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Наранзул:Энэхүү тоглолтыг гэр бүлээрээ очиж үзлээ. Үнэхээр схан уйдах завгүй, амьд тоглолт болсон. Зохиосон хөгжим, дуунууд нь хүмүүний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан бүтээлүүд байдаг юм байна. 500 гаруй дуутай хүн байна. Түүнийхээ зөвхөн 30 гаруйг нь энэхүү концерттоо багтаасан гэж сонссон. Тэгэхээр энэ агуу хөгжмийн зохиолч Монгол соёлын үнэт капитал гэдгээ харуулж чадлаа. Танд Монгол улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм цолны эзэн болж, эрүүл энх, саруул сайхан, уран бүтээл шигээ үргэлж цог золбоог илэрхийлж өнө удаан наслахын өлзий дэмбэрэл ерөөе өө. 2023-06-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?