МОНГОЛ УЛС САЛАН ТУСГААРЛАГЧИЙГ УРЬСАНДАА ДҮГНЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

2016-12-13  

Монгол Улс Хятадын хориг арга хэмжээг даван туулахын тулд Энэтхэгээс тодорхой дэмжлэг авахыг эрмэлзэж буй тухай “The Hindu” сонин мэдээлжээ. Энэтхэг дахь Монголын Элчин сайд Г.Ганболд хэлэхдээ, БНХАУ газар нутгаар нь дамжин өнгөрөх Монголын ачааны машинуудаас авах татвараа нэмсэн нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай ламыг хүлээж авсанд хариу барьж буй дэндүү хатуу хариулт гэжээ.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ транзит тээвэрлэлтийн тарифаа нэмсэн нь анхааруулгыг үл тоон “алдаатай үйлдэл” хийсэн Монголыг шийтгэж буй хариу арга хэмжээнүүдийн нэг гэж үзжээ. Далай ламын айлчлалаас хэдхэн хоногийн дараа БНХАУ дэд бүтэц, хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх зээл маш их шаардлагатай Монголын талтай энэ талаарх хоёр ч цуврал хэлэлцээг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам дээрх хариу арга хэмжээнүүдийг Далай ламын айлчлалтай холбоотой гэдгийг нотолсон юм уу үгүйсгэсэн ямар нэг мэдээлэл хийгээгүй билээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан “Монгол Улс Далай ламын айлчлалаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгах үр дүнтэй арга хэмжээнүүдийг авах шаардлагатай” гэж хэлэхдээ Улаанбаатар хоёр орны харилцааг хэвийн гольдролд оруулахын тулд Далай ламын талаар Хятадын зурсан улаан шугамыг давахгүй байвал зохилтойг сануулсан гэлтэй. 

Г.Ганболд хэлэхдээ, Монгол Улс Далай ламыг гагцхүү шашны тэргүүний хувьд урьсан бөгөөд түүний айлчлалд улс төрийн ямар нэг агуулга байгаагүй гэсэн. Гэтэл Далай ламын салан тусгаарлах бослого бүтэлгүйтэхэд тэрээр 1959 онд Энэтхэг рүү оргон зайлснаасаа хойш шашнаар халхавчлан Түвдийг салан тусгаарлахыг уриалдаг улс төрийн зүтгэлтэн болсон билээ. БНХАУ-ын хувьд түүнийг шашны тэргүүн гэхээсээ илүү салан тусгаарлагч гэж үздэг. Иймд түүний үйл хэргийг дэмжих нь БНХАУ-ын Засгийн газар төдийгүй ард иргэдийн дургүйцлийг төрүүлдэг юм.

БНХАУ хариу арга хэмжээ авсан үгүйгээс үл хамааран Монгол Улс асуудалд хөнгөн хуумгай хандаж, дипломат ёс зүйг зөрчин хоёр талын нягт хамтын ажиллагаанд хүндрэл учруулснаа эргэцүүлэн бодох учиртай.

ОХУ, БНХАУ-ын дунд хавчуулагдсан Монгол Улс уг нь төвийг сахин хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөнд хутгалдан оролцолгүй хоёр хөршийнхөө аль алинаас ашиг хүртэх сонирхолтойгоо зарлан тунхагладаг.

Хэдий тийм ч Монгол Улс үүний сацуу “гуравдагч хөрш”-тэй болж, илүү олон арилжаа наймаанд оролцон илүү их ашиг хүртэхийг эрмэлздэг билээ. Гэвч Монгол Улс геополитикийн иймэрхүү тоглоомын эрсдэлийг даван гарах боломжгүй гэдгээ ойлгон ухамсарлах хэрэгтэй.

Монгол Улс олон улсын харилцаа ямар замаар өрнөдөг талаар туйлын гэнэн ойлголттой гэмээр. Юу гэвэл, аливаа нэг улсын ашиг сонирхлыг хохироогоод сайн сайхан хариу үйлдэл хүлээнэ гэдэг утгагүй юм. 

Монгол Улс түүнчлэн хоёр талын харилцааг хөгжүүлэн БНХАУ-ын эдийн засгийн хөгжлөөс үр шим хүртэх угтвар нөхцөл бол харилцан нэг нэгнээ хүндлэх явдал гэдгийг ч ойлгох шаардлагатай.

Монгол Улс Энэтхэгээс тусламж хүсэх нь улс төрийн хувьд бүр ч хөнгөн хуумгай үйлдэл бөгөөд энэ нь хоёр талын харилцааг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх орон зайг ч нарийсган агшаажээ. Юутай ч, хямралд цохиулсан Монгол Улс хийсэн үйлдлүүдээсээ сургамж авна гэдэгт найдаж байна.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?