Н.ЭНХБАЯР: “СОХРЫН ОРОН”-Д АНГЛИЙН ТҮҮХ, ХЭЛ, СОЁЛ БҮХЛЭЭРЭЭ БАГТСАН

2019-05-23  

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн хоёр дахь хэвлэлт болох “Сохрын орон” номын нээлт өчигдөр боллоо. Номын нээлтэд орчуулагчийн аав ээж, Монголын утга зохиолын нэр хүндтэй хүмүүс болон Англи, Австрали, Энэтхэгийн Элчин сайдууд, бусад зочид ирсэн байлаа. Орчуулагч номынхоо талаар “1986 онд Англид англи хэл, утга зохиолын чиглэлээр сурч, судалгаа хийх нэг жилийн хугацаанд английн өгүүллэгүүдийг ихэд сонирхсон. Өгүүллэгт Английн түүх, соёл, хэл гээд бүх зүйл багтсан. Англи улсын дэлхий дахинд байсан нэр нөлөө бүхий өгүүллэгийн түүхтэй шууд холбоотой. 1986 онд ном орчуулж хэвлүүлэхэд хэцүү байсан болохоор 1990 онд номын төлөвлөгөөнд оруулаад 1991 онд анхны Английн өгүүллэгүүдээ “Хатсан гар” нэртэй хэвлүүлж байлаа.

Номын редактораар алдарт яруу найрагч Зундуйн Дорж ажилласан. Энэ ном нь гадаадын соёлыг таньж мэдэх, англи хэлээр дамжуулж бүхэл бүтэн том ертөнцийг манай уншигчид, зохиолчид, залуучууд харах болов уу. Судалгаа сайн хийж өгүүллэгүүдээ сонгосон болохоор “Сохрын орон” номонд Английн сонгодог зохиолч Ч.Диккенс, Г.Уэллс, Р.Киплинг, Г.Грин болон ХХ зууны хамгийн алдартай Ж.Жойсын бүтээлүүд багтсан. Сэлэнгэ пресс хэвлэлийн компаниас “Та 1991 онд буюу 28 жилийн өмнө ийм ном хэвлүүлсэн байна. Энэ номыг хүмүүс их сонирхож уншдаг. Дахин хэвлүүлээч, тавдугаар сарын 23-нд болох номын яармагийн нээлтэд хүмүүсийн сонирхлыг татаж магадгүй” гэсэн санал тавьсныг нь хүлээж аваад Английн өгүүллэгүүд номынхоо хоёр дахь хэвлэлтийг “Сохрын орон” нэртэйгээр хэвлүүлээд байна” гэсэн юм.

Орчуулагч “Сохрын орон” номын оршилд өгүүлснээр Английн өгүүллэгийн үүсэл хөгжил нь Английн өдөр тутмын сонин хэвлэлийн үүсэл хөгжилтэй нягт холбоотой. Англи улсад өгүүллэг нь 1880-аад оноос эхлэн өөрийн нэрт төлөөлөгчтэй уран зохиолын биеэ даасан төрөл зүйл болон хөгжсөн. XIX зууны сүүл, ХХ зууны эхэн үе бол дэлхий дахиныг донсолгосон, хуучин шинэ хоёрын тэмцэл туйлдаа хүрсэн цаг үе байлаа. Энэ нь урлаг, уран зохиолд хүчтэй нөлөөлсөн. Тэр үед хүмүүс бурхан, шашинд итгэх нь багасч, үнэн ба худал, гоо сайхан ба муу муухай, буян ба нүгэлийг хооронд нь ялгадаг олон зуун жилийн турш хэрэглэгдсэн, хувь хүнээс шалтгаалдаггүй байсан хуучин хэмжүүрүүд устан арилжээ. Тиймээс урлагийн хүмүүс, түүний дотор зохиолчид өөрсдийн бүтээн туурвисан зохиол бүтээлийг үнэн болон гоо сайхны туйлын илрэл, илэрхийлэл мөн хэмээн үзэж эхэлсэн байна. Ийнхүү тэр үеэс эхлэн зохиолчдын уран бүтээлд субъективизм чухал байр суурийг эзэлдэг болсон гэсэн байна. Номын нээлтэд ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.

Орчуулагч Ц.Гомбосүрэн: Орчуулагч нар бол гэгээрлийн улаачид юм

“Орчуулагч нар бол гэгээрлийн улаачид юм” хэмээн орчуулагч Ц.Гомбосүрэн хэллээ.

-Өнөөдөр их сонин сайхан номын хурим болж байна. Н.Энхбаяртаа талархал илэрхийлье. Би уншигч биш учраас энэ 11 өгүүллийн алийг нь ч уншаагүй этгээд байна. Өгүүлэл, утга зохиолын талаар сонин сайхан ном сонслоо. Тухайлбал, би нэг ч өгүүллэг орчуулж үзээгүй хүн байна. Өгүүллэг сэтгэгдэл төрүүлдэг уран зохиолыг хэлдэг юм байна. Би бол сэтгэгдэл гэгчийг ухаарах, эс ухаарахын онош, угтвар, удиртгал гэж бодох юм байна. Тиймээс өгүүллэг гэдэг зохиол бол зөвхөн сэтгэгдэл төрүүлнэ гэж тодорхойлогддог гэвэл энэ сэтгэгдэл төрүүлсний цаана уншигчид ухаарлыг хайрлах увидас энэ зохиолд байх ёстой. Н.Энхбаярын танилцуулж байгаа номлолоос харахад энэ сэтгэгдэл үнэхээр ухаарал болж хувирдаг. Пушкин “Орчуулагч нар бол гэгээрлийн улаачид юм” гэж айлдсан юм билээ. Тиймээс Н.Энхбаяр маань энэ талбарт мэргэжлийн хүний хувьд томоохон үйлсийг бүтээж яваа хүн. Цаашдынх нь энэ үйлсэд улам их амжилтыг хүсч байна.

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх: Өгүүллэгүүд нь хүмүүсийн амьдралд сургамж болох юм байна

-Өнөөдөр номын нээлтэд уригдаж ирсэндээ баяртай байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улстөрч гэдгээр нь мэднэ. Гэхдээ оюун ухааны олон ном гаргасныг нь өнөөдөр л мэдлээ. Энэ номоор дамжуулаад богино хэмжээний өгүүллэгүүд нь хүмүүсийн амьдралыг чиглүүлэх, сургамж болох үүднээс гаргасан байна. Өнөөдөр энд цугласан хүмүүсийг харахад энэ ном их амжилттай бэстселлер болох магадлал өндөр байна гэж харлаа.

Найруулагч Ж.Сэнгэдорж: Нийгэмд том өнцгөөс дуугарч чадсан гайхалтай өгүүллэгүүд

-Н.Энхбаяр гуайн анхны Английн өгүүллэгүүд “Хатсан гар” нэртэй гарч байсныг 1996 онд уншиж байсан. Энэ номыг унших дуртай, миний “Ширээний ном”-ны нэг. Одоо доторх өгүүллэгийн нэрээр нэрлэсэн “Сохрын орон” хоёр дахь хэвлэл шинээр гарч байгаа юм байна. Би 1997 онд “Сохрын орон” өгүүллэгээр нь жүжиг тавьж байсан. Нийгэмд том өнцгөөс дуугарч чадсан гайхалтай өгүүллэг. Энэ ном ард түмэнд зөв өнцгөөс илэрхийлсэн өгүүллэг ихтэй. “Сохрын орон” номыг залуу уран бүтээлчид тэр тусмаа найруулагчийн ангийнхан уншвал дотоод ертөнцийг арай өөр өнцгөөс нээсэн гайхалтай өгүүллэгүүд. Миний хувьд их баяртай байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо: Н.Энхбаярын орчуулга ярих юмгүй сайн

-Н.Энхбаярын орчуулгын бүтээлүүдийг мэднэ. ЗХУ-ын Утга зохиолын дээд сургуульд суралцаж, төгссөн болохоор орчуулга нь ярих юмгүй сайн, мэргэжлийн түвшинд орчуулсан байдаг. “Хатсан гар” үүний нэг жишээ юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?