АНДРЕЙ МИХНЕВ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ АГШИЖ, ХАМГИЙН ТОМ УНАЛТАНД ОРСОН

2021-05-11  

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Монгол улсын өнөөгийн эдийн засагт дээрх үнэлгээг өгсөн. Цар тахал Монголын эдийн засагт хүчтэй цохилт өгснөөс болж 2020 онд Монголын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Энэ нь 1990-ээд оноос хойшхи эдийн засгийн хамгийн том уналт. Дэлхийн зах зээл дэх голлох түүхий эдийн эрэлт буурч, Хятад улс боомтоо хаасан нь уул уурхайд түшиглэсэн Монголын эдийн засагт ноцтой цохилт болсон.

Цар тахлыг хумих зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж чадсан ч, дотоодын эдийн засаг, тэр дундаа үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөллөө. Харин 2021 онд байдал сайжрах төлөвтэй. Гадаад орчин сэргэж, ААН-үүд шинэ нөхцөлд түргэн дасан зохицож чадвал Монголын эдийн засаг 2021 онд сэргэх төлөв харагдаж байна. Дэлхийн банкны судалгаагаар Монголын эдийн засаг 2021 онд сэргэх, 6.8 хувиар өсөх хүлээлт бий. Гэхдээ хэд хэдэн эрсдэлийг тооцох хэрэгтэй.

Хамгийн түрүүнд, дэлхий дахинд цар тахлын дараа дараагийн давлагаа бий болох магадлалтай. Түүнтэй холбоотойгоор илүү хатуу, урт удаан хугацааны хөл хорио тогтоох болбоос эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулна. Энэ бол Монголын эдийн засгийн том эрсдэл юм. Түүнчлэн, зээлийн чанар муудаж улмаар банкны системийн эрсдэлийг нэмэгдүүлэх, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарт хүндрэл үүсэх зэрэг бусад эрсдэлүүдийг ч дурдахгүй орхиж болохгүй.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн орлого дэмжих, зардлыг бууруулах хэд хэдэн арга хэмжээ нь Covid-19 цар тахлын иргэд, ААН-үүдийн санхүүд үзүүлэх сөрөг нөлөөг сааруулахад тус дэм үзүүлсэн. Ялангуяа, хүүхдийн мөнгөн тэтгэмж гэх мэт орлого дэмжих арга хэмжээнүүд нь дундаас доогуур орлоготой өрхүүдэд томоохон дэмжлэг болсон. Гэвч, дээрх зардал нь Зүүн Ази Номхон далайн орнуудын дунд хамгийн өндөрт тооцогдсон. Мөн улсын төсөвт томоохон дарамт болсноороо сөрөг үзүүлэлттэй.

2020 онд Монгол улсын төсвийн алдагдал огцом тэлсэн. Ингэснээр сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байсан Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 2020 онд эргэн нэмэгдэж байна. Монгол Улс Covid-19 цар тахлын дараа төсвийнхээ алдагдлыг бууруулах, бодлогын орон зайг нэмэгдүүлэх хүндхэн сорилттой тулахаар байна. Үүний тулд цар тахлын үед олгосон татварын хөнгөлөлт, зардал нэмэгдүүлсэн арга хэмжээнүүдийг зогсоох шаардлагатай болно гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев дүгнэлээ.

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?