ДЭМБ ХУУРАМЧ ВАКЦИНЫ ТАЛААР АНХААРУУЛАВ

2021-08-19  

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Энэтхэгт гарган авсан “Covishield” вакцины хуурамч тунгуудыг илрүүлсэн талаараа мэдэгджээ.

Ийм вакциныг Энэтхэг, Африкийн холбогдох албаны төлөөлөгчид 7-8 дугаар сарын хооронд хураан авсан гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна. Мөн “Covishield” вакциныг үйлдвэрлэгч Энэтхэгийн “Serum” хүрээлэн вакцины тунгуудыг хуурамч гэдгийг баталсан гэдгийг мэдээлжээ.

Ийнхүү ДЭМБ хуурамч вакцинууд “дэлхий нийтийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байгааг” анхааруулаад, тэдгээрийг эргэлтээс гаргахыг уриалсан байна. Энэ талаар Энэтхэгийн Засгийн газраас албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа ч Эрүүл мэндийн яам уг асуудлыг шалгаж байгаа талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

“Манай улс ийм явдал гарахаас урьдчилан сэргийлэх сайн тогтолцоотой хэдий ч өнөөгийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл Энэтхэгийн нэг ч иргэн хуурамч вакцин хийлгээгүй гэдгийг баталгаажуулах нь туйлын чухал байна” гэж эрүүл мэндийн байгууллагын нэрээ нууцалсан төлөөлөгч “Mint” цахим хуудсанд мэдээлсэн байна.

“AstraZeneca”-гийн вакцины Энэтхэгт үйлдвэрлэсэн хувилбар болох “Covishield” нь тус улсад хамгийн түгээмэл хэрэглэж буй вакцин бөгөөд улсын хэмжээнд одоогийн байдлаар 486 сая гаруй тунг тариад байгаа юм.

“Serum” хүрээлэн Засгийн газрууд, “COVAX” хөтөлбөртэй байгуулсан гэрээнүүдийнхээ хүрээнд Ази, Африк, Өмнөд Америкт “Covishield” вакцины олон сая тунг нийлүүлжээ. Мөн Ерөнхий сайд Нарендра Модигийн  “вакцины дипломат ажиллагааны” хүрээнд хөрш орнууд руугаа вакцин илгээсэн юм.

Гэвч Энэтхэгт 4, 5 дугаар сард халдварын хоёр дахь давлагаа дэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газар вакцинжуулалтын аянаа түргэтгэхээр шийдвэрлэж, экспортыг хориглосон билээ. Түүнээс хойш “Serum” өөрийн улсын эрэлт хэрэгцээг хангахыг эн тэргүүнд тавин ажиллаж буй бөгөөд энэ оны эцэс хүртэл вакцин экспортлохгүй төлөвтэй байна.

Дэлхийн улс орнуудаас халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт жагсаж буй Энэтхэг нь энэ оны эцэс гэхэд бүх иргэнээ вакцинжуулахыг зорьж байгаа юм. Гэвч удаан явц, вакцины хомсдол, вакцинд үл итгэх байдал зэргээс үүдэн вакцинжуулалтын аян саатаад байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас хойш хүн амын ердөө 13 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?