ОРОСЫН АМЬДРАЛЫН ОЛОН ӨНГӨ

2022-05-24  

Хүмүүс өөр өөрийнхөөрөө л амьдарч байна

   Дал шахам мянган хүн амтай Лесосибирск оросын жирийн нэг хот. Итали, Англи, Испани, Япон, Хятад гээд дэлхийн хорь гаруй оронд бүтээгдэхүүнээ гаргадаг модны гурван том үйлдвэртэй. Үйлдвэрийнхээ байршлыг дагаж хот нь дал гаруй км сунасан болохоор нутгийнхан нь “манай хот Гиннест алдаршсан” гэцгээх юм. Оросын өнөөгийн амьдралын бүхий л өнгө төрх энд байна. Хурдхан л “боож үхэх минь” гэж бухимдах дэлхийн хоёрдугаар дайны нэгдүгээр зэргийн одон санжигнуулсан доголон өвгөн, Орост эрдэм ухаан копейкны үнэтэй байснаа одоо огт үнэгүй боллоо гэж хараал урсгах дээд сургуулийн профессор, алинаа ч алдсан архичин, мухлагаа хаачихаад “Мерседес Бенз”-дээ суугаад хөдөлж буй кавказын болов уу гэмээр эр, Сибирийн урт өвөл эхэлж байхад ханзар  хай пүүзтэй, хуушуурын мухлаг сахин хооллох бяцхан хүү... бүгд л нэгийг хэлнэ.

    Хоол хүнс дэлгүүрт элбэг болжээ. Харин үнэ гэвэл урьдынхтай харьцуулахын аргагүй. Масло кг нь 205 рубль, мax дал ная, хиам зуун дөч тавиас л ярина. Харин алдарт “водка” дэлгүүрийн лангуунд харагдахгүй, гудамжны наймаачид авдар авдраар зарна. Шилийг нь 150, 200 рубль гэж дуугарч байх юм. Автобус троллейбусны билет 20 копеек байснаа 80, удсан ч үгүй рубль болно билээ. Үнэ өдөр өдрөөр өслөө гэж хүмүүс нь манайхны адил бухимдацгааж л байна. Нэг чигт замнаж байсан болохоор арга ч үгүй биз. Мод боловсруулах хоёрдугаар үйлдвэрийн ерөнхий захирал Виктор Иванович Белорусский хэмээх эр Англи явсан тухайгаа сонирхуулангаа тусгаар тогтносон улсуудын (хуучин Зөвлөлтийн) яамдын 15 сайд тэнд мах, масло өндөг, гурил будаа гэх мэтийг хөөцөлдөж явааг шүүмжилж, хоол хүнс гуйхын оронд түүнийг хийдэг машин технологи авдаг байгаа даа. Танайхан бас ингэж л байгаа даа. Эрдэнэтийн модны үйлдвэрт би хэдэн жил хоол хороосон хүн шүү дээ гэж ярьж байсан. Эдний банз дүнз нь хотоо тэжээдэг гэж ярьцгаах юм. Tэp ч үнэн бололтой. Гадаадаас валют, дотоодоос рубль тус үйлдвэр рүү урсдаг гэнэ. Манай зарим үйлдвэрүүд эднийхтэй савхи нэхий, хивс гэх мэтээрээ худалдаа хийдэг аж. Тэгээд ч хотынхон нь гаднаас ирсэн хүнийг банз модны хойноос яваа байх гэж л таамаглах юм. Автобусанд суудал таарсан нэгэн халамцуу эр “Дундад Азиас явна уу. Банзаа олов уу” гэж асуугаад өөрийнхөө олз омгийн тухай нэлээд задгайрлаа,

- Кемеровод эндээс би баахан банз гаргасан. 250 мянга цэвэр унасан. Ууж, наргиж байна. Хоёр сарын дараа дахиад ачуулна. Овоо юм унана. Мэргэжил боловсролгүй над мэтэд болоо биз дээ гэж архи сэнхийлгэн сайрхав.

Автобуснаас буугаад явж байхдаа эндхийн багшийн дээд сургуулийн багш Сергей Шестаковын ярьсан дэд эрдэмтний зэрэгтэй би бүтэн cap лекц семинар гэж гүйгээд хоёр мянган рубль авч байхад тавдугаар ангиасаа хүүхдийн колони энэ тэр гээд яваад өгсөн Вася уруулын будаг зарж байгаад л одоо шведийн “Вольво” уначихсан, дэлгүүр нээчихсэн, мань мэтийг бол нулимаад л өнгөрч байна шүү дээ гэснийг саналаа.

Энэ мэтээр хүмүүс өөр өөрийнхөөрөө л амьдарч байна. Модны үйлдвэрт ахлах инженер байсан Альберт Николаевич Кох тэтгэвэртээ суугаад нэлээд хэдэн жил болж байгаа аж. Эднийх өөрсдөө барьсан хувийн гурван өрөө орон сууцтай. Халуун, хүйтэн ус, хийн шугамтай болохоор хаанахын ч тохилог сууцнаас дутахааргүй. Хашаандаа хүлэмжтэй, хотын захад 0,6 га ногооны талбайтай, тэндээсээ охин, хүргэн гээд гурван айлын бүтэн жил идэх ногоог хураадаг аж. Гэрийн эзэн биднийг машиныхаа гараашид орж сонирхохыг урьсан юм. Тохилог дулаан гарааштай болохоор “Лада”-гаа өвөл зунгүй унадаг гэнэ. Гарааш дотроо зоорьтой юм. Шатаар доошоо бууж тэр зооринд ороод ёстой л нүдээ бүлтийлгэхэд хүрлээ. Олон төрлийн жимсний чанамал, өргөст хэмх, улаан лооль, сонгино, capмис, хар цагаан мөөгний дарш... Дэлгүүрийн агуулахад ороод ирсэн мэт санагдлаа. Гурван ч төрлийн жимсний дарс тэнд байлаа. Нөгөө талын буланд хайрцагласан төмс, сонгино, мөн ханаар нь өлгөсөн сармис нүднээ тусна. Намайг гайхаж байгааг ажсан гэрийн эзэгтэй Лидия Васильевна:

-Бидний зун, намрын хөдөлмөр энд байгаа юм. Хоёр хүлэмжнээсээ өдөрт өргөст хэмх, улаан лоолийг хувин хувингаар л авдаг. Зунжин намаржингаа идээд үлдсэнийг дарсан нь энэ. Үхрийн нүд, гүзээлзгэнэ, улаалзганыг гурав дөрвөн өдөр яваад л түүчихнэ гэж тун ч түвэггүй ажил мэт өгүүлж зогсов. Тэндээс гараад тэдний гахай, туулай, шувууны аж ахуйтай танилцлаа. Гурван гахай, дөрвөн тоорой, арваад туулай, тийм тооны тахиатай юм. Хашаа хороо, хайрцаг савнаасаа төдий л гардаггүй. Гараад ч явах газар ховор тул тэндээ тэжээлээ идээд л болж байдаг гэнэ. Хааш хаашаагаа арваад метр талбайтай энэ хашаанд иймэрхүү аж ахуй байх юм гэж санасангүй.

- Өвгөн бид хоёр өөрсдийн төлөө санаа зовох юм алга. Гурил, будаа, сүү тарганд хэд гурван рубль зapна. Гар хөдөлж, газраа эдэлж байсан цагт өлсөхгүй л байх. Харин бидний дараа хэдэн хүүхэд, ач зээ нар маань яадаг бол гэж зовох юм. Лена маань Кишиневт амьдарч байгаад охиноо тэврээд хөөгдөөд ирлээ. Орос болохоороо тэр. Нөхөр нь бас орос. Гэхдээ тэнд төрж өссөн. Одоогоор тэндээ үлдсэн. Төрсөн хотоо, гал голомтоо орхиод ирнэ гэхээр түүнд хэцүү л байгаа байх. Зээ охин маань ааваа санаад бэтгэрч гүйцлээ. Тэндээс сураг чимээ байдаггүй. Энэ хоёр Кишинев яваад гэр орноо эргээд аавтайгаа уулзаад ирье гэцгээх юм. Тэнд буудалцаж л байна. Бурхан минь энэ Орос орон, хуучин Зөвлөлт юу болж дуусах бол, бүү мэд дээ гэж Лидия Васильевна гуай үр, ач нартаа зовсон эхийн нулимс унаган ярьж байлаа.

Альберт Николаевич тэндээс:

-Танай Монголд амьдрал хэр байна даа. Манайхан шиг салах сарних зовлон байхгүй эрх биш учиртай. Мал хунар олонтой, газар нутаг арвинтай болохоор мах, сүү, хоол унд элбэгтэй биз дээ гэж ярианд оролцлоо. Эхний асуултад хариулах амархан. Харин дараагийнхад хэцүү. Мал хунартай. элбэг дэлбэг газартай монголчууд бид картын мах, гурилаар өл залгаж, тоо хэмжээ нь хасагдах бүр уур уцаар болж засаг төрөө харааж байдаг хүмүүс шүү дээ. Үүнийг сонсвол ажилсаг тэр орос өвгөн толгой сэгсрэх биз ээ.

Улаанбаатар –Лесосибирск

Ардын Эрх” сонин. 1992-V-02

МУСГЗ Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?