“НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2017-11-08  

Нийслэлийн Иргэний танхимд “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн 300 гаруй төлөөлөл оролцов.  

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа үйлчилгээний салбарын 69 хувь нь нийслэл хотод төвлөрч, бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт нь улсын хэмжээн дэх борлуулалттай харьцуулахад 90-95 хувийг эзэлдэг бөгөөд улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй томоохон салбар юм.

Нийслэлийн нийгэм эдийн засгийг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу худалдаа, үйлчилгээний салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүн амыг чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр хангах, бизнесийн орчин, нөхцлийг сайжруулах, үйлчилгээний соёлыг  дээшлүүлэх зорилгоор “Худалдаа үйлчилгээ- 2020”, “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020” нийслэлийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн боловсруулж байна. 

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийг хуулийн хүрээнд салбарын холбогдох хууль тогтоомжтой  уялдуулан, мэргэжлийн байгууллагууд болон иргэд аж ахуйн нэгжийн саналыг тусгаж боловсруулаад байна.

Өнөөдөр Худалдааны тухай хууль батлагдахгүй байгаагаас худалдаа үйлчилгээний  харилцаа 57 хуулийн 100 гаруй зүйл, заалтаар хэсэгчлэн зохицуулагдаж байгаа бөгөөд нэгдсэн бодлого өнөөг хүртэл байхгүй  байна.  Тиймээс “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг НИТХТ-ийн хурлаар батлуулан мөрдөж ирсэн бөгөөд Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор НИТХТ-ийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” эрх зүйн чадамжгүй болсон.

Мөн хүн амын төвлөрөл ихсэж, үйлчилгээний нэр төрөл,  цар хүрээ нэмэгдсэнтэй уялдан худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хүлээх үүрэг хариуцлага, тавигдах шаардлагыг нарийвчилж тодорхой болгох шаардлага гарсан. Агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах бодлогын хүрээнд зарим зохицуулалт хийх шаардлагатай болсон.

Энэхүү журмын төсөлд худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд болон үйлчилгээний байр, хүний нөөц,  гадна орчины тохижилтонд онцгой анхаарч,  шинэ дэвшилтэт үйлчилгээ, техник технологи, инноваци, кластер нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй, био, нано технологийг эрчимтэй хөгжүүлсэн тохиолдолд бизнес эрхлэгчдийг сурталчлах, шагнаж урамшуулах, бусад төрлийн дэмжлэг үзүүлэхээр тусгаснаараа өмнөх журмаас онцлог юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?