СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.ЦЭДЭН -ИШИЙН "АЯН ЗАМ, БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ" НОМООС ХУВААЛЦАЯ

2017-11-13  

Монголын сэтгүүл зүйд "Өнөөдөр" сонин үнэ хүндтэй байр суурь эзэлдэг. Түүнийг үүсгэн байгуулагч Ц.Балдорж чадалтай сэтгүүлч, сайн менежер байсантай маргах хүн үгүй. Тэгвэл түүний хүч чадал нь түүний багт оршиж байсан гэдэг. Тэр хүчирхэг багийн тулгуур гишүүний нэг бол Д.Цэдэн-Иш байсан гэдэгтэй журмын нөхөд нь санал нэгддэг. Орост мэргэжил боловсрол эзэмшсэн Д.Цэдэн-Иш бол "Өнөөдөр" сониныг Ц.Балдоржийн хамт анхнаас нь үүсгэн байгуулсан, хамгийн шадар хүний нэг. "Үнэн" сонинд байхаас л тэд үерхэж, "Ардын эрх" сониныг байгуулалцаж, хожмоо " Өнөөдөр"-ийг хамтдаа өлгийдөж авсан гавьяа тэднийх. Сайн бичнэ, бас хөрөнгө санхүү сайн босгодгоороо Ц.Балдоржид их тоогдсон гэж Нэмэхбаатар хэлдэг. "Өнөөдөр" сониныг үүсгэн байгуулсан гавьяагаараа Ц.Балдоржид ойртох хүний нэг ч гэж түүнийг хэлдэг. Хүн чанар сайтай, тулж түшихэд итгэлтэй хүн гэж Цэдэн-Ишийг үзэг нэгт нөхөд нь үнэлэх нь бий. 

Д.Цэдэн-Иш асуудлын голыг олж харахдаа гярхай, эерэг талаас нь бичих зөв хандлагатай гэдгийг түүнээс бичсэн нийтлэл бүрээс ажиглаж болох. Ялангуяа, Ази, Европ, Америк тивээр хөндлөн гулд аялахдаа туурвисан " Аян зам, бодол эргэцүүлэл" ном нь Д.Цэдэн-Ишийг хэр зөв, хэр бичдэг сэтгүүлч вэ гэдгийг бэлхнээ өгүүлнэ. Сонирхолтой хүмүүстэй уулзсан уулзалт, газар газрын сонин содон зүйлийг бусадтайгаа хуваалцсан сонирхолтой өгүүлэл, нийтлэл, фото зураг нь тэр газраар явсан мэт, үзсэн харсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Зорилготой аялал л гэж үүнийг л хэлэх байх гэж санав. Бусдад их л үлгэр дууриалтай, мэдүүштэй олон сонин мэдээлэлтэй, авууштай сайхан санаа дүүрэн ном байна гэж хуудас бүрийг уншихдаа бодож суулаа. Та ч гэсэн бас уншаад үзэхэд гэмгүй. Ном нь цөөн хувиар хэвлэгдэж, нэгэнт эзэддээ хүрч, олоход бэрх тул "Аян зам, бодол, эргэцүүлэл" номын нэг хэсгээс зохиогчийн зөвшөөрөлтэйгээр уншигч танд толилуулья.

 

 

Журмын нөхөд Ц.ЭНХБАТ

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэдэн-Иш:  МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭР НАР ЖАРГАДАГГҮЙ ЭЭ

ХОЛЛИВУДЫН ХОТООР          

...Лос Анжелос руу машинаар явахаар бид төлөвлөсөн юм. Онгоцоор явахад цаг хожих хэдий ч гурван хүнийх дөрвөн зуугаад доллар болчих юм билээ. “Өдрийн дал наян доллараар түрээсийн машин аваад явах нь амар байдаг юм” гэж өмнө америкаар аяласан найз нөхөд маань надад зөвлөж байсан юм. Шатахуунд гуч орчим доллар зарна. Зам зуурын газар орон хараад машинаар явах нь илүү сонирхолтой шинэ аялал юм гэж бид үзэцгээв. “Трамп”-д машин түрээсийн үйлчилгээ байсангүй, хөрш “Wynn” зочид буудалд байдаг гэх. Өглөө арав хүрэхгүй минут алхаад л бараг зургаан одын зэрэглэлтэй гэмээр “Wynn”-д хүрээд ирэв. Гудамжны яг эсрэг талд энэ зочид буудлын ихэр хувилбар болох “Encore” сүндэрлэн байх. Хайр дурлалдаа шатаж явсан халуухан цаг үедээ эхнэр нөхөр болох залуу хосууд байгуулсан гэх өөд өөдөөс нь харуулаад барьчихсан 75 давхар хүрэн шилэн хос шилтгээн юм л даа. Миний танил Дашбалдан тэнд ажилладаг, бас түүнээс энэ буудлуудын талаар мэдээлэл сонссон болохоор гадагш гарахдаа хажуу хавиар нь явж тансаг ур хийц, өндөр сүрлэгийг нь аждаг байлаа. Өглөөний наранд аль аль нь аранзал зэсийн өнгөөр шаргалтах нь их л үзэсгэлэн төгөлдөр юм билээ. Трампын таван одтой алтан шараас гаднах байдлаараа ч доторхи тав тухаараа ч энэ “Wynn” хавьгүй илүү болох нь оронгуут мэдрэгдэж байна лээ. Өмнөх нийтлэлдээ миний нэгэнтээ дурдсанчлан өрөө тасалгаа нь “Трамп”-ынхаас гурав дахин үнэтэй байх нь ч аргагүй юм даа гэсэн бодол төрж байв. Хөлийн цэлгэр танхим, ийш тийш салаалсан элдэв төрлийн үйлчилгээнүүд, казиногийн олон арван заал нь хүн амьтан тун олонтой байлаа. Энэ тансаг буудлаар үйлчлүүлэх мөнгөтэй хүн ийм л элбэг аж. Өчигдөр бидний “Оу” шоу буюу Нарны циркийнхний тоглолт үзсэн “Беллажио” хэмээх тансаг зочид буудал, казиногийн цогцолбор бол бас энэ өөд өөдөөсөө харсан хоёр буудлын эздийнх гэж буй. Лас Вегасын гурван том буудлын эзэд гэхээрээ тэд Трампаас дутахгүй л баян хүмүүс байх гэж бодогдож байв. Америкийн хэд хэдэн хотод энэ буудлуудынх нь сүлжээ бас байдаг гэнэлээ. “Wynn” гэхэд л 15 мянган ажилтантай гэж Дашка ярьж байсан. Нөгөө хоёр нь ч түүнээс юу дутаа аж. Монголын маань нэг иргэн, танил нөхөр минь тэр олон мянгынх нь нэг гэгдэж энд ажилладаг болохоор машин түрээсийн цэгийг нь сураглангаа буудлын доод давхраар хэсэг холхиж сонирхов. Зах хязгаар нь харагдахгүй энэ том савнаас түрээсийн бяцхан цэг олно гэдэг бас ч амаргүй аж. Буудлын байр зураг энд тэнд уг нь байгаа л байх. Монгол зангаараа хаалгачаас асууж байгаад түүнийг нь заалгаад авлаа. Энэ талын үйлчилгээгээрээ америк даяараа нэрд гарсан “Hertz” хэмээх компанийн салбар энд байдаг юм байна. Төлөөлөгч бүсгүй биднийг найрсагаар уриад л гэрээ хийж эхлэв. Паспорт, бичиг баримтыг нарийн үзэж байна. Шөнийн 00 цагаас өмнө эдний компанийн Лос Анжелосын төлөөлөгчийн газарт хүлээлгэн өгөх үүрэгтэйгээр суудлын “Ниссан Тина” түрээслэх болов. Төлбөр нь 260 доллар болоод бидний тооцсоноос гурав дахин үнэтэй болчихлоо. Бидний найзууд Лос Анжелос явахдаа ная ерээр л түрээслэсэн гэж байсан гээд эргэлзсэн чинь “Элдэв эрсдэл, даатгалын хариуцлага хүлээхгүй тийм хямдхан компани байдаг байх аа. Манайх машинаа ч, зорчигч та нарын амь насыг ч даатгалд хамруулж үйлчилдэг юм . Машин чинь эвдэрвэл хамгийн ойрын цэгээс өөр машин гаргаж үйлчлэх...гээд үйлчилгээний хариуцлагын давуу тал бий” гэв. Цаг багатай бидэнд өөр сонголт, бас маргаж мэтгэлцэх сонирхол байсангүй, эндээс машинаа авч унаад “Трамп”-аар дайрч ачаагаа аваад замд гарцгаав. Цахим замч буюу GPS-ийг суулгачихаад хөдөлсөн болохоор төөрч мунгинах юм нэгээхэн бээр байсангүй, Лос Анжелос руугаа шуудраад давхичихав. Зам зуурын газар нутаг нь манайхтай тун төстэй юм билээ. Өвс ногоо нь тачирдуухан тал, нүцгэн уул толгод нэг хэсэгтээ үргэлжилнэ. Дөрвөн зуугаад километр замд хот тосгод олон тааралдах аж. Салхин цахилгааны далбууртай өндөр шонгууд уул дамжин ярайна. Байсхийгээд нарны зай хураагуур тал хөндий, толгодын энгэрт нар тосон гялтайж харагдах. Атомын цахилгаан олонтой атлаа америк гүрэн хот хөдөөгүй нар, салхины эрчим хүчинд ихээхэн анхаарал тавих болсон нь нэгийг хэлээд байгаа л хэрэг. Монголын задгай салхи, хурц нар Невада, Калифорныхоос илүү гарна уу гэхээс огт дутахгүй шүү дээ. Ажил хэрэгч залуус их санаачлага гаргаад зоригтой зүтгэвэл монголын их утааг халах ирээдүй бас ч гэж ойрхон байна даа...

“Алтан монгол” ресторанаар ороод гарав

Хоёр урсгалтай өргөн дардан замаар зуун гуч дөчтэй давхисаар, зам зуураа манай нийслэл Дархан хооронд байдаг шиг “Урьхан” шиг зоогийн газарт  үдлээд  Лос Анжелост их үдээс хойхонтоо ороод ирлээ. Далайн эрэгт ойрхон буудлаа захичихсан, эндээ гурав хонох болохоор нэг их агдаж яарахгүй явцгааж байв. Вашингтоны зураач Погжоо Ганбаа өөрийн найз зураач Мөнхтөрийн утсыг надад өгч “Таны тэмдэглэлийн чинь нэг баатар болох эр дээ. Бид хоёр америкт болдог олон улсын шог зураачдын зургийн үзэсгэлэнгийн айргийн тавд хоёр гурван ч удаа багтаж явлаа” гэж ярьж байсан юм. Хотын зах руу орж ирэнгүүтээ холбоо барьлаа. Японд амьдардаг нутгийнх нь найз гэр бүлээрээ зочилж ирээд зав муутай байгаа гэнэ, гэхдээ тантай уулзна аа гээд гэрийнхээ ойролцоо байдаг “Golden Mongolia”-хэмээх зоогийн газрын хаяг өгөв. Зам заагчдаа гудамжны нэр, байшингийн дугаар оруулангуут л хаагуур яаж очихыг заагаад өгөх нь таатай. Ямар цаг хугацааны дараа тэнд хүрэхийг ч хэлээд өгөх юм даа. Огт таньж мэдэхгүй хотод анх удаагаа ирж буй хүмүүс амьтан хүнээс зам хаяг асуух юмгүй зорьсон газраа саадгүй хүрээд ирлээ. “Солонгос Таун” гэх өндөр байшинтай, өргөн цэлгэр гудамжтай, ой модтой үзэмж төгөлдөр, хөл хөдөлгөөнтэй  гудамжинд “Монгол”-оор  нэршсэн зоогийн газар байх нь олзуурхууштай. Гудамж руу харсан өргөн цэлгэр хаалгаар нь орлоо. Арваад ширээтэй тавь жаран хүний суудалтай боловуу гэхээр танхимд хүмүүс цай хоол болоод сууцгааж байв. Хананд нь монгол орны байгалийн том гэрэл зургууд, Эзэн Чингисийн арьсан дээрх хөрөг гээд л монголын билэгдэл, илэрхийлэлүүд олон харагдав. Зурагтаар нь хошин шогийн хамтлагийнхны тоглолт гарч, жүжигчин Онон дэлгэц дүүргээд л малилзаж байна. Хоёр ширээнд монгол залуус бууз, цуйван, хажуу ширээнд нь шар толгойтой гурвын зэрэг нөхөд хуушуур, ногоотой шөл зооглоцгоож байх. Биднийг суудлаа эзэлж байхад шар цамцтай, цагаан хормогчтой бүсгүй хоолны цэс авчирч өгөв. Сүүтэй цай, аарц, банштай цай, бууз, хуушуур, хуйцаа гээд л нутаг орон санагдуулсан хоол ундны нэрс байна. Ийн үйлчлүүлж бууз хуушуур болж байтал Мөнхтөр зураач хүрээд ирлээ. Зоогийн газрынхан ч, энд үйлчлүүлж суугаа залуус ч түүнтэй мэнд ус болох нь хуучин танилууд аж. Бид ч танилцлаа. Түүнийг ирэх чимээнээр зоогийн газрын удирдлага бололтой эр гал тогооноосоо гараад ирнэ лээ. Өчигдөр наадам тэмдэглэсэн тухай дотно яриа хөөрөө тэр хоёрын хооронд болж байв. Зоогийн газрын эзэн Дамба хэмээн надад түүнийг Мөнхтөр зураач танилцуулав. Нийтийн хоол, тогооч талын мэргэжилтэй энэ эр Лос Анжелост бас л хорь шахам жил ажиллаж амьдарч буй гэнэ. Монгол хоол ундаараа нутгийнхандаа үйлчлээд энэ талынх нь ажил төрөл, бизнэс давгүй явж буй юм байх. Энэ хавийн монголчууд наадмын хүлээн авалтаа эндээ хийж хэсэг бужигнацгаажээ. Сар шинээр бас нэг том цугларалт болдог гэх. Монгол залуусын хурим, хүүхдийн даахь үргээх гэх мэт арга хэмжээ болох нь бас бий гэнэ. Нутаг орноосоо алс яваа залуус, иргэд маань уулзаж учирдаг, цугладаг монгол хаягтай, монгол жаягтай ийм нэг үйлчилгээний газартай байна гэдэг сайн хэрэг. “Алтан монгол” хэмээх нэртэйгээ адил мөнхөд үнэ цэнэтэй, нутаг нэгтнүүдийнхээ цугларал тайтгарлын үнэт өргөө  байх болтугай гэж эзэн Г.Дамбад ерөөл хэлээд зураач Мөнхтөртэй ойр зуурыг ярьж хэсэг суулаа. Тэрээр америкт ажиллаж амьдраад хорь гаруй жил болж буй аж. Анх ирэхдээ дэлхийд алдаршсан “Универсал пикчерс студи”-ийн уран зургийн курст суралцахаар ирсэн гэнэ. Тэндээ ч суралцаад төгсөж. Орон орноос ирсэн хорь гучин суралцагсадаас тус студийнхэн өөртөө ажиллуулахаар хоёр хүн шалгаруулж авахад Мөнхтөр багтаж үлдсэн гэх. Хоёр жил тэрхүү студид алба хаажээ. Монголоос “Универсэл пикчерс”-т зураачаар ажилласан анхны хүн би байх шүү хэмээн цагаахнаар омогшоод авна лээ тэр. Дэлхийн зартай студид ажиллаж ихийг сурлаа гэж байв. Тэрээр тэнд сурсан эрдмээ одоо бизнес болгоод буй юм байх. Засаг захиргаа, цаг наранд баригдахгүй чөлөөт уран бүтээлч болоод далайн эргийн “Санта Моника” хэмээх алдартай наран шарлагын газарт талбай түрээслээд зургаа зурж амьдралаа авч явна аа гэж ярив. Тэр газар нь очиж ажил алба, уран бүтээлтэй нь танилцах хүсэл төрж байлаа. Энэ тухайгаа түүнд хэлж нөгөөдөр уулзахаар болзоод түр баяртай болж бид буудал руугаа давхилаа. Бидний захиалгат буудал хотын баруун захад Номхон далайн эрэгт аж. Машинаас буухад л ус чийг үнэртэж байна лээ. Оройдоо түрээсийн машинаа тушаах тул манай хоёр боломжийг ашиглаад хоттой танилцахаар давхицгаав. Би буудлын цахим сүлжээ ашиглан улсын наадмын хоёр дахь өдрийн бөх, их насны морьдын уралдаан үзэх сайхан албатай үлдэв. Уртын дуу уянгалаад л, аварга арслангууд цагаан хөлтөө тойрч дэвээд л... завсар хоорондуур нь “Хүй долоон худаг”-т хурдан морь үзээд л нутагтаа байгаа юм шиг оройжингоо наадмаа үзэж кайфтай өнжив...

“Универсал Пикчерс” киночдын хотхонд

Өглөө нь наадмынхаа тоосыг гөвнө гэдэг шиг урд оройныхоо шар айрагны шарыг буудлынхаа усан санд сэлж гаргачихаад цайндаа оров. Америкт бидний буусан том бага аль ч зочид буудал бассейнтай байлаа. Ер нь айл гэр, хаусууд нь бүгд л бассейнтэй харагдах юм билээ. Орон сууцны байр байшингуудын дунд ч том бассейн цэнхэртээд л хүүхэд багачууд хэн хүнгүй л тэнд хөгжилдэж байх нь жирийн дүр төрх. Энэ нь нэг талаас чинээлэгийнх нь  хэмжүүр боловч нөгөөтэйгүүр эрүүл чийрэг амьдралынх нь бас нэг дэмжүүр аж. Буудлынхаа зоогийн газарт бид аажуу цайлчихаад нэгэн гудамжны цаахантайх “Enterprise” хэмээх  машин түрээсийн компаниас суудлын цав цагаан “форд” гурван өдрөөр түрээслэж Холливудын кино бүтээдэг “Универсал Пикчерс Студи” үзэхээр алсын уулс руу давхицгаав. Хотоосоо зайдуухан ууланд байдаг юм билээ. Тэр чигээрээ Холливудын бас нэгэн тусгаар хот гэхээр юм. Зогсоолд нь жуулчны лимузин автобус хэдэн арваараа өнгө алаглан ярайж байв. Бид мэтийн аялагчдын унааг том дэлгүүрийн доор байдаг шиг олон давхар битүү зогсоолд тавиулах юм. Автомат хаалтаар орохдоо төлбөр тооцоогоо хийцгээв. Гурван дэсийн зогсоолоос нийтийн буюу ард түмнийхийг сонгож 18 доллар төлцгөөв. VIP буюу дээдсийнх нь зогсоол 45 доллар гэх юм билээ. Бидний унаагаа тавьж буй давхрын зогсоолд л гэхэд машин тэрэг хэдэн зуугаараа тавиастай, орж гарч буй нь ч тасралтгүй цуваастай. Холливудын энэ кино хотхоныг өдөрт 70 мянга гаруй хүн үздэг гэхээр ийм байхаас ч аргагүй биз ээ. Гудамж руу гараад л элдэв зураг хөрөг, нүд сэтгэл татах үзмэр, шоу нь эхлэх юм билээ. Байшин барилга, гудамж талбай нь тэр чигээрээ эрээн мяраан зураг, элдэв сонирхолтой эд агуурсуудаар дүүрэн. Холливудын нэгэн цагийн нэрийн хуудас болсон аварга Кинг Конг сармагчин нэгэн өндөр байшингийн хананаас “мэндчилж” байх. Байшингийн доохонтой өнгөрсөн зууны эхээр америкт үйлдвэрлэсэн “Форд” хөнгөн тэрэгний анхны хувилбарыг зогсоочихож. Гудамжны нөгөө үзүүрт анхны уурын галт тэрэгний загвар байж байна. Хүмүүс аль алин дээр нь зураг авахуулаад л шуугилдаж байх. Энэхүү хөшөө дурсгал, машин техникүүд нь “Универсал Пикчерс Студи”-д зургийг нь авсан аль нэг киноны “дүрүүд” юм билээ. Хэдэн оны, ямар киноных болох тухайн тайлбар сэлт ч хадаастай байх. Хашааны гаднах оршил хэсэг ийн үргэлжлэх юм. Яг билет тасалбараа шалгуулаад алдарт студийн билэгдэл болсон бөмбөрцөгт хаалгаар орсоны дараа арай өөр үзмэр шоу эхлэх аж. Нэг үзэгчийн энгийн тасалбар нь 120 доллар байв. Өндөр зэрэглэлийнх нь 329 доллар гэх. Студийн байр зургийг судлаж байгаад олон арван үзвэр шоунаас цаг завдаа зохицуулаад сонгон үзэх боломжтой юм. Цаг минутаар ээлж заасан шоу тоглолт ч байна. Хүмүүсийн үздэг гол үзвэр, үзмэрийг сонгоод явахад л бүтэн өдөр багадах юм билээ. Бидний уулзаж танилцсан, энэ студи, хотхонд хоёр жил алба хаасан Мөнхтөрийн хэлснээр бол тухтайхан үзэхэд та нарын Лос Анжелост байх гурав дөрөв хоног ч багадна гэж хэлсэн нь оргүй үг биш байх. Манай нийслэлийн Бага тойруутай тэнцэхээр л талбайтай хотхон юм уу гэж би баримжаалав. Гудамж, талбай болгон нь сонирхол татахуйц шоутай. 

Мэрилин Монро “амьдаараа” алдарт цагаан палаажтайгаа дуулж бүжиглэж байна. Түүнтэй зураг авахуулах шүтэн бишрэгчид ч олон. Эндээс холгүйхэн нэгэн гудамжны хэсэг байшин цасаар хучаастай өвлийн өнгө төрхтэй дүнхийж байна. Швейцарын Давосын хоёр гурван давхар хаусууд л телевизээр гарч буй нь нэг иймэрхүү харагддаг даа гэх бодол төрж байлаа. Байшингуудын дээврээс мөсөн унжлагууд хүртэл гялтайгаад тогтчихсон байх. Хурц тод өнгийн майк, щорттой халууцсан хүмүүс доохнуур нь нааш цааш хөлхөлдөх нь эрс тэс ялгараад сонин содон дүр зураг харагдаж байв. Халуун зунаар ч гэсэн цасны машинаар цас оруулаад л өвлийн зураг энэ гудамжинд авдаг аж. Америкийн баруун эргийн энэ Лос Анжелос чинь уг нь мөнхийн зунтай халуун дулаан хот шүү дээ.Холливудын кино авдаг павилон руу орох хэсэг урт дараалалтай байх юм билээ. Олон улсын онгоц руу ордог шиг тахиралдсан олон хаалт дундуур үзэгчдээ явуулах аж. Нартай халуун өдөр байлаа. Галт тэрэгний тавцан шиг энэ урт талбай сүүдрэвчтэй хэдий ч бүгчим халуун. Сүүдрэвчийн таазны голоор туушид нь эйркондейшний урт шугам татчихаж. Тэндээс үлээх хүйтэн агаар тэрүүхэн орчноо хэсэгтээ л сэрүүцүүлэх юм. Дараалалд зогсох бид хэдэнтээ тахиралдсаар ойр ойрхон тэнд очиж таашаал авах. Виз авахаар америкийн элчингийн гадаа өнгөрсөн өвөл дараалалд зогсож байхдаа зогсоолын дээвэрт халуун агаар үлээгч тавьчихсаны доор зогсч дулаацаж байснаа саналаа. Хөгжиж дэвжсэн улс орны үйлчилгээнийхэн хүмүүст ингэж л халамж анхаарал тавьдаг аж. Энүүхнээс анзаарагдсан энгийн жишээ л энэ. Хагас цаг гаруй халууцаж сэрүүцэж зогссоор тавцанд гарав. Дунд гарын автобус шиг арваад бяцхан галт тэрэг ирж зогсов. Эхний хоёр тэргэнд ногоон гарцаар оочерлохгүй орж ирсэн хэсэг үзэгчдийг суулгана лээ. Тэр нь нөгөө 329 долларын тасалбартнууд аж. Нэг үзвэрээс л гэхэд тэд ямар ч гэсэн хагас цагаас илүүг хэмнэсэн хэрэг. Бас халууцаж, хөлөө чилээсэнгүй.  Бидний цуваа Холливудын хотхоноор аялах замд гарлаа. Суудлын өмнөх зурагтаар танилцуулга кино үзүүлж, гаднах гудамж байр байшинг чихэвчээр тайлбарлаж байна. Нэрд гарсан киноны зураг авсан талбай, павилон, барилга байшингаар аялуулах юм. Зарим байшин, гудамжинд киноны үйл явдлын хэсгийг жүжигчид нь давтан тоглох аж. Тэдний үг яриа, киноны дуу хөгжмийг нь бид чихэвчээрээ сонсож явлаа. Хуучны дан байшингуудтай нэг бяцхан гудамжинд үерийн зураг яаж авдгийг сонирхууллаа. Хув хуурай байсан тэр гудамжинд гэнэт аадар цутгаад л байшин сав усанд автаж живэхээ дөхөж байх юм. Үерийн дуу чимээг ч үзэгч бид чихэвчээрээ сонсож сууцгаав. Тэндээсээ хөдлөөд өөр нэг том байшин руу манай цуваа орлоо. Байшинд оронгуут хав харанхуй нөмөрлөө. Өмнөхөн нь бидэнд суудлын даруулгаа шалгаж 3D нүдний шилээ зүүхийг хөтөч тайлбарлагч нь сануулсан юм. Чихэвчээр их хотын машин тэрэгний дуу чимээ сонсогдож эхэллээ. Нүдний өмнө гэрэл гэгээ анивчаад л олон арван машин сүлжилдсэн өргөн зам талбайтай, өндөр барилгуудтай үзэсгэлэнтэй сайхан хот тодорч байна. Холливудын од гэгддэг жүжигчин Вин Дизель задгай лимузинд суучихсан өмнөхөн давхиж явна. Миний машин ч салхи татуулаад л улам улам хурдан давхиж машин тэргүүдийг гүйцээд л зарим нь ч намайг гүйцээд л...Хурдтай давхилдах машинуудын моторын дуу чимээ, заримынх нь дуут дохио, хажуугаар сүнхийн өнгөрөх машины салхи бүгд л жинхэнээсээ...Ийн давхиж байтал урдуур гэнэт хоёр гурван машин хөндөлдөөд л тас няс болоод л миний машин тэрэг ч доргиод л дээрээс нэг хар юм нөмрөөд л ирэх шиг боллоо...Хурдтай нисэлдэж байсан хэдэн машин өмнө мөргөлдөөд бидний машин тэр овоорсныг мөргөөд л зогсож буй бололтой. Овоорсон машинууд шатаж тэндээс улаан гол оволзоод эхэллээ. Утаа униар ч үнэртэж байх юм... Удаж төдөлгүй автобус маань заалныхаа гэрлийг асааснаар бидний зорчигчид сая нэг юм тайвширцгаав. Өнгөрсөн жил энд зургийг нь авсан “Галзуу Хурд” гэх киноны хэсэгт ийн биднийг оролцуулж буй нь энэ аж. Энэ кино манай монголд ч гарсан гэнэ лээ. Эндээсээ цаашаа багахан хөдлөөд хоёр том автобус замд нэгнээ хөөж гүйцээд шахаж онхолдуулж буйн дүр зургийг бидэнд нөгөө 3D-ээр бас үзүүлж мэдрүүллээ. Бүр саяханы дэлгэцнээ гаргасан нэгэн шинэ киноных нь хэсэг аж. Осол аваарын ийм дүр дүрс, дуу чимээг бодит мэтээр ийн мэдрэх нь хүнд талдаа юм билээ. Байр байшингаас гараад бидний цуваа сүйдсэн “Боинг” онгоцны хэдэн хэсэг болсон сэг, бас аваар ослоор эвдэрч хэмхэрсэн машин тэрэгнүүдийн оршуулгын газрыг автобуснаасаа хараад өнгөрцгөөв. Холливудын кинонд ашигладаг түүхий эдийн баазынх нь нэгээхэн хэсэг эд аж. Энд нэг тайлбар хэлэхэд заримдаа би манай галт тэрэг гэж бичээд, заримдаа автобус гээд буйг уншигчид анзаарч буй байх. Бидний унаа киноны павилон руу орохоороо төмөр зам шугам дээр гарч галт тэрэг болоод, гадаах талбайгаар явахдаа дугуйт автобус болчих юм билээ. “Универсал Студи” гэдэг шигээ “Универсал унаа” юм. “Кинг Конг” киног дэлхий даяараа мэднэ дээ. Түүний үргэлжлэл болох нэгэн ангийг энд хийж буй аж. Тэр павилоноор манай цувааг оруулав. Чанга яригчаар чихэвч болон 3D нүдний шилээ зүүхийг санал болгоод гэрэл унтарлаа. Аглаг ой ширэнгэ, нуур цөөрөм намаг болсон уул хавцлаар биднийг аялуулж байна. Дуу хөгжим нь ч эхэндээ сэтгэл тайтгаруулам намуухан. Гэнэт л нөгөө тайван ая аялгуу маань түгшүүр зарлах шиг болж өөрчлөгдөөд л архирч орилсон эвгүй чимээ уул усыг доргиож цалгиулаад эхлэв. Үлэмж биет цэлдэн саарал Динозавр тээр алсаас амаа томоор ангайж шүд ярзайлгаад гүйгээд ирлээ. Би ч зугатлаа. Араас архираад л нөгөөх чинь хөөгөөд л... Аахилсан архирсан амьсгаа нь яг чихэндээр сонсогдоод удахгүй базаад авах нээ намайг...Тэгтэл нэг их нэлмийсэн хар амьтан өөдөөс нөмрөх шахуу гарч ирээд толгой дээгүүр харайгаад гарах шиг болов. Эргээд харахад томоос том аварга сармагчин “Кинг Конг” нөгөө Динозавртай чинь барилцаад авч байна. Тэр хоёрын орилоон хашгираан, зодоон тулаан нь тэр хавийн ой шугуй, уул усыг ёстой доргиох шиг л болж байна. Динозаврын савраас биднийг аварсан ачтан “Кинг Конг” маань дайснаа дийлэх янзтай тулалдаан үргэлжилж байна лээ. “Кинг Конг” киноны “Гавал арал” гэх шинэ ангийг Холливудынхан “Универсал Студи”-д ийн бүтээж буй юм билээ. Үзэгч, аялагч биднийг догдлоосон энэ павилон дахь элдэв адал явдлын сүүлийн хэсэг нь “Гал түймэр” шоу байлаа. Нэгэн бага шиг шатахуун түгээгүүрийн газар шатаж түймэр дүрэлзэж буйг автобуснаасаа харцгаалаа. Шатахуун түгээгч эрийн хувцсанд гал авалцаад л тэр эр амиа аврахаар ойролцоох гол руу хар хурдаараа гүйж байна... Бас л нэгэн киноны үйл явдал юм байх. Удаж төдөлгүй дүрэлзэж байсан гал гэнэт унтарч, гол руу гүйсэн шатахуун түгээгч ажлын байр луугаа юу ч болоогүй юм шиг тайвнаар алхан ирж шоу дуусах бөлгөө. Бидний автобус ч зогсоолдоо эргэн ирж дараагийнхаа үзэгчдийг авч бид шинэ үзмэр лүүгээ явцгаав. Үлгэр домгийн болон аймшгийн сэдэвт кино зураг авдаг павилон нь уулынхаа бэл рүү байх тул тэр рүү урсдаг шатаар уруудцгаав. Уулын нөгөө бэлд юу байгааг өндөрлөгөөс ажиж явлаа. Гол ус, бургастай тал газраар хэсэг үхэр билчэн идээшилж явна лээ. Цаахантайх ой модгүй тэгш талд гольфын талбай харагдсан. Холливудын олон сэдэвт кино үйлдвэрлэлийнх нь баялаг баазуудын  бас нэг хэсэг гэдэг нь ойлгомжтой... Алсаас хэн хүний анхаарал татан томоос том харагдах “Мумми” гэх хаягтай эртний египет, арабынхны сэдэвт кино павилон бидний дараагийн үзмэр байв. Үүдэнд нь хатан Клеопатро, нэгэн ганган фароан ийш тийш ихэмсгээр алхан үзэгч түмэнтэй зураг хөрөг авахуулцгаана. Хоёр метр орчмын урт хөл дээр тэд алхаж яваа болохоор тун содон, алтлаг титэм, хувцас хунар нь ч хурц наранд алтарч гялтганаад амьтан хүний анхаарлыг ихээр татах аж. Тэд ийн зураг авахуулахдаа энд тэндхийн гудамжны элдэв амьд хөшөөнүүд шиг мөнгө нэхэж алгаа тосоод байхгүй юм билээ. Харин өөрсдийнх нь гэрэл зурагчны авсан зургийг авахыг хүссэн үзэгчид тэрүүхэнд түр хүлээгээд үнэ мөнгөө төлөөд “Универсал студи” гэх жаазтай зураг авч харагдана лээ. Мэрилин Монро ч бас хөлс мөнгө гэхгүй хүссэнтэй нь зураг авахуулж байсандаг. Үзэгч, аялагчдын анхаарал сонирхол татах ийм бэсрэг үйлчилгээ “Универсал”-ын гудамж талбайд нь бас хэрэгтэй байдаг биз ээ. “Мумми” павилон руу дараалалд зогсож байгаа орцгоов. Үүд хаалганаас нь эхлээд л эртний египет нэвт ханхална. Бүдгэвтэр гэрэлтэй харанхуйвтар орчинд элдэв мумми, сфинксийн хөшөө баримал хэсэг үргэлжилнэ. Энэхүү орчны төгсгөлд нэгэн бяцхан танхимд үзэгчдийг дөрөв таваар эгнүүлсэн кино театрынх шиг түшлэгтэй төмөр сандалд суулгах юм. Тэрхүү сандал нь гар, хөлийн татлага даруулгатай аж. Үйлчлэгчид нь тэрхүү даруулга бэхэлгээ хийхийг үзэгчдэд сануулаад бас онгоцны үйлчлэгчид зорчигчдоо шалгадаг шиг урдуур хойгуур явж үзэж хараад сая танхимын гэрлийг унтрааж бүр харанхуй болгов. Тэгээд л бидний галт тэрэг түчигнэн хөдөллөө. Зэрэгцээд хахирган дуу чимээ энд тэндээс гарч, галт тэрэг ч хурдаа авч байна. Гэнэт л энд тэндээс орилж хашгираад л элдэв шулмас чөтгөрүүд бидэн рүү дайраад эхлэх нь тэр. Заримынх нь савар, ясан гар нүүр нүдэн дээр ирээд л бие сэтгэл зарс хийлгэх юм. Түүнээс зугатаж буй юм байлгүй бидний түчигнүүр тэрэг асар хурдтай донсолгон давхих бөлгөө. Гэсэн хэдий ч чөтгөр шулмасууд салах янзгүй дагаж энд тэндээс татаж чангаах гээд л сарвалзах... Энэ тамлалыг яаж давж гарна аа гэх айдастай бодол төрж байсан шүү. Миний чөтгөр шулмас хэмээн бичээд буй энэхүү “мумми”-тай аялалаас хүмүүсийн царай хачин саарал болчихсон гарч ирнэ лээ. Үзмэр шоу дандаа инээд хөөр баяр баясгалан байдаггүй, бас тэвчээр зориг хатуужил шаардсан нь ч бас байдаг байх нь гэх бодолтой “Мумми” музейгаас гадагшлав. Хажууханд гол ус урссан хадан хавцалтай сайхан байгаль бүтээчихсэний эргэн тойрноор хүмүүс явж тайвширцгааж байна лээ. Бид ч бас тэр хавиар хэсэг амарцгаав. Хэсэг алхахад дараагийн шоу биднийг урьж байв. Дөрвөн метрийн урттай болов уу гэмээр бага шиг динозавр төмөр шонд аргамжаатай атлаа ойртсон хүн амьтан руу архирч дайраад л элдэв ааш аяг үзүүлж байна. Түүний цаана харагдах ой мод, асга хад болсон хавцал руу орвол эртний галавын энэ амьтны ертөнцөд зочлох аж. “Мумми” үзээд хэсэг догдолсон тул энэ шоуг бид алгасч бүрэн тайвшрахын тулд зоогийн газар бараадцгаав. Дараа нь арай тайван үзвэр болох Холливудад киноны элдэв эффектүүдийг хэрхэн яаж хийдгийг үзэхээр театрт нь очицгоов. Онгоц, машины моторын дуу чимээ, морь малын төвөргөөн, салхи шуурга, цас бороо гэх мэтийг кинонд яаж хөнгөхөн хөөрхөн хийдгийг хялбархнаар үзүүлчихэж байх юм. Тэгээд л тэр киноныхоо хэсгийг дэлгэцэнд харуулчихаж байв. “Өө энэ чинь иймхэн юм байсан юм уу...” гээд л танхим шуугиж байна лээ. Эндээс гарахад нар шингэж байв. Харанхуй бүрэнхий эхлэхээр энд  бас элдэв  шоу болдог гэх. Өдөржингөө элдвийг үзээд явчихсан болохоор юм юмнаас залхацгаах янзтай, тэгээд л бүрэнхийг хүлээхээ азнаж үүд хаалга руу алхацгаав. Буцахдаа уулын замаар явцгааж Холливудын оддын тансаг харшууд байдаг Бэверл Хилзийн гудамжаар уруудав. Хоёр талаараа ой мод, цэцэг ногоо болсон уртаас урт үргэлжлэх тэр гудамжинд хашаа хороо болсон олон тансаг шилтгээнүүд байна лээ. Бид Холливүүдын алдарт жүжигчин Жорж Клууни, алдарт дуучин Диана Росс гэх мэт алдартнуудын орд харш болсон эдлэнгийн хажуугаар сонирхон өнгөрөв.  

“Универсал Пикчерс”-ийн анхны монгол зураач

Маргааш нь бид наранд шарсан шиг Номхон далайн давслаг усанд умбаж шумбасан шиг өнжив. Завсар зайгаар нь далай руу түрж барьсан километр шахуу урт гүүрээр алхаж аялагчид, бас энэ нутгийн загасчдын ажил хэрэгтэй зэрвэсхэн танилцаж зураг бичлэг хийж явлаа. Өглөөнийхөө дасгалын гүйлт хийж буй залуус ахмадын аль аль нь тааралдана. Дугуйн аялагчид бас олон юм. Гүүрийн хашлага дагаад л хар шар, хөгшин залуу, эр эм загасчид ярайчихаж. Хосоороо, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө гээд л бүлэг бүлгээрээ загасчилдаг бололтой. Бяцхан гал тогоотой ирчихсэн хоол унд хийж, загас жараахайгаа шарж идсэн шиг тухалж буй “анчид”-тай ч таарч байлаа. Манайхан Тэрэлж, Туулын шугуйгаа дагаж агаар салхинд гарахдаа нэг иймэрхүү явцгаадаг даа гэх бодол төрж явав. Гүүрний төгсгөлийн том дугуй талбайн хашлагат тавцангаас тэртээ алсуур аян замд гарч буй далайн тээврийн том том хөлгүүдийг хэсэг ажиглаж зураглаж, дурандаж байгаад буцаж алхав. Буудалдаа ирчихээд маргааш хаана яаж уулзах талаараа Мөнхтөртэй утсаар ярьлаа. Үдээс хойш ажилдаа гарах гэнэ. Би түүний зургийнх нь талбайд очиж уулзах хүсэлт тавьсан юм. Үдээс өмнө бид хэд түрээсийнхээ цагаан машинаар Лос Анжелосын төвөөр аялаж бас дэлгүүр хоршооны том цогцолбороор орж ойр зуурын худалдаа наймаа хийж, хоол унд болж яваад буудалдаа буцаж ирэв. Би Мөнхтөр рүүгээ хүргүүлэхээр хаягийг нь асууж ярьлаа. Мань эр “Ажлаасаа бууж байна, өглөөгүүр эрт талбай сулраад ээлж өөрчлөгдчихлөө, би энэ хавиараа байж байя, та хүрээд ирэхгүй юу” гэв. Хориод минутын дараа цагаан фордоороо “Санта Монико”-д хүргүүлж үлдэв. Хүү энэ баруун эргийн хавиар ажиллаж сурдаг найзуудтайгаа уулзахаар болзсон тул тийшээгээ яарав. Наран шарлагын энэ газар нь өчигдрийн миний алхаж аяласан гүүр шиг уртаас урт үзэмж төгөлдөр гүүртэй юм. Энэхүү гүүр нь далай руугаа километр гаруй түрж орсон аж. Оройн нар хэвийж байсан болохоор далайн эргээс хүмүүс уван цуван буцаж байв. Мөнхтөртэй  болзсон цаг арай болоогүй байсан болохоор би гүүр лүү алхаж тэр хавийн орчинтой танилцав. Энэ гүүр бол тэр чигээрээ явган хүмүүсийн амралт зугаалгын талбай аж. Гудамж талбайн хоёр талаар нь худалдаа үйлчилгээний мухлаг цэгүүд элбэг, голоор нь урлаг соёлын элдэв үзүүлбэр шоу болж тойрсон бүчсэн хүн олонтой байх юм билээ. Далай руу гүн орсон хэсгээр нь загасчид эгнэчихсэн байв. Гудамжны ганц нэг зураачтай бас тааралдаж ойр тойрноор нь эргэж сонирхлоо. Мексик юм уу, эсвэл индиан ч байж мэдэх нэгэн залуувтар зураач сурагч бололтой, намирсан шаргал үстэй бяцхан америк охин суулгачихсан хөргийг нь зурж сууна. Ээж нь ч бас тэвчээр гарган тэнд охиноо сахиж суух. Мөнхтөр энэ хавиар бас ийм ажил эрхэлдэг болов уу хэмээн бодож тэднийг түр ажигласан хэрэг. Гүүрний далай руу орсон төгсгөл хэсэг нь бүр томроод дугуйрсан том талбай болчихож байна лээ. Тэнд үзвэр шоуны тайз, далайн хөлөг шиг ресторан гээд л юм юм байв. Задгай театрт нь нэгэн рок хамтлаг тоглолтоо толилуулж залуухан хар бүсгүй гоцлон дуулж үзэгчдээр бүчүүлж байлаа...Иймэрхүү үзвэр шоу сонирхоод энэ хавиар яваагаа Мөнхтөрд цахимаар зурвасдаж гүүрний гол хавьд уулзахаар дахин болзов. Удсан ч үгүй бид уулзалдлаа. Үдээс хойш гарах ээлжид нь өөрчлөлт ороод өглөө ажиллаад буучихлаа гэж ярив. Зураач нарын суудаг таних тэмдэгтэй хэдэн цэг байдаг гэнэ. Миний тааралдсан тэр мексик бололтой зураач таван хошуу шигтгэсэн яг тэр газраа л суугаад зурж буй нь тэр юм байх. Та хоёр ээлж солилцсон уу гээд Мөнхтөрөөс асуусан чинь сонсоогүй юу эсвэл хариулмааргүй байсан уу тэр дуугарсангүй. Энэ талаарх яриа нэг л дэмжлэг авах янзгүй болов. Түүний ажилладаг гэх гүүрэн дээр ирсэнийх, бас энд уулзсаных ойр тойрны нэгэнд хүсэлт тавиад хамтдаа зургаа авахуулав. Цаахантай киноны бололтой зураг авч буй урт үс гэзэг, сахал сармай болсон залуус сонирхолтой санагдаад тэдний зургийг ойртож байгаад хэд дарчихав. Нэг залуу нь над руу хараад л муухан инээмсэглэж байлаа. Мөнхтөр харин надад сануулга өгөв. Зөвшөөрөл авахгүйгээр хүмүүсийн зураг ер нь авч болохгүй дээ гэж байлаа. Усыг нь ууж буй бол ёсыг нь дагах нь зүй байх. Түүнийг л энэ хот, америк оронд олон жил ажиллаж амьдарч буй Мөнхтөр надад ойлгуулж байна. Эрх чөлөө дээдэлсэн оронд байна гээд л амьтан хүний элдэв зураг хөрөг зөвшөөрөлгүй аваад энд тэнд дэлгээд байж болохгүйг америк нийгэм сануулдаг аж. Мэдээж нийгэмд нээлттэй байх үүрэгтэй засаг захиргаа, төрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхнийх нь харилцаа арай өөр биз. За энэ ч яахав, тусдаа сэдэв. Мөнхтөр бид хоёр ойр зуурыг ярьж буцаж алхав. Би амьхандаа түүнийг ажлын байр газраа надад үзүүлж сонирхуулах болов уу гэж хүлээж байв. Бас зураг бүтээлээсээ хэд гурвыг сонирхуулаасай гэж хүсэж байсан юм. Түүнээс тийм санааачлага гарахгүй бололтой. Зураг бүтээлийнх нь тухай гэвэл түүний уран бүтээлийнх нь анд, Вашингтоны зураач, миний өмнөх нийтлэлд нэгэнтээ дурдагдсан Погжоо хэмээн нэршсэн Ч.Ганбаатарын танилцуулга мэдээллээс нэг их илүү гарсангүй. Америкийн баруун эрэгт суурьшсан Л.Мөнхтөр зураач маань жил бүр америкийн аль нэг мужид болдог уламжлал болсон олон улсын  шог зургийн тэмцээнд 2015 онд оролцож нэг бүтээл нь 2 дугаар байрын шагнал хүртэж байж. Ч.Ганбаатар өөрөө тэрхүү тэмцээнээс тэргүүн болон дэд байрын гурван ч шагнал хүртсэн гээд зураг хөргөө үзүүлж байсан юм. Зураачийнх нь хувьд би ийм л мэдээлэлтэй байв. Мөнхтөрийн ярианаас ажихад тэрээр гэр орон руугаа яарч байх шиг. Тэгээд л бид хоёр такси авч би замаараа буудалдаа буух, тэр цаашаа гэртээ харихаар явцгаав. Буудлынхаа ойр ирээд ингээд баяртай болчихмооргүй санагдаад түүнийг аяга шар айрганд би урив. Бага шиг кафед оройн хоол, шар айраг, яриа хөөрөө болж хэсэг саатав. Зураг бүтээлийг нь үзэж танилцаагүй болохоор энэ талын яриа бараг болсонгүй. Харин түүний идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг цөмийн хаягдлын эсрэг тэмцлийнх нь тухай яриа хэсэг үргэлжлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Америкт айлчлах үеэр аль хотод ч билээ монголчуудтай тэрээр уулзалт хийж нэг залуу нилээд шүүмжлэлтэй хандаж асуулт асууж Ерөнхийлөгчийн багийнхныг сандаргаж байсныг би санаж байлаа. Тэр өндөр идэвхтэй, эх орон, газар шороогоо гэсэн залуу нь Лос Анжелосын зураач Л.Мөнхтөр байсан юм байна. Энэ эр зөвхөн цөмийн эсрэг тэмцлээр идэвх, зүтгэлээ хязгаарлаагүйг цаашдынх нь ярианаас би ойлгов. Тэрээр нутаг орондоо тохиолдож буй зуд, байгалийн гамшгийг гэтлэн давахад америкт ажиллаж амьдарч буй залуусыг татан оролцуулах аян зохиож эд бараа, мөнгөн хөрөнгө хуримтлуулдаг юм байна. Саяхан Баян-Өлгий аймагт болсон үерт нэрвэгдсэн ард иргэдэд туслах хөдөлгөөн өрнүүлээд багагүй мөнгө хөрөнгө цуглуулж илгээгээд буй юм байна. Ахлагч, санаачлагчийн хувьд иймэрхүү ажил түүнээс багагүй цаг завыг нь авдаг аж. Бас улсын наадмын нээлтийн талаар шүүмж бичиж сайтад тавьжээ. Нийгмийнх нь ийм идэвхийн тухай ярьсаар уран бүтээл, амьдралынх нь талаар төдийлэн сонирхож яриа өрнүүлж чадсангүй. Америк оронд хорь шахам жил амьдарч, ажил амьдрал, уран бүтээл, гэр бүл, үр хүүхдүүдээ давгүй болгоод, одоо тэр хувь амьдралаасаа илүү гарч нутаг орондоо илүү тус дэм болох гэж яваа эх орноо гэсэн сэтгэл зүтгэлтэй нэгэнтээ уулзаж учирсандаа баяртайгаар тэрхүү уулзалтаа өндөрлөсөн юм. Толгой дээр нь нар жаргадаггүй, бас монгол орныхоо төлөө сэтгэл зүрхэндээ нар мандуулж яваа нэгэн эртэй энэ алс америкийн баруун эргийн Лос Анжелост уулзсан маань сэтгэлд таатай, бичихэд урамтай байлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Манлай: Иш дээ баяр хүргэе. 2017-11-14
Ариунцэцэг: Сонирхолтой ном бичсэн байна шүү. Ахдаа талархлаа 2017-11-14
Золбоо: Ном таалагдав. Яг өөрийн нүдээр үзсэн М шиг бичжээ 2017-11-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?