БИЕИЙН ТАМИР УУ, СПОРТ УУ

2018-05-29  

Cүүлийн жилүүдэд иргэд биеийн тамир спортоор хичээллэх сонирхол, хүрээ өргөжсөөр байна. Үүнийг дагаад биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлогын цар хүрээ нэмэгдэх учиртай. Гэтэл биеийн тамир спортын салбарт төрөөс баримтлах бодлогыг оновчтой тодорхойлоогүйгээс үүдэн энэ салбарт олон тооны эрсдлүүд гарсаар байна. Тухайлбал, Отгонтэнгэр ууланд болсон уулчдын осол, он гараад боксын ринг болон чөлөөт бөхийн төрөлд хүүхдийн амь нас хохирсон тохиолдлуудыг дурдаж болно. Иймд биеийн тамир спортын салбарт төрөөс баримтлах бодлогод зарчмын өөрчлөлт оруулах цаг хэдийнээ болжээ.

Дэлхий улс орнууд үндэстэн хоорондын улс төр, шашин шүтлэг, соёлын ялгааг үл харгалзсан тэднийг нэгэн дээвэр дор нэгтгэдэг спортын давуу талыг улс төр, дипломатын харилцаанд өргөн хэмжээнд ашиглаж байна. Гэтэл манай улсад биеийн тамир, спортын салбарт төрөөс авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь олимпын наадамд амжилт гаргах боломжтой зарим спортын төрлийн шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх, тэднийг цалинжуулах хэлбэрээр  хязгаарлагдаж байна. Энэ бодлогын алдаа нь  Биеийн тамир, спортын тухай  хуульд биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг ялгаатай хуульчлаагүйгээс эхтэй гэж үзэхэд хүргэж байгаа юм.Өөрөөр хэлбэл,  хуулийн төслийг боловсруулах шатанд  салбарын онцлог, нийгэмд үйлчлэх үүргийг бүрэн дүүрэн ойлгож тусгаагүйгээс төрөөс уг салбарт баримтлах бодлого алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

Ганцхан жишээ дурдахад, “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн гуравдугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “биеийн тамир” гэж хүний бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэндээ бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах зорилгоор хийгдэж байгаа үйл ажиллагааг, мөн зүйлийн 3.1.2 дахь заалтад “спорт” гэж  биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болж тэмцээнд тусгай журмын дагуу бэлтгэж, шударгаар өрсөлдөж байгаа үйл ажиллагаа гэж тус тус тодорхойлжээ.

Дээрх тодорхойлолтуудаас үзвэл уг хуульд биеийн тамир, спортын гарал үүслийг дэлхийд анх удаа хуульчлан тодорхойлоод зогсохгүй,  эрүүл мэндээ бэхжүүлэх гэсэн шинэ ойлголтыг хууль зүйн салбарт бий болгосон байх юм. Үүнээс, фитнесс клубт хичээллэж байгаа хэн нэгнийг эрүүл мэндээ бэхжүүлж байна гэж ойлгоход хүрч байна.  

Мөн биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болж, тэмцээнд тусгай журмын дагуу бэлтгэж, шударгаар өрсөлдөж байгаа үйл ажиллагааг спорт гэжээ. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад журам гэхээсээ илүүтэйгээр дүрмээр зохицуулагддаг, олимп болгоны дараа спортод шударга бус өрсөлдөөн болсон тухай маргаан цөөнгүй гардаг билээ. Энэ мэтчилэн хуульд онолын шинжтэй ойлголтыг хуульчилсан, тухайлбал, тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг онолын асуултад биеийн тамираас спорт эхтэй гэж  хуульчлан хариулсан, хэт ерөнхий ойлгомжгүй томьёолсон нь биеийн тамир, спортын талаар төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг төөрөгдүүлэх учир дутагдалтай хандлагыг бий болгоход хүргэж байгаа юм. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Энэ мэтчилэн уг хуультай холбоотой олон шүүмжийг энд дурдаж болно. Иймд биеийн тамир, спорт хэмээх ойлголтыг оновчтой зөв зааглан тодорхойлох нь зүйтэй.

Бид энгийн ухамсрын түвшинд ихэнх тохиолдолд биеийн тамир, спорт гэдэг үгсийг хамтад нь нэг утгаар ойлгож  хэрэглэж заншжээ. Жишээлбэл, өглөө босоод гүйх, эсхүл фитнесс клубд хичээллэхээ биеийн тамир гэхээсээ илүүтэйгээр спортоор хичээллэдэг гэж ойлгодог, түүнчлэн ажил олгогчид ажилд орох анкетад спортоор хичээллэдэг эсэхийг асуусан асуулт түгээмэл байдаг. Харь хэлнээс орчуулахдаа хүртэл ялгааг нь тэр бүр сайн заагладаггүй. Арга ч үгүй биз эрх зүйн ухамсрын түвшинд энэ ялгааг оновчтой томьёолоогүйгээс уг ойлголтын талаар энгийн ухамсрын түвшинд буруу, зөв хандлага бий болох нь жам биз ээ.

Судлаачид биеийн тамир, спортын ялгааг дараах байдлаар илэрхийлдэг. Үүнд :

1. Зорилгын хувьд биеийн тамир нь эрүүл чийрэг байх, эрүүл мэндээ хамгаалах зорилготойгоор хийж буй үйлдлийг, харин спорт нь ялан дийлэх, алдар нэр олох, улс, тив дэлхийн хэмжээнд амжилт гаргах зорилгоор системтэйгээр хичээллэж буй үйлдэл гэж ойлгож болно.

2. Бие организмд өгч буй ачааллын хувьд биеийн тамир нь өндөр ачаалал шаарддаггүй өөрийн боломжит хэмжээнд хичээллэдэг бол, спортоор хичээллэж байгаа хүнд байгалиас өгөгдсөн бие бялдрын дээд хязгаараас нь давж ачаалал өгдөг. Товчхондоо, биеийн тамираар хичээллэхэд энгийн хүний зүрх нэг минутад 90 орчим удаа цохиолж байхад спортоор хичээллэдэг хүний зүрх нэг минутад 150 орчим цохилж байх жишээтэй. Ийм ч учраас спортын анагаах ухаанд тамирчдын зүрх хэвийн хэмжээнээс томорч хөгжих үзэгдлийг "спорт зүрх" гэсэн ойлголтоор тодорхойлдог.

Үүнээс үүдэн биеийн тамир бол эрүүл мэнд харин спорт бол төгсгөл гэж тодорхойлох хандлага байдаг.

3.  Цаг хугацааны хувьд хүн биеийн тамирт өдөр тутмын амьдралынхаа маш бага хэсгийг зарцуулах боломжтой бол спортоор хичээллэж буй тамирчин өдөр тутмын амьдралынхаа ихэнх хэсгийг байнгын бэлтгэлд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, тамирчид идэвхтэй амьдралынхаа ихэнх хэсгийг спортоор хичээллэхэд зарцуулж түүгээр амьжиргааныхаа  гол  эх сурвалжийг болгодог.

4. Зохион байгуулалт, хэм хэмжээний хувьд  спорт нь тодорхой хатуу тогтоосон дүрэм, журмын дагуу зохиогддог бол  биеийн тамир нь тодорхой тогтоосон хэм хэмжээгээр зохицуулагддаггүй.

5. Эрсдлийн хувьд биеийн тамир нь аливаа эрсдлийн эсрэг, амьдралын идэвхтэй хэв маяг юм. Харин спорт нь байгалийн хуулиар гарч болох дээд эрсдэл буюу үхэлд ч хүргэх тохиолдол бий.

Саяхны судалгаагаар марафоны туршид дунджаар 100000 оролцогчдын 1.1 хувь нь зүрхний гэнэтийн үхлээр нас барсан гэсэн судалгаа  гарчээ.Энэ нь спортын хөгжлийн явцад гарч бүй эрсдлийн үр дүн юм.

6. Биеийн тамираар хичээллэгсэд өрсөлдөгчгүй харин спортоор хичээллэгсэд өөртэйгээ төдийгүй бусадтай өрсөлддөг.

Үүнээс үзвэл хүсэл тэмүүлэл, оюун ухаан, авъяас чадвар, хүч чадлаараа байнгын бэлтгэл сургуулилтын үр дүнд амжилтанд хүрэх зорилгоор хийж буй  үйлдлийг спорт, бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болох зорилгоор байнгын дасгал хөдөлгөөн хийж буй үйлдлийг биеийн тамираар хичээллэх гэж тус тус тодорхойлж болох юм.

Үг зүйн хувьд, спорт гэдэг үг монгол хэлний үгсийн санд орос хэлнээс нэвтэрсэн гэж үзэж болно. Харин орос хэлэнд хэрхэн бий болсон талаар судлаачид хоёр янзаар тайлбарладаг.

Судлаачдын дийлэнх хэсэг нь спорт гэдэг үг анх англи хэлнээс уламжлагдсан гэж үзэж байхад зарим хэсэг нь орос хэлний спор буюу маргалдахтело буюу бие махбодь гэсэн үгнүүдээс гаралтай гэж үзээд хэл яриагаараа бус биеэрээ маргалдах, бие эрхтнээрээ тэмцэлдэх гэсэн утгыг тус тус илэрхийлдэг гэжээ. Харин  биеийн тамир гэдэг нь физкультура буюу физкульт, у, ра гэсэн үгний нийлэмжээс тус тус бүтсэн гэж үзжээ. Физ буюу бие, культ буюу арга зам,  у буюу ямар нэгэн зүйлд харьяалагдах, ра буюу нар, гэрэл гэгээ, энерги гэсэн үгсийн нийлэмж нь  эрүүл байх, энергитэй байх гэсэн утга санааг илэрхийлдэг гэж тайлбарладаг. Монголчууд эрүүл чийрэг хүнийг нартай зүйрлэн алтан нар шиг гэрэлтэж яв гэж ерөөх нь үүнтэй утга нэг буй за.

Түүхэн үүднээс авч үзвэл, англи хэлэнд спорт гэсэн нэр үг нь францын desport буюу завтай чөлөөтэй байх гэсэн утгатай үгнээс гаралтай. Ихэнх толь бичигт спортыг тодорхойлохдоо бие бялдар болон хүч чадлаараа өрсөлдөх гэсэн утгыг илэрхийлдэг. Сурвалж бичгүүдэд эртний Грект спортын төрлүүдээр өрсөлддөг Олимпийн наадмыг анх зохион байгуулсан бол эртний Египтэд фаронууд усанд сэлэх, загасчлах зэрэг спортын төрлүүдээр, эртний Перст поло болон морьт тулаан, Хүннүчүүд  МЭӨ I-II зуунд эрийн гурван наадмыг хийж эхэлсэн бол монгол бөхийн барилдааныг 7-11 мянган жилийн өмнө үүссэн гэж тус тус тэмдэглэсэн байна.

Анх Герман Францын эрхшээлд байсан XIX зууны эхэн үед гимнастикийн эцэг гэгдэх Freidrich Ludwig Jahn гимнастикийн хөдөлгөөнийг  үүсгэсэнтэйгээр холбоотойгоор физ культура буюу биеийн тамираар хичээллэх явдал нийтийг хамарсан шинжтэй хөдөлгөөн болон өргөжсөн байна.Тухайн үед энэхүү хөдөлгөөн нь бие бялдрын төдийгүй улс төрийн шинжтэй болж европын бусад улсын нийгмийн амьдралд ихээхэн нөлөөлж 1848 онд европд өрнөсөн хувьсгалын нэг хэсэг болсон байна.Хожим нь АНУ-д цагаачлан ирсэн германчуудын нөлөөгөөр биеийн тамираар хичээллэх  клубууд тус улсад олноор байгуулагдсан байна.

Эдүгээ биеийн тамир нь бие махбодоо дасгал хөдөлгөөний тусламжтайгаар эрүүл чийрэг байлгах эрүүл амьдралын хэв маяг болон хөгжиж байгаа бол спорт нь бие бялдрын төдийгүй оюун ухааны тулаан, амжилтын төлөөх өрсөлдөөн болон хөгжжээ. Үүнээс үзвэл, биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого нь эрх зүйн зохицуулалтын хувьд ялгаатай, хамрах цар хүрээгээрээ харилцан адилгүй түвшинд тодорхойлогдох онцлогтой юм.  

Биеийн тамир, спортын тухай хуульд иргэд биеийн тамираар хичээллэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой бодлогын шинжтэй зохицуулалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, биеийн тамирын салбарт хөрөнгө оруулж буй хуулийн этгээдийг татварын бодлогоор дэмжих, иргэдийг биеийн тамираар хичээллэх нийтийн зам талбай, заал танхим барихад зориулж жил бүрийн төсвийн тодорхой хэсгийг зарцуулж байх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уялдуулан биеийн тамираар хичээллэх явдлыг дэмжих  зэрэг бодитой эрх зүйн зохицуулалт нэгээхэн ч алга. Зөвхөн тунхаглалын шинжтэй ганц хоёр зүйлийн хүрээнд л төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон байх юм.

Түүнчлэн спортын салбарт нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудал нь спортын чиглэлийн холбоодын эрх зүйн байдлыг тодорхой болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Спортын ихэнх холбоод удирдлага зохион байгуулалтын хувьд байнгын гэж болохоор дотоод зөрчилтэй, хуваагдмал  нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь мөн л хууль тогтоомжийн тодорхой бус зохицуулалттай холбоотой. 

Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийн  холбогдох зүйлүүдэд биеийн тамир, спортын тухай тодорхойлсон хуулийн тодорхойлолтыг оновчтой зөв хуульчилснаар уг салбарт төрөөс баримтлах бодлого зохистой томьёологдож биеийн тамир, спортын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ зөв зааглагдаж үр дүнгээ өгөх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх эрх зүйн урьдач нөхцөл  бүрдэх юм.Эс бөгөөс хуульд хичнээн ч олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад биеийн тамир, спортын салбарт гарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүйд хүрнэ.

 

 

 

М.БАТТОГТОХ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?