ДОТРООС МИНЬ УРГАХ ИНУ

2018-06-08  

Хүн...

Хашааны завсраар харагдах нүцгэн өгзөг. 
Цаад нь сагсны талбай. 
Машин дотроо би. 
Аймаар, талимаарсан согтуу нүд. 
Намайг төсөөлж буй нь илт.
Цонх тогших чимээ. 
Харамсал бас үзэн ядалт. 
Хулгайч байв. 
Гудамжаар өнгөрөх хүмүүсийн сонжингуй харц.
Гэвч тэр хоёр л алга.
Энэ газраас хурдхан холдох юм сан. Нөгөө хоёр маань яагаад удаад байна вэ? 
Үл мэдэх орчин. 
Нэг л зэврүүн. 
Би айж байна. 
Дөрвөн хаалгаа түгжсэн.
Гэвч цонх хагардаг
Машин доогуур хэн нэгэн шагайна. 
Энэ хавийнхан бүгд гөлөн нүдтэй ажээ. 
Тэд хүн боловч хүн биш. 
Би айж байна. Тэгвэл би хэн юм бэ? Хүн мөн үү, эсвэл биш юм уу?
Машин дотор айж суулгүй гараад зогсвол яах бол...? 
Гарлаа... 
Харамсалтай нь би тэдэнд хахь нь илт. 
Тэд намайг сэжиглэж бас үзэн яджээ. Харц бүгдийг хэлээд байв. 
Учир нь би шулуун гялалзсан шар үстэй. 
Хадаасан өсгийтөд хөлөө жийн ягаан хүрэм өмссөн. 
Бас унаатай ...
Тэд намайг сонжсоор... сэжиглэсээр... 
Үзэн ядна. Харин би тэднээс айна. 
Тэд хүн үү? Би хүн үү? Эсвэл аль аль нь хүн биш юм уу?

Энэ бол бол сэтгүүлч М.Бүжинлхамын “Зүрхнээс Ину” нэртэй астрал аяллын тэмдэглэл, сэтгэлгээний өгүүллэг бүхий номны нэгээхэн хэсэг.

Хүн бүхний татагдан уншдаг, талархан ойлгодог уран яруу дүрслэл, гоёчлол гэх мэт зүйлс түүний бичвэрт бараг үгүй ч ухаж ойлгож чадваас бидний амьдралын олон өнгө, түүний мөн чанар хийгээд хүний мөс чанар... гэх мэт олон зүйлсийг уншигчдад эргэцүүлэл болгон үлдээдгээрээ онцлог гэлтэй.  

Тэрээр энэ тухайгаа номынхоо төгсгөл үгэнд :

“Бид амьдралд зүрх зүсэм, сэтгэлд үл багтам аймшигтай зүйл олныг хийдэг хэрнээ утга зохиолоос уран нарийн бичлэг, зөөллөсөн яруу тансаг байдлыг мэдрэх гэж шүүрддэг нь зөв санагддаггүй ээ. Заавал уран яруу байх ёсгүй... Цаашдаа илүү бүдүүлэг, бохир, ёс зүйгүйг бичиж ч магад... Учир нь өнөөгийн бидний, “Миний ҮНЭН” энэ юм...” хэмээн онцолжээ.   

Харин сэтгүүлч М.Бүжинлхамын “Зүрхнээс Ину” номын өмнөтгөл үгэнд үргэлжилсэн үгийн зохиолч Д.Энхболд:

“...М.Бүжинлхам ертөнцийн энэ олон өнгө төрх дотроос өөрт оногдсон чухам тэр өнгө төрх, замаар явж байна. Тэр түүнийг цардмал юм уу чулуун зам болгоё гэж хичээсэнгүй яг ямар байх ёстой юм түүгээр нь л явж байна. Энэ нь түүний бичлэгийн хэлбэр, агуулгын нэгдлээр нэгэн цогц болж илэрч байгаа юм. Ерөөсөө зохиолчийг илэрхийлдэг, харуулдаг нэг л зүйл бий. Энэ бол найруулга. Чухамхүү ийм өөрийн өнгө төрхтэй илэрхийлэх аргатай найруулга түүнд байгаа нь хамгийн гол өмч нь юм. Түүнийг бурхан л илгээдэг гэж боддог юм даа миний хувьд...” хэмээн бичсэнээс үзвэл  түүний бичвэр мэргэжлийнхэнд хэрхэн хүрснийг анзаарч болох юм.

Өмнө нь “Дотураас Ину” нэртэй мөн л сэтгэлгээний өгүүлэл бүхий ном туурвиж байсан тэрээр ийнхүү 2 дахь бүтээлээ өлгийдөн авчээ. Харин түүний дотроос юу, хэрхэн урган гарсныг мэргэн уншигчид өөрсдөө тунгаах биз ээ.  

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?