30 ЖИЛИЙН ДАРАА ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ МЭРГЭЖЛИЙН БАГШ БЭЛТГЭХЭЭР БОЛЛОО

2018-08-29  

Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс гадуурхагдсан, зорилтод бүлгийн хүүхдүүдийг сургах, нийгэмшүүлэх ажил эрхэлдэг мэргэшсэн багш нарын тоо тийм ч хангалттай биш. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ. Өнөөдрийн байдлаар гарын таван хуруунд ч хүрэхээргүй мэргэжилтэй, мэргэшсэн багш нар ажиллаж байгаа. Ардчилал зах зээлийн замд шилжсэн цагаас энэхүү ажил зогссон төдийгүй ганц ч мэргэжлийн багш бэлтгээгүй байна.

Харин БС Ц.Цогзолмаагийн санаачилгаар 2018 онд МУБИС дээр Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийг байгуулж, 96 оюутан суралцуулж байгаа юм. Салбарын сайд асуудлыг дан ганц үүгээр шийдээд зогсоогүй бөгөөд 30 жил тасраад байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх галт тэргийг дахин хөдөлгөлөө. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах арван багшийг ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэхээр болсон юм. Суралцахаар сонгогдсон оюутнуудын суралцах зардлыг төр 100 хувь дааж, сургуулиа төгсөөд тусгай сургуульд багшлах албан ёсны гэрээ байгуулжээ. Ийнхүү 30 жил тасарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш бэлтгэх буухиаг үргэлжлүүлэх арван оюутан даваа гарагт ОХУ-ыг зорилоо. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт хүний хүү эрдэм сурахаар мордлоо” гэх тэр нэгэн үг орж ирсэн. Тэртээ он жилүүдээс хойш мартагдах шахсан тусгай сургуулийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх эхний алхам ийн тавигдлаа. Ирэх он жилүүдэд боловсон хүчнээ зузаатгах асуудалд ч анхаарна гэдгийг салбарын яамнаас дуулгасан.

Мэргэжлийн багш бэлтгэх уг ажил нь нийгмийн захиалга байсан бөгөөд салбарын сайдын зоригтой шийдэлгүйгээр тийм ч амархан биелэхгүй байсан гэдгийг суралцахаар явж буй оюутнууд онцлон хэлж байсан юм. Мөн доголдол үүсч, чамгүй удаан хугацаанд саатсан галт тэргийг дахин ажиллагаанд оруулсанд талархал илэрхийлэн амжилттай сайн сурч, эх орондоо эргэн ирэхээ амласан юм.

Түүхээс харахад 30-аад жилийн хугацаанд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багш бэлтгэгдээгүй учраас одоогийн байдлаар 116 дугаар сургууль тифлопедагог буюу харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш байхгүй байна. Мөн олигофренопедагог буюу оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, логопед- хэл засалч багшийг бэлтгэх ажил нэн шаардлагатай байна. Мөн 2015 онд БНСУ-ын Инчон хотод Боловсролын дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдаж Инчоны тунхаглал "Боловсрол 2030"-ыг баталсан. Энэ баримт бичигт "Тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн боловсролоор хангах хөтөлбөр"-ийг онцолсон. НҮБ-ийн “ Тогтвортой хөгжлийн зорилт”, Саламанкагийн тунхаглалууд нь "боловсролын үйлчилгээг НЭЭЛТТЭЙ, БҮХ ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ болгох"-ыг эрхэмлэдэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөн хэрэгжиж байгаа тэгш хамруулан сургах бодлого юм.

БСШУС-ын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн ЕБС-д үе тэнгийн найз нартай нь сургах боломж /мэргэжлийн багш, сурах орчин, сургалтын хэрэглэгдхүүн/-оор хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

2018-2019 оны хичээлийн жилд БСШУС –ын яам ОХУ-ын Эрхүү хотод 10 оюутанг шаардлагатай байгаа мэргэжлүүдээр бэлтгэхээр явуулж байна.

Дефектологич- согог зүйч мэргэжлийн багш

олигофренопедагог,- оюун ухааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш

сурдопедагог, - сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш -

логопед, - хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш -

тифлопедагог- харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш гэх зэргээр одоогийн байдлаар 96 оюутан суралцаж байна.

 

Б. ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?