АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ЭЗЭН ГЭДГЭЭ ИЛ БОЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

2018-08-30  

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын хүрээнд “олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг (цаашид бенефициар өмчлөгч гэх) ил тод болгох үүднээс “бенефициар өмчлөгч”-ийн мэдээллээ ил болгох хүсэлтийг улс төр, нийгмийн нөлөө бүхий хүмүүст  “Төлсөн авснаа нийтэл” эвслийн таван ТББ хамтран нээлттэй захидал  илгээж, судалгаа явуулжээ.  

Гэвч судалгааны дүн маш муу гарчээ. Учир нь ашиг хүртэгч жинхэнэ эзэд өөрсдийгөө ил болгохыг хүсэхгүйн дээр мэдээлэл маш хаалттай байсныг тэд судалгаагаар тогтоосон байна. 

ОҮИТБС нь байгалийн нөөц баялгаар баян дэлхийн 58 орны гишүүнчлэлтэй, салбарын ил тод байдлыг хөхиүлэн дэмжих зорилго бүхий олон улсын санаачилга билээ. Манай улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдэж олон улсад тодорхой үүрэг хүлээсэн юм.

ОҮИТБС-ын Стандартын 2.5(b)-д зааснаар эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үздэг.

Монгол Улс нь ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч гишүүн орны хувьд “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох үндэсний төлөвлөгөө буюу Замын зургаа гарган, бүртгэл-мэдээллийн сан үүсгэж, улмаар 2020 оны1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд олон нийтэд нээлттэй болгосон байх үүргийг иргэдийнхээ өмнө төдийгүй Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын өмнө хүлээсэн байдаг. Гэвч...

СУДАЛГААНЫ ДҮН:

Улс төр, нийгмийн нөлөө бүхий нийт 175 хүнд нээлттэй ил захидал явуулахад ердөө 31 хүн хариугаа ирүүлсэн байна.

“ТАН” эвслээс илгээсэн нээлттэй ил захидлыг  175 хүн бүгд хүлээн авсан болохыг утсаар баталгаажуулжээ.

Ингэхэд захидлын хариуг, 30 хоногийн хугацаанд ирүүлсэн 31, хугацаа өнгөрөөж 2-5 удаа утсаар шаардуулж хариу өгсөн зургаа, огт хариу өгөөгүй 138 албан тушаалтан байжээ.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн ч огт хариу ирүүлээгүй байна. 

Харин УИХ-ын 76 гишүүнээс:

  • Дөрвөн гишүүн албан ёсоор хариу ирүүлсэн бол 
  • Нээлттэй захидалтай танилцсан хэрнээ хариу ирүүлээгүй 43 /56 хувь/   
  • Албан захидал хүлээж аваад хариу өгөх шаардлагагүй гэж туслахаараа дамжуулан мэдэгдсэн дөрвөн гишүүн,
  • Үлдсэн 25 гишүүн буюу 32,8 хувь нь  ямар нэг хариу өгөөгүй, утсаа авч холбогдоогүй байна.

Мөн зарим гишүүд туслахаараа дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч албан хариу бичгээр ирүүлээгүй байна.

Тухайлбал,

УИХ-ын  гишүүн Ц.Гарамжав “дэмжиж байна цаашид хамтран ажиллана” гэх хариу өгсөн бол 

Б.Пүрэвдорж  “гишүүд  нэгдсэн журмаар хариу өгнө” гэж мэдэгджээ.

МАН-ын бүлгийн гишүүд болох Д.Лүндээжанцан, Г.Солтан нар “намын бүлгээрээ ярилцаж байгаад хариу өгнө”  гэсэн бол Д.Оюунхорол  “албан захидалтай  танилцлаа хүснэгт бөглөх шаардлагагүй.  АТГ-ын ХОМ-д бүх мэдээлэл өгсөн түүнээс авч болно. Надад уул уурхайн компани байхгүй”  гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Х. Нямбаатар “компанигүй, бенефициар өмчлөгч биш учраас хариу өгөх шаардлагагүй” гэсэн бол Л.Болд “захидал бүрт хариу өгөх шаардлагагүй” гэжээ. Д.Цогтбаатар гишүүн “ХОМ бөглөсөн тул хариу өгөх шаардлагагүй” хэмээжээ. Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд “албан бичиг ирээгүй ер нь юуг судлаад байгаа юм” гэсэн байр сууриа туслахаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Аймаг, нийслэлийн нийт 62 удирдлага албан тушаалтанд захидал илгээснээс 12 засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан ёсоор бичгээр хариу ирүүлжээ.  Эдгээрээс Сэлэнгэ  аймгийн ИТХ дарга өөрөө бус харин хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ “Уран Сэлэнгэ “ХХК-ны хувьцааны 50 хувийг ийг эзэмшдэг, тус компанийн хөрөнгө оруулалтын 50 хувийг  ийг оруулсан гэж мэдүүлжээ. Бусад 24 удирдлага олборлох салбарт бенефициар өмчлөгч биш гэв.

Засгийн газрын гишүүд, газар, агентлагийн 32 албан тушаалтанд захидал хүргүүлснээс тав нь албан тоотоор, зургаа нь хариу ирүүлсэн бөгөөд тэдгээр нь бүгд олборлох салбарт бенефициар өмчлөгч байхгүй гэжээ.

Уг судалгааны үр дүн монгол улс “бенефициар өмчлөгч”-ийг ил болгох олон улсад хүлээсэн үүргийн биелэлтийн явц хангалтгүй байгааг харуулах жишээ болж байна.

Жич : Ер нь бол уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн цаана нөлөө бүхий улс төрчид, эрх мэдэлтнүүд бий. Гэвч тэд хэзээ ч жинхэнэ эзэн гэдгээ үнэн бодитоор мэдээллэдэггүй /ХОМ-доо ч/ . Энэ судалгаа үүнийг батлан харуулж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?