МОНГОЛ ХЯТАД ХОЁР ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НЭГДЭВ

2018-09-08  

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчалын өдрүүдийн хүрээнд экологи, байгаль хамгаалал, цөлжилтийг бууруулах асуудлаар Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-д боллоо.

Монгол Улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгааг эрдэмтэд танилцуулав. Харин Хятад улсад өнгөрсөн зууны эцэст жилд дунджаар 3.436 км газар цөлжиж байжээ. Харин энэ зуунд жилд 1.174 км газрыг цөлжих аюулаас хамгаалж чаддаг болсныг тус улсын эрдэмтэд хэлсэн юм. Үүнд ӨМӨЗО-ы Экологийн байгууллагыг хөгжүүлж, иж бүрэн бодлого боловсруулан, ойжуулалтын ажлыг эхлүүлсэн нь томоохон түлхэц үзүүлснийг дурьдлаа. Цөлжилтөөс сэргийлэхийн тулд Хятад улс “БНХАУ-ын элснээс сэргийлэх хууль”, “Цөлжилтөөс сэргийлэх ажлыг чангатгах тухай Төрийн Зөвлөлийн шийдвэр”, “Хятад улсын цөлжилтөөс сэргийлэх төлөвлөгөө” зэрэг хууль дүрэм, төсөл төлөвлөгөөг тогтоон хэрэгжүүлж, мужийн зэрэглэлийн Засгийн газрын цөлжилтөөс сэргийлэх үүргийн дүрмийг хэрэгжүүлэв. Байгалийн ой шугуйг хамгаалах, Бээжин, Тяньжиний элсний эхийг засан сэргээх, Умардын гурван орны халхавч ойг бүтээн байгуулах, тариалахыг зогсоож ой мод тарих зэрэг экологи сэргээх цуврал төслүүдийг хэрэгжүүлж, гол болох газар орныг эрчимтэй хамгаалж, нэгдсэн байдлаар засан сэргээсэн байна. Эдгээр гол төслүүдийг хэрэгжүүлэхээр дамжин цөлжилтийн тэлэлтийг үр дүнтэй зогсоож, цөлжилтийн талбай буурсан ба цөл газрын экологийн чадавх илт сайжирсан байна. 

Харин ӨМӨЗО-ы ХААИС-ийн цөлжилтийн эсрэг салбарын багш, доктор Гао Ёон “Бүс нутгийн усны нөөц, уур амьсгал, газрын байршлаас шалтгаалан цөлжилтөөс сэргийлэх арга өөр өөр байдаг. Бид цөлжилтөөс хоёр аргаар сэргийлж байгаа. Нэгдүгээрт, элсэнд хоолой байршуулах арга юм. Энэ нь хүчтэй усан буугаар газрыг гүнзгий нүхлээд ургамал суулгах арга юм. Усан буугаар газрыг нүхлэх үед их хэмжээний чийгийг хөрсөнд өгдөг тул ихээхэн үр дүнтэй байдаг. Мөн элсийг тогтоох бүрхэвчийн арга гэж бий. Тэр бүрхэвчийг ашиглаж ургамал тарих нь мөн үр дүн сайтай. Энэ аргыг ӨМӨЗО-ы нутгийн хойд хэсгээр түлхүү ашигладаг. Энэ хэсэг Монголтой хиллэдэг тул танай оронд ашиглах бүрэн боломжтой” гэсэн юм.

ӨМӨЗО-ы хувьд салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах гэх мэт олон үр дүнтэй арга нэвтрүүлсэн байдаг билээ. Энэ талаар ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, “Цөлжилт бол дэлхий нийтийн өмнө тулгамдсан томоохон асуудал болсон. ӨМӨЗО-ы судлаачид цөлжилттэй тэмцэх аргыг олон жилийн турш судлан, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Бид энэ туршлагаас нь суралцаж, Монголд нутагшуулах хэрэгтэй” гэлээ.

 

О.НАНСАЛМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?